| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумбын Орхонтамир |
| Хэргийн индекс | 171/2019/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-02-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
2024 02 29 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,
Улсын яллагч Ц.Л,
Шүүгдэгч Б.М, шүүгдэгч Д.С, тэдний өмгөөлөгч Т.Э,
Шүүгдэгч С.Д түүний өмгөөлөгч Н.М,
Шүүгдэгч С.Ду түүний өмгөөлөгч О.Э, Б.Б,
Шүүгдэгч Б.У түүний өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч С.З түүний өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, С.З, С.Д, С.Ду, Б.У нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, С.Д, Д.С нарт холбогдох эрүүгийн 1825000700*** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, Б.М
Хоёр. Монгол Улсын иргэн, С.З
Гурав. Монгол Улсын иргэн, С.Д
Дөрөв. Монгол Улсын иргэн, С.Ду
Тав. Монгол Улсын иргэн, Б.У /
Зургаа. Монгол Улсын иргэн, Д.С
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нар нь машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Бийн 46 боодол өвсийг хулгайлан 276,000 төгрөгийг учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Дтой харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явсан иргэн Д.Сг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо. Үүнд:
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нар нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө “Мазда” маркийн 00-00 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас хохирогч Г.Бийн 46 боодол өвсийг авсан,
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүжлүүлэх байранд Л.Быг цохиж, түүний биед зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал бүхий гэмтэл учруулсан,
Шүүгдэгч С.Д, Д.С нар нь 2020 оны 12 сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баян-Өндөр уулын зүүн талд маргалдаж улмаар хоорондоо зодолдож, С.Дийн биед хуйханд дагзны хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх, духны баруун дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл, Д.Сгийн биед нүүр, баруун нүдний алимны салст, баруун чихний омог, чихний ар хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримтууд болжээ.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцсон бол,
Шүүгдэгч Д.С, С.Д нар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч оролцсон ба,
Шүүгдэгч Б.М бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа, шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нар бүлэглэн машин механизм ашиглан өвс хулгайлсан гэх үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрөхгүй, мөн тэдний өмгөөлөгч нар цагаатгуулах байр суурьтай тус тус оролцсон болно.
1.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт
Талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар шүүх хэргийн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосон болно.
Эрүүгийн 18250007000**, 21250000000** дугаартай хэргүүдээс прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан:
- Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө С.З намайг хүрээд ирээч гэхээр нь би гэрээсээ гараад алхаад С.Згийн гэрт очиж С.Зтой уулзаж хамт архи уусан. С.Зтой хамт архи ууж байхад С.Згийн эгч С.Ду залгаад Орхон аймагт ороод ирчихсэн байна. Өвс худалдаж авмаар байна гээд яриад байсан. Би С.Зд манай ар талд өвс зарж байгаа айл байгаа, хямдхан өгч байгаа гээд тэр айлыг амаараа зааж өгсөн. С.З ч гэсэн энэ талаар С.Дудээ хэлээд байсан... С.Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан, С.Ду, Б.У, С.З, С.Д нарт “миний өвс байгаа юм, та нар худалдаж ав” гэж худлаа хэлээд ачуулчихсан юм. Эхний удаа ачаад Б.У, С.Ду, С.З нар явж өвсөө буулгаад эргээд ирээд дахиад ачиж байхад хар машинтай хүн хажуу талын айлд ирэхээр нь С.З, С.Д бид гурав зугтаасан. Хашаанаас гарсны дараа...С.Д надад “чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд урдаас нь хэрэлдсэн, тэр үед С.Д над руу уурлаж бид хоёр машин замын хажуу талд зодолдсон, тэгээд салаад явсан. Би С.Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлчихсэн юм. Би өвс алдагдсан гэх Яргуйт баг Овоотын 18-49 тоотод С.З, С.Д, Б.У, С.Ду нарын хамт очсон, С.Дугээс өвс зарсан гэж ойролцоогоор 50,000 төгрөгийг авсан. Анхнаасаа үнэнээ хэлээд шийдүүлэх байсан юм. Намайг хулгайн өвс ачуулж байсныг С.Ду, С.З, С.Д, Б.У нар мэдээгүй. Харин хар машинтай хүмүүс ирээд С.Д, С.З нарыг “зугтаарай” гэж хэлснээс хойш мэдсэн, яг тэр үед С.Ду, Б.У нар мэдээгүй хар машинтай хүмүүстэй уулзаад байсан. С.Д намайг хулгайн өвс зарлаа гэж зодсон. ...нөгөөдөр нь цагдаа гэрт ирээд бариад явахаар нь би “өвс хулгайлаагүй” гээд худлаа яриад эхэлсэн, “энэ хэргийг хурдан шийдвэрлэж, буруугүй хүмүүсийг шалгаж өгнө үү” гэж хүсэж байна. Анхнаасаа миний буруу, худлаа ярьсандаа гэмшиж байна, ямар ч буруугүй хүмүүсийг хэрэгт татаж мэдүүлэг өгсөндөө их гэмшиж байна... Би эд нартай хамт яваагүй, ах дүү нараараа нийлээд намайг гүтгэж байна. Намайг энэ хэргийг даачих тус бүр 1 сая төгрөг өгье гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-172, 2-р хх-ийн 162-163/,
- Шүүгдэгч Б.С.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Ду эгч миний утас руу залгаад “би хөдөөнөөс ороод ирлээ, өвс худалдаж авах хэрэгтэй байна, хямдхан өвстэй газар байна уу, чи мэдэж байгаа хүн байна уу” гэж ярьсан. Би Б.М ахад “эгч ороод ирчихсэн, өвс авах гээд явж байна гэнэ” гэж хэлэхэд Б.М ах “надад өвс байгаа, хэдэн төгрөгөөр зараад байгаа юм бол” гэхээр нь би “гадуур 7000 төгрөг гэж байсан” гэхэд Б.М ах “надаас 5,000 төгрөгөөр өвс ав, жаахан цагаандуу өвс байгаа шүү” гэж хэлсэн. ...Б.М ах С.Д ах бид хоёрыг дагуулаад өвс ачсан гэх хашаа даваад хашаан дотор хураачихсан байсан өвсийг аваад хашаа давуулж шидсэн, хашааны гадаа С.Ду эгч, Б.У эгч нар машин дээр өвс ачсан. ...гудамжинд машины гэрэл тусаад...Б.М ах “зугтаарай” гэхээр нь бид гурав хашааг даваад зугтаасан. ...Б.М “миний өвс гээд байсан” юм... Б.М-ыг зарж байгаа л гэж ойлгосон. Гэрийнх нь хашаа задгай учраас тэнд өвсөө буулгасан юм байна гэж бодсон... Хулгайн өвс гэж огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 175-176х/,
- Шүүгдэгч С.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хашааны гадаа ирж зогсоход Б.М С.З бид хоёрыг дагуулаад хашааны онгорхой зайгаар ороод хашаан дотор байх өвснөөс хашаа давуулж шидсэн, яг хэдэн ширхэг өвс шидсэн талаар мэдэхгүй, хоёр удаа зөөсөн. Сүүлийн удаа зөөж байхад хашааны гадаа машины гэрэл тусаад машин ирж байхад Б.М, С.З бид гурав хамт өвс гаргаж байсан хашааны хойд талын хашааг даваад зугтаасан, Б.М “зугтаарай” гээд байсан юм. ...би Б.Мд “хулгайн өвс ачуулсан байна” гэхэд Б.М “би мэдэж байна” гээд байсан. Б.Мд “чи миний дүү нарыг хэрэгт оруулах гээд байгаа юм уу” гээд хоорондоо маргалдаад бид хоёр засмал замын хажуу талын шороон дээр зодолдоод тэндээсээ салаад явсан. Овоолсон өвсний урд талаас нь хашаа давуулаад зөөгөөд байсан, хулгайн өвс гэдгийг мэдээгүй, хашаанд байх гэрээс хүн ч гарч ирэхгүй байсан. Бид нар хулгай хийгээгүй, Б.Маас С.Ду өвс худалдаж авч байна гэж ойлгоод өвсийг ачиж өгсөн, Б.М өвс зарсан, харин хулгайн өвс гэдгийг хар машинтай хүмүүс ирэхэд мэдсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182х, 2-р хх-ийн 42х/,
- Шүүгдэгч С.Дугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө гэрээсээ Орхон аймагт ганцаараа орж ирээд малдаа өвс авах гэж хайж байхдаа дүү С.Згийн утас руу залгаад “эгч нь Орхон аймагт ирчихсэн байна, өвс авах гээд явж байна” гэж ярьсан. Үдээс хойш 17 цагийн үед С.З залгаад “хямдхан өвс зарна гэсэн хүн явж байсан, би судлаад мэдчихээд хэлнэ, та байж байгаарай” гэж хэлсэн. 1 цагийн дараа С.З миний утас руу залгаад “5000 төгрөгөөр өвс зарна гэж байна, та авах юм уу” гэсэн, би “наад өвснөөс чинь авна” гэж хэлсэн. ...С.З хэнээс өвс авч өгч байсныг нь мэдэхгүй, өвсний эзний утас гээд надаар нэгж хийлгүүлсэн, тухайн үед надад 40,000 төгрөг бэлэн байсан, үлдэгдэл мөнгийг нь маргааш өгөхөөр С.Зд хэлчихсэн байсан. 1 цагийн үед С.З миний утас руу залгаад одоохон ирээд өвсөө авчих гэхээр нь би “харанхуй шөнө юу гэж өвс авах юм, маргааш өглөө авч болохгүй юм уу” гэхэд “нөгөө хүн чинь хөдөө явах гээд байна” гэж хэлсэн. ...Б.М гэдэг хүнд машинд суухдаа 40,000 төгрөгийг өгсөн, нийт 50 боодол өвсийг 250,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. ...С.Д миний төрсөн ах, С.З бол миний төрсөн дүү байгаа юм. Б.М, С.З, С.Д нар хашаа руу ороод өвс хашаа давуулж шидэхээр нь Б.У бид хоёр хамт ачсан. ...өвс ачиж байхад машины гэрэл тусаад машин ирэхээр нь Б.У бид хоёр машинд орж суухад нөгөө хүмүүс бууж ирээд “та нар өвс хулгайлаад байгаа юм уу” гээд Б.Уын машины түлхүүрийг авсан. ...хүмүүс хашааны завсараар дуудахад тэр гурав гарч ирээгүй. ...Би өвс хулгайлаагүй, Б.Маас худалдаж авсан. Машин дээр өвс ачиж байхад ирсэн залуучууд “энэ чинь хулгайн өвс, Булгаа гэдэг нэртэй хүний өвс байхгүй, 9,000 төгрөгөөр зарж байгаа өвс” гэж хэлэхэд би хулгайн өвс юм байна гэж мэдэж ойлгосон... Б.Маас 5,000 төгрөгөөр худалдаж авч байгаа гэж ойлгож байсан. Тэрнээс хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 161-162, 164, 165-166х/,
- Шүүгдэгч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байхад миний утас руу нэг нутгийн С.Ду эгч залгаад эгчийн дүү өвс ачаад өгөөч гэхээр нь би юм оёод завгүй байгаа гэж хэлэхэд эгчийнх нь нөхрийн бие муу байгаа, хямдхан өвс авахаар болсон гэж хэлсэн. Би хэзээ ачуулах юм бэ, гэж асуухад одоо ачуулна гэж хэлсэн. Тухайн үед 18 цаг болж байх шиг байсан... Би С.Ду эгчид өвс ачиж өгөхөөр болоод машинаа асаагаад колонкоос бензин хийчихээд би С.Ду эгчээс одоо хаана очих юм бэ гэхэд С.Ду эгч жоохон байж байгаад өвс өгнө гэж байна гэхээр нь С.Ду эгч бид хоёр манай гэрт орж хоол унд хийж идсэн... Шөнийн 01 цаг өнгөрч байхад С.Ду эгч намайг сэрээгээд нөгөө хүн чинь хүрээд ир гэж байна гэхээр нь би яаж харанхуй болсон хойно өвс ачдаг юм бэ гэхэд С.Ду эгч хувцасаа өмсчихсөн, одоо өвсөө ав маргааш өглөө хөдөө явна гээд байна гэж хэлсэн. Би нэгэнд хүний мөнгөөр бензин хийчихсэн юм чинь босоод машинаа асаагаад хаанаас ачих юм бэ гэхэд Их залуу багийн самбараар эргээд модны зах руу явна гэж хэлсэн. Тэгээд модны захын харалдаа 2 эрэгтэй хүнтэй уулзаад нэг эрэгтэй нь машинд сууж өвс авсан гэх айлыг зааж өгсөн...