Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00565

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00565

 

 

 

Ө.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02320 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Ө.Ч-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч"М" банкинд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Ч-, түүний өмгөөлөгч А.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ө.Ч-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ө.Ч- би"М" банкнаас зарласан сонгон шалгаруулалтаар эхний байранд орж, мэдээлэл технологийн ажилтнаар ажилд орсон. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь"М" банкны хэлтэстэй 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, би жинхлэх тухай хүсэлтээ өгсөн боловч хүлээн аваагүй. Учир нь өмнө нь хамт ажиллаж байсан н.Дэлгэрмаа гэх хүнээс миний нэр дээр гомдол ирсэн гэдэг."М" банкнаас уг гомдлын дагуу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний өмнө нь ажиллаж байсан Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-д албан бичиг явуулахад энэ хүн манайд ажиллаж байгаад, өөрөө ажлаа хаяж явсан гэх хариу ирсэн байсан.

Үүний дагуу миний туршилтын хугацааг дахин 6 сараар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан. Мөн намайг Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолтын гарын үсгийг хуурамчаар зурсан гэж цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр прокурорын тогтоолоор дээрх тодорхойлолт хуурамч болохыг тогтоосон байдаг. Гэтэл намайг ажлаас халах үед хуурамч бичиг баримт үйлдсэн гэх байдал тогтоогдоогүй. Энэ талаар хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй, ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Мөн намайг бүтэн 1 жил гаруй хугацаанд цалин хөлсөөр хохироож байна. Иймд намайг Дархан-Уул аймаг дахь"М" банкны хэлтсийн мэдээлэл технологийн ажилтнаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч"М" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ө.Ч- нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр"М" банкны Ерөнхийлөгчийн Б-230 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дах"М" банкны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар түр томилогдсон. Гэрээний хугацаа мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр дууссан. Энэ хугацаанд Ө.Ч-тай холбоотойгоор гомдол ирсэн учраас үндсэн ажилтнаар томилолгүй үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломж олгож гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлэн 6 сараар сунгасан. Гэрээний хугацаанд Ө.Ч-ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан. Тэрээр шүүхээр гэм буруугаа эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 45 хоногийн хугацаанд ажлаас түдгэлзүүлэхийг хүссэн байдаг.

Нэхэмжлэгч нь анх ажилд орохдоо бүрдүүлсэн баримт бичигт өмнөх байгууллагын ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-аас 1-2/1375 дугаар албан бичгээр Ө.Ч- нь тус байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчил гарган тул ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хуулбарыг хавсарган ирүүлсэн. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1-1/430 дугаартай албан бичгээр Ө.Ч- нь танай банкинд ажилд орохдоо байгууллагын албан бланк дээр тодорхойлолт хийж очсон байна. Тодорхойлолтын компанид үлдэх хувь нь манай архивын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа тул танайд байгаа хувийг нотлох баримтыг шаардлага хангуулан ирүүлэхийг хүссэн.

Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар тогтоолоор Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн тодорхойлолтыг өнгөт принтер ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь ажил олгогчийг хууран мэхэлсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болсон ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Ч-ыг хариуцагч"М" банк ТБАГУТҮГ-ын Дархан-Уул аймаг дах"М" банкны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтнаар эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч"М" банк ТБАГУТҮГ-аас 12,359,142 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ч-ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Ч-ын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч"М" банк ТБАГУТҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.Ч- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч"М" банк ТБАГУТҮГ-аас 212,696 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч"М" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч Ө.Ч- нь ажилд орохдоо өмнө нь ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн болох нь эрх бүхий байгууллагаас тогтоосон. Энэ нөхцөл байдал нь"М" банкнаас ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосны дараа илэрсэн учир уг хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн тусгай ангид хамаарах гэрээний нэг төрөл. Гэтэл шүүх хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцаа, Иргэний хуульд огт хамаарахгүй гэж үзэж хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулах бөгөөд Ө.Ч-тай байгуулсан хөдөлмерийн гэрээ нь анхнаасаа хууран мэхэлж хийсэн хэлцэл байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. Хариуцагчийн гомдолд прокурорын тогтоолоор тухайн хүний гэм буруугийн асуудал шийдэгдсэн гэж байна Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар тогтоолд хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан болохоос тухайн хэргийг шийдвэрлэсэн асуудал байдаггүй. Иймд хариуцагчийн гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээд маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ө.Ч- нь хариуцагч"М" банкинд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн буюу Ө.Ч- нь Дархан-Уул аймаг дахь"М" банкны хэлтэст мэдээлэл технологийн ажилтны орон тоо дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримтыг хэрэгт авагдсан"М" банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/230 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-7-8, 22/

 

4.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б-164 дугаартай тушаалаар Ө.Ч-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,"М" банкны хөдөлмөрийн дотоод журмын 2.6.6, 3.3.1к-д заасныг баримтлан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-23/ Уг тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар талууд маргасан байна.

 

5.Хариуцагч"М" банк нь нэхэмжлэгч Ө.Ч-ын хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх үйлдлийг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай тогтоолоор тогтоогдсон гэж тайлбарлан нотолгооны эх сурвалжаа болгон заажээ. /хх-21/

 

5а. Тус бичгийн нотлох баримтаас үзвэл Ө.Ч-ыг гарын үсэг хуурамчаар үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон, уг хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. Хэрэгт Ө.Ч-ыг хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэх үйл баримтыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр авагдаагүй байна.

 

5б. Анхан шатны шүүх"М" Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчмын хүрээнд хэргийн нотлох баримтыг зөв үнэлж, нэхэмжлэгчийг урьд эрхэлсэн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгах шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

6.Хариуцагч тал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хүлээн аваагүй, хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

6а.Хариуцагч"М" банк нь хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, ажилласан хугацаанд олгосон цалин хөлсийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлд тооцогдохгүй гэх үндэслэл заасан нь оновчгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хэрэгждэг бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх хугацааг мөн хуулиар тогтоожээ.

 

Зохигч талууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхээ зохих хугацаанд хэрэгжүүлэх учиртай тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг буруутгах боломжгүй./хх-146-152/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2021/02320 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД