Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2016/0682/З |
Дугаар | 399 |
Огноо | 2017-10-23 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 399
Т.Н нарын 19 иргэний
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нийн өмгөөлөгч С.Эрдэнэбат, нэхэмжлэгч 8 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Урангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0332 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0503 дугаар магадлалтай, Т.Н нарын 19 иргэний нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0332 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Н нарын нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн Т.Н, Ц.Т, Я.З, Ч.М, Г.Ч, Г.Д, Ш.Б, Т.У, П.Э, Д.А, Б.Д, Л.Г, М.Д, Н.Н, Д.Э, Д.О, Р.Б, Д.Д, Л.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0503 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “Өнөр бүл” Хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар нэхэмжпэгч нэр бүхий 19 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн хэд хэдэн заалт түүний дотроос энэ хуулийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, гэсэн заалтыг үндэслэлээ болгосон нь манай байгууллагад хамааралтай гол заалт байсан юм.
Өөрөөр хэлбэл манай байгууллагын 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 79 тоот албан бичгээр “...тус төвийн тайлан, балансад бүртгэлтэй 25 багш, ажилчдын хүүхдүүдийг асран хамгаалахдаа зуны улиралд байрладаг байр нь Нийслэлийн өмчид 1982 оноос өнөөдрийг хүртэл бүртгэлтэй бөгөөд тус ажилчдын байрны доор байрлах газрыг нэг хүний хүсэлтээр холбогдох хууль, дүрмийг зөрчин хууль бусаар бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байх тул газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг Засаг дарга хүлээн авч нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтыг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Т.Н нарын 38 иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон юм. Хууль тогтоогчоос газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлд энэхүү хуулийн заалт хамаарч байгаа болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлгүй гаргасан гэдгээ шүүхэд хүлээн зөвшөөрөөгүй, харин "... Дүүргийн газрын харилцаатай холбоотой асуудлаар Засаг даргад туслах чиг үүрэг бүхий Газрын албаны архивт тус иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай холбогдох баримт хадгалагдаагүй ... тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн баримтыг шүүх буруу үнэлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн А/539 дүгээр захирамжийн нэр бүхий иргэдэд холбогдох хэсэг нь манай байгууллагын үндсэн хөрөнгөнд 1982 оноос хойш өнөөдрийг хүртэл бүртгэлтэй багш, ажилчдын 25 байшингийн доор байрлах газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж гарсан захирамж байсан учраас бидний 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгосон нь хуульд нийцэж байгаа юм.
2. Гуравдагч этгээдийн тайлбар нь маргаан бүхий актын үндэслэл болохгүй, үндэслэл болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэсэнд гомдолтой. Гуравдагч этгээд болох бидний газар эзэмших хууль ёсны эрх, ашиг, сонирхол ямар ч байдлаар хөндөгдсөн атал гуравдагч этгээдийн тайлбар нь маргаан бүхий актын үндэслэл болохгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Бидний тайлбар нь маргаан бүхий актын үндэслэл болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч холбогдох баримтуудыг мөн манайхаас өгч байсан албан тоотыг шүүхэд гаргаж өгөхөөс татгалзаж байхад нь бид өөрийн байгууллагын бичиг хэргийн архиваас 2 тусдаа газрын газар эзэмших эрх олгосон асуудлыг хянуулан хүчингүй болгуулах агуулгатай хүсэлт гаргаж байсан гэх 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 78 болон 79 тоот албан бичгийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан ба шат шатны шүүхээс энэ баримтыг үнэлж ач холбогдол өгөөгүйд гомдолтой ба энэ баримтыг няцаасан дүгнэлт хийгээгүй атлаа бидний гомдлыг хүлээн авахаас татгалзсанд гомдолтой.
3. Хариуцагч нь гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтэд үндэслэн А/539 дүгээр захирамжийг гаргаснаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул анх газар эзэмших эрх олгосон захирамж хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй гэсэнд гомдолтой.
Хариуцагч нь газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгоход гуравдагч этгээдээс гаргаж өгсөн бүхэл бүтэн 500 орчим хуудас баримтыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албанд гаргаж өгсөөр байхад эдгээр баримтуудыг хариуцагч олдохгүй байна гэдэг шалтгаанаар шүүхэд зориуд гаргаж өгөхөөс зайлсхийж байсанд шүүхээс ямар нэгэн хариуцлага тооцоогүй, уг баримтуудыг шүүхийн журмаар хариуцагчаас албадан гаргуулах арга хэмжээг аваагүй хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасанд гомдолтой байна.
4. Шүүх хэргийн оролцогчийн эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг үндэслэлгүй гэсэн хэсэгт гомдолтой. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө ирцийг шалгаж гуравдагч этгээдээс хуралд хэдэн оролцогч оролцож байна, хэн, хэн яагаад ирээгүй гэдгийг тодруулах байсан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа хэргийн материал болон гомдолтой танилцсан нь ойлгомжтой. Магадлалдаа манай байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Соёлоогийн эрхийг зөрчсөн эсэхийг хянаж дүгнэлт хийсэн, харин энэ хэрэгт манай байгууллагаас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр анх томилогдсон байсан Э.Одонхүүгийн эрхийг зөрчсөн эсэх тал дээр дүгнэлт хийгээгүй. Учир нь, анхан шатны шүүх хэргийн оролцогч Э.Одонхүүг өөрөө хурлын товоо мэдэх үүрэгтэй, шүүх мэдэгдэх албагүй гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах боломжийн хугацаанд түүнд мэдэгдсэн гэх баримт хэрэгт байхгүй, Э.Одонхүү нь өөр ажил албан тушаалд томилогдсон хэдий ч шүүх хурал хэзээ болох гэж байна гэж өөрөө мөн надаар дамжуулан шүүгчийн туслахаас удаа, дараа асууж байсан бөгөөд туслах нь шүүгч сургалттай, хүсэлт шийдвэрлэсний дараа хурал тавигдана” гэдэг хариу хэлдэг байсан атлаа гэнэт хурал зарласан ба шүүх хуралдааны товыг гуравдагч этгээд болох Э.Одонхүүд ийнхүү урьдчилан мэдэгдээгүй юм. Шүүх гуравдагч этгээд болох Э.Одонхүүг хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн хэдий ч бодит байдал дээр Э.Одонхүү энэ хэрэгт итгэмжлэл олгогдсон гэдгээ мэдээд хуралдаанд орж мэтгэлцэхээр хурлын товыг шүүхээс өөрийн биеэр асууж байсан болно. Э.Одонхүү нь Давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүх хурлын товыг би анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас ... ингэж ингэж лавлахад туслах нь надад ... ийм ийм хариу өгч байсан гэдгээ тайлбарлаж хэргийн оролцогчийн эрхийг хэрхэн хязгаарласан талаар тайлбарлаж гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хариуцагчаас гуравдагч этгээдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгсөн 500-аад хуудас баримтыг албадан гаргуулах, тухайн баримтыг байхгүй, олохгүй байна гэдэг үндэслэлээр гаргаж өгөхөөс татгалзах тохиолдолд шүүх бичиг баримтад үзлэг хийж хэрэгт хавсаргах, тухайн баримтуудыг анх хүлээн авсан газар зохион байгуулагчийг гэрчээр асуулгах зорилгоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 200 дугаар захирамжийн иргэн Ч.М, Г.Ч, Г.Д, Ш.Б, Л.У, Н.Н, П.Э, Б.Д, М.Д, Я.З, Т.У, Р.Б нарт холбогдох, 2012 оны 399 дүгээр захирамжийн Л.Г, Д.Э, Д.А, Т.Н, Ц.Т, Д.О, Д.Д нарт холбогдох хэсгийг буюу эдгээр иргэдэд анх газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг тус тус хүчингүй болгосон тус дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/539 дүгээр захирамжийн холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.6 дэх хэсэгт заасантай нийцээгүй, хууль бус захиргааны акт байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх маргаан бүхий захиргааны актын үндэслэл тус бүрийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалд тодорхой, дэлгэрэнгүй дурдаж, зөв дүгнэжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч иргэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэх болон 40 дүгээр зүйлд заасны дагуу тэдний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй, харин эсрэгээр эдгээр иргэд нь энэ хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж, зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө тухай бүрт төлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
Маргааны үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч иргэдийн эзэмшиж буй газар дээр гуравдагч этгээд “Өтөв”-ийн балансад бүртгэлтэй зуслангийн байр байрлаж байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.
Уг байшингуудыг өмчлөх эрхийн талаар маргах эрх нь нээлттэй, эдгээр байрууд гуравдагч этгээдийн нэр дээр байгаа нь нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны акттай холбоогүй, байрны өмчлөлийн асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан болно.
Иймээс гуравдагч этгээдийн тайлбарын дагуу анхнаасаа нэхэмжлэгч иргэдэд газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх асуудлаар буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 200, 2012 оны 399 дүгээр захирамжийн тухайд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд эдгээр актуудын тухайд маргахад шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одонхүүг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасныг зөрчөөгүйгээс гадна, Э.Одонхүү нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсоноос үзвэл, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарал бүхий Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0332 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2017/0503 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л. АТАРЦЭЦЭГ