Машин дотор С.Ду эгч өвс ачуулсан гэх залуутай юу ч ярихгүй байсан. Өвс ачсан гэх хашааны гадаа ирэхэд нөгөө залуу “би орчихоод ирье” гэж хэлээд буугаад явчихсан. 2-3 минутын дараа С.Ду эгч машинаас гарчихаад “өвсөө ач гэж байна” гээд машин дээр өвс ачсан. Би машинаас буугаад харахад хашааны гадна талд өвс гаргачихсан байсныг ачсан. ...би С.Ду эгчийн хамт өвснөөс нь ачсан. Би өөрийнхөө 00-00 ОРХ дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. ...өвс ачиж байхад хар машинтай хүмүүс ирээд миний машины түлхүүрийг авчихаад “та нар яагаад өвс хулгай хийгээд байгаа юм” гэхээр нь би “юун хулгайн өвс яриад байгаа юм, бид нар хүнээс өвс худалдаж авсан” гэж хэлэхэд...С.Дуд өвс зарсан гэх эрэгтэй гарч ирэхгүй байсан, нийт 46 боодол өвс ачаад манай хашаанд байх амбаарын хажууд буулгаж тавьсан. Хулгайн өвс ачсан гэдгийг маргааш өглөө гэртээ байхад цагдаа нар орж ирэхэд мэдсэн. ...Би хулгайн өвс ачиж байна гэдгийг мэдээгүй...Хашаанаас Б.М өвс гаргаж өгсөн. С.Ду бид хоёртой Б.М яваад өвс зарж байгаа хашааг зааж өгөөд өөрөө өвсийг хашаа давуулж гаргаж өгсөн...Тухайн үед манай хашаанд Буянтогтохын өвс байсан. Буянтогтохын өвс уг хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Өмнө нь байсан өвс байгаа юм...Би хулгайн өвс гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152, 153, 154-155х/,
- Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаандаа наймаа хийх зорилгоор 6700 орчим боодолтой өвс худалдан авч буулгаад хамаатны дүүгээр харуулж байгаа, гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хашаанд байсан боодолтой өвснөөс хашаа давуулаад хулгайлаад аваад явсан байна. ...130 боодол өвс алдсан байна... Цагдаагаас надад 40 боодол өвсийг хүлээлгэн өгсөн, С.Ду гэдэг эмэгтэй дахиад нэмээд 10 боодол өвс өгсөн, нийт 50 боодол өвс авсан. Одоо байнга дуудагдаж байхаас залхаж байна. Тэр хүмүүсээс өвс авсан ч зарагдахгүй байх. Би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44х, 47/,
- Гэрч Т.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 18-49 тоотод ахынхаа хашааг харж, хэдэн малтай амьдардаг, ах Батхуяг, эхнэр Болор-Эрдэнэ нар нь хашаандаа 7000 боодол өвс буулгаж түүнийг харж байгаа юм. Тэгтэл тэр өвснөөс өнгөрсөн шөнө хулгайч машинаар ачаад явсан байсан. ...өглөө босоод гартал хураалттай байсан өвсний урд хэсэг нь нурчихсан байхыг хараад очоод үзтэл захаас нэлээдийг аваад хашаа давуулаад машинд ачаад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49х/,
- Гэрч Б.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.М гэж залууг зүс харж байсан, өвс алдагдсан хашааны хойдхон талд амьдардаг, манай хашаанд өвс байдаг гэдгийг мэддэг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64х/,
- Гэрч Х.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагийн үед бие засах замдаа хураалттай байсан өвс урд хэсгээрээ нурчихсан юм шиг байхаар нь гэртээ ороод нөхөртөө хэлэхэд “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрээс гарчихаад эргэж орж ирэхдээ “урд талын өвснөөс хулгайлчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65х/,
- Гэрч Ц.Цогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр юм шиг санагдаж байна. Би өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хашааны баруун хойд тал буюу манай хашаа руу ордог хаалганы хажуу талд боодолтой өвс буулгачихсан байсан... Эхний өвс байснаас хойш бараг 10 гаран хоногийн дараа Б.Уын гэрийн хажуу талын амбаарын харалдаа боодолтой өвс хураачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73х/,
- Насанд хүрээгүй гэрч Д.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын эхээр буюу он гарсны дараахан ээж бид хоёрыг Вансэмбэрүү дэлгүүрийн харалдаа явж байхад өвс ачсан портертой нэг эрэгтэй таараад ээжтай мэндлээд юм ярьж байхдаа танай хашаанд өвсөө буулгаж болох уу гэхээр нь би, ээж зөвшөөрөөд хашаандаа тэр ахын өвсийг буулгасан. Тэр ахын өвсийг байшингийн цонхны харалдаа буюу хашааны баруун талд буулгасан. Яг хэдэн боодол өвс буулгасан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Портер машин дүүрэн өвс буулгасан. Тэгээд тэрнээс хойш хэд хоногийн дараа өглөө сэрэхэд гэрийн ар талд байх амбаарны хажуу талд өвс буулгаад өрөөд тавьчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74х/,
- Гэрч Т.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Орхон аймагт 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 5 цагийн үед ирээд, гудамж руу ороход гудамжны баруун талын захын хашааны гадаа “Мазда” маркийн ачааны машиныг зам дээр тавьчихсан хоёр эмэгтэй өвс зөөгөөд, ачаад байхаар нь бид нар буугаад “юун өвс ачаад байгаа юм” гэхэд Чинбат хашаа руу очоод “нэг хүн хашаа руу зугтчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр эмэгтэйгээс “яагаад өвс аваад байгаа юм, хэнээс авч байгаа юм” гэхэд нэг эмэгтэй нь “манаачаас нь худалдан авч байна, нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр худалдан авч байна” гэж ярьсан. Чинбат “эд нар хулгай хийж байна” гээд машины түлхүүрийг нь аваад “цагдаад дуудлага өгнө” гэхэд “манаачаас нь худалдан авч байгаа” гээд байхаар нь машины зургийг нь Эрхэмбаяр гар утсаараа дараад бид нар “одоо яах уу энэ өвсийг буулгах уу” гэхээр нь “бид нар яаж мэддэг юм, та нар худалдаж авсан гэсэн биз дээ” гэхэд давуулаад шидчихсэн байсан өвсийг ачаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-80х/,
