Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2023/00092

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         04           30                                         001/ХТ2024/00092

 

 

 

Д.Р, “С” ХХКнарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04857 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00258 дугаар магадлалтай,

 

Д.Р, “С” ХХКнарын нэхэмжлэлтэй

“Э Э Э” ХХК, Израйль улсын иргэн Я Ж П нарт холбогдох

 

“С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.02.14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани “Н М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд Синержигоул ХХК-ийн төлөөлөгч Д.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уранзаяа, хариуцагч “Э Э Э” ХХК, Израйль улсын иргэн Я Ж П/Yair Jocob Porat/ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Р, “С” ХХКнараас хариуцагч “Э Э Э” ХХК, Израйл улсын иргэн Я Ж П/Yair Jocob Porat/ нарт “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани “Н М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04857 дугаар шийдвэрээр: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар “С” ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурал, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, компанийн охин компани “Н М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ”Э Э Э” ХХК,  Я Ж Пнараас 210,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК, Д.Р нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00258 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04857 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00258 дугаар магадлал (цаашид “Магадлал” гэх)-ыг Улсын дээд шүүхээс хянан хэлэлцэх нь “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-ийн зөв хэрэглээг тогтооход нийтлэг ач холбогдолтой гэж үзэн, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

 

    1. Давж заалдах шатны шүүхээс “итгэмжлэлийг гадаад улсад үйлдсэн бол тухайн баримт бичиг үйлдэгдсэн улсын эрх бүхий байгууллагаас апостиль гэрчилгээ олгосон байх шаардлага тавигддаг. Иймд маргаанд хамаарах итгэмжлэлүүд нь конвенцод заасан шаардлага хангаагүй байна” гэж дүгнэсэн нь апостиль баталгаажуулалтыг гагцхүү нийтийн баримт бичигт хийж байх талаарх конвенцын үндсэн зохицуулалтыг буруу тайлбарлан, улмаар уг конвенцын хэрэглээ, хамрах хүрээг гажуудуулсан шийдвэр болсон. Тодруулбал,
  1. Монгол Улс нь Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961.10.05-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” (цаашид “Конвенц” гэх)-д 2008.12.25-ны өдөр нэгдэн орсон бөгөөд энэхүү конвенцын 1 дүгээр зүйлд “...хэлэлцэн тохирогч нэг улсын нутаг дэвсгэрт үйлдэж, хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэрт ашиглах “нийтийн баримт бичиг”-т энэхүү Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц үйлчилнэ” гэж заасан байдаг.

Мөн Конвенцын 1 дэх зүйлд нийтийн баримт бичигт: а) Улсын шүүх, арбитртай холбоотой эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан баримт бичиг, түүний дотор улсын прокурор, шүүхийн нарийн бичгийн дарга, процесс-серверээс гаргасан баримт бичиг; б) захиргааны баримт бичиг; в) нотариатын үйлдэл; г) Баримт бичгийн бүртгэлийн гэрчилгээ, эсхүл тухайн баримт бичиг тодорхой нэг цаг мөчид үйлдэгдсэн байсан болон гарын үсэг албан ёсных гэдгийг баталгаажуулсан нотариатын гэрчилгээ гэх мэт тухайн этгээд эрх үүргийнхээ хүрээнд үйлдсэн баримт бичигт хавсаргасан албан ёсны гэрчилгээнүүд тус тус хамаарна гэж тодорхой заасан байдаг.

Цаашилбал, Олон улсын хувийн эрх зүйн асуудлаарх Гаагийн бага хурлаас гаргасан албан ёсны “Гаагийн конвенцын үндсэн зарчим1”-д Конвенц нь зөвхөн “нийтийн баримт бичиг”-т хамаарна (1-р зүйл). Хувийн баримт бичгээс бусад аливаа баримт бичгүүд орж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, конвенц нь нийтийн эрх зүйн тодорхой чиг үүрэг хэрэгжүүлж байгаа, нотлох үүрэг бүхий этгээдийн үйлдсэн баримт бичигт хамаарч үйлчлэхээр байхад уг тодорхой зааг ялгааг үл харгалзан гадаад улсад үйлдсэн аливаа баримт бичигт апостиль үйлдэнэ гэсэн нь буруу юм.

 

  1. “Эс Эй Эл Инвестмэнт Лимитэд” компанийн олгосон итгэмжлэл нь өөрөө нийтийн баримт бичиг биш. Учир нь уг баримт бичгийг нийтийн эрх зүйн субъект үйлдээгүй. Энэхүү хэргийн хувьд хариуцагч Я Ж П-д “Э Э Э И Л” компаниас олгосон итгэмжлэл нь нийтийн баримт бичиг биш, харин хувийн баримт бичиг тул дээр дурдсан конвенцын үйлчлэлд хамаарахгүй. Мөн “Э Э Э И Л” ХХК нь өөрөө нийтийн баримт бичиг үйлдэгч этгээд биш бөгөөд нотлох үүрэг бүхий нотариатч ч биш билээ. Иймээс, Израйл Улсад бүртгэлтэй “Э Э Э И Л” ХХК(хувийн өмчийн хуулийн этгээд)-ийн итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалган, гүйцэтгэх захирал бөгөөд цорын ганц хувьцаа эзэмшигч Я Ж Пнь өөртөө буюу “Э Э Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я Ж Пад охин компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах итгэмжлэлийг олгосон байгаа нь компанийн дотоод, хувийн эрх зүйн баримт бичиг буюу нийтийн баримт бичиг огт биш юм.

 “Э Э Э И Л” ХХКхувийн өмчийн компаниас олгосон итгэмжлэл нь харилцан хамааралтай компаниудын бизнесийн үйл ажиллагааны хүрээнд хууль ёсны дагуу үйлчилдэг. Энэ нь “Э Э Э И Л” ХХКболон итгэмжлэгдсэн төлөөлөгч хооронд байгуулсан гэрээ бөгөөд төрийн захиргааны байгууллагын өмнө компанийг төлөөлөх бус харин хувийн гэрээ, бизнесийн гүйлгээг зохицуулахаар холбогдох хууль тогтоомжийн дагуу олгосон болно.

Хувийн эрх зүйн этгээдийн зүгээс хувийн бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулах хүрээнд үйлдсэн хувийн эрх зүйн баримт бичгийг апостиль баталгаажуулалт хийлгэх шаардлагатай байсан гэсэн дүгнэлт хийж буй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зовшөөрөх боломжгүй бөгөөд конвенцын үндсэн чиг үүрэг, хамрах баримт бичгийн хүрээлэл хязгаарт огтоос нийцэхгүй байна.

Иймд энэхүү давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хувийн эрх зүйн субъектийн үйлдсэн бүхий л баримт бичиг, тухайлбал хувьцаа эзэмшигчдийн хуралд хамааралтай баримт бичигт апостиль баталгаажуулалтыг заавал хийлгэсэн байх хэлбэрийн шаардлагыг тулган тавьж буй нь конвенцын үндсэн шинж, үйлчлэлийг алдагдуулж байна.

  1. Маргаанд дурдагдаж байгаа итгэмжлэлүүд нь тухайн үйлдсэн улсын нотариатаар гэрчлүүлж, нийтийн баримт бичиг болсон байсан ч ийнхүү үйлдсэн баримт бичгийг апостиль баталгаажуулалт хийгээгүй бол хэлбэрийн шаардлага хангахгүй гэж үзэх нь конвенцын зарчимд нийцэхгүй. Учир нь уг конвенцын зорилго нь гадаад улсад үйлдсэн нийтийн баримт бичгийг баталгаажуулах явдлыг халах юм. Харин ийнхүү конвенцод нэгдсэн нь конвенцын зохицуулалтад хамаарч байгаа аливаа баримт бичгийг хэрэг маргаанд оролцогч талуудын гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн баталгаажуулах шүүхийн эрхийг хөндөхгүй.

Өөрөөр хэлбэл, уг конвенцын дагуу баталгаажуулалт хийсэн бол тухайн баримт бичгийг үйлдэх эрхтэй эсэх, гарын үсэг үнэн зөв эсэх, дарсан тамга тэмдэг үнэн зөв эсэхийг өөр нотлох баримтаар баталгаажуулах үүргээс л чөлөөлж (нэмэлт шаардлагаас халж байгаа) байгаа болохоос ийм баримт нотолгоо хэргийн материалд нэгэнт авагдсан байхад аппостиль хийлгэх шаардлагыг үүн дээр нэмэлт (хэлбэрийн) шаардлага болгон тавьж байгаа нь конвенцын зарчмыг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

  1. Маргаанд дурдагдаад байгаа итгэмжлэлийн хувьд тухайн итгэмжлэл хүулийн дагуу олгогдсон, олгосон этгээд нь бурэн эрхтэй зэрэг бүхий л нөхцөл байдлыг хангалттай нотлох баримт хэргийн материалд авагдсан байдаг. Тухайлбал:
  1. “Э Э Э” ХХК-ийг төлөөлөн Я Ж Пын гарын үсгээр баталгаажсан “С” ХХК-ийн дүрэм (I хавтаст хэргийн 8-13 талууд);
  2. Я Ж Пэцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн “Э Э Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (II хавтаст хэргийн 105-талууд);
  3. “Э Э Э” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Я Ж Пбүртгүүлсэн УБ- 12 маягт (II хавтаст хэргийн 114-116 талууд);
  4. Я Ж Пгарын үсэг зуран баталгаажуулсан “Э Э Э” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг ихэсгэх хувьцаа эзэмшигчийн шийдвэр (II хавтаст хэргийн 133-135 тал);
  5. “Э Э Э И Л” ХХКкомпанийг төлөөлж Я Ж П-аас “Э Э Э” ХХК-ийг үүсгэн байгуулах итгэмжлэл (II хавтаст хэргийн 189 тал);
  6. Дээрх итгэмжлэлийн дагуу баталсан “Э Э Э” ХХК-ийн дүрэм (II хавтаст хэргийн 193-196 тал).

Ийм ч учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д болон давж заалдах шатны шүүхийн хянавал хэсгийн 4-т “”Синержигоул” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Гадаадын хөрөнгө оруулалттай “Э Э Э” ХХК-ийг Их Британи, Умард вант улсад бүртгэлтэй “Э Э Э И Л” ХХК компани үүсгэн байгуулж, үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд, мөн тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх удирдлагаар Я Ж П-г 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд тус тус бүртгүүлжээ. /1-р хх-ийн 49-50, 2-р хх-ийн 105-156/” гэж тодорхой дурдсан байдаг. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүхээс тухайн итгэмжлэлийн үйлдсэн этгээд, түүний бүрэн эрхийг хэрэгт авагдсан нотлох баримтаар баталгаажуулан шийдвэртээ дүгнэчихээд хэлбэрийн нэмэлт шаардлага тавьж байгаа нь конвенцын зарчимд нийцэхгүй байна.

Өмнө дурдсан “Гаагийн конвенцын үндсэн зарчим”-ийн Апостилийн үйлчлэл гэсэн хэсэгт, “Апостил баталгаажуулсны цорын ганц үйлчлэл нь гарын үсгийн үнэн зөв, баримт бичигт гарын усэг зурсан этгээдийн чадамж, тухайн баримт бичигт байгаа тамга, тэмдэг зэргийг баталгаажуулах явдал юм (5-р зүйл). Апостиль нь тухайн нийтийн баримт бичгийн агуулгыг баталгаажуулдаггүй” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Конвенцын гол зорилго бол дээр дурдсан нийтийн эрх зүйн баримт бичиг үйлдэж байгаа этгээдүүд бүрэн эрхтэй эсэх, гарын үсэг, тамга тэмдгийн үнэн зөв эсэхийг хүлээн авагч улс дахин нягтлан шалгах үүргээс чөлөөлж байгаа болохоос биш энэ төрлийн баримт бичгийг гагцхүү апостиль баталгаажуулалт хийгдсэн тохиолдолд хүлээн авагч улсад хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн ойлголт буюу, хэлбэрийн хувьд нэмж тогтоосон илүү өндөр шаардлага гэж ойлгож болохгүй.

Конвенц бол албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг л хангах үүрэгтэй. Улс орнууд уг конвенцын дахин нягтлан шалгах үүргээс чөлөөлж буй хөнгөвчлөхөд чиглэсэн байдалд үндэслэн нэгдэн ордог бөгөөд Конвенцын хөнгөвчлөхөд чиглэсэн энэхүү байдлыг иргэд, хуулийн этгээдэд дахин нэг ачаа дараа, шаардлага байдлаар тулган шаардах нөхцөлийг шүүх ийнхүү бүрдүүлж байна. Конвенци бол хөнгөвчлөх зорилгыг агуулахаас биш хэлбэрийн хувьд тавигдах нэмэлт шаардлагын шинжийг агуулаагүй болохыг дахин дурдах нь зүйтэй.

  1. Мөн, магадлалын хянавал хэсгийн 6.5-д “Я Ж Питгэмжлэл үйлдсэн цаг хугацаанд Монгол Улсад байсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн.

Гаагийн конвенцод 2024 оны 3 сарын байдлаар нийт 126 орон нэгдсэн орсон байдаг ба Нэгдсэн үндэсний байгууллагад мөн сарын байдлаар нийт 193 орон нэгдэн орсон байдаг. Эндээс харахад Гаагийн конвенцод нэгдэн ороогүй 70 орон байх бөгөөд анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь Я Ж Пыг итгэмжлэл үйлдсэн цаг хугацаанд аль улсад байсныг тогтоогоогүй атлаа итгэмжлэлийг Гаагийн конвенцын дагуу баталгаажуулах шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл, дэлхийн бүх улс оронд үйлдсэн баримт бичигт апостиль гэрчилгээ шаардсан, Гаагийн конвенцын үзэл баримтлал, хамрах хүрээнд нийцэхгүй, хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг давж заалдах шатны шүүх бий болгож байна. Монгол Улсын хуулийн этгээд “Э Э Э ХХК”-ийн Гүйцэтгэх захирал тухайн итгэмжлэл олгоход аль улсад байснаас үл хамаарч Монгол Улсын баримт бичиг байх бөгөөд, хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлд хуулийн этгээдийн хувьд эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдгийг дарснаар баталгааждаг. Өөрөөр хэлбэл, апостиль гэрчилгээ нь энэхүү итгэмжлэлд “Э Э Э ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Я Ж Пнь гарын үсэг зурсан гэдгийг л баталгаажуулна. Гэтэл Я Ж Пнь энэ итгэмжлэлийг олгосон гэдгийг хоёр шатны шүүх өөрөө баталгаажуулчихсан байж апостиль гэрчилгээг шаардаж байгаа нь ойлгомжгүй буюу конвенцын үзэл баримтлал, зорилго, хамрах хүрээнд нийцэхгүй байна.

 

    1. Түүнчлэн, шүүхээс магадлал гаргахдаа хариуцагчийн тайлбарт дурдсан Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 72 дугаар зүйлийн 72.5, болон 548 дугаар зүйлийн 548.8 дахь хэсгийн заалтыг хэрэгсэхгүй шийдвэр гаргасан нь эдгээр хуулийн заалтыг нэг мөр хэрэглэхэд саад учруулж байна. Тодруулбал:
  1. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заасан бөгөөд энэ талаарх тайлбараа бид тухай бүр шүүхэд гаргаж байсан. Гэтэл шүүх нотлох баримт авагдаагүй гэж үзсэн.

Энэхүү хэрэгт яригдаж байгаа “Э Э Э И Л” ХХКболон “Э Э Э” ХХК-ийн эцсийн эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Я Ж Пнь өөрөө өөртөө итгэмжлэл олгосноо шүүх хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан анхан болон давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар батлан илэрхийлсээр ирсэн. Ийм байхад итгэмжлэл олгосон нь тогтоогдоогүй, олгоогүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь Иргэний  хуулийн 64.1-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно”; цаашлаад уг хуулийн 53.1-т “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж тус тус заасныг зөрчсөн үндэслэлгүй дүгнэлт болно. Өөрөөр хэлбэл шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн төлөөлүүлэх эрхийг шүүхийн зүгээс хязгаарлан, уг эрхийг эдлүүлэхгүйгээр зөрчих хууль зүйн орчин практикийг үүсгэхээр байна.

 

  1. Шүүх магадлалын хянавал хэсгийн 5.4-т хувьцаа эзэмшигчдийн хурлын санал, шаардлагыг ажилтанд гардуулсан тул мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн. Гэтэл энэхүү ажилтанд хариуцагч гардуулаагүй харин шуудангийн байгууллагын ажилтан гардуулсан байдаг. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.5-д “Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ“ гэж заасанчлан баталгаат шуудангаар хүргүүлсэн бол ийнхүү хүргүүлэх үүргээ биелүүлсэн гэж үздэг.

 

  1. Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8-д “Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүнийг олгосон улсын хуулиар тодорхойлох бөгөөд итгэмжлэл нь Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал зөвхөн хэлбэрийн талаарх шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй” хэмээн заасан байдаг. Шүүхийн 3 дугаар хавтаст хэргийн 124-127 талуудад “Э Э Э И Л” ХХКиас Я Ж П-д “Э Э Э И Л” ХХКийн бүрэн эзэмшлийн охин компани болох “Э Э Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүхий л бүрэн эрхийг олгосон итгэмжлэл авагдсан байдаг.

Энэхүү итгэмжлэлд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, хувьцаа эзэмшигчийн хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах болон холбогдох бусад эрхүүдийг дурдан “Э Э Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я Ж П-д итгэмжлэн олгон, итгэмжлэл олгосон өдөр, итгэмжлэлийн хүчинтэй хугацааг дурдан “Эс Эй Эл Инвестмент Лимитед”-ийн гүйцэтгэх захирал, цорын ганц хувьцаа эзэмшигч Я Ж Пгарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан итгэмжлэлд тавигдах хуулийн шаардлагыг бүрэн хангасан итгэмжлэлд шүүхийн зүгээс апостиль гэрчилгээ буюу нэмэлт хэлбэрийн шаардлага тавьж байгаа нь шүүх өөрөө Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.8-д заасан Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн баримт бичгийн хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулсан заалтыг зөрчиж байгааг, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байгааг илтгэж байна.

Дээрх нөхцлүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр Улсын дээд шүүхээс магадлалыг хянан хэлэлцэх нь Гаагын конвенцийн үндсэн зарчим , практик хэрэглээний талаарх Монгол улс дахь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Иймд, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00258 дугаар магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2024/00466 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Хариуцагч “Э Э Э” ХХК, Я Ж Пнарын өмгөөлөгч Ж.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэстэй байна.

 

7. Нэхэмжлэгч “С” ХХК, Д.Р нар нь хариуцагч “Э Э Э” ХХК болон Я Ж Пнарт холбогдуулан “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.02.14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, тус хурлаас гаргасан гүйцэтгэх захирал томилох тухай, охин компани болох “Н М” ХХК-д хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилох тухай шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “... Би компанийн 49 хувийн хувьцааг эзэмшдэг, ... хувьцаа эзэмшигчдийн хурал болох өдрийг хуульд заасан журмаар мэдэгдээгүй, ... хурлын зарыг Ж.Нэмэхцэцэг гэдэг хүнд гардуулсан гэх боловч ийм хүн манай компанид ажилладаггүй, ... Ж.Н нь өөрийгөө хаана ажиллаж байсан, хэнээс цалин авдаг байснаа ч мэддэггүй. ... манай компани энэ байрнаас нүүсэн байсан. ... хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал шаардлагыг Компанийн тухай хуулийн 61.1.1, 61.1.2-т заасны дагуу бичгээр гаргах ёстой. ... хувьцаа эзэмшигчдийн хуралд шийдвэр гаргах итгэмжлэл аваагүй байсан, ... манай компанид орох ёстой орлого 138,000 ам.долларыг Я Ж Пөөрийн хувийн дансаар авсан. ...компанийн үйл ажиллагааг доголдуулсан. ... түүнийг эрэн сурвалжлаад олдоогүй. ... хувьцаа эзэмшигчдийн хурал хийх хэрэгцээ шаардлага надад ч мөн байсан. ...” гэж тайлбарласан.

8. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... Компанийн тухай хуулийн 68.2-т заасны дагуу ээлжит бус хурал хуралдуулахаар санал гаргах эрхтэй. ... 2019.12.13-ны өдөр 18:00 цаг орчимд санал, шаардлагыг гардуулахаар гэрт нь очиход ... хүлээж авахаас татгалзаж “зүүн 4 зам дахь оффисруу илгээ” гэсэн. 2019.12.16-ны өдөр оффисруу нь шуудангаар илгээснийг 2019.12.17-ны өдөр н.Нэмэхцэцэг гэдэг хүн хүлээж авсан. Хурал хуралдуулах санал, шаардлагыг Компанийн тухай хуулийн 61.4-т зааснаар гаргасан. ... нэхэмжлэгч хурал хуралдуулах материал хүлээн аваагүй гэх боловч хурал зарлан хуралдуулах гэж байгааг 2019.12.23-ны өдрийн байдлаар мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан. Санал, шаардлага хүргүүлснээс хойш 10 хоногт хурлаа зарлах ёстой боловч зарлаагүй, 10 хоногийн хугацаа 2019.12.17-ны өдрөөс эхлэн тоолбол 2019.12.31-ний өдөр дуусаж бсан. Компанийн тухай хуулийн 61.7-д заасны дагуу энэ хугацаа өнгөрснөөр хурал зарлах эрхтэй болж хурлыг 2020.02.14-ний өдөр 11:00 цагт товлосон. Хурлын зарыг 2020.01.03 ба 07-ны өдрүүдэд шуудандсан, ... 2020.01.08-ны өдрийн 14:52-т мэссэжээр, ... мөн 2020.01.16-ны өдөр утсаар залгаж, 2020.01.06-ны өдөр өдөр тутмын “Өдрийн сонин”-д зарлаж, ... 2020.02.14-ний хурал болох өдөр мэссэжээр тус тус мэдэгдсэн. ... “Э Э Э” ХХК нь 2019.12.12-ны өдөр охин компани болох “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал санаачлага гаргах, материал гаргах, хүлээн авах, шийдвэр гаргах, 2020.02.14-ний өдрийн хуралд оролцох бүх эрхийг н.Түвшинтөгөлдөрт олгосон. ... нэхэмжлэлийг Я Ж П-д холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй. ...” гэж мэтгэлцсэн байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба үндэслэлээ “... хариуцагч “Э Э Э” ХХК, Я Ж Пын олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан гэж тайлбарласан. “Э Э Э” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Э Э Э И Л” ХХКбайх тул тус компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийг олон улсын эрх зүйн дагуух үйлдлээр тодорхойлохоор байна. Монгол Улсад бүртгэлгүй хуулийн этгээд Монгол Улсад бүртгэлтэй “Э Э Э” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа тул төлөөлөх эрх олгохдоо Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцийг баримтална. ... конвенцийн зорилго нь хэлэлцэн тохирогч нэг улсын хуулийн этгээдийн нэрийн өмнөөс эрх хэрэгжүүлэх этгээдийг хэлэлцэн тохирогч нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэх арга нь Апостиль гэрчилгээ олгосон байх явдал юм. “Э Э Э” ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, хуралд оролцох төлөөлөгч томилох эрхийг Я Ж Пад олгосон нь баримтаар тогтоогдоогүй. “Синержигоул”ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-иас ээлжит бус хурал хуралдуулахаар шийдвэр гарсан нь тодорхойгүй, гүйцэтгэх захирал Я Ж П-д хувьцаа эзэмшигчийг төлөөлөн хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргах эрхийг олгосон нь хэргийн баримтаар тогтоогдохгүй” гэж дүгнэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба магадлалд “... хэрэгт авагдсан “Э Э Э И Л” ХХКкомпаниас “Э Э Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я Ж П-д олгосон 2019.12.01-ний өдрийн итгэмжлэл, “Э Э Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я Ж П-аас  Г.Энх-Амгалан, М.Түвшинтөгөлдөр нарт олгосон 2019.12.12-ны өдрийн итгэмжлэл, 2020.01.29-ний өдрийн итгэмжлэлүүдийг Монгол Улсад үйлдээгүй, гадаад улсад үйлдсэн тул дээр дурдсан конвенцийн дагуу баримт бичиг үйлдсэн орны эрх бүхий байгууллагаас Апостиль гэрчилгээ олгосон байхыг шаардана. Энэ итгэмжлэлүүдийг Монгол Улсад үйлдсэн болохоо хариуцагч нотлоогүй ... тул конвенцад заасан шаардлага хангаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Иймд “Э Э Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Э Э Э И Л” компаниас “Э Э Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я Ж Пад итгэмжлэл олгоогүй гэх дүгнэлт зөв. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал шаардлагыг Баянзүрх дүүргийн 3-р хороо, Синержи плаза 4-401 тоот хаягт шуудангаар хүргүүлж н.Н гэдэг хүнд гардуулсныг нэхэмжлэгч Д.Рад гардуулсан гэж үзэхгүй. н.Нийг “С” ХХК-ийн ажилтан гэж үзэхгүй.” гэх дүгнэлт өгчээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт адил агуулга бүхий дүгнэлт өгч шийдвэрлэсэн байх боловч хувийн эрх зүйн, тэр дундаа Компанийн тухай хууль тогтоомж, арилжааны эрх зүй дэх итгэмжлэлийн талаарх хэм хэмжээг тайлбарлан хэрэглэсэн нь нэгэнт тогтсон шүүхийн практикаас ялгаатай болжээ. Хууль хэрэглээг нэг мөр тогтоож, Иргэний хуулийн холбогдох хэм хэмжээ, олон улсын эрх зүйн эх сурвалжийн зөв хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хангасан байх тул хэргийг хяналтын журмаар хэлэлцэв.

12. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хоёр нэхэмжлэгч оролцсон, эдгээр нь ижил нэхэмжлэлийг адил үндэслэлээр өөр өөр хариуцагч нарт холбогдуулан гаргасан байхад шаардах эрхийн үндэслэлийг нэхэмжлэгч тус бүрээр, татгалзлын үндэслэлийг хариуцагч тус бүрээр ялган тодорхойлсонгүй. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй гэж үзэх хувьцаа эзэмшигчийн шаардах эрхийн үндэслэл нь тухайн компани өөрийн хурлыг хүчингүй гэж үзэх компанийн шаардах эрхээс ялгаатайн зэрэгцээ эдгээр шаардлагыг нэг хувьцаа эзэмшигчээс нөгөө хувьцаа эзэмшигчид холбогдуулан гаргах, нэг хувьцаа эзэмшигчээс хувьцаа эзэмшигч биш этгээдэд холбогдуулан гаргах тохиолдлуудад хариу татгалзлын үндэслэл, тэдгээрийг шалгах үйл явц тус тус өөр байхыг анхаарсангүй.

Тодруулбал, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг тус компанийн нэг хувьцаа эзэмшигч Д.Р нөгөө хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-д холбогдуулан гаргасан нэг маргаан, түүнчлэн “С” ХХКмөн адил шаардлагыг өөрийн хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-д холбогдуулан гаргасан хоёр дахь маргаан, хувьцаа эзэмшигч Д.Р иргэн Я Ж Пад холбогдуулан “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох тухай гуравдах маргаан, “С” ХХКнь мөн иргэн Я Ж Пад холбогдуулан адил шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан маргаан байгааг эс анзаарч, хэргийн үйл баримтыг нэгтгэн, маргаан тус бүрийг нэг дүгнэлтээр шийдвэрлэсэн нь алдаатай болсны зэрэгцээ шийдвэр, магадлал хууль бус болох үндэслэлийг бүрдүүлжээ. Ийнхүү хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцох тохиолдолд нэхэмжлэгчийн шаардах эрхийг уг шаардлагыг холбогдуулсан этгээд тус бүрийн татгалзлын дагуу дүгнэж хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадан гүйцэтгэх, тухайн харилцаатай холбоотой бусад маргаанд хууль зүйн ач холбогдолтой.

13. Түүнчлэн хоёр шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ хувийн эрх зүй дэх итгэмжлэл, компанийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийн талаар алдаатай дүгнэсэн байх ба анхан шатны шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсангүй. Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх ба дээрх алдааг залруулан дараах дүгнэлтийг өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

13.1. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Р нь “С” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч, хариуцагч “Э Э Э” ХХК нь тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байх ба энэ тухайд зохигч маргаагүй. Түүнчлэн хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд түүний хувьцаа эзэмшигч нь гадаад улсын хуулийн этгээд “Э Э Э И Л” компани, гүйцэтгэх захирал нь Израйл Улсын иргэн, тус хэргийн өөр нэгэн хариуцагч Я Ж Пболох үйл баримтын тухайд шүүхүүд адил дүгнэсэн. Зохигч мөн энэ талаар маргаагүй.

13.2. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон байна. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Р “С” ХХК-ийн 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгож, тус хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан үндэслэлд нийцсэн эсэх маргаан байх ба энэ хүрээнд хурлын зарыг зохих журмын дагуу хүргэсэн эсэх, хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-ийг төлөөлөн хурал зарлах эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.

13.3. Анхан шатны шүүх “Э Э Э” ХХК нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн хэдий ч “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлахын тулд “Э Э Э” ХХК-ийн энэ тухай шийдвэр хангалтгүй, “Э Э Э” ХХК-д түүний эх компани болох гадаад улсын хуулийн этгээд “Э Э Э И Л” ХХКиас “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргах эрх олгох, эсхүл энэ тухай тусгайлсан итгэмжлэл олгохыг шаардана гэх агуулгатай дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзжээ. Гэвч хяналтын шатны шүүхээс энэ дүгнэлтийг зөвтгөх боломжгүй.

Учир нь “С” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч нь “Э Э Э” ХХК байх ба тус компани нь Монгол Улсын хуулийн этгээд байна. Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу “Э Э Э” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд компанийг төлөөлөн өдөр тутмын шийдлийг гаргах эрхтэй. Ийнхүү шийдвэр гаргах бүртээ өөрийн эх компаниас итгэмжлэл, эсхүл эрх олгосон шийдвэр авах шаардлагагүй. Компанийн засаглалын хүрээнд тодорхой компанийн нэрийн өмнөөс гарах зарим төрлийн томоохон хэлцэл, сонирхолын зөрчилтэй хэлцэл, хууль, дүрэм, гүйцэтгэх удирдлагын эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээнд заасан бол тухайн хэлцлийн талаарх шийдвэр гаргахдаа компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд дээд удирдлагаасаа буюу зарим үед Төлөөлөн удирдах зөвлөлөөс, цөөн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлаас зөвшөөрөл авдаг. Маргаан бүхий тохиолдол нь эдгээр нөхцлийн алинд ч хамаарахгүй.

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасны дагуу Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал)-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. Компанийн засаглалын үндсэн дүрмийн дагуу төлөөлөн удирдах зөвлөлгүй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахаас бусад асуудлаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд компанийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Товчхондоо, хууль, компанийн дүрэмд тухайлан заасан асуудлаарх шийдвэрийг компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдийн хурал, бусад асуудлаарх шийдвэрийг компанийг өдөр тутмын удирдлагаар хангаж буй эрх бүхий албан тушаалтан гаргах боломжтой. “Э Э Э” ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй хуулийн этгээд байна. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг тодорхойлсон бөгөөд энд өөрийн охин компанийн хувьцаа эзэмшигчийн хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр гаргах эсэх асуудал хамаарахгүй байна. Түүнчлэн хавтаст хэргийн 176, 177 дугаар талд авагдсан “Э Э Э” ХХК-ийн үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг болох дүрэмд компанийн захирлын дээрх эрх хэмжээг хязгаарлаагүй, ийм эрх эдлэх бусад этгээдийг тодорхойлоогүй байна.

Иймд “С” ХХК(охин компани)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаар хувьцаа эзэмшигчийн хувиар шийдвэр гаргах “Э Э Э” ХХК (эх компани)-ийн бүрэн эрх нь “Э Э Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох гадаад улсын хуулийн этгээд “Э Э Э И Л” ХХК(эхийн эх компани) компанид хадгалагдах тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Энэ эрх “Э Э Э” ХХК-д өөрт нь буюу тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох “Э Э Э” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Я Ж Пад хадгалагдана гэж үзэх нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйл, тус компанийн дүрмийн зургадугаар зүйлийн 1-т заасантай нийцэж байна. “Э Э Э” ХХК-ийн итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь компанийн захирал албан тушаалтай Я Ж Пбайхаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогдож байна. “Э Э Э” ХХК нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох хувьдаа хурал зарлан хуралдуулах шийдвэр гаргахдаа энэ талаарх эрхийг өөрийн хувьцаа эзэмшигч болох “Э Э Э И Л” ХХКкомпаниас олж авах байсан гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

13.4. Дээрх үндэслэлээр “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай түүний хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-ийн шийдвэр нь “Э Э Э” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох компанийн гүйцэтгэх захирал Я Ж Пын шийдвэр байх боломжтой. Гэвч зохигчийн хооронд “Э Э Э” ХХК-ийн захирал Я Ж Паас М.Түвшинтөгөлдөрт олгосон хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай итгэмжлэл нь хуульд нийцсэн эсэх, энэ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр мөн эсэх асуудлаар маргаан үүсжээ. 

Хоёр шатны шүүх энэ итгэмжлэлийг хэлбэрийн шаардлага хангаагүй буюу Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцийн 2, 3, 4 дүгээр зүйлийн дагуу апостиль гэрчилгээгээр баталгаажаагүй тул хууль бус гэж үзсэн. Гэвч Апостиль гэрчилгээг хэрхэн хэрэглэх, энэ талаарх Гаагийн конвенцийн зорилго, хамрах хүрээний тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэстэй. Өөрөөр хэлбэл, конвенцийн зорилго нийтийн эрх зүйн баримт бичгийг үйлдсэн этгээд бүрэн эрхтэй эсэх, баримт бичгийн гарын үсэг, тамга тэмдгийг дахин нягтлан шалгах хэлбэрийн шалгалтын дарамт үүргээс энэ баримт бичгийг хүлээн авч буй улс орныг чөлөөлөх, апостиль баталгаа хийлгэсэн бол хүлээн авагч улс шүүх, арбитр, прокурор, нотариатчийн үйлдэл, бүртгэл бүхий албан ёсны гэрчилгээ, лавлагаа зэрэг нийтийн эрх зүйн баримт бичгүүдийг хүлээн зөвшөөрөх нийтлэг стандартыг тогтоох явдал гэж үзэхээр байна. Энэ ч агуулгаар Монгол улсын гадаад харилцааны яамнаас 2021 онд гаргасан мэдээллээр Монгол Улсад апостиль гэрчилгээ олгож буй нийт баримт бичгийн 60 хувийг боловсролын баримт бичиг, 30 хувийг иргэний бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, 10 хувийг цагдаа, татвар, төрийн бусад байгууллагын лавлагаа, тодорхойлолт эзлэж байгаа тоо баримт авагдсан тухай нийтэд илэрхий мэдээлэл[1] байна.

Энэ агуулгаар хувийн эрх зүйн субьект өөрийн гаргасан баримт бичгийг нөгөө улсад хүлээн зөвшөөрүүлэхэд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах эсэх асуудал нь сайн дурын шинжтэй бөгөөд уг баталгаажуулалтыг хийлгээгүй нь баримт бичгийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

13.5. Энэ хэргийн тохиолдолд итгэмжлэлийг олгосон ба авсан этгээдүүдийн хэн аль нь ийнхүү олгосон, хүлээн авсан асуудалдаа маргаагүй бөгөөд төлөөллийн харилцаанд төлөөлүүлэгчийн хүсэл зоригийг төлөөлөгч илэрхийлснийг төлөөлүүлэгч дэмжин зөвшөөрсөөр байгаа тохиолдолд гуравдагч этгээд уг төлөөллийг үгүйсгэх нь учир холбогдолгүй байна. Энэ агуулгаар Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална.” гэж заасан байдаг.  “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвшинтөгөлдөрийн итгэмжлэл нь гадаад, эсхүл Монгол Улсад үйлдэгдсэн аль ч тохиолдолд итгэмжлэлийг олгох эрх бүхий этгээд өөрөө төлөөллийг дэмжин зөвшөөрсөн нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй. 

13.6.Зохигч дээрх байдлаар итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргасны зэрэгцээ итгэмжлэл нь хувьцаа эзэмшигчийн хурал зарлан хуралдуулах тухай шийдвэрийг орлох эсэх талаар маргасан гэж үзэхээр байна. Хэрэгт 2019.12.12-ны өдрийн “Итгэмжлэл олгох тухай” гэсэн нэртэй “Э Э Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаал хэлбэртэй баримт хэрэгт авагдсан байна. Тус тушаалд “Э Э Э” ХХК нь энэ итгэмжлэлээр “С” ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага, түүнтэй холбоотой материал гаргах, хүргэх, санал, шаардлагын хариу хүлээн авах, тайлбар, гомдол болон шаардлага гаргах, Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлах, энэ зарыг өдөр тутмын сонинд нийтлэх, биечлэн хүргэх, хурал явуулахтай холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авах гэх мэт эрхийг Г.Э, М.Т нарт 1 жилийн хугацаатай олгож байгааг дурдсан байна. 

Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан итгэмжлэл нь хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигчийг төлөөлөн оролцох харилцааг зохицуулсан бөгөөд гүйцэтгэх захирал өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргах зарим эрхээ бусдад итгэмжлэлээр шилжүүлэх харилцаанд энэ зүйл, заалт үйлчлэхгүй. Гэвч зарчмын хувьд компанийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн зарим бүрэн эрхээ бусдад итгэмжлэн шилжүүлэх хууль зүйн боломжтой бөгөөд энэ хэргийн тохиолдолд “Э Э Э” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Я Ж Пболон түүний хувьцааг нь өмчилдөг “Э Э Э И Л” ХХКболох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн лавлагаагаар тогтоогдож байх тул компанийн гүйцэтгэх захирлын хувиар шийдвэр гаргах эрхээ бусдад итгэмжлэн шилжүүлсэн харилцаанд гуравдагч этгээдийн эрх ашиг хохироогүй, ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй байна. Энэ үндэслэлээр 2019.12.12-ны өдрийн итгэмжлэл олгох тухай “Э Э Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай хувьцаа эзэмшигчийн хүсэл зоригийг илтгэсэн шийдвэр мөн гэж үзэх үндэстэй. 

Иймд хоёр шатны шүүхийн апостиль гэрчилгээгээр баталгаажаагүй үндэслэлээр итгэмжлэлийг үгүйсгэж, хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах асуудлаар хангалттай дүгнэлт өгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг залруулна.

13.7. Анхан болон давж заалдах шатны шүүх “С” ХХК-ийн 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлагыг тус компанийн ажилтан бус этгээд болох н.Нэмэхцэцэгт хүргэсэн нь зохих журамд нийцээгүй гэж дүгнэсэн.

Хэргийн зохигч нь н.Нэмэхцэцэг гэх хүн “С” ХХК-д ажиллаж байгаагүй үйл баримтаар маргаагүй байх ба энэ нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон н.Нэмэхцэцэгийн мэдүүлгээр тогтоогдсон. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах санал, шаардлага, түүнтэй холбоотой бичиг баримт гэх 2019.12.16-ны өдрийн бичиг захидлыг Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Синержи плаза 4-401 тоот хаягт 2019.12.17-ны өдрийн 12.35 цагт шуудангаар хүргүүлснийг н.Нэмэхцэцэг хүлээн авсан талаар шуудангийн баримтууд хэрэгт авагдсан байна. Хариуцагч “Э Э Э” ХХК нь хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг шуудангаар хүргүүлсэн талаараа 2019.12.23-ны өдөр утасны зурвасаар нэхэмжлэгч Д.Рад мэдэгдсэн, хурлын зарыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн талаар хэрэгт тус тус баримт авагджээ. Нэхэмжлэгч 2020.05.25-ны өдөр “...хурлын шийдвэрийг авсан, харин шийдвэртэй хамт ямар ч санал шаардлага аваагүй. ...” гэж утасны зурвасаар хариу өгсөн байх ба энэ хариу нь санал шаардлага хүргүүлсэн тухайгаа илэрхийлж 2019.12.23-ны өдрийн хариуцагчаас зурвас илгээснээс хойш 5 сарын дараа ирүүлсэн хариу зурвас байна.

 “С” ХХК-ийн албан ёсны хаягийг улсын бүртгэлд Баянгол дүүргийн 17 дугаар хороо 76 тоот гэж бүртгэсэн нь хувьцаа эзэмшигч Д.Рын гэрийн хаягтай тохирч байна. Гэвч “С” ХХКнь маргаан бүхий дээрх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Синержи плаза 4-401 тоот хаягт хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан нь түүний өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Синержи плаза байшингийн үүдний хүлээн авагчаар ажиллаж байсан гэх н.Нэмэхцэцэгийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргасан зарим хүсэлтэд уг хаягийг компанийн хаягаар тодорхойлон бичиж байснаас тус тус тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх хаягт үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдлыг үгүйсгээгүй боловч Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Синержи плаза 4-401 тоот хаягт чухам хэдийнээс үйл ажиллагаа эрхлэхээ больсон нь тодорхойгүй байна. Иймд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг Баянгол дүүрэг дэх түүний гэрийн хаягаар хүргүүлэхэд хүлээн авахаас татгалзаж, зүүн дөрвөн зам дахь оффисруу хүргүүлэхийг хүссэний дагуу шуудандсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Бизнесийн харилцаанд оролцогч этгээдүүд байнга үйл ажиллагаа явуулах хаягийн өөрчлөлт, харилцах суваг, мэдээлэл солилцох хэрэгсэл тодорхой байх нь нэн чухал бөгөөд энэ талаарх мэдээлэл өөрчлөгдсөн бол тэр даруй зохих тэмдэглэл, бүртгэлийг хийлгэж байх нь аж ахуйн харилцааг тодорхой, түргэн шуурхай, найдвартай байлгах урьдач нөхцөл мөн. Энэ нөхцөлийг бизнес эрхлэгчдийн хэн аль нь нэн тэргүүнд биелүүлж, тодорхой бус байдлаас үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх нь зүй ёсны гэж үзнэ. Иймд хурал хуралдуулах санал шаардлага, хурлын зар, тов, тэдгээртэй холбоотой бусад мэдээллийг “С” ХХК-ийн сүүлд үйл ажиллагаа явуулж байсан хаяг, хувьцаа эзэмшигчийн гэрийн хаяг, үүрэн холбооны утасны дугаар, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргүүлж байсан нөхцөл байдлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.9, 65 дугаар зүйлийн 65.1, 65.4-т заасантай нийцсэн, энэ талаарх үүргээ хувьцаа эзэмшигч бусад этгээд хангалттай хэмжээнд биелүүлсэн гэж үзнэ.

13.8. Нэхэмжлэгч нь хариуцагч Я Ж Пыг компанид зүй ёсоор ногдох ёстой 138,000 ам долларыг авч, хөрөнгийг захиран зарцуулсан гэх тайлбар гарган мэтгэлцэж байх боловч энэ нь тус хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хэрхэн хамаарах нь ойлгомжгүй байх бөгөөд хэрэв түүний болоод түүний төлөөлөх бүрэн эрх бүхий этгээдэд эд хөрөнгийн болон бусад хохирлыг учруулсан гэж үзэж байгаа бол энэ асуудлаарх гомдол, нэхэмжлэлийг холбогдох журмаар гарган шийдвэрлүүлэх боломжтой.

14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Рын хариуцагч “Э Э Э” ХХК-д холбогдуулан гаргасан “С” ХХК-ийн 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх ба тус хурал хууль ёсны байх тул энэ үндэслэлээр хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, “С” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчээс нөгөө хувьцаа эзэмшигчид холбогдуулан 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох, хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргах Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан аль нэг үндэслэл тогтоогдсонгүй.

15. Түүнчлэн өөрийн хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-д холбогдуулан “С” ХХК-ийн зүгээс 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү шаардах эрхийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй, энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “С” ХХК-ийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргах эрхийг хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч гаргахаар заасан бөгөөд өөрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль бус болгох тухай шаардлагыг компани өөрөө хувьцаа эзэмшигчдээ холбогдуулан гаргах шаардах эрхийн зохицуулалтыг хуулиар тогтоогоогүй.

Түүнчлэн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх хэмжээ үргэлжлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн 2020.02.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хууль ёсны байх тул “С” ХХК-ийг төлөөлөн шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргах эрх бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гүйцэтгэх захиралд олгогдсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр “С” ХХК-ийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шарадлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч Д.Р, “С” ХХКнь хариуцагч Я Ж Пад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгох, хурлын шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я Ж Пхариуцах хууль зүйн үндэслэл тодорхойгүй, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бус уг этгээд энэ талаар ямар эрх хэмжээ эдлэх, шаардах эрхийг хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй байх тул энэ шаардлагыг хангах хууль зүйн боломжгүй. Иймд хариуцагч Я Ж Пад холбогдуулан гаргасан шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгоно.

17. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/04857 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00258 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Р, “С” ХХК-ийн хариуцагч “Э Э Э” ХХК, Я Ж Пнарт холбогдуулан гаргасан  “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.02.14-ний өдрийн ээлжит бус хурал хууль бус болохыг тогтоолгох, “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлын гүйцэтгэх захирал томилох тухай, охин компани “Н М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд томилох тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э Э Э” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.03.21-ний өдөр 210,600 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

 

                                       Ш ҮҮГЧИД                                     Н.БАТЧИМЭГ

 

                                                                                               Н.БАЯРМАА

    

                                                                                             П.ЗОЛЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1]Гадаад харилцааны яамны цахим хуудас, сүүлд зочилсон 2024.04.30. https://mfa.gov.mn/wpcontent/uploads/2021/09/Танилцуулга.pdf