Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00643

 

Ө.Чулуунбатын нэхэмжлэлтэй

                        иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01439 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1784 дүгээр магадлалтай, 

Ө.Чулуунбатын нэхэмжлэлтэй,

Монгол банкид холбогдох,

 Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн мэдээлэл технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Чулуунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. 

Нэхэмжлэгч Ө.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэст хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай хийж, Мэдээлэл технологийн ажилтан /дадлагажигч/ ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2019 оны 10 дүгээр сарын 16-наас эхлэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг дахин 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. 2020 оны 04 сарын 14-нд Дархан-Уул аймгийн Монголбанкны хэлтсийн захирал Б.Жавхлан болон Тамгын газарт 12 сарын хугацаанд дадлагажигч ажилтнаар ажилласан ажлын тайлан, Мэдээлэл технологийн ажилтны албан тушаалд жинхэлж ажиллах хүсэлт гаргасан. Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Миний бие шинээр ажилд орохдоо шалгалт өгч, бусад 3 шалгуулагчдаас илүү оноо авч тэргүүлж, ярилцлагад орж тэнцсэнээр ажилд орсон. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэсэн огт үндэслэлгүй учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол банк шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Чулуунбат нь 2019 оны 4 сарын 16-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн Б-230 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар түр томилогдсон бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 16-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд Ө.Чулуунбаттай холбоотойгоор гомдол ирсэн учраас үндсэн ажилтнаар томилолгүйгээр үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломж олгон хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтантай харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т нийцүүлэн 6 сараар сунгасан. Гэрээний хугацаанд Ө.Чулуунбаттай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тухай дуудан ирүүлэх хуудас ирсэн. Үүнтэй холбоотойгоор өөрөөс нь тодруулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Заналхийлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нь үнэн бөгөөд 2020 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан өргөдөлдөө энэхүү хэрэг нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хянагдаж байгаа тул шүүхээр гэм буруугаа эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 45 хоногийн хугацаанд ажлаас түдгэлзүүлж өгөх талаар дурдсан байна. Мөн Ө.Чулуунбат нь анх ажилд орохдоо бүрдүүлэн өгсөн баримт бичигт өмнөх байгууллагын ажлын байрны тодорхойлолт байхгүй байсан бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компаниас 2019 оны 09 сарын 30-ны 1-2/1375 дугаартай албан бичгээр Ө.Чулуунбат нь тус компанийн Мэдээлэл технологийн албаны Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад Хөдөлмөрийн гэрээ болон Компанийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гарган тухайн асуудлыг шийдвэрлэх шатанд ажлаа хаяж явсан тухай дурдаад Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Ерөнхий захирлын 2018.12.26-ны өдрийн 1590 тоот Ө.Чулуунбатыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хуулбарыг хавсарган ирүүлсэн. 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 1-1/430 дугаартай Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн албан тоотоор Манай компанийн Мэдээллийн технологийн албанд Мэдээллийн аюулгүй байдал, системийн администратороор ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан Ө.Чулуунбат нь танай банкинд ажилд орохдоо байгууллагын албан бланк дээр тодорхойлолт хийж очсон байна. 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 142 дугаар бүхий Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор энэхүү тодорхойлолтыг өнгөт принтер ашиглан үйлдсэн бөгөөд ЗХН Дарга Д.Насанжаргалын гарын үсэг биш бөгөөд хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна.

Ө.Чулуунбатын анх ажилд орохдоо ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан, ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил учраас хөдөлмөрийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан болно. Иймд Ө.Чулуунбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01439 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.Чулуунбатын хариуцагч Монголбанкинд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1784 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01439 дугаартай  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ө.Чулуунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие 12 сарын турш дадлагажигч буюу туршилтын хугацаанд ажиллахдаа ганц ч алдаа дутагдал, зөрчил гаргалгүйгээр ажлаа маш сайн хийж хоёргүй сэтгэлээр сайн ажлаа хийж байсан. 2020 оны 03 сарын 30 нд дадлагажин ажилласан 12 сарын туршилтын хугацааныхаа ажлын тайланг бичиж жинхлэх хүсэлтээ захиралдаа өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар анх ажилд орохдоо өмнө ажиллаж байсан газраасаа өөрөө гарсан гэж ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан нь Хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил учраас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан байдаг. Миний зүгээс Цахимтөгс хурд ХХК-с өмнө ажиллаж байсан Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажлын газрын тодорхойлолтыг Хүний нөөцийн хэлтсээс авсан тодорхойлолтыг хуурамч гэсэн шалтгаанаар 2020.04.16 нд хөдөлмөрийн гэрээг цуцалсанд үнэхээр гомдолтой байна. Ямар ч хуурамч ажлын газрын тодорхойлолт би авчирч өгөөгүй болно. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь илт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй учраас ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажлаа сайн хийж байсан гэжээ. 

ХЯНАВАЛ 

Ө.Чулуунбат нь Монгол банкинд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн мэдээлэл технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ....хуурамч бичиг баримт бүрдүүлэн ажилд орсон, энэ нь ноцтой зөрчилд хамаарна.... гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1.Анхан шатны шүүх ...нотлох баримт гаргуулах.. тухай хариуцагчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч ... өдөр Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн 2019.01.15-ны өдрийн 24 дугаар албан бичгийг эх хувиар нь гаргуулах хүсэлт гаргасан байх ба шүүх энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус, уг баримт хэрэгт авагдаагүй байна.  

Түүнчлэн Дархан уул аймгийн Прокурорын газрын 2020.05.25-ны өдрийн 142 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд дурдсан Ө.Чулаанбаатар нь нэхэмжлэгч мөн эсэхийг тодруулаагүй, уг асуудал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.  

Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-г зөрчөөгүй байна.  

2. Магадлалд дурдсанаас гадна анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ.  

Талууд 2019.04.16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн мэдээлэл технологийн ажилтны ажлын байранд хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан, уг гэрээг 2019.10.16-ны өдөр 6 сарын хугацаагаар сунгасан талаар тайлбар гаргажээ /хэргийн 7-8 дугаар тал/.  

Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах, 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчидтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар ажиллуулах, 231 дугаар зүйлийн 231.2-т хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна  гэж заасан. 

Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил байнгын ажлын байр мөн эсэх нь тодорхой бус, талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, туршилтын хугацааг сунгасан нь хуульд нийцсэн эсэх талаар мэтгэлцээгүй, шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй нь шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.  

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1784 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ 

П.ЗОЛЗАЯА 

Х.СОНИНБАЯР 

Г.ЦАГААНЦООЖ