- Гэрч Э.Эрхэмбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн портер маркийн ачааны тээврийн хэрэгсэл зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвс хулгайлж байгаа юм болов уу” гээд очсон, тухайн үед Хүрэлбаатар, Батболд, Чинбат бид дөрөв хамт явж байсан. Би гар утсаараа машины урдаас зургийг нь дарчихаад “хэнээс өвс авч байгаа юм” гэхэд “5000 төгрөгөөр худалдан авсан, хулгайн өвс биш” гэж хэлсэн. ...Бид нарыг очих үед хоёр эмэгтэй хүн өвс ачсан шинжтэй машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82х/,
- Гэрч Б.Чинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн портер маркийн ачааны машин зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвснөөс хулгайлж байгаа юм болов уу” гэж хоорондоо ярьж байгаад би түрүүлээд очиход хоёр эмэгтэй машин дотор сууж байсан ба машин асаалттай байсан. Би машиныг унтраагаад түлхүүрийг нь сугалж авчихаад “та нар өвс хулгайлаад байгаа юм уу” гэхэд “үгүй, хулгай хийгээгүй” гээд байсан. Тэр үед Батболд миний араас ирээд “хэнээс өвс аваад байгаа юм бэ” гэхэд “бид нар 5000 төгрөгөөр өвс худалдаж авч байгаа, хулгай хийгээгүй, өвс зарж байгаа хүн хашаан дотор байгаа” гэхээр нь би хашааны завсраар харахад хүн харагдахгүй байхаар нь “хүн байна уу” гэж хашгирахад хэн ч дуугарахгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83х/,
- Гэрч Ү.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Чинбат өвс ачиж байсан машины түлхүүрийг нь аваад “хаанаас авч байгаа юм бэ, хулгайн өвс юм уу” гэж асуухад “5000 төгрөгөөр нэг боодол өвсийг худалдаж авсан” гэж тэр хоёр эмэгтэй хариулж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84х/,
- Гэрч М.Мөнх-Ундраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.М архи уучихсан, хүнтэй зодолдсон юм шиг цус болчихсон байсан. ...Маргааш нь Б.М орж ирээд “эрүүлжүүлэх байранд хоночихоод ирлээ” гэж хэлсэн, тэгээд бүтэн өдөр “бие өвдөөд байна” гэж хэвтэж байхад орой нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй эм барьчихсан орж ирээд Б.М ахад өгсөн. ...нэг эмэгтэй нь “цагдаад машинаа хураалгачихлаа” гэж хэлж байсан, С.З гэдэг эрэгтэй нь гараад нэг шил архи, тамхи авч ирээд “ахаа цагдаад баригдсан, та аргалаад өгөөч, би өөрөө тэнсэнтэй болохоор болохгүй байна” гэж ярьж байсан... Тэр өдөр би согтуу байсан сайн мэдэхгүй байна. 2 эмэгтэй орж ирээд цагдаад машинаа хураалгачихлаа гээд байсан. Б.Мы гэрт амьдарч байсан болохоор жаахан худлаа хэлсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90х/,
- Гэрч М.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2018 оны 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Б.Мы гэрт байсан, ...Тэр өдөр гаднаас С.З өөрөөсөө гадна хоёр эмэгтэйгийн хамт ирээд Б.Мы биеийг асууж, өвчин намдаах эм авч өгч байсан. С.З “өвс ачиж байгаад баригдсан, та хамт явсан” гээд хоорондоо яриад байсан. ...Маргааш нь Б.М цагдаа нарт баригдсан, тэрнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Б.Мы гэрт С.З нөгөө өмнө хамт ирсэн хоёр эгч нарынхаа хамт гадаа харанхуй болчихсон байхад ирээд Б.Мыг “өвсний хэрэг даачихаач” гэхэд Б.М “би хүний хэрэг дааж чадахгүй” гэж яриад байсан. Тэрнээс хойш 2018 оны 05 дугаар сарын үед С.Зтой таарахад “та цагдаа дээр очоод болсон асуудлын талаар мэдүүлэг өгөөч” гэхээр нь би “чадахгүй гэж хэлээд цагдаа дээр очоогүй. 2018 оны 1 дүгээр сарын 20-ны орой С.З болон түүний эгч нар Б.Мы гэрт орж ирээд “өвс баригдчихлаа” гэж ярьж байхад нь “хулгай хийсэн байна даа” гэж дотроо бодсон. ...Б.Мыг “хэрэг даачих” гээд С.З хэлээд байсан, ...С.З өөрөө “өмнө нь би хэрэгтэй болохоор одоо ял авах гээд байна” гээд Б.Маас гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 192-193х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-12/,
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-17, 18-22х/,
- Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэлүүд /1-р хх-ийн 25-29х/,
- Хэв загвар дээж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30х/,
- Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 32-37х/,
- Шүүгдэгч Б.Уын “Мазда” маркийн 24-92ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/02 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 39-41х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 102-108х/,
- “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 18/57 дугаартай “...шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой зах зээлийн судалгааг үнэлгээчин нь биетээр судалж, элэгдлийг шулуун шугамын аргаар хийж, үнэлгээний дүгнэлтийг 5,200,000 төгрөг гэж дүгнэж байсан.” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 126-131х/,
- Б.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 184х/,
- Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “тус багийн иргэн Батдэлгэрийн Б.У нь Баян-Өндөр сумаас 26 боодол нөөцийн өвс, 7 шуудай хивэг авсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, Б.Уаас өвс, тэжээлийн үнэ 186.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн сан банкны 100210152400 тоот дансанд /Ор.Баян-Өндөр ОНХСан/ шилжүүлсэн тухай баримт, өвс болон тэжээл олгох тухай 74 дугаартай бичиг /1-р хх-ийн 193-195х/,
- Бан Хас ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2018/э-0045 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 92-94х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ч.Алтангэрэлийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 55 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн № 5, 6, 7, 13, 14, 15, 16 дээр байх гутлын мөрүүд нь С.Доос хүлээн авсан хос гутлаар үйлдэгдээгүй байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 116-118х/,
- С.Ду ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р ххийн 198х/,
- Б.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 210х/,
- Б.С.З ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 249х/,
- С.Д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 6х/
- Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн танил Мөнх-Ундраагийн хамт Бүрэнбүст багт байрлах Алтай төвийн засварын ажил хийж байгаад ажил дуусаад цалингаа авах гээд өгөхгүй байхаар нь Мөнхбаяр, Мөнх-Ундраа нарын хамт нэг шил архи уучихаад...цалингаа авах гэж бага зэрэг маргалдсан. ...хоёр цагдаа ирээд Мөнх-Ундраа бид хоёрыг машиндаа суулгатал машин дотор нэг согтуу хүн байсан. ...эрүүлжүүлэх рүү явж байгаад би тэр согтуу хүнтэй маргалдсан. ...Машинаас буугаад би тэр хүний баруун тал руу нь нэг удаа цохисон. ...эрүүлжүүлэхийн эд зүйл хураан авдаг өрөөнд ороод надтай маргалдсан хүн байхаар нь зүүн талын шанаа руу нь цохисон, уг хүн газар унасан... Миний цохилтоос хавирга нь хугараагүй... Эрүүлжүүлэх рүү ороход шат руу унасан тэгэхдээ гэмтэл авсан гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 49-50х/,
- Хохирогч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ агсам согтуу тавьж танхайрсан зөрчлөөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, ухаан ороод сэрэхэд эрүүлжүүлэхийн камерт унтаж байсан. Намайг сэрэхэд миний зүүн талын хавирга орчмоор хөндүүрлээд хөдөлж, амьсгаа авч болохгүй байсан. Би камерт байсан хүмүүсээс “намайг яаж авч ирсэн юм бол” гэж асуухад “чамайг цагдаа нар дуудлагаар авч ирсэн” гэж байсан. Маргааш өглөө нь намайг Мөнхбаатар гэх гэрээт цагдаагийн байцаагч авч, миний зөрчлийн асуудлыг шийдэхэд “би өчигдөр болсон асуудлыг сайн санахгүй байна, миний хавирга өвдөөд байна, намайг цагдаа нар цохиж, зодсон юм шиг байна” гэж хэлэхэд Мөнхбаатар байцаагч “чамайг цагдаа нар зодоогүй” гээд эрүүлжүүлэх байрны гадна талын болон дотор талын камерийн бичлэг үзүүлэхэд надтай хамт эрүүлжүүлэхэд ирсэн үл таних 35-40 насны орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн эрүүлжүүлэх байрны гадаа цохиж шат руу унагааж, эрүүлжүүлэх дотор ороод шанаадаж газар унагаасан бичлэг байсан. ...би өөрт учирсан эмчилгээний зардлыг миний хавиргыг хугалсан хүнээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 13-14х/,
- Гэрч Ц.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрүүлжүүлэх байр луу явж байхад машин дотор Баттулга нь Б.Мыг хэл амаар доромжлоод байсан, эрүүлжүүлэх байрны гадаа ирээд Баттулга, Б.М хоёрыг буулгаад, Мөнх-Ундрааг сүүлд нь буулгаад эрүүлжүүлэх байр луу ороод эрүүлжүүлэхийн цагдаа Равжирт Баттулгыг хүлээлгэж өгөөд зогсож байтал хойноос Б.М Баттулгын баруун шанаа руу нь нэг удаа цохиход Баттулга ухаан алдаж газар унасан, эрүүлжүүлэхийн эмч ирээд Баттулгын нүүр рүү ус цацаж сэрээсэн. Баттулгыг машинаас буулгаад эрүүлжүүлэх рүү орох гэж байхад Б.Мтай хэрүүл маргаан хийхэд Б.М Баттулгын шанаа руу хальт нэг удаа цохиход...Баттулга хөл алдаад шатны уруу биеийн зүүн хэсгээр шургаж унахад нь би татаж босгосон...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 16х/,
- Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эрүүлжүүлэх байранд ирээд Б.Мы хувцасыг тайлах үед Б.М миний гар гэмтсэн гэж эрүүлжүүлэхийн эмчид хэлсэн ба эмч яасан талаар асуухад “энэ цагдаа миний гарыг гэмтээсэн” гээд байсан, энэ үед цуг ирсэн Мөнх-Ундраа нь Б.Мыг 2-3 хоногийн өмнө шатнаас унаад гараа гэмтээчихээд ажилдаа ирээгүй юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 19х/,
- Гэрч О.Равжирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Даваахүү ширээний урд Баттулгын эд зүйлийг хүлээлгэн өгөхөөр зогсож байтал гэв гэнэт Баттулга унахаар нь...харахад Б.М орж ирээд Баттулгыг цохиж унагаасан байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 20х/,
- Шинжээч Ж.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Л.Бын биед үүссэн зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч нь цээжин биеийн зүүн хажуугаар хатуу юман дээр унахад уг хугарал үүсэхийг үгүйсгэхгүй, хяналтын камер дээрх бичлэгээс харахад шалан дээр биеийн зүүн хажуугаар хүчтэй, нумарч унаж байна, энэ үед уг хугарал үүсэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хавирганы хугарал нь зөрөөгүй байна. Гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 29х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 709 дугаартай “...1.Л.Бын биед зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 26х/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 6-7/,
- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 10х/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-11/,
- Хохирогч Л.Бад холбогдох зөрчлийн хэргээс хуулбарласан баримтууд /3-р хх-ийн 52-55х/,
- Эрүүгийн 1825007200*** дугаартай хэргийг хүнд ял оногдуулж болох эрүүгийн 18250007000** дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол,
- Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баян-Өндөр уулын зүүн талд үхрээ хариулаад явж байх үед зүс таних С.Д морьтой ирсэн, ирээд “муу пизда чи намайг хэдэн жилийн өмнө морь хулгайлсан гэж гүжирдсэн” гэж дайрсан. Тухайн үед намайг зодсон, унагааж өшиглөсөн, жалга руу чирч оруулаад цасаар булсан, “ална” гээд хутга мэт зүйл хайгаад байх шиг байсан. “Чамайг алчихсан байхад би цагдаа дээрээс зүгээр л гараад ирнэ, намайг халх Даваа гэдэг” гэж хэлээд миний толгой, нүүр хэсэг рүү өшиглөж цохисон. ...баруун талын нүд хавдсан, эмчид үзүүлэхэд “нүдэнд цус харвасан” гэсэн... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 10-12/,
- Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Баян-Өндөр уулын зүүн талд Д.Стэй уулзаад “адуу байна уу” гэж асуусан, Д.С “хараагүй” гэсэн, адуу маань цаана нь байхыг би харсан. ...тэгэхээр нь “чи тэнд байгаа адууг яахаараа хардаггүй юм бэ” гэсэн, тэгэхэд манай адуу яг урд нь байсан, Д.С “яахаараа харах ёстой юм” гэж уурласан, жоохон маргалдсан, гэтэл Д.Сгийн уур нь хүрээд газар байсан модыг авч миний толгой руу цохисон, ...би цохиогүй ноцолдож байгаад унаад Д.С нүүрээрээ модны хожуул мөргөчихсөн... Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 14-15х/,
- Гэрч Ө.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би тэр өдөр малаа хариулаад явж байтал Баян-Өндөр уулын хаяанд С.Д, Д.С хоёр байсан. ...Д.Сгийн гарт нэг мод байсан, Д.С С.Дийг цохих шиг болсон, тэрнээс өөр асуудлыг хараагүй. ...Тэр хоёр намайг малдаа явж байгаад уулан дээрээс харахад л унаад, босоод ноцолдоод л байсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 16-17х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай “...1. Д.Сгийн биед нүүр, баруун нүдний алимны салст, баруун чихний омог, чихний ар хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтлүүд ба нүүр, баруун нүдний алимны салст, баруун чихний омог, чихний ар хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацарт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /6-р хх-ийн 28-29х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай “...1.С.Дийн биед хуйханд дагзны хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх, духны баруун дээд хэсэгт зулгаралт үүсчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтлүүд ба хуйханд дагзны хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духны баруун дээд хэсэгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /6-р хх-ийн 35-36х/,
- Яаралтай тусламжийн хуудас /6-р хх-ийн 6-7, 30-31х/,
- Хохирогч Д.Сгийн С.Дид зодуулсан байх үеийн гэрэл зургууд /6-р хх-ийн 110-112х/,
- Мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх-ийн 113-114х/,
- С.Дид холбогдох 2125000000014 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1825000700067 дугаартай хэрэгт нэгтгэсэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамж /6-р хх-133-134х/
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “...би Баттулгыг нэг удаа л цохисон, хавирга хугарсан гэмтлийг учруулаагүй, тухайн үед би хамт байгаагүй. Мөн би энэ хүмүүст өвс зарна гэж хэлээгүй, С.З өдөржин хамт архи уучихаад өвс ачилцаж өгсөнгүй, хулгай хийе гэхэд нь би явахгүй гэхэд С.Д миний хөмсөг рүү өшиглөсөн...” гэв.
Шүүгдэгч Б.С.З шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Б.Мыг таньдаг юм. Б.М өглөө манайд ирээд утсаа сунгуулмаар байна гээд надаас 10.000 төгрөг авч гараад архи аваад орж ирсэн. Үхэр тууж усалчихаад айлд орж архи хамт уусан. Тэгээд байж байтал С.Ду эгч яриад ирсэн байна, өвс авна, зарж байгаа хүн мэдээгүй биз гэж асуухад би мэдэхгүй байна гэж хэлсэн. Гэтэл хажуу талаас Б.М өвс байгаа авах уу гэхээр нь авахаар болсон. Утсаа сунгуулаад өгөөч гэхээр нь С.Ду эгч рүү ярьж 10.000 төгрөгөөр сунгуулж өгсөн. Тухайн үед өвс ачихаар явахад харанхуй болсон байсан, бас миний гар гэмтсэн байсан учраас би С.Д ахыг ачилцаад өгөөч гэж дуудсан. Б.М өвсөө өнөөдөр ав, маргааш хөдөө явна гэхээр нь би эгч рүү ярьсан. Бид 5 өвс авахаар явсан. Хашаа руу нь ороогүй, давж орж авсан. Хулгайн өвс гэдгийг мэдээгүй...” гэв.
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хувиараа оёдол хийдэг, оёдолчин, би бэр С.Ду өвс авах гэсэн юм, машинтайгаа яваад өгөөч гэж гуйсан. Би дургүй байсан боловч ар гэрийн байдлыг нь бодоод явж өгсөн. Тэр өдөр С.Ду эгч охиныг дэлгүүр рүү явуулж нэгж хийлгэж байсан. Тухайн өдөр шөнө болсон байна, яах гэсийн бэ гэтэл хүн нь ав гээд байна гээд байхаар нь хамт явсан. Би өвс ачилцаж өгсөн. Хулгайн өвс гэдгийг маргааш өглөө нь мэдсэн...” гэв.
Шүүгдэгч С.Ду шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хөдөөнөөс малын мах борлуулж өвс тэжээл авахаар орж ирсэн. Манай гэрийн хүн өвчтэй байсан. Асрах хүнгүй, эгч хотоос ирэхээр нь гарсан. С.З руу өвс зарж байгаа хүн мэдсэн үү гэж асуухад эргэж над руу яриад 5000 төгрөгөөр зарж байгаа өвс байна, авах уу гэхээр нь авья гэсэн. Тэгээд энэ хүний утас руу 10.000 төгрөгөөр нэгж хийж өгсөн. Шөнө унтаж байтал С.З залгаад хүн нь өвсөө одоо ав гэнээ гэхээр нь мөнгө бэлэн байхгүй шүү дээ гэж хэлтэл мөнгийг нь маргааш өгч болно гэж хэлсэн. Тэгээд шөнө Б.М нар ирсэн, би 50 боодол өвс авна гэж хэлсэн. Маргааш нь махаа борлуулж мөнгөтэй болсон. Хулгайн өвс гэдгийг мэдээгүй, энэ хэргээс болж их чирэгдэж байна. нөхөр маань өвчний улмаас нас барсан, миний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа ...” гэв.
Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт “....Мэдүүлэх зүйл байхгүй....” гэв.
Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт “....Мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Нотлох баримтын хувьд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нар нь бүлэглэж машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,
хохирогч Г.Бийн “...гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хашаанд байсан боодолтой өвснөөс хашаа давуулаад хулгайлаад аваад явсан байна...” гэсэн,
гэрч Т.Нямдаваагийн “...Тэгтэл тэр өвснөөс өнгөрсөн шөнө хулгайч машинаар ачаад явсан байсан. ...” гэсэн,
гэрч Б.Батхуягийн “...Б.М гэж залууг зүс харж байсан, өвс алдагдсан хашааны хойдхон талд амьдардаг, манай хашаанд өвс байдаг гэдгийг мэддэг хүн байгаа юм...” гэсэн,
гэрч Х.Энхтуяагийн “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагийн үед бие засах замдаа хураалттай байсан өвс урд хэсгээрээ нурчихсан юм шиг байхаар нь гэртээ ороод нөхөртөө хэлэхэд “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрээс гарчихаад эргэж орж ирэхдээ “урд талын өвснөөс хулгайлчихсан байна” гэж хэлсэн...” гэсэн,
гэрч Ц.Цогоогийн “...Эхний өвс байснаас хойш бараг 10 гаран хоногийн дараа Б.Уын гэрийн хажуу талын амбаарын харалдаа боодолтой өвс хураачихсан байсан...” гэсэн,
гэрч Т.Батболдын “...Орхон аймагт 2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 5 цагийн үед ирээд, гудамж руу ороход гудамжны баруун талын захын хашааны гадаа “Мазда” маркийн ачааны машиныг зам дээр тавьчихсан хоёр эмэгтэй өвс зөөгөөд, ачаад байхаар нь бид нар буугаад “юун өвс ачаад байгаа юм” гэхэд Чинбат хашаа руу очоод “нэг хүн хашаа руу зугтчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр эмэгтэйгээс “яагаад өвс аваад байгаа юм, хэнээс авч байгаа юм” гэхэд нэг эмэгтэй нь “манаачаас нь худалдан авч байна, нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр худалдан авч байна” гэж ярьсан. Чинбат “эд нар хулгай хийж байна” гээд машины түлхүүрийг нь аваад “цагдаад дуудлага өгнө” гэхэд “манаачаас нь худалдан авч байгаа” гээд байхаар нь машины зургийг нь Эрхэмбаяр гар утсаараа дараад бид нар “одоо яах уу энэ өвсийг буулгах уу” гэхээр нь “бид нар яаж мэддэг юм, та нар худалдаж авсан гэсэн биз дээ” гэхэд давуулаад шидчихсэн байсан өвсийг ачаад яваад өгсөн...” гэсэн,
гэрч Э.Эрхэмбаярын “...2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн портер маркийн ачааны тээврийн хэрэгсэл зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвс хулгайлж байгаа юм болов уу” гээд очсон, тухайн үед Хүрэлбаатар, Батболд, Чинбат бид дөрөв хамт явж байсан. Би гар утсаараа машины урдаас зургийг нь дарчихаад “хэнээс өвс авч байгаа юм” гэхэд “5000 төгрөгөөр худалдан авсан, хулгайн өвс биш” гэж хэлсэн. ...Бид нарыг очих үед хоёр эмэгтэй хүн өвс ачсан шинжтэй машин дотор сууж байсан...” гэсэн,
гэрч Б.Чинбатын “...2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн портер маркийн ачааны машин зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвснөөс хулгайлж байгаа юм болов уу” гэж хоорондоо ярьж байгаад би түрүүлээд очиход хоёр эмэгтэй машин дотор сууж байсан ба машин асаалттай байсан. Би машиныг унтраагаад түлхүүрийг нь сугалж авчихаад “та нар өвс хулгайлаад байгаа юм уу” гэхэд “үгүй, хулгай хийгээгүй” гээд байсан. Тэр үед Батболд миний араас ирээд “хэнээс өвс аваад байгаа юм бэ” гэхэд “бид нар 5000 төгрөгөөр өвс худалдаж авч байгаа, хулгай хийгээгүй, өвс зарж байгаа хүн хашаан дотор байгаа” гэхээр нь би хашааны завсраар харахад хүн харагдахгүй байхаар нь “хүн байна уу” гэж хашгирахад хэн ч дуугарахгүй байсан...” гэсэн,
гэрч Ү.Хүрэлбаатарын “...2018 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Чинбат өвс ачиж байсан машины түлхүүрийг нь аваад “хаанаас авч байгаа юм бэ, хулгайн өвс юм уу” гэж асуухад “5000 төгрөгөөр нэг боодол өвсийг худалдаж авсан” гэж тэр хоёр эмэгтэй хариулж байсан.” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь хэрэг учрал болоход байгаагүй гэж мэтгэлцсэн нь бусад шүүгдэгч нарын зөрүүгүй мэдүүлсэн “машин дотор хамт сууж явсан”, “машинтай хүн ирэхэд Б.М зугтаарай” гэж хэлсэн гэх мэдүүлгүүдээр, мөн гэрч Ц.Цогоогийн “тухайн газарт өвс байсныг Б.М мэдсэн байх боломжтой” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх ба шүүгдэгч нар хоорондоо маргалдаж зодоон хийсэн, Б.Мы гэрт хэргийн тухай ярилцсан зэргээс дүгнэлт хийхэд өвс хулгайлсан үйлдэлд түүнийг холбоотой байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Б.С.З нь шүүх хуралдаанд “С.Ду эгч өвс авах гэсэн юм гэхэд нь Б.Маас асуухад би өвс зарж байгаа гэсэн... Б.Мыг өвс зарж байна гэж бодсон, хулгайлж байна гэж бодоогүй” гэж мэтгэлцсэн нь Б.Мыг урьдаас таньдаг, түүнийг өвс зардаг эсэх талаарх хувийн байдлыг мэддэг байх боломжтой, шөнийн цагаар айлын хашааны гаднаас сэм аргаар өвс авсан үйлдлээ хууль бус болохыг урьдаас мэдэх боломжтой байхад мэдээгүй гэж мэдүүлсэн байдал нь бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Д, С.Ду, Б.У нар нь Б.Маас өвс худалдаж авсан, өвс хулгайлж байна гэж бодоогүй гэж, мөн өмгөөлөгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж тус тус мэтгэлцсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох гэрч Т.Батболд, Э.Эрхэмбаяр, Б.Чинбат, Ү.Хүрэлбаатар нарын мэдүүлгүүд, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тус тус үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм. Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нар нь өөрсдийнхөө үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж, үйлдлээрээ нэгдэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нарын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизмыг ашиглаж үйлдсэн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэж машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Бын “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ агсан согтуу тавьж танхайрсан зөрчлөөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, ухаан ороод сэрэхэд эрүүлжүүлэхийн камерт унтаж байсан. Намайг сэрэхэд миний зүүн талын хавирга орчмоор хөндүүрлээд хөдөлж, амьсгаа авч болохгүй байсан... эрүүлжүүлэх байрны гадна талын болон дотор талын камерийн бичлэг үзүүлэхэд надтай хамт эрүүлжүүлэхэд ирсэн үл таних 35-40 насны орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн эрүүлжүүлэх байрны гадаа цохиж шатруу унагааж, эрүүлжүүлэх дотор ороод шанаадаж газар унагаасан бичлэг байсан...” гэсэн,
гэрч Ц.Даваахүүгийн “...эрүүлжүүлэх байр руу явж байхад машин дотор Баттулга нь Б.Мыг хэл амаар доромжлоод байсан, эрүүлжүүлэх байрны гадаа ирээд Баттулга, Б.М хоёрыг буулгаад, Мөнх-Ундрааг сүүлд нь буулгаад эрүүлжүүлэх байр луу ороод эрүүлжүүлэхийн цагдаа Равжирт Баттулгыг хүлээлгэж өгөөд зогсож байтал хойноос Б.М Баттулгын баруун шанаа руу нь нэг удаа цохиход Баттулга ухаан алдаж газар унасан, эрүүлжүүлэхийн эмч ирээд Баттулгын нүүр рүү ус цацаж сэрээсэн. Баттулгыг машинаас буулгаад эрүүлжүүлэх рүү орох гэж байхад Б.Мтай хэрүүл маргаан хийхэд Б.М Баттулгын шанаа руу хальт нэг удаа цохиход...Баттулга хөл алдаад шатны уруу биеийн зүүн хэсгээр шургаж унахад нь би татаж босгосон...” гэсэн,
гэрч О.Равжирын “...Даваахүү ширээний урд Баттулгын эд зүйлийг хүлээлгэн өгөхөөр зогсож байтал гэв гэнэт Баттулга унахаар нь...харахад Б.М орж ирээд Баттулгыг цохиж унагаасан байсан...” гэсэн,
шинжээч Ж.Гэрэлмаагийн “...Л.Бын биед үүссэн зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч нь цээжин биеийн зүүн хажуугаар хатуу юман дээр унахад уг хугарал үүсэхийг үгүйсгэхгүй, хяналтын камер дээрх бичлэгээс харахад шалан дээр биеийