Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00749

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Чын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02320 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 565 дугаар магадлалтай,

Ө.Чын нэхэмжлэлтэй

М Бинд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ч, түүний өмгөөлөгч А.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Норовдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ө.Ч нь М Бинд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02320 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Чыг хариуцагч М Б ТБАГУТҮГ-ын Дархан-Уул аймаг дахь М Бны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Б ТБАГУТҮГ-аас 12,359,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Чад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Чын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч М Б ТБАГУТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Ч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч М Б ТБАГУТҮГ-аас 212,696 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 565 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02320 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 дахь заалтад заасны дагуу хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2 дахь заалтыг тус тус зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тус магадлалд анхан шатны шүүх Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэхь хэсэгт заасан “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэсэн зарчмын хүрээнд хэргийн нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлсэн ажилд нь эргүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгах шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Түүнчлэн М Бны гаргасан “хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэхь хэсэгт заасныг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг буруутгах боломжгүй тул 2022.03.25-ны өдрийн 565 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Иргэн Өлзийбаярын Чулуунбат нь 2019.04.16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь М Бны хэлтэст Мэдээлэл технологийн ажилтан /дадлагажигч/-аар ажилд орохдоо өмнө нь ажиллаж байсан байгууллага болох Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдэн ирүүлсэн нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон. Тодруулбал, 2020.03.31-ний өдрийн 1-1/430 дугаартай Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн албан тоотоор тус компанийн Мэдээллийн технологийн албанд Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад зөрчлийн улмаас ажлаас халагдсан Ө.Ч нь М Бинд ажилд орохдоо “тодорхойлолтыг өнгөт принтер ашиглан, ЗХН Дарга Д.Насанжаргалын гарын үсгийг хуурамчаар үйлдсэнийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын 2020.05.25-ны өдрийн 142 дугаар тогтоол, 2021.09.29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор тогтоосон. Эдгээр үйл явдлын талаар Ө.Ч нь анх ажилд орохдоо мэдэгдээгүй буюу өөрийн хүсэлтээр өмнөх ажлаас гарсан гэсэн тодорхойлолт хуурамчаар үйлдсэн болно. Энэ нөхцөл байдал нь М Бнаас ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны дараа илэрсэн тул М Бнаас уг гэрээг анхнаас нь хүчин төгөлдөр бусд тооцуулж, өгсөн цалингаа буцаан гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73.1 дэхь заалтыг үндэслэн хүлээж аваагүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. М Б тус сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө буюу 2021.09.20-ны өдрийн 17 цаг 30 минутад шүүхэд гаргасан бөгөөд 2021.09.21-ний өдрийн 182/Ш32021/08769 дугаар шүүгчийн захирамжид сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн. Сөрөг нэхэмжлэлийг шүүх хурлаас өмнө гаргасан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзсан нь ИХШХШТХ-ийн 26.2-т заасан зохигчийн эрхийг зөрчсөн процессийн алдаатай шийдвэр байна. Шүүх Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн тусгай ангид хамаарах гэрээний нэг төрөл байхад хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцаа, Иргэний хуульд огт хамаарахгүй гэж үзэж, хуулийг буруу хэрэглэсэн. Тодруулбал, Ө.Чын ажилд орох зорилгоор анхнаасаа ажил олгогч М Бийг хууран мэхэлж хөдөлмөрийн гэрээ байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг М Б гаргасан боловч М Бны 2020.06.17-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн хуулиар Хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулах бөгөөд Ө.Чтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь анхнаасаа хууран мэхэлж хийсэн хэлцэл байсанг шүүх хэлэлцэлгүйгээр шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэснийг харуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.23-ны өдрийн 001/ШХТ2022/00504 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Ө.Ч нь хариуцагч М Бинд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг  хууль болон гэрээнд зааснаар цуцалсан, нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй гэж  маргажээ.

9. Талуудын хооронд 2019.04.16-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсч, Ө.Ч нь Дархан-Уул аймаг дахь М Бны хэлтэст мэдээлэл технологийн ажилтнаар 6 сарын хугацаагаар ажиллахаар тохирсон ба М Бны Ерөнхийлөгчийн 2020.04.16-ны өдрийн Б-164 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, М Бны хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6, 3.3.1к-д заасныг баримтлан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан, Ө.Чыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-23/

10. Анхан болон давж заалдах шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо ажил олгогчийн тушаалын үндэслэлийг бүрэн дүгнээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хүрээнд хууль хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

11. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэйг хуульд заасан.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан М Бны Ерөнхийлөгчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй” гэсэн зохицуулалт, Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6-д заасан “Тамгын газар мэдлэг боловсрол, ур чадвар, идэвх санаачилга, ажилд хандах хандлага зэргийг үндэслэн үндсэн ажилтнаар томилох, эсвэл туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаашид үр бүтээлтэй ажиллаж чадахгүй гэж дүгнэгдсэн ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ”, 3.3.1к-д “хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа” гэж заасан хэм хэмжээг баримталсан тул хууль болон тухайн байгууллагын дотоод хэм хэмжээг хэрэглэж, тушаал хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх байсан ба эдгээр үндэслэл бүрийг тогтоож, тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

12. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах учиртай боловч шүүх тушаалын хэлбэр, агуулгыг уялдуулан бодитой хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

Ажил олгогчийн тушаалд “ажилтан хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон” нь ноцтой зөрчил гэх үндэслэлийг заасан боловч үүнээс гадна Хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6-д заасан “Тамгын газар мэдлэг боловсрол, ур чадвар, идэвх санаачилга, ажилд хандах хандлага зэргийг үндэслэн үндсэн ажилтнаар томилох, эсвэл туршилтын хугацаанд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаашид үр бүтээлтэй ажиллаж чадахгүй гэж дүгнэгдсэн ажилтныг ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ”, 3.3.1к-д “хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа” хэм хэмжээг баримталсан тул эрх зүйн уг асуудлыг шүүх тодруулж, дүгнэлт  хийх үүрэгтэй.

Шүүх хөдөлмөрийн гэрээ байгуулах, хөдөлмөрийн гэрээний хугацаа, гол нөхцөл, туршилтын хугацаа, цалин хөлс зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар   Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.2.3., 49 дүгээр зүйлийн 49.1., 50 дугаар зүйлийн 50.3.-т заасан зохицуулалтад нийцсэн дүгнэлтийг хийх шаардлагатай байсан.

13. “Хариуцагч М Б нь нэхэмжлэгч Ө.Ч хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үйлдлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020.05.25-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор тогтоогдсон гэх тайлбарын нотолгооны эх сурвалжаа заажээ” гэж шүүх дүгнэхдээ ажил олгогч нь Прокурорын тогтоолоос гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн 2020.03.31-ний өдрийн “2018.12.26-ны өдрийн 1590 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, Ө.Ч танай банкинд ажилд орохдоо Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн албан бланкан дээр тодорхойлолт хийж очсон байна. Дээрх тодорхойлолтын компанид үлдэх хувь нь бүртгэгдээгүй байх тул танайд байгаа хувийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлж хамтран ажиллахыг” хүссэн утгатай албан бичиг /хх-34-36/, ...ажилтан Ө.Ч буюу нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл /хх-39-42/-ийг шүүхэд гаргаж өгсөн, эдгээр баримтыг тушаалын үндэслэлээ болгож байхад зөвхөн Прокурорын  тогтоолыг үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

14. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажилласан хугацаанд олгосон цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан тул шүүх бүрэн эрхийн дагуу шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэдий ч хариуцагч уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй тул эрхийг нь хязгаарлаагүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй байна.

15. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02320 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 565 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

                       ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