Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2021/02320

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         10          28                                       182/ШШ2021/02320

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Ч-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МБ-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019.04.16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, Мэдээлэл технологийн ажилтан /дадлагажигч/ ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2019.10.16-ны өдөр би жинхлэх тухай хүсэлтийг өгсөн боловч намайг жинхлээгүй. Учир нь миний өмнө нь хамт ажиллаж байсан Н.Дгэх хүнээс миний нэр дээр гомдол ирсэн гэдэг, энэ гомдолд намайг өмнөх ажлаа орхиод явсан талаар бичсэн байдаг. Гэхдээ энэ нь Н.Дбид хоёрын хувийн асуудал болохоос хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхэд нөлөөлөхгүй байсан. Харин  н.Дэлгэрмаагийн гаргасан гомдлын дагуу  2010.09.24-ний өдөр Монгол банкнаас миний өмнө нь ажиллаж байсан ДТҮХК-д албан бичиг явуулж, ДТҮХК-аас “энэ хүн манайд ажиллаж байгаад, өөрөө ажлаа хаяж явсан” гэх хариу ирсэн. Үүний дагуу миний туршилтын хугацааг дахин 6 сараар 2020.04.16-ны өдөр хүртэл сунгасан. Тэгээд намайг ДТҮ-тажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолтын гарын үсгийг хуурамчаар зурсан гэж Цагдаад өгч шалгуулсан, би мэдүүлэг өгсөн, тэгээд 2020.05.25-ны өдөр прокурорын тогтоол гарч тодорхойлолт хуурамч болохыг тогтоосон байдаг. Гэтэл цаг хугацааны хувьд буюу намайг ажлаас халах үед хуурамч бичиг баримт үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаар бид хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй, ноцтой зөрчил биш гэж миний хувьд үзэж байгаа бөгөөд би сонгон шалгаруулсан хүмүүсээс эхний байранд орж ажилд орсон, ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй, намайг бүтэн 1 жил гаруй хугацаанд цалин хөлсөөр хохироож байна. Иймд намайг Дархан-Уул аймаг дахь МБны хэлтсийн Мэдээлэл технологийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Ч нь 2019.04.16-нд МБны Ерөнхийлөгчийн Б-230 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь МБны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар түр томилогдсон бөгөөд гэрээний хугацаа 2019.10.16-ны өдөр дууссан. Энэ хугацаанд Ө.Чтай холбоотойгоор гомдол ирсэн учраас үндсэн ажилтнаар томилолгүйгээр үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломж олгон хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтантай харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т нийцүүлэн 6 сараар сунгасан. Гэрээний хугацаанд Ө.Чтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тухай дуудан ирүүлэх хуудас ирсэн. Үүнтэй холбоотойгоор өөрөөс нь тодруулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нь үнэн бөгөөд 2020.03.31-ний өдөр гаргасан өргөдөлдөө энэхүү хэрэг нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хянагдаж байгаа тул шүүхээр гэм буруугаа эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 45 хоногийн хугацаанд ажлаас түдгэлзүүлж өгөх талаар дурдсан байна.

Мөн Ө.Ч нь анх ажилд орохдоо бүрдүүлэн өгсөн баримт бичигт өмнөх байгууллагын ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан бөгөөд ДТҮхувьцаат компаниас 2019.09.30-ны 1-2/1375 дугаартай албан бичгээр Ө.Ч нь тус компанийн Мэдээлэл технологийн албаны Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад Хөдөлмөрийн гэрээ болон Компанийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гарган тухайн асуудлыг шийдвэрлэх шатанд ажлаа хаяж явсан тухай дурдаад ДТҮХК-ийн Ерөнхий захирлын 2018.12.26-ны өдрийн 1590 тоот Ө.Чыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хуулбарыг хавсарган ирүүлсэн. Энэхүү 2018.12.26-ны өдрийн 1590 тоот тушаалд Ө.Ч нь 2018.12.11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2018.12.26-ны өдрийг хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн байдаг. 2020.03.31-ний өдрийн 1-1/430 дугаартай ДТҮхувьцаат компанийн албан тоотоор Манай компанийн Мэдээллийн технологийн албанд Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан Ө.Ч нь танай банканд ажилд орохдоо байгууллагын албан бланк дээр тодорхойлолт хийж очсон байна.

Тодорхойлолтын компанид үлдэх хувь нь манай архивын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул танайд байгаа хувийг нотлох баримтыг шаардлага хангуулан ирүүлэхийг хүссэн байдаг. 2020.05.25-ны өдрийн 142 дугаар бүхий Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор энэхүү тодорхойлолтыг өнгөт принтер ашиглан үйлдсэн бөгөөд ЗХН Дарга Д.Н-ынгарын үсэг биш бөгөөд хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна.

Эдгээр үйл явдлын талаар Ө.Ч нь анх ажилд орохдоо хэлээгүй буюу ажил олгогчийг худал мэдээллээр хангасан нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл Ө.Чын анх ажилд орохдоо ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан, ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болсон учраас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

            

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ө.Ч нь хариуцагч МБ ТБАГУТҮГ-т холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгч Ө.Ч нь уг нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2‑т заасан хугацаа буюу 1 сарын дотор шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил гаргаагүй, би анх ажилд орохдоо сонгон шалгаруулалтад 1 дүгээр байранд орсон, 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ хугацааг дуусах үед жинхлэх тухай хүсэлтээ өгөхөд Н.Дгэж хүний ирүүлсэн гомдлоос болж байгууллага гэрээг дахин 6 сараар сунгасан, мөн намайг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзсэн боловч ажлаас халах үед энэ үйл баримт тогтоогдоогүй байсан, Прокурорын тогтоол 2020.05.25-ны өдөр гарсан байгаа, тэгээд ч бид хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй, ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд манай байгууллага нэхэмжлэгч Ө.Чтай туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Ө.Ч нь ийнхүү ажиллах явцдаа хувийн зүгээс  цагдаагийн байгууллага болоод өөр бусад асуудал үүсгэсэн, энэ асуудлуудаа тодорхой хугацааны дотор дуусгах, цэгцлэх боломжийг Ө.Чад байгууллагын зүгээс олгосон, тэгээд хөдөлмөрийн гэрээг дахин 6 сарын хугацаагаар сунгасан байдаг, харин нэхэмжлэгч Ө.Ч нь эдгээр асуудлаа цэгцлээгүй, түүнчлэн ажилд орохдоо өмнө ажиллаж байсан ДТҮХК-ийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, энэ талаар Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1к-д ноцтой зөрчил гэж зохицуулсан учраас ажлаас халсан нь үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.

           

            Нэхэмжлэгч Ө.Ч нь 2019.04.16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Мэдээлэл технологийн дадлагажигч ажилтнаар ажилд орсон байх бөгөөд ийнхүү ажилд орохдоо уг албан тушаалын сонгон шалгаруулалтын мэргэжлийн шалгалтад өндөр оноо авч шалгаран орсон, түүний дадлагажигч ажилтнаар ажилласан 6 сарын хугацаа дуусгавар болж жинхлэн ажиллах асуудлыг байгууллагын удирдлагын түвшинд авч хэлэлцэн дадлагажих хугацааг дахин 6 сараар буюу 2020.04.16-ны өдрийг хүртэл сунгасан үйл баримтын тухайд зохигчид маргаагүй бөгөөд уг 6 сарын хугацааг туршилтын хугацаа гэж тайлбарлаж байна.

           

            Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай болон хугацаагүй байж болох бөгөөд хуулийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулагдах учиртай. Түүнчлэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 231.1, 231.2-т зааснаар ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор 3 сар хүртэл хугацааны дотор ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.

 

            Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч Ө.Чын хөдөлмөрийн гэрээгээр зохицуулсан Мэдээллийн технологийн ажилтан гэх ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр байх бөгөөд ажил олгогч буюу хариуцагч МБ ТБАГУТҮГ нь энэхүү ажлын байранд нэхэмжлэгч Ө.Чыг шинээр ажилд авахдаа түүний мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага, тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор 3 сарын хугацааны дотор туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулах ёстой байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол банкны ерөнхийлөгчийн 2019.04.16-ны өдрийн Б-230 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ө.Чыг түр хугацаагаар буюу туршилтын хугацаагаар ажилд авсан болох нь тогтоогдож байна.

 

            Энэхүү тушаалыг үндэслэн зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.2-д зааснаар 6 сарын хугацаатай байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.2-т заасантай нийцэхгүй байх бөгөөд, туршилтын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах хууль зүйн ойлголтгүй, зохигчдын тохиролцсон туршилтын хугацаа дуусмагц талууд гэрээг дүгнээд нэхэмжлэгч Ө.Чыг жинхлэн цааш ажиллуулах, эсхүл гэрээг дуусгавар болгож хөдөлмөрийн харилцааг цааш үргэлжлүүлэхгүй байх нь хариуцагч МБ ТБАГУТҮГ-ын үүрэг юм.

 

            Улмаар хариуцагч МБ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч Ө.Чтай хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар шинээр байгуулж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан ажлын байр буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил үүрэг, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийг дахин тохиролцох үүргээ хариуцагч МБ ТБАГУТҮГ биелүүлээгүй байна гэж үзлээ.

 

            Тиймээс зохигчдын хооронд байгуулагдсан 2019.04.16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан хугацаагүй байгуулагдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч Ө.Чыг дадлагажигч ажилтан гэж тодорхойлохгүй болно.

 

            Ийнхүү нэхэмжлэгч Ө.Ч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад МБны ерөнхийлөгчийн 2020.04.16-ны өдрийн б-164 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3‑т зааснаар нэхэмжлэгч Ө.Ч нь тушаалыг хариуцагч МБ ТБАГУТҮГ-аас 2019.04.16-ны өдөр хүлээн авч, 2019.04.17-ны өдөр ажлаа хүлээлцсэн талаар баримтгүй хэдий ч зохигчдын хэн аль нь маргасангүй.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын гаргасан тайлбар, ажилд авсан тухай тушаал, ажлаас чөлөөлсөн тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Хариуцагч МБ ТБАГУТҮГ нь нэхэмжлэгч Ө.Чыг ажлаас нь чөлөөлсөн 2020.04.16-ны өдрийн б-164 тоот ерөнхийлөгчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6, 3.3.1.к дахь заалтыг удирдлага болгон “...хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон...” гэх үндэслэлийг заажээ.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”,

 

            Хөдөлмөрийн дотоод журмын 2.6-д заасан “туршилтын хугацаа хэрэглэх” гэсэн хэсгийн 2.6.6-д “тамгын газар мэдлэг боловсрол, ур чадвар, идэвхи санаачилга, ажилд хандах хандлага зэргийг үндэслэн үндсэн ажилтнаар томилох, эсвэл туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаашид үр бүтээлтэй ажиллаж чадахгүй гэж дүгнэгдсэн ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ”,

            3.3-д заасан “ажилтанд хориглох зүйл” гэсэн хэсгийн 3.3.1.к-д “хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа” явуулахыг хориглоно гэж тус тус зохицуулжээ.

 

             Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтын агуулга нь зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, түүний үндсэн дээр ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар, ямар зөрчил гаргавал сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх талаар тухайлан тохиролцсон байхыг ойлгох бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

          Нэхэмжлэгч Ө.Чыг Дархан-Уул аймгийн МБны хэлтэст ажилд орсноос хойш түүнтэй өмнө нь хамт ажиллаж байсан гэх иргэн Ө.Дэлгэрмаагаас 2019.09.13-ны өдөр нэхэмжлэгч Ө.Чын нэр дээр гомдол ирүүлсэн байх ба энэхүү гомдол нь “...Б.Ч ДТҮХК-нд IT инженерээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, сахилгын арга хэмжээ авагдсан, улмаар ажлын байраа хаяж явсан, ...надад өс санаж, миний ажлын болон хувийн мэдээллийг цахимаар тагнан, намайг бэлгийн ёс бус үйлдэлд уруу татах гэж оролдсон, энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байна...эдгээр байдлыг харгалзан үзэж Ө.Чад ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү...” гэсэн агуулгатай байна.

 

             Нэхэмжлэгч Ө.Ч өмнө нь ДТҮХК-нд Мэдээлэл технологийн албаны Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад 2018.12.11-ний өдрөөс хойш шалтгаангүйгээр ажил тасалсан үндэслэлээр 2018.12.26-ны өдрөөр тасалбар болон ажлаасаа халагдаж, ажлаа албан ёсоор хүлээлцээгүй болох нь тус компанийн захирлын 2018.12.26-ны өдрийн 1590 дугаар Ө.Чын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, ДТҮХК-иас Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст хүргүүлсэн 2019.09.30-ны өдрийн 1-2/1375 дугаар албан бичгээр тогтоогдсон.

 

            Түүнчлэн ДТҮХК-иас 2020.03.31-ний өдөр Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст 2020.03.31-ний өдрийн 1-1/430 дугаар албан бичгийг хүргүүлсэн байх ба, энэхүү албан бичиг нь “...Өлзийбаярын Чулуунбат нь танай банкинд ажилд орохдоо манай байгууллагын албан бланкан дээр тодорхойлолт хийж очсон байна, энэхүү тодорхойлолт нь манай архивын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хувийг ирүүлнэ үү...” гэсэн агуулгатай байна.

 

             Энэ мэтчилэн нэхэмжлэгч Ө.Чад холбогдсон гомдлууд байгууллагад ирснээс шалтгаалаад хариуцагч Дархан-Уул аймгийн МБны хэлтсийн удирдлагуудын түвшинд 2020.03.31-ний өдөр хурал хийж, нэхэмжлэгч Ө.Чын асуудлыг авч хэлэлцэн, туршилтын хугацаанд хийсэн ажлын тайлантай танилцах, түүний нэр дээр ирсэн өргөдөл, гомдлын асуудлын талаар, ДТҮХК-иас ирсэн мэдээлэл, ажилтны тодорхойлолтын талаар, түүнийг ажилд нь жинхлэх эсэх асуудлын талаар ярилцаж, тодруулсны эцэст нь Ө.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тухай саналыг гаргаж, МБны Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

             МБны Хөдөлмөрийн дотоод журмын 2.4-т иргэний ажилд орх үеийн эрх, үүрэг зохицуулагдсан, 2.4.б-д ажилтан нь захиргаанаас шаардсан материалыг үнэн зөв бүрдүүлж өгсөн байх үүргийг дурдсан байх бөгөөд МБны ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлд МБны ажилтан нь шударга бус аливаа зүйлтэй үл эвлэрэн, хариуцсан ажил үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ. Ажилтан МБны нэр төр, албаны нэр хүндийг ямагт өндөрт өргөж, хууль бус, шударга бус үйлдлээс ангид байна гэдгийг зохицуулсан байна.

 

             Нэхэмжлэгч Ө.Ч нь 2019.04.16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст Мэдээлэл технологийн ажилтнаар ажилд орох үедээ Хөдөлмөрийн дотоод журмын 2.4.б-д зааснаар байгууллагын захиргаанаас шаардсан баримтын дагуу өмнө нь ажиллаж байсан ДТҮХК-ийн 2019.01.15-ны өдрийн 24 дугаартай “Ө.Ч нь 2014.10.01-ний өдрөөс 2018.12.26-ны өдрийг хүртэл тус компанийн Мэдээлэл технологийн албаны Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байсан нь үнэн болно” гэсэн агуулгатай ЗХН дарга Д.Н-ынгарын үсэгтэй тодорхойлолтыг гарган өгсөн байжээ.

 

            Улмаар дээрх тодорхойлолтын талаар ДТҮХК нь нэхэмжлэгч Ө.Чад холбогдуулан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2020.04.20-ны өдөр гомдол гаргасан байх ба, Цагдаагийн байгууллага холбогдох ажиллагааг явуулж, прокурорт шилжүүлсэн, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020.05.25-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “...2019.01.15-ны өдөр Ө.Чулуунбаатар нь Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст ажилд орох зорилгоор ДТҮХК-ийн албан бланк, тамга тэмдэг болон тус компанийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Н-ынгарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй, гэм хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

 

            Энэхүү прокурорын тогтоолд бичигдсэн Ө.Чулуунбаатар нь нэхэмжлэгч Ө.Ч байх бөгөөд тухайн үед Ө.Ч гэдэг нэр Ө.Чулуунбаатар гэж ташаа бичигдсэн болох нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2021.09.29-ний өдрийн 24 дүгээр “Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолоор тогтоогдсон.

 

            Цаг хугацааны хувьд авч үзвэл, нэхэмжлэгч Ө.Чын дээрх үйлдэл буюу ДТҮХК-ийн 2019.01.15-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутай үйлдэл түүнийг ажлаас халагдсан 2020.04.16-ны өдөр хуулийн дагуу тогтоогдоогүй байжээ. Тодруулбал, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулж өгсөн байдаг.

 

            Түүнчлэн зохигчид “хуурамч нотлох баримт бүрдүүлж ажилд орсон” бол ажлаас халах ноцтой зөрчил болох талаар Хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцоогүй, ажлаас халсан тушаалд хөдөлмөрийн гэрээний аль заалтыг удирдлага болгосон нь тодорхойгүй байх боловч хариуцагч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ө.Ч нь хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д заасныг зөрчсөн, энэ заалтад Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1.к-д заасан зохицуулалтыг ойлгоно гэж нөхөн тайлбарласан.

 

             Харин Хөдөлмөрийн дотоод журмын 3.3-д заасан “ажилтанд хориглох зүйл” гэсэн хэсгийн 3.3.1.к-д “хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа” гэдэгт юуг ойлгох нь тодорхойгүй, хэт ерөнхий томьёолол байх бөгөөд Дархан-Уул аймгийн МБны хэлтсийн удирдлагуудын түвшинд хийсэн 2020.03.31-ний өдөр хурлын тэмдэглэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.6-д заасан нэхэмжлэгч Ө.Ч мэдлэг боловсрол, ур чадвар, идэвхи санаачилга, ажилд хандах хандлага гэсэн шалгуураар Ө.Чыг үндсэн ажилтнаар жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэх байтал дээр дурдсанаас өөр буюу түүний ёс зүйн асуудлаар, ДТҮХК-нд хамт ажиллаж байсан эмэгтэй болох Ө.Дгэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг, зөрчлийн  хэрэг байгаа эсэх талаар тодруулж ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

          Тодруулбал, нэхэмжлэгч Ө.Ч өмнө нь ДТҮХК-нд ажиллаж байсан нь үнэн, тодорхой шалтгааны улмаас энэ ажлаа хаяж явсан нь тогтоогдсон бөгөөд, тус байгууллагын 2019.01.15-ны өдрийн 24 дугаартай “ажиллаж байсан байдлын талаарх” тодорхойлолтыг нэхэмжлэгч Ө.Ч ажилд орохдоо хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь ажлаас халагдах үед тогтоогдоогүй байхад тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, түүний гаргасан ёс зүйн асуудлыг ажлаас халах хэмжээний ноцтой зөрчил үзэхгүй, талууд энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан тохиролцоогүй, үүний улмаас байгууллагад ямар хохирол учруулсан, эсхүл учрахаар байсан, нэр хүндэд нь хэрхэн нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй, түүнийг ажлаас халсан үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4‑т заасантай нийцсэнгүй.

 

          Иймд нэхэмжлэгч Ө.Чыг ажлаас нь чөлөөлсөн үндэслэл, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирохгүй, тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул Ө.Чын нэхэмжлэлийг хангаж, түүнийг Дархан-Уул аймаг дахь МБны хэлтсийн Мэдээлэл технологийн ажилтнаар эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч Ө.Чын нэг сарын дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцвол 672,037 /2020 оны 03 сард 903,818 төгрөг, 02 сард 566,294 төгрөг, 01 сард 546,000 төгрөг = 2,016,112 төгрөг : 3/ төгрөг болов.

 

 

Нэхэмжлэгч Ө.Чыг ажлаас нь чөлөөлсөн 2020.04.16-ны өдрөөс тус шүүхийн шийдвэр гарсан 2021.10.28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан дундаж цалин  хөлстэй тэнцэх олговрыг тооцвол, 18 сар /672,037 төг * 18 сар = 12,096,666 төг/, ажлын 9 өдөр /672,037 төг : 21,5 өдөр = 29,164 төг * 9 өдөр = 262,476 төг/-ийн олговор нийт 12,359,142 /12,096,666 төг + 262,476 төг/ төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч МБ ТБАГУТҮГ-аас 18 сар, 9 өдрийн олговорт нийт 12,359,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Чад олгож, уг олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч МБ ТБАГУТҮГ-т үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Чыг хариуцагч МБ ТБАГУТҮГ-ын Дархан-Уул аймаг дахь МБны хэлтсийн Мэдээллийн технологийн ажилтнаар эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч МБ ТБАГУТҮГ-аас 12,359,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Чад олгосугай.

   

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Чын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч МБ ТБАГУТҮГ-т үүрэг болгосугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Ч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч МБ ТБАГУТҮГ-аас 212,696 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА