Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 1200

 

 

 

 

 

 

    2020            9               17                                      2020/ДШМ/1200

 

 

С.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Ш.Ганчимэгийн өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

                Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Э.Чингис, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1331 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч С.Дт холбогдох эрүүгийн 1706030112069 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Д,

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрхэт” төвд байрлах ажлын байрандаа “Канад технологиор байшин барьж өгнө” хэмээн иргэн Б.Өлзийбаттай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хуурч, мэхлэн 16.500.000 төгрөгийг ээж Ч.Цэрэндуламын ХААН банкны 5163052898 дугаартай дансаар шилжүүлэн авч, барилгын ажлыг гүйцэтгээгүй,

2. Ц.Баттогтохтой бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг 12 дугаар хороонд байрлах “Сонгины амралтын хажууд сувиллын Канад технологиор барилга барьж өгнө” хэмээн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, иргэн Б.Түвшинжаргалаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад урьдчилгаа 58.900.000 төгрөг авч, барилгыг дутуу орхиж 10.847.649 төгрөгийн,

3. Ц.Баттогтохтой бүлэглэн 2013 оны 9 дүгээр сард иргэн Б.Будхүүд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Шадивлан зусланд барилга барьж өгнө” хэмээн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах оффистоо барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 69.400.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгыг дутуу орхиж, 5.390.950 төгрөгийн,

4. Ц.Баттогтохтой бүлэглэн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын төвд “20 айлын орон сууц барина” гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Д.Ариунболдоос 7.680.000, Ц.Дэнсмаагаас 7.680.000 төгрөг,

5. 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян суманд “Говь хурах” ХХК-ийн оффис, гал тогооны зориулалттай барилга барина хэмээн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хуурч 36.000.000 төгрөгийн урьдчилгаа авч, барилгын ажлын гүйцэтгэлийг дутуу орхиж, 18.992.544 төгрөг,

6. 2014 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран гэх газраас иргэн Б.Төртогтохын эзэмшлийн 330м3 банз модыг хуурч мэхлэх аргаар авч 106.000.000 төгрөг,

7. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.Батсүрэнд “Канад хаус барьж өгнө” гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ, автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хуурч 25.000.000 төгрөг, 4434 УНП улсын дугаартай Доджэ маркийн автомашин зэргийг шилжүүлэн авч, барилгын ажлын гүйцэтгэлийг дутуу орхиж, нийт 49.014.601 төгрөг,

8. 2017 оны 2 дугаар сарын 20-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Эрхэт” худалдааны төвд байрлах албан өрөөндөө “Канад хаус барьж өгнө” гэж ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, барилгын ажлыг дутуу орхин, хуурч Х.Оюунбилэгээс нийт 23.536.000 төгрөг,

9. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батзоригт Канад хаус барьж өгнө гэж хуурч, 15.000.000 төгрөг,

10. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 12-08 тоотод “Канад технологиор байшин барьж өгнө” хэмээн, хуурч иргэн М.Өнөртэй Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэх байгуулж, барилгын ажлыг дутуу орхин 6.214.601 төгрөг,

11. 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт иргэн Г.Өнөржаргалд Канад технологиор байшин барьж өгнө хэмээн барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ээж Ч.Цэрэндуламын 5720626352 дугаарын дансаар урьдчилгаа 4.000.000 төгрөг,

12. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Сүмбэр Хаус” ХХК-ийн байранд, иргэн Ж.Одонгоогийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны 516 тоот хашаанд Канад байшин барьж өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулж, нийт 69.999.000 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин, 42.991.848 төгрөг,

13. 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “Сүмбэр Хаус” ХХК, иргэн М.Номингийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 11 дүгээр гудамжны 517 тоот хашаанд канад байшин барьж өгөхөөр тохиролцон, гэрээ байгуулж, нийт 43.687.500 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин, 31.147.848 төгрөг,

14. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Баярцогтод Сүхбаатар аймгийн төвд “Амины орон сууц барьж өгнө” гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 77.800.000 төгрөгийг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 47.867.146 төгрөг,

15. 2018 оны 9 дүгээр сард фэйсбүүк орчинд “Монголиан Хаус Деволопмент” гэх хаягаар “өндөр чанартай амины орон сууц барьж гүйцэтгэнэ” гэж зар байршуулан 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Ш.Ганчимэгээс Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэрт 110 м.кв 2 давхар амины орон сууц барьж, 2018 оны 11 дүгээр сард байшинг бүрэн ашиглалтанд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 20.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 24.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ХААН банкны 5720626352 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 44.000.000 төгрөг шилжүүлэн авснаас, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 41.974.252 төгрөг,

16. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Энхтөрд зуслангийн байшин барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, хуурч, мэхлэх аргаар нийт 68.000.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 50.916.795 төгрөгийн,

17. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд М.Мөнхчулуунаас зуслангийн байшинг нь засварлаж өгнө гэж хуурч, мэхлэн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24.000.000 төгрөг,

18. 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Хишигмаатай “Гоодойн” аманд байрлах газар дээр зуслангийн байшин барьж өгнө гэж хуурч, мэхлэн 4.100.000 төгрөгийг дансаар, бэлнээр 150.000 төгрөг, нийт 4.250.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 2.885.000 төгрөг,

19. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн иргэн Г.Будад Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд хаус барьж өгнө гэж барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, 11.100.000 төгрөг,

20. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт фейсбүүк цахим орчинд “Канад хаус барина” гэж зар байршуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар Д.Нарантуяагийн байшинг засварлаж өгнө гэж 20.000.000 төгрөг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 18.500.000 төгрөг,

21. Орхон аймгийн Баян-Өндөр суманд барилгын дэлгүүр ажиллуулдаг Б.Гандолгороос 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, нийт 50.000.000 төгрөгийн барилгын материал,

22. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8-145 тоотод байрлах иргэн С.Доржпаламын барилгын материалын дэлгүүрээс 2014 оны 6 сард 9.960.000 төгрөгийн барилгын материал,

23. 2015 оны 7 дугаар сард “Эрдэнэзоо” ХХК-ийн захирал Н.Мөнхзулаас “барилгын ажил эхлүүлсэн, удахгүй өгнө” гэж хуурч мэхлэн бэлнээр 25.000.000 төгрөг, 14.802.000 төгрөгийн барааг авч, нийт 39.802.000 төгрөг,

24. Ц.Баттогтохтой бүлэглэн 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сарын 10-ны хооронд “Зууны интерьер” ХХК-ны вакум цонхны үйлдвэрийн захирал Б.Эрдэмбулагаас 26.000.000 төгрөгийн вакум цонх захиалж, үлдэгдэл мөнгө болох 12.000.000 төгрөгийг өгөлгүй, мөн бусдын 5044 УНК улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг барьцаалж, 4.000.000 төгрөгийг залилж, нийт 10.000.000 төгрөг,

25. 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд барилгын улаан шугам тавиулахаар “Дижиэфэм” ХХК-ийн захирал Э.Довчинтой 5.000.000 төгрөгийн гэрээ хийж, 4.400.000 төгрөг,

26. 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа иргэн З.Ганчимэгт Найрамдал хотхонд зуслангийн байшин 38.000.000 төгрөгөөр барьж өгнө гэрээ байгуулан, хуурч, мэхлэх аргаар нийт 22.000.000 төгрөгийг залилан авч, барилгын гүйцэтгэлийг дутуу орхин 17.914.601 төгрөг,

27. 2015 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Долгормаагаас нийт 2.315.000 төгрөгийн нэрийн хуудас, хэвлэмэл хуудас хийлгэж, үлдэгдэл 1.200.000 төгрөг,

28. 2014 онд иргэн Д.Батбаяртай 3 удаагийн туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч, хуурч 11.900.000 төгрөгийн ажлын хөлсийг өгөлгүй тус тус залилан авч бусдад нийт 687.315.835 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайжууд овгийн Сугирын С.Дыг хуурч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтад зааснаар С.Дыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Дт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Дын цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даас 16.500.000 төгрөгийг Н.Биндэргаравт, 21.695.298 төгрөгийг гаргуулж Б.Түвшинжаргалд, 10.781.900 төгрөгийг Б.Будхүүд, төгрөгийг гаргуулж Д.Ариунболдод, 5.000.000 төгрөгийг гаргуулж З.Даваацэрэн, 15.360.000 төгрөгийг Ц.Дэнсмаа, 18.992.544 төгрөгийг гаргуулж “Говь хурах” ХХК-нд, 108.900.000 төгрөгийг гаргуулж Б.Төртогтоход, 49.014.601 төгрөгийг гаргуулж Ё.Батсүрэнд, 23.536.000 төгрөгийг гаргуулж Х.Оюунбилэгт, 11.100.000 төгрөгийг гаргуулж Д.Батзоригт, 6.214.601 төгрөгийг гаргуулж М.Өнөрт, 4.000.000 төгрөгийг гаргуулж Г.Өнөржаргалд, 42.991.848 төгрөгийг гаргуулж Ж.Одонгоод, 31.147.848 төгрөгийг гаргуулж М.Номинд, 47.867.146 төгрөгийг гаргуулж Б.Баярцогтод, 41.974.252 төгрөгийг гаргуулж Ш.Ганчимэгт, 50.916.795 төгрөгийг гаргуулж Ш.Энхтөрд, 24.000.000 төгрөгийг гаргуулж М.Мөнхчулуунд, 2.885.000 төгрөгийг гаргуулж П.Хишигмаад, 11.100.000 төгрөгийг гаргуулж Г.Будад, 20.000.000 төгрөгийг гаргуулж Д.Нарантуяад, 49.239.500 төгрөгийг гаргуулж Д.Гандолгорт, төгрөгийг гаргуулж Н.Мөнхзулд, 4.400.000 төгрөгийг гаргуулж Э.Довчинд, 17.914.601 төгрөгийг гаргуулж З.Ганчимэгт, 1.200.000 төгрөгийг Э.Долгормаад, төгрөгийг гаргуулж Д.Батбаярт, 16.000.000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэбулаг нарт тус тус олгож, шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол С.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Д миний бие 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан өөрийн компани болох “Сүмбэр хаус” ХХК, 2018 оны 4 дүгээр сард нэрийн утганд өөрчлөлт оруулсан “Сүмбэр хаус девелопмент групп” ХХК-аар албан ёсоор гэрээ байгуулж, нотариатаар батлуулж, зураг, төсөв тооцоо боловсруулж, өөрийн хийсэн болон хийж байгаа ажлуудаа үзүүлж, тохиролцсоны үндсэн дээр бараа материалаа татаж, тухайн захиалагчийн газар дээр буулган, ажиллах баг бүрэлдэхүүнээ байршуулан ажлаа эхлүүлэн хийдэг болно. Мөн С.Д миний бие хохирогч нартай байнгын холбоотой байж, хохирол өр төлбөрөө барагдуулж ирсэн байдаг. Ийм учир 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт гэсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч байна. Хохирогчдоос урьдчилгаа хэлбэрээр орж ирсэн санхүүжилтыг зориулалтын дагуу зураг төсөл, ажлын хөлс, барилгын материал зэргээр ашигласан байдаг. Энэ шүүхийн тогтоол дээр мөрдөн байцаалтын явцад мөн С.Д миний ашиглаж байсан 109500071256, 5720626352, 5094642851 тоот дансны хуулгаар нотлогддог. Гэтэл хохирогчдоос бараа материал, зураг, ажлын хөлс гэх мэтээр худал ярьж мөнгөө авдаг гэж дүгнэсэн байдаг. Миний бие урьдчилгаа авч бараа материал авч, 6-10 хүний бүрэлдэхүүнтэй бригад томилж тухайн ажлыг эхлүүлдэг. Энэ нь мөрдөн байцаалтын явцад бүрэн тогтоогддог. ... Бусдыг залилж авсан мөнгөө хувийнхаа хэрэгцээнд зарцуулсан гэж дүгнэсэн байна. Гэтэл миний бие нь 2014 оноос “М-март” нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүрийг ажиллуулж ирсэн. Барилгын санхүүжилтыг хувьдаа хэрэглэсэн удаагүй. Ямар ч нотлох баримтгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан байна гэж үзэж байгаа болно.

Мөн намайг барилгын ямар нэгэн мэргэжилгүй гэж үзэж байна. Гэтэл Барилгын тухай болон бусад хууль тогтоомжинд зааснаар тухайн компанийн захирал заавал мэргэжлийн, тухайн салбарын мэргэжилтэн байх шаардлагатай гэсэн заалт огт байдаггүй болно. “Сүмбэр хаус” ХХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн архитехтур н.Мөнхнасан, архитехтур Дөл, инженер Ууганбаяр, нягтлан Тамир нартай баг болон ажиллаж ирсэн байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд дурдахдаа эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх гэж заасан байна. Би хохирогч нартай тохиролцож хохирлыг төлж байсан болно.

...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзсэнд С.Д миний бие гомдолтой байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж гагцхүү яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн нь С.Д миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна.

...Мөн уг хэргийн 28 үйлдлээс өөрт хамааралгүй болон дахин шалгуулах, үнэлгээг үнэн зөвөөр дахин хийлгэх хүсэлтэйгээр нийт 13 үйлдлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж энэхүү өргөдлийн хамт хүргүүлж байна.

1. ...Түвшинжаргал нь “БӨ-ОМ” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл гүйцэтгэгч талыг төлбөр төлөх үүргээс 100 хувь чөлөөлсөн явдал нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна...,  

2. ...хохирогч Б.Будхүүгийн 10.781.900 төгрөгийг ажлын ажлыг гүйцэтгээгүй гэсэн тооцоо хийсэн. Гэтэл дээрх 10.781.900 төгрөгийг гагцхүү 100 хувь надаар төлүүлэх шийдвэр гаргаж, гэрээний гүйцэтгэгч болох “БӨ-ОМ” ХХК-ийг төлбөрөөс чөлөөлсөн нь С.Д над дээр “БӨ-ОМ” ХХК-ийн үйлдлийг тулгаж байна гэж бодож байна. ...,

3. ...Хэнтий аймгийн урьдчилан хорих газарт цагдан хорьсон. “БӨ-ОМ” ХХК-ийн захирал Баттогтохын “С.Д бид хоёр хувааж авсан” гэдэг ганц мэдүүлэг дээр үндэслэж С.Д намайг дээрх мөнгөний 50 хувийг төлөх ёстой гэж хорьж цагдаж, яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд дээрх 2 иргэний хохирол болох 30.720.000 төгрөгийг 100 хувь С.Д намайг төлөх ёстой гэж үзэж байгаад туйлаас гомдолтой байна. ... “БӨ-ОМ” ХХК-ийн 100 хувь хариуцах ёстой асуудал дээр цагдан хоригдож, эцэст нь өөрт хамааралгүй төлбөрөө 100 хувь төлөхөөр болсон явдалд гомдолтой байгаа төдийгүй, миний эрхзүйн байдалд эрс сөрөг нөлөө үзүүлж байна. ...,

4. ...Хохирогч З.Даваацэрэн нь барилга 100 хувь дууссан байхад 5.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Мөн энэхүү үйлдэл нь миний эрх зүйн байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. ...,

5. ...2015 оны 5 дугаар сард Төртогтох нь Алтантуяаг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч 106.000.000 төгрөгийн банзны үнэ, гэрээний алдангийн хамт 134.000.000 төгрөг төлөхөөр шийдвэр гарсан байдаг. Гэтэл давхар С.Д намайг цагдаад өгсөн байдаг. Мөрдөн байцаалтад дээрх асуудлыг дурьдсаар байтал давхар эрүү үүсгэж хэрэгт хавсаргасан байдаг.

6. ...Барилгын зураг төсөл, суурь үндсэн хана зэрэг ажлууд 100 хувь хийгдсэн. Гэтэл Дамно ХХК-ийн дээрхи нийт гүйцэтгэсэн ажлыг 3.485.399 төгрөгөөр үнэлсэн нь маш харамсалтай байна. Арматур, хэв хашмал, шалны бетон, хана, зураг төсөл, ажлын хөлс гээд бүх зардлыг тооцоогүй. Мэргэжлийн бус хайнга хандсан. Энэ бүгдийг шүүхийн хэлэлцүүлэг дээр нэг бүрчлэн дурдсан, мөн мөрдөн байцаалтын явцад хийж гүйцэтгэсэн ажлаа үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Уг ажлыг хийхэд оролцсон, хийлцсэн Эрдэнээ, Баттөгс, Алтантуяа, Мөнхбат, Зулзаяа зэрэг гэрчүүдийг байцаагаагүй, гүйцэтгэсэн ажлыг 10 хувь үнэлсэн зэрэг асуудлууд байдаг болно.

7. ...Тухайн үед манай компанийн нягтлан Тамиртай Одонгоо, Номин нар тооцоо нийлж 59.556.200 төгрөг зарцуулсан байна. Үлдэгдэл 54.130.000 төгрөг буцаан төлөх ёстой гэж тохирсон байсан. Энэ тухайгаа Одонгоо мэдүүлэгтээ ярьсан байдаг. Гэтэл Дамно ХХК-ийн үнэлгээгээр 74.139.696 гэж дүгнэлт гаргасан байна. Дээрх 54.130.000 төгрөгийн тооцоо нь маш нарийн, яг тэр 2 барилгад орсон материалын тооцоо юм. Иймээс энэ үйлдэл дээр бодит хохирлыг гаргуулах хүсэлтэй байдаг.

8. 2018 оны 9 сард Баярцогттой Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 120мкв барилга барихаар гэрээ байгуулж нийт 77.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан. Гэрээний үнийн дүн 114.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Барилгын зураг төсөл, суурь шал, дулаалга, хана, өрлөг 100 хувь дууссан байдаг. Барилгын ажлын гүйцэтгэлийг 29.932.854 төгрөг, хохирлын үнэлгээг 47.867.146 гэж гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Нийт ажлын 40-45 хувийг хийгдсэн байтал, 20 хувь орчмын гүйцэтгэлтэй гэж дүгнэснийг дахин нягтлан шалгуулж, бодит хохирлоо төлөх хүсэлтэй байдаг болно. ...,

9. 2018 оны 9 сард Ш.Ганчимэгтэй Дундговь аймгийн Хулд суманд 110мкв амины орон сууц барихаар 88.000.000 сая төгрөгөөр тохирон гэрээ байгуулж, урьдчилгаа 44.000.00 сая төгрөг авсан болно. Тухайн үед барилгын суурь, зураг төслийн ажлын хөлс 5.200.000 төгрөг болж байхад Дамно ХХК-ийн үнэлгээний тайланд нийт хийгдсэн гүйцэтгэлийг 2.025.748 гэж дүгнэсэн нь туйлын харамсалтай, маш мэргэжлийн бус, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд энэхүү үнэлгээг ахин хийлгэх бодит байдлыг тогтоолгохыг хүсэж байна. Энэ бүхнийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж, нэг бүрчлэн ярьсан боловч авч үзэлгүй шийдвэр гаргасан байдаг.

10. 2018 оны 9 сард Ш.Энхбаяр гэх хүнтэй 170мкв 2 давхар амины орон сууц барихаар тохирч 170.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж 68.000.000 төгрөгийн урьдчилгаа авч тэр даруйдаа зураг төсөл, суурь 1 давхрын өрлөгийн ажил бүрэн дуусаад өвөл болоод ажил зогссон. ...Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд нийт ажлын гүйцэтгэлийг 17.083.205 төгрөг, хохирлыг 50.916.795 төгрөг гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа болно. Энэхүү үйлдэл дээр дахин үнэлгээ хийлгэж бодит хохирлоо гаргуулан, төлөх хүсэлтэй байна.

11. 2017 оны 8 сард Нарантуяа гэх хүнтэй хуучин барилга сэргээн засварлах, буулгах ажлыг 120.000.000 төгрөгөөр тохирч 20.000.000 төгрөгийн урьдчилгаа авсан. ...Гэтэл хохирогч Нарантуяа 20.000.000 төгрөг аваад шууд алга болсон гэж мэдүүлэг өгсөн. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд гүйцэтгэл 0 хувь гэж дүгнэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...,

12. 2015 оны 3 дугаар сард өөрийн харилцагч Долгормаа гэх хүнээр “Сүмбэр-Хаус” ХХК-ийн танилцуулгыг 2.300.000 төгрөгөөр хийлгэсэн. Үлдэгдэл 1.200.000 төгрөг дутуу байсныг 2015 оны 6 дугаар сард бүрэн барагдуулсан. Тухайн үед төлбөрөө 100 хувь төлсөн гээд хэрэгсэхгүй болсон гэж байсан. Гэвч шүүхийн шийтгэх тогтоолд хавсаргасан байна.

13. 2014 оны 1 дүгээр сард “БӨ-ОМ” ХХК-д ажиллаж байхдаа тухайн үед “БӨ-ОМ” ХХК-д 12.000.000 төгрөгийн үнэ бүхий цонхны зээл авч өгсөн байдаг. Мөн миний бие тухайн цонхны үйлдвэрийн захирал Эрдэмбулгаас хувиараа 4.000.000 төгрөг зээлж авсан. Эрдэмбулаг бид хоёр түншүүд учир хоорондоо ярилцаж ойлголцоод “БӨ-ОМ” ХХК-ны өр 12.000.000 төгрөгийн 50 хувь болох 6.000.000 төгрөг, өөрийн авсан 4.000.000 нийт 10.000.000 төгрөгийн өр төлбөрийг 2020 оны 5 дугаар сард төлж барагдуулсан байдаг. Үлдэгдэл 6.000.000 төгрөгийг “БӨ-ОМ” ХХК төлөх ёстой. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх төлөгдсөн өр төлбөрийг хасаагүй, гол хариуцагч болох “БӨ-ОМ” ХХК-ийг төлбөр төлөх үүргээс 100 хувь чөлөөлсөнийг зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

...Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудад дээр дурдсан шиг баримттай бодит алдаа дутагдалууд илэрхий харагддаг болно. Иймд С.Д, миний бие хохирогч Ё.Батсүрэн, Одонгоо, Номин, Баярцогт, Ганчимэг, Энхтөр, Д.Нарантуяа, нарын зургаан үйлдэлдээ дахин үнэлгээ хийлгэж, гагцхүү бодит хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй байдаг болно.

...Иймд С.Д миний гаргасан хүсэлтүүдийг нэг бүрчлэн сайтар нягталж, Дамно ХХК-ийн бодит бус үнэлгээг үнэн зөвөөр хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт туйлаас итгэж, энэхүү өргөдөл гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 20142600002804 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “БӨ ОМ” ХХК-ны захирал Ц.Баттогтох, С.Д нар нь ХУД-ийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгиноны амралтанд 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Түвшинжаргалаас “Канад технологоор байшин барьж өгнө” гээд 21.695.298 залилан мэхэлсэн,

Эрүүгийн 2014230000310 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан “БӨ ОМ” ХХК-ийн захирал С.Д нь 2014 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Батноров сумын төвд 20 айлын орон сууц барих нэрээр иргэн Д.Ариунболдоос 15.360.000 төгрөг, мөн иргэн Ц.Дэнсмаагаас 15.360.000 төгрөгийг тус тус залилан мэхэлсэн,

Эрүүгийн 2015250002085 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баян суманд “Говь хурах” ХХК-ийн оффис, гал тогооны зориулалттай барилга барина хэмээн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хуурч мэхлэн 36.000.000 төгрөгийн урьдчилгаа авч 18.992.544 төгрөгийн гүйцэттэлийг дутуу орхин залилсан,

Эрүүгийн 190801929 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан. 2014 оны 5 сард Согинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага наран гэх иргэн Б.Төртогтохын эзэмшлийн 330м3 банз модыг хуурч аван 106.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Эрүүгийн 20142500004901 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 6 дугаар сарын 3-наас 7 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Эко хорооллын барилга барьж өгнө гэж хуурч иргэн Гандолгороос 50.000.000     төгрөгийн барилгын  материал зээлээр авна гэж хуурч төлбөрийг нь төлөөгүй.

Мөн 2014 оны 6 дугаар сард СБД-ийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Дөл дэлгүүрээс 2.500.000 төгрөгийн барилгын материалыг зээл нэрээр авч иргэн С.Доржпаламд хохирол учруулсан,

Эрүүгийн 190903553 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт С.Д нь 2015 оны 3 дугаар сард БЗД-ийн 4 хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Долгормаагаас нийт 2.315.000 төгрөгийн нэрийн хуудас, хэвлэмэл хуудас хийлгэж үлдэгдэл 1.200.000 төгрөгийг өгөлгүй залилсан гэх эрүүгийн хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслээр хэргийг прокуророос нэгтгэж хянахдаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Эрүүгийн 181800408, 1806649, 193000030, 180609196, 190902222, 190603562 ажил гүйцэтгэх гэрээ болон эд хөрөнгийн иргэд хоорондын маргааны шинжтэй, гэмт хэргийн шинжгүй байх тул дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1331 дугаартай шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулахаар өмгөөлөгчийн гомдол гаргаж байна.” гэв.

Хохирогч Ш.Ганчимэгийн өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ш.Ганчимэг нь 7 дугаар хавтасны 92 дугаар талд авагдсан санхүүгийн баримтаар 44 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Шүүгдэгчтэй 88 сая төгрөгөөр 120 мкв Канад модон хаус бариулна хэмээн гэрээ хийсэн. Үүнтэй холбоотой эхний 2 удаагийн санхүүжилт орж ирсний дараа Дундговь аймагт 2.225.000 төгрөгийн хундаамын ажлыг хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос С.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч С.Дт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

С.Дт холбогдох хэргийн үйл баримтын талаар шүүхээс цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн, бодитой дүгнэлт хийх, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв. Үүнд:

1. Шүүгдэгч С.Дыг 28 удаагийн үйлдлээр бусдад нийт 687.315.835 төгрөгийн хохирол учруулснаас 4 удаагийн үйлдлийг Ц.Баттогтохтой бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 1 дугаартай “мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /13хх 42/-оор Ц.Баттогтоход холбогдох хохирогч Б.Түвшинжаргал, Б.Будхүү, Д.Ариунболд, Ц.Дэнсмаа нарыг залилсан /яллах дүгнэлтийн 2, 3, 4 дугаарт/ үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэдий ч прокурорын ялагдагчаар татах, ялагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолууд, яллах дүгнэлтэд /24 дугаарт/ дурьдсан хохирогч Б.Эрдэмбулагийг залилсан гэх Ц.Баттогтохын үйлдлийг хэрхэн, яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрдэмбулагийг залилсан гэх Ц.Баттогтохын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шалган шийдвэрлэх шаардлагатай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөгч, прокурорын шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг ямагт үүсгэж байдаг тул прокурор нь нотлох баримт, түүгээр батлагдаж буй үйл баримт, хууль зүйн дүгнэлтийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд үнэн зөв, бодитой дүгнэсэн байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маш чухал үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын хохирлын тооцоонд хохирогч Б.Түвшинжаргал, Б.Будхүү, Д.Ариунболд, Ц.Дэнсмаа, Б.Эрдэмбулаг нарын хохирлыг Ц.Баттогтохтой бүлэглэсэн тул 2 хуваахаар тусгасан алтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Даас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шүүхэд хэргийг ирүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар оролцогчоор татахыг нэг мөр шийдвэрлэвэл зохино.

3. Эрүүгийн хуулийн Гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг зохицуулан хуульчилсан байх бөгөөд мөн бүлгийн 3.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэгт хамтран оролцох”, харин 3.7 дугаар зүйлд “Бүлэглэн гүйцэтгэх” гэж гэмт хэргийн оролцоог ялгамжтай байдлаар заасан, эдгээр ойлголт хууль зүйн хувьд тус тусдаа бие даасан утгыг агуулдаг.

Гэтэл прокурор шүүгдэгч С.Дын үргэлжилсэн үйлдлүүдээс 4 үйлдлийг Ц.Баттогтохтой бүлэглэн үйлдсэн гэж яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ тэднийг хэрхэн яаж гэмт хэрэгт хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, хэсгийг баримтлалгүй орхигдуулсныг зөвтгөх.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж тодруулан хуульчилжээ.

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог юм.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн шийдвэрт заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болдог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Түвшинжаргалын “...хөөцөлдөж явж байж би 4.000.000 төгрөгөөр нэг удаа, 1.000.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 6.000.000 төгрөгийг хөөцөлдөж байж авсан. Одоо үлдэгдэл 15.300.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...” /1хх 214/,

хохирогч Ц.Дэнсмаагийн “...Надад 2.000.000 төгрөг өгсөн, түүнээс хойш ямар нэгэн мөнгө өгөөгүй байна. Одоо үлдэгдэл 13.000.000 төгрөг байгаа. ...” /2хх 139/ гэх мэтээр зарим хохирогч нар хохирол төлбөрийн тодорхой хэсгийг буцаан авсан мэдүүлгүүд,

Ц.Дэнсмаагийн ХААН банкны 5936021602 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 142-144/ зэрэг нотлох баримтуудад прокурор болон анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилсан бөгөөд хохирогч нь нотлох баримтаар дамжуулан өөрийн ашиг сонирхлыг шүүхэд илэрхийлдэг тул шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ гаргасан баримт, өгсөн мэдүүлэг, хохирогч нарын санал шаардлагыг харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой болохыг анхаарах.

Магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул шүүгдэгч С.Д, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Дт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнээс гадна шүүгдэгч С.Дт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал хөтөлсөн байхад шийтгэх тогтоолд “нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал” гэж, мөн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолд “С.Д”-ыг “Э.С.Д” гэж тус тус зөрүүтэй бичигдсэн, мөн прокурорын тогтоол /13хх 42, 43/-ууд, яллах дүгнэлт /13хх 51-53/-д “Ц.Баттогтох”-ыг “Н.Баттогтох” гэж овгийн эхний үсгийг буруу бичсэн үг үсгийн шинжтэй техникийн алдаа гаргасан нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1331 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Дт холбогдох эрүүгийн 1706030112069 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