Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
Хэргийн индекс | 102/2021/03223/И |
Дугаар | 001/ХТ2024/00132 |
Огноо | 2024-06-11 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2024/00132
“Э Э Э Ж” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2024/00712 дугаар магадлалтай,
“Э Э Э Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Г Х Т” ХХК-д холбогдох
86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “Э Э Э Ж” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, Иргэний хуулийн 206, 386 дугаар зүйл, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 32 дугаар заалтын дагуу “Э Э Э Ж” ХХК-аас нийт 155,814,074 төгрөг гаргуулах, маргаан бүхий 5,700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй
болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-аас хариуцагч “Г Х Т” ХХК-д холбогдуулан 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг
нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, “Г Х Т” ХХК нь “Э Э Э Ж” ХХК-д холбогдуулан “Э Э Э Ж” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, Иргэний хуулийн 206, 386 дугаар зүйл, Төмөр замын
тээврийн үндсэн дүрмийн 32 дугаар заалтын дагуу “Э Э Э Ж” ХХК-аас нийт 155,814,074 төгрөг гаргуулах, маргаан бүхий 5.700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй
болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Говийн хан транс” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д олгож, Дорноговь аймгийн Замын -Үүд сум дахь “Саут гэйт” ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч “Г Х Т” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Э Э Э Ж” ХХК-аас 155,814,074 төгрөг гаргуулах тухай “Г Х Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 659,722 төгрөг, хариуцагчаас 937,020 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 659,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00712 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч “Г Х Т” ХХК-д холбогдох 86,314,400 төгрөг гаргуулах, гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...үлдээж, хариуцагчаас 659,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...үлдээсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г Х Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 1,596,742 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: МӨХ-ны гишүүн өмгөөлөгч би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04-р сарын 08-ны өдрийн 210/МА2024/00712 дугаар магадлалыг хүлээн авч танилцаад магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Э Э Э Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г Х Т” ХХК-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 245.1, 380-р зүйлийн 380.1, 407-р зүйлийн 407.1, 199-р зүйлийн 199.3-т заасан үндэслэл бий болсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулиас зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны талаар буруу дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ давж заалдах шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрөл, талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй ба хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-ийн Өвөр Монголын “Ш Ю Ш И Э Х” ХХК-тай 2019.07.26-ны өдөр байгуулсан “Төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ” хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч тал уг гэрээний үүргийн зарим хэсгийг одоог хүртэл биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн байгаа. Өөрөөр хэлбэл, уг гэрээний дагуу худалдан авагч талд хүлээлгэн өгөх ёстой үлдэгдэл 5700 тонн төмрийн хүдрийг хүлээлгэн өгөөгүй болох нь хэргийн баримтууд, талуудын тайлбараар нотлогддог. Нэхэмжлэгч тал гэрээний төлбөрийг бүрэн авсан, гэрээний зүйлээс 14,300 тонн төмрийн хүдрийг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн ба үлдэгдэл төмрийн хүдрийг вагонаар тээвэрлэх боломжгүй болсон учраас хариуцагч “Г Х Т” ХХК-аар тээвэрлүүлэхээр тохиролцсон үйл баримт нотлогдоно.
Гэрээний дагуу худалдан авагчид хүлээлгэн өгөх төмрийн хүдэр нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн өмч бөгөөд нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК нь худалдааны зуучлагчийн үүргийг гүйцэтгэж Улаанбаатар төмөр замд захиалга өгч төлбөрийг байршуулсаны үндсэн дээр төмрийн хүдрийг Дархан таван нуурын өртөөнөөс Замын-Үүд өртөөнд хүргэж гаалийн бүрдүүлэлтийг хийлгэж хилээр гаргаснаар төмрийн хүдэр худалдан авагч талын өмчлөлд шилжих нөхцөлийг тохиролцсон байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлж нотлох баримтанд буруу дүгнэлт өгсөн.
Нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-ийн 2019.12.06-ны өдрийн “Г Х Т” ХХК-д хүргүүлсэн албан бичиг, “Г Х Т” ХХК-ийн 2019.11.23-ны өдрийн 15/23-ны өдрийн 15/19 дугаар Баталгаа гаргах тухай албан бичгээр хариуцагч нь үлдэгдэл төмрийн хүдрийг тээвэрлэхийг зөвшөөрсөн байдал, тээврийн зардал болох 86,000,000 төгрөгийг 2019.11.25-ны өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны 1905134543 тоот дансанд шилжүүлэхээ илэрхийлж баталгаа гаргасан байхад уг төлбөрийг буцаан төлөх үүрэг хүлээхгүй гэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь худалдагч авагч талаас энэ төлбөрийг шаардаагүй байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Харин хариуцагч “Г Х Т” ХХК гэрээний оролцогч бус Өвөр Монголын “Х Ш” ХХК-тай ямар тохиролцоотойг мэдэхгүй ба гэрээний оролцогч худалдан авагч талаас ямар үндэслэлээр 69,700 ам доллар авсныг ч мэдэхгүй байна.
“Г Х Т” ХХК-тай нэхэмжлэгч тал тохиролцохдоо үлдэгдэл төмрийн хүдрийг Замын-Үүд өртөө хүртэл тээвэрлүүлэхээр тохиролцож 40 вагонаар 2 удаа тээвэрлэлт хийлгэсэн ба Замын-Үүдийн гаалийн хяналтын талбайд буулгасан төмрийн хүдрийг хүлээн авч гаалийн бүрдүүлэлт хийлгэж худалдан авагч талд хүлээлгэн өгөх гэхэд хүлээлгэн өгөхөөс татгалзсанаар маргаан үүссэн байхад 5,700 тонн төмрийн хүдэр нь “С Г” ХХК-ийн талбайд байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шалтгаан нөхцөлийг тодруулахгүйгээр шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй ба маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу хэрэглэн тайлбарласан гэж үзэхээр байна. Уг маргаанаас үүдэн нэхэмжлэгч тээврийн зардал, үлдэгдэл төмрийн хүдрийг хүлээлгэн өгөх боломжгүй болж хохирол хүлээсэн.
Иймд эдгээр үндэслэлээр магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-д заасан үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байгаа тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01-р сарын 22-ны өдрийн 210/МА2024/00171 дугаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2024/00660 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэнгийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК нь хариуцагч “Г Х Т” ХХК-д холбогдуулан 86,314,400 төгрөг гаргуулах, 5,700 тонн төмрийн хүдрийг
нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Манай компани Өвөр Монголын “Ш Ш И Э Х” ХХК-тай 2019.07.26-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ... 20,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 2 сарын хугацаанд “Ш Ю Ш И Э Х” ХХК-д нийлүүлэх үүрэг хүлээсэн. ...үүнээс 14,300 тонн төмрийн хүдрээ нийлүүлэх үүргээ биелүүлсэн. ... худалдан авагчийн саналын дагуу үлдэх 5,700 тонн төмрийн хүдрийг “Г Х Т” ХХК-аар тээвэрлүүлэхээр болсон. ... 80 вагоноор хоёр удаа тээвэрлэснээс эхний 40 вагоны түрээсийн төлбөр 86,314,400 төгрөгийг 2019.11.18-ны өдөр УБТЗ ХНН-д шилжүүлсэн. ... энэ төлбөрийн хувьд “Г Х Т” ХХК 2019.11.18-ны өдрөө буцааж төлсөн. ... Дараагийн 40 вагоны төлбөр 86,314,400 төгрөгийг УБТЗ ХНН-д шилжүүлсэн боловч ... энэ мөнгийг “Г Х Т” ХХК буцааж төлөхгүй байгаа. Хариуцагч байгууллагын хүсэлтээр энэ хоёр төлбөрийг төлсөн. ... Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу энэ мөнгөө нэхэмжилнэ. ... гэрээний худалдан авагч нь Өвөр Монголын “Шүнюань шин импорт, экспорт худалдаа” ХХК бөгөөд одоо болтол тэднийтэй байгуулсан гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа тул 5,700 тонн төмрийн хүдрийг гаргуулна. ... хариуцагч барааг Замын Үүд хүртэл л тээвэрлэх үүрэгтэй байгаа. ... үүнээс цааш нэхэмжлэгч барааг хүлээн авч гаалийн бүрдүүлэлтийг хийж цааш хилээр гаргах ... үүрэгтэй.” гэж тайлбарласан.
8. Хариуцагч “Г Х Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ “... “Г Х Т” ХХК нь тээврийн болон төмөр зам хосолсон үйлчилгээ үзүүлдэг. Тээвэрлэлтийн гэрээнд ачааг илгээж байгаа этгээд тээвэрлэлтийн зардлаа төлөх үүрэгтэй. Иймд 86,314,400 төгрөгийг буцааж авна гэсэн талуудын хоорондын хэлцэл бол Иргэний хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн дагуу нэхэмжлэгч тал хөлс төлөх, вагоны түрээсийн зардлыг төлөх үүрэгтэй. Энэ зардлыг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 301.1-д заасны дагуу ачааг шилжүүлэн өгөхөөс татгалзах эрхтэй. Нэгэнт тээвэрлэлт хийгдсэн тул буцааж болохгүй. ...тээвэрлэгчээр оролцож байгаа “Г Х Т” ХХК-аас зардал, хөлсөө буцааж шаардах нь хууль бус. ... Өнөөдрийг хүртэл дагалдах бичгээ хүлээлгэж өгөөгүйгээс хамаараад “Г Х Т” ХХК нь 1.8 тэрбум төгрөгийн өртэй болсон. Нэхэмжлэгч өмчлөгч биш тул энэ ачааг шаардах эрхгүй.” гэж маргасан.
9. Хариуцагч “Г Х Т” ХХК нь “Э Э Э Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохиролд 155,814,074 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган үндэслэлээ “...нэхэмжлэгч нь илгээгч бөгөөд тээврийн хөлсийг ачаа хүлээн авагчаар төлүүлсэн, энэ хөлс болох 86,314,400 төгрөг, ... вагон түрээсийн үнэ 42,800,000 төгрөг, ... “С Г” ХХК-д төлсөн 69,120 юань /2019.12.05-ны өдрийн Монгол банкны ханш 386.28 төгрөг/ буюу 26,699,674 төгрөгийг гаргуулна.” гэж тайлбарлажээ.
10. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ “Г Х Т” ХХК нь Дархан-2 өртөөнөөс манай компанийн гэрээний дагуу ачих, тээвэрлэх ёстой байсан 20,000 тонн төмрийн хүдрийн үлдэгдэл хүдрийг өөрсдөө хилээр гаргана гэж нэхэмжлэгчтэй маргаснаар харуул хамгаалалт, хадгалалтын зардал гаргасныг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед улсын вагон олдохгүй байсан учраас түрээсийн вагоноор ачуулах боломжтой гэдгийг худалдан авагч талд нэхэмжлэгч мэдэгдсэний дагуу “Г Х Т” ХХК автомашин болон вагоноор тээвэрлэлт хийх боломжтой гэснээр үлдэгдэл төмрийн хүдрийг Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр болсон. Гэтэл үүнийг үгүйсгэж өөрийн бараа мэтээр тайлбарлан сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. “Г Х Т” ХХК нь мөн 5,700 тн төмрийн хүдрийн өмчлөгч биш.” гэж маргасан байна.
11. Анхан шатны шүүх хариуцагч “Г Х Т” ХХК-д холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... “Э Э Э Ж” ХХК болон “Ш Ю Ш И Э Х” ХХК-уудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа, харин “Э Э Э Ж” ХХК болон “Г Х Т” ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн ... хариуцагч “Г Х Т” ХХК нь ачааг тээвэрлэж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 5,700 тонн төмрийн хүдрийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй, уг төмрийн хүдэр “С Г” ХХК-ийн хяналтын талбайд саатсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч “Г Х Т” ХХК нь төмөр замын төлбөр болох 86,314,400 төгрөгийг нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-аар урьдчилан төлүүлсэн боловч буцаан төлөөгүй, 5,700 тонн төмрийн хүдрийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт зааснаар 86,314,400 төгрөг болон 5,700 төмрийн хүдрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч “Г Х Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн “Э Э Э Ж” ХХК-ийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйг тогтоолгох, маргаан бүхий 5,700 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл тээвэрлэх үед үүсэх хадгалалт болон зардлыг гаргуулах эрхтэй болохыг тогтоолгох тухай хэсэг нь 155,814,074 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй. “Э Э Э Ж” ХХК нь ачаа илгээгчийн хувьд 5,700 тонн төмрийн хүдрийг “Г Х Т” ХХК-аар тээвэр хийлгэхдээ тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “Э Э Э Ж” ХХК-иас 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангахгүй.” гэж дүгнэсэн байна.
12. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Магадлалд “... “Э Э Э Ж” ХХК болон Өвөр Монголын “Ш Ю Ш И Э Х” ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, харин “Э Э Э Ж” ХХК болон “Г Х Т” ХХК-уудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа тус тус үүссэн. ... Тээвэрлэгч “Г Х Т” ХХК нь ... 6406769 вагоны үнэ ... гэж шилжүүлсэн 86,314,400 төгрөгийг тээвэрлүүлэгч “Э Э Э Ж” ХХК-д буцаан төлөх үүргийг хүлээхгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна. “Г Х Т” ХХК-ийн захирал CHAOKEGERILE гэсэн гарын үсэг бүхий 2019.11.23-ны өдрийн Баталгаа гаргах тухай гэх албан бичиг авагдсан боловч ... захирал нь гадаад улсын иргэн байх ба ... эх хэл дээр нь үйлдэгдээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3-т заасан шаардлагыг хангаагүй. ... 5,700 тонн төмрийн хүдэр нь “С Г” ХХК-ийн эзэмшиж, ашиглаж буй гаалийн талбайд бууж, тэндээ хадгалагдаж байгаа учир “С Г” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр, ямар шалтгааны улмаас гаалийн бүрдүүлэлт хийгдэхгүй байгаа явдлыг “С Г” ХХК-аас тодруулахгүйгээр холбогдох шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Хариуцагч “Г Х Т” ХХК-ийн гаргасан 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. “Г Х Т” ХХК-аас 2019.11.18-ны өдөр “Э Э Э Ж” ХХК-д шилжүүлсэн 86,314,400 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар буцаан шаардах үндэслэлгүй. “Монголиан транс ложистик” ХХК-д төлсөн гэх 42,800,000 төгрөг, “С Г” ХХК-д төлсөн гэх 69,120 юань буюу 26,699,674 төгрөгийн тухайд эдгээр нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна эдгээр төлбөрийг “Г Х Т” ХХК-тай байгуулсан ямар хэлцлийн үндсэн дээр “Э Э Э Ж” ХХК төлөх үүргийг хүлээсэн болох нь тодорхойгүй.” гэж дүгнэсэн байна.
13. Хоёр шатны шүүх Өвөрмонголын “Ш Ю Ш И Э Х” ХХК болон нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдах гэрээний харилцаа буюу Төмрийн хүдэр худалдах-худалдан авах харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК болон хариуцагч “Г Х Т” ХХК-ийн хооронд үүссэн харилцааг тээвэр зуучийн гэрээ буюу Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан илгээмжийн гэрээ гэж, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ гэж тус тус ялгаатай дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М хоёр шатны шүүх эрх зүйн харилцааг ялгаатай тодорхойлж, хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэсэн талаар дурдаж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байх ба тус хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хэлэлцэхээр тогтсон.
14. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК болон Өвөрмонголын “Ш Ю Ш И Э Х” ХХК нарын хооронд 2019.07.26-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнд заасан төмрийн хүдэр нийлүүлэх үүргийн биелэлтээс үүдэн тус маргаан эхэлсэн үйл баримтыг зөв тогтоожээ.
Дээрх гэрээний 4.3-т “Худалдан авагчийн худалдаж авсан төмрийн хүдрийг экспортод гаргахтай холбоотой гарах гаалийн бүрдүүлэлтийн зардал, татвар хураамж, тээвэрлэлт болон бусад ачиж буулгах зардлуудыг худалдагч тал хариуцахгүй” байхаар заасан. Нэгэнт тус гэрээнд хоёр тал оролцсон бөгөөд эдгээр зардлыг худалдагчтд хариуцуулахгүй байхаар заасан тохиолдолд энэ нь худалдан авагчийн үүрэг гэж ойлгогдох нь илэрхий. Энэ талаар хоёр шатны шүүх адил дүгнэсэн.
15. Харин үлдэгдэл 5700 тн төмрийн хүдрийг худалдан авагч “Ш Ю Ш И Э Х” ХХК нь “Г Х Т” ХХК-аар тээвэрлүүлэхээр тогтсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч хариуцахаар гэрээнд заасан хэдий ч тээвэрлэлтийн гэрээ нь худалдагч “Э Э Э Ж” ХХК болон “Г Х Т” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэж дүгнэжээ. Энэхүү ялгаатай дүгнэлтээс шүүхийн шийдэл өөр өөр гарах үндэслэл бүрджээ.
16. Эрх зүйн харилцааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэстэй гэж үзэхээр байна. Учир нь Төмрийн хүдэр худалдах-худалдан авах гэрээний дагуу тээвэрлэлтийн зардлыг худалдан авагч хариуцахаар тохирсон. Түүнчлэн “Г Х Т” ХХК нь худалдан авагчийн саналаар тус харилцаанд оролцох болсон нь хэрэгт авагдсан “Г Х Т” ХХК, БНХАУ-ын “Ш Ю Ш И Э Х” ХХК, БНХАУ-ын “Хуйшэн уул уурхай” ХХК-уудын хооронд байгуулсан Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 131-137 дугаар тал/, Нөхвөр хэлэлцээр /хх-ийн 138,139 дүгээр тал/, “Г Х Т” ХХК-аас “Э Э Э Ж” ХХК-д хандан 2019.11.23-ны өдөр илгээсэн Баталгаа гаргах тухай 15/19 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдсон байна.
17. Давж заалдах шатны шүүх дээрх албан бичиг үйлдсэн этгээдийн эх хэлээр бичигдээгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь алдаатай болсон байх ба анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад энэ талаар зохигч маргаагүй, нотлох баримтыг хэлбэрийн хувьд үгүйсгэн мэтгэлцээгүй.
Иймд худалдагч “Э Э Э Ж” ХХК-ийн заасан газраас төмрийн хүдрийг тээвэрлэн Замын-Үүдэд хүргэж, цааш хил нэвтрүүлэх боломжоор худалдагчийг хангах үүргийг “Г Х Т” ХХК нь худалдан авагч “Ш Ю Ш И Э Х” ХХК-ийн өмнө хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний тээвэрлэлттэй холбогдох зардлыг худалдан авагч хариуцах болсон үндэслэлээр тээвэрлэлтийн, эсхүл тээвэр зуучийн агуулга бүхий харилцаа БНХАУ-ын “Ш Ю Ш И Э Х” ХХК болон “Г Х Т” ХХК нарын хооронд үүссэн, энэ харилцаанд нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК туслалцаа үзүүлэх зорилгоор оролцсон байна. “Э Э Э Ж” ХХК тээвэрлэлтийн холбогдох үе шатуудад ачаа тээвэрлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бараагаа авахаар яаравчилж буй худалдан авагчийн хүсэл зоригийг чухалчилж өөрийн нэрээр дугаарт орсон вагоныг тээвэрлэлтэд ашиглахыг “Г Х Т” ХХК-д зөвшөөрөх, нэгэнт нэрээ ашиглуулж байгаатай холбогдуулан төлбөрийг дараа буцаан авах нөхцөлтэйгөөр төлөх үйлдлүүдийг хийсэн байна.
18. Хариуцагч “Г Х Т” ХХК дээрх нөхцөл байдлыг бүрэн ухамсарлаж байсан нь түүний ирүүлсэн Баталгаа гаргах тухай албан бичигт “...Манай компани нь УБТЗ ХНН-ийн холбогдох газарт өөрсдийн компанийн хүсэлт, мэдээллийг хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногийн ажлын өдрүүдээр шийдвэрлэгдэнэ гэж мэдэгдсэн байгаа билээ. Тиймээс тавигдсан 40 вагоны УБТЗ ХНН-ийн төмөр замын төлбөр болох 86,000,000 төгрөгийг танай компанийн бүртгэлээр хийлгэж тавигдсан вагоныг хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. Бид ирэх Даваа гариг буюу 2019.11.25-ны өдөр танай компанийн харилцах данс болох Голомт банкны 19******* тоот дансанд тохирох төлбөрийг шилжүүлэхээ үүгээр баталгаа гаргаж байна. ...” гэж дурдсанаас тогтоогдоно гэж үзлээ.
19. Зохигч 5700 тн төмрийн хүдрийг 40:40 вагоноор 2 удаа тээвэрлэж Замын-Үүдэд хүргэсэн, хоёр удаагийн вагоны төлбөр тус бүр 86,314,400 төгрөгийг УБТЗ ХНН-д нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК төлсөн, үүнээс эхний удаагийн төлбөр 86,314,400 төгрөгийг “Г Х Т” ХХК буцаан төлсөн, 2 дахь удаагийн 40 вагоны үнэ 86,314,400 төгрөгийг төлөөгүй маргаж байгаа үйл баримтууд тус тус тогтоогджээ. Энэ талаар хоёр шатны шүүх адил дүгнэсэн.
Хариуцагч энэ төлбөрийг буцаан шилжүүлэхийг татгалзахын зэрэгцээ сөрөг нэхэмжлэл гарган урьд шилжүүлсэн 86,314,400 төгрөгийг буцаан гаргуулахаар маргасан үндэслэлээ тэдгээрийн хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж тодорхойлжээ.
20. Гэвч өмнө дурдсан үндэслэлээр тэдгээрийн хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэстэй байх ба нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК 2021.10.04-ний өдөр нэхэмжлэл гаргах үед хариуцагч “Г Х Т” ХХК 2021.11.14-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Тээвэрлэлтийн ажил гүйцэтгэх гэрээг “Х Ш У” ХХК-тай байгуулсан, … тээвэрлэлтийн хөлсийг захиалагч талаас авах ёстой байсан боловч “Э Э Э Ж” ХХК-д аль хэдийн шилжүүлсэн тул биднийг тээвэрлэлтийн хөлс төлөх шаардлагагүй гэж байсан. … үүнээс гадна манай байгууллага нэхэмжлэгч байгууллагатай ямар нэг үр дагавар дагуулсан, эсхүл үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулаагүй. …” гэж дурдаж байснаас үзвэл хариуцагч “Г Х Т” ХХК нь тээвэрлэлтийн, эсхүл тээвэр зуучийн гэрээг БНХАУ-ын компанитай байгуулсан болох нь тогтоогдож байна.
21. Хариуцагч “Г Х Т” ХХК нь БНХАУ-ын компаниас тээвэрлэлтийн, эсхүл тээвэр зуучийн хөлсөө шаардах эрхтэй боловч уг хөлсийг нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д шилжүүлсэн байх тул тус компаниас гаргуулна гэж шаардаж байгаа бол энэ талаар нотлох үүрэгтэй. Гэвч БНХАУ-ын “Хүй шэнг уурхай” ХХК эсхүл “Ш Ю Ш И Э Х” ХХК-ууд нь “Г Х Т” ХХК-д төлөх ёстой хөлсөө “Э Э Э Ж” ХХК-д шилжүүлснийг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. “Э Э Э Ж” ХХК болон БНХАУ-ын “Ш Ю Ш И Э Х” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний 3.2-т гэрээний үнийг тохирч 745,200 ам.доллар гэж тогтоосон байх ба гэрээний 3.3-т “НӨАТ энэхүү гэрээний үнэд орсон болно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, тус гэрээний үнэд тээвэрлэлтийн хөлс багтсан нөхцөл байдал энэ гэрээгээр тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч “Г Х Т” ХХК-ийн хожим өөрчилсөн тайлбар болох тээвэрлэлтийн гэрээг “Э Э Э Ж” ХХК-тай байгуулсан тул УБТЗ ХНН-д “Э Э Э Ж” ХХК-ийн төлсөн 86,314,400 төгрөгийг нөхөн шилжүүлэхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.
22. Дээрх үндэслэлээр “Э Э Э Ж” ХХК өөрт нь аливаа үүрэг үүсээгүй байхад түншлэлийн үүднээс вагоныг ашиглуулахыг зөвшөөрч, эргүүлэн авах нөхцөлтэйгөөр 86,314,400 төгрөгийг түүний өмнөөс УБТЗ ХНН-д шилжүүлснээр “Г Х Т” ХХК БНХАУ-ын компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх нөхцөл бүрдсэн байх тул түүний бичиж өгсөн баталгааны бичиг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийг үүсгэсэн гэж үзнэ. Энэ үүрэгт тооцон 86,314,400 төгрөгийг хариуцагч “Г Х Т” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасантай нийцнэ.
23. Анхан шатны шүүх 86,314,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн боловч ийнхүү гаргуулах болсон үндэслэлээ зохигчийн хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт илгээмжийн харилцааг зохицуулсан боловч нэхэмжлэгч “Э Э Э Ж ХХК болон хариуцагч “Г Х Т” ХХК нарын хооронд илгээмжийн харилцаа үүсээгүй байна. Тодруулбал, илгээмжийн гэрээний дагуу илгээгч нь гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Гэтэл маргаан бүхий тохиолдолд “Э Э Э Ж” ХХК нь тээвэрлэгчийг сонгоогүй, түүнчлэн “Г Х Т” ХХК нь төмөр замын тээвэрлэлт хийх этгээд биш болох нь тогтоогдсон байх ба БНХАУ-ын компаниудтай авто замын тээвэрлэлтийн, эсхүл тээвэр зуучийн гэрээ байгуулсан этгээдийн аль нь болох нь тодорхойгүй байна.
Энэ үүднээс нэхэмжлэлийн шаардлагаас 86,314,400 төгрөгийг гаргуулах хэсгийг хангасан анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг залруулж, шийдлийг хэвээр үлдээв.
24. Нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК нь хариуцагч “Г Х Т” ХХК-д холбогдуулан Замын-Үүд боомтод байх “С Г” ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байгаа 5700 тонн төмрийн хүдрийг худалдан авагчид цааш тээвэрлэх боломжийг хангах зорилгоор өөртөө хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх тус шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тээвэрлэгч нь илгээмжийн гэрээний заалтыг зөрчсөн тул илгээсэн барааг буцаан өгөх үүрэгтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх төмрийн хүдэр нь “С Г” ХХК-ийн эзэмшилд байх тул тус хуулийн этгээдийн байр суурийг тодруулалгүйгээр эзэмшлээс нь эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.
25. Хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын агуулгыг тодруулах замаар хангах үндэстэй гэж үзлээ. Зохигчийн хэн аль нь 5700 тн төмрийн хүдэр “С Г” ХХК-ийн хяналтын талбайд байршиж байгаа гэх тайлбарыг гаргасан. Иймд “С Г” ХХК-ийн бодит эзэмшил хууль ёсны эсэхийг тус байгууллагыг оролцуулалгүйгээр тогтоох боломжгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Гэтэл нэхэмжлэгч нь 5700 тн төмрийн хүдрийг түүнд хүлээлгэн өгөхийг даалгуулах шаардлагыг “С Г” ХХК-д бус хариуцагч “Г Х Т” ХХК-д холбогдуулан гаргаснаас үзвэл хариуцагч “Г Х Т” ХХК нь төмрийн хүдрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, цааш тээвэрлэхэд шаардлагатай үйлдлүүдийг хийхийг даалгуулахыг хүссэн гэж үзэхээр байна.
Энэ шаардлагыг хангаж 5700 тонн хүдрийг худалдан авагчид хүргүүлэхтэй холбоотой цаашдын тээвэрлэлтийг хийхэд нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д шаардлагатай, өөрийн үүрэг, эрх хэмжээнд хамаарах үйлдлийг хийхийг хариуцагчид даалгах нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцэх юм. Энэ агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулна.
26. Анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч “Г Х Т” ХХК-ийн гаргасан 155,814,074 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгаагүй хэдий ч “Г Х Т” ХХК-аас 2019.11.18-ны өдөр “Э Э Э Ж” ХХК-д шилжүүлсэн 86,314,400 төгрөгийн тухайд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т зааснаар буцаан шаардах үндэслэлгүй гэж үзсэн дүгнэлтийг энэ тогтоолын 17-20 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр залруулсныг анхаарвал зохино.
Харин хоёр шатны шүүх хариуцагч “Г Х Т” ХХК нь “Монголиан транс ложистик” ХХК-д төлсөн гэх 42,800,000 төгрөг, С Г ХХК-д төлсөн гэх 69,120 юань буюу 26,699,674 төгрөгийг гаргуулах шаардлагыг баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ төлбөрийг “Г Х Т” ХХК-тай байгуулсан ямар хэлцлийн үндсэн дээр “Э Э Э Ж” ХХК төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
27. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-ийн өмгөөлөгч О.Мийн гаргасан “…давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон” гэх агуулга бүхий гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00712 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/04584 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан “Г Х Т” ХХК-аас 86,314,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д олгож, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “С Г” ХХК-ийн гаалийн талбайд байгаа 5,700 тонн төмрийн хүдрийг нэхэмжлэгч “Э Э Э Ж” ХХК-д хүлээлгэн өгөхөд шаардлагатай үйлдлийг хийхийг хариуцагч “Г Х Т” ХХК-д даалгасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Э Э Э Ж ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.09-ний өдөр 659,722 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН