Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 0184

 

Ө.Ч-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах       даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01439 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Ч-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Мб”-д холбогдох

Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Билэгжаргал      нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Ч- би 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтэст хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай хийж, Мэдээлэл технологийн ажилтан /дадлагажигч/ ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2019 оны 10 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг дахин 6 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Мбны хэлтсийн захирал Б.Жавхлан болон Тамгын газарт 12 сарын хугацаанд дадлагажигч ажилтанаар ажилласан ажлын тайлан, Мэдээлэл технологийн ажилтаны албан тушаалд жинхэлж ажиллах хүсэлт гаргасан. Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай Мбны ерөнхийлөгчийн тушаалаар хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Миний бие шинээр ажилд орохдоо шалгалт өгч, бусад 3 шалгуулагчдаас илүү оноо авч тэргүүлж, ярилцлаганд орж тэнцсэнээр ажилд орсон. Хуурамч бичиг баримт бүрдүүлж, ажилд орсон гэсэн огт үндэслэлгүй учраас уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Ч- нь 2019 оны 4 сарын 16-ны өдөр Мбны Ерөнхийлөгчийн Б-230 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтан, дадлагажигч ажилтнаар түр томилогдсон бөгөөд гэрээний хугацаа 2019 оны 10 сарын 16-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд Ө.Ч-тай холбоотойгоор гомдол ирсэн учраас үндсэн ажилтнаар томилолгүйгээр үүссэн асуудлаа шийдвэрлүүлэх боломж олгон хөдөлмөрийн хугацаатай гэрээг ажилтантай харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т нийцүүлэн 6 сараар сунгасан. Гэрээний хугацаанд Ө.Ч-тай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тухай дуудан ирүүлэх хуудас ирсэн. 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан өргөдөлдөө энэхүү хэрэг нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хянагдаж байгаа тул шүүхээр гэм буруугаа эцэслэн шийдвэрлэх хүртэл буюу 45 хоногийн хугацаанд ажлаас түдгэлзүүлж өгөх талаар дурдсан. 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаар бүхий Дархан-Уул аймгийн прокурорын газрын прокурорын тогтоолоор энэхүү тодорхойлолтыг өнгөт принтер ашиглан үйлдсэн бөгөөд ЗХН Дарга Д.Насанжаргалын гарын үсэг биш бөгөөд хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон байна. Эдгээр үйл явдлын талаар Ө.Ч- нь анх ажилд орохдоо хэлээгүй буюу ажил олгогчийг худал мэдээллээр хангасан нь тодорхой болсон. Үүсээд байгаа нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор Дархан-Уул аймгийн Мбны хэлтэс хэлтсийн хурлыг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийж тус хурлын тэмдэглэлд хэлтсийн захирал Б.Жавхлан: Хөдөлмөрийн хугацаатай гэрээг сунгах болсон шалтгаан нь Ө.Ч-ын нэр дээр ирсэн өргөдөл, гомдлын талаарх асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй мөн 2019 оны 10 дугаар сард цагдаагийн газраас ирүүлсэн албан бичигт тус ажилтан эрүүгийн хэрэгт гэрчээр орж байсан бол одоо яллагдагчаар татагдсан байна. Мөн өмнө нь ажиллаж байсан “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэсэн нь худал мэдээлэл бөгөөд харин ажлаа хаяж явсан, тооцоогоо бүрэн дуусгаагүй гэсэн байна. Мөн Ч.Мөнхтуул хэлэхдээ хөдөлмөрийн гэрээг нь сунгах үедээ хууль хяналтын байгууллагынхаа асуудлыг яаралтай шийдвэрлээрэй гэж анхааруулан хөдөлмөрийн гэрээг нь сунгасан талаар ч мөн дурджээ. Хурлын тэмдэглэлд Ө.Ч- нь Мбинд ярилцлаганд орохдоо өөрийн хүсэлтээр өмнөх ажлаасаа гарсан гэж худал мэдээлэл өгсөн гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байна. Дархан-Уул аймгийн Мбны хэлтсээс Тамгын газарт 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичигт Ө.Ч- нь дадлагажих хугацаанд өмнө нь ажиллаж байсан байгууллагад ноцтой дутагдал гаргасан нь тогтоогдож, энэ талаар худал мэдээллээр хангасан. Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан зэрэг асуудлууд гарсаар байгаа тул итгэл хүлээлгэн жинхлэн ажиллуулах боломжгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгох саналыг холбогдох баримт бичгийн хамтаар ирүүлсэн. Ө.Ч-ын анх ажилд орохдоо ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан, ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил учраас хөдөлмөрийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ө.Ч-ын хариуцагч Мбинд холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжпэгч Ө.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Б-164 дугаартай Мбны ерөнхийлөгчийн тушаалаар анх ажилд орохдоо өмнө ажиллаж байсан газраасаа өөрөө гарсан гэж ажил олгогчийг хууран мэхэлсэн, худал ярьсан, ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон үйлдэл нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчил учраас хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн зүгээс цуцалсан байдаг. Миний бие нь ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдоогүй, ажилд орохоос өмнө болсон асуудал, надад хийсэн гэм буруу байхгүй цагаадана гэдэгт итгэлтэй байгаа. Дээрх ажлаас халсан хоёр үндэслэлээр жинхэлэх хүсэлтийг минь хойшлуулж дахин 6 сар туршилтын хугацааг минь сунгаж шийтгэж 12 сар туршилтаар ажиллуулж сэтгэл санаа, санхүүгийн хувьд намайг хохироочихоод эцэст нь дахин энэ хоёр шалтгаанаар хөдөлөмөрийн гэрээг цуцалсанд үнэхээр гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь илт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй учраас ажлаас халсныг зөвшөөрөхгүй. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ө.Ч- нь хариуцагч Мбинд холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтсийн мэдээллийн технологийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ө.Ч-ыг Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтэст ажилд орох зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай албан бичгийг өмнө ажиллаж байсан “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн албан бланк ашиглан хуурамч баримт бүрдүүлэн ажилд орсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дархан-Уул аймаг дахь Мбны хэлтэст хүргүүлсэн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 34/4/1552 тоот “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 24 дугаартай албан бичгийг эх хувиар гаргуулан авах шаардлагатай...” гэсэн албан бичгийг хариуцагч талаас гаргаж өгсөн. Гэтэл хэрэгт хариуцагчийн байгууллагын тушаалын үндэслэл болсон 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 24 дугаартай албан бичиг авагдаагүй байна. /хх-ийн 36, 37 /

 

Мөн хариуцагч талаас нотлох баримтаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг гаргаж өгсөн боловч уг тогтоолд  дурдсан Ө.Чулуунбаатар нь энэ хэргийн нэхэмжлэгч Ө.Ч- мөн эсэх нь тодорхой бус  байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх байдлаар хэргийн нөхцөл байдал тодорхой бус хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2020/01439 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ 

                                                          ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА  

                                                                                                     Н.БАТЗОРИГ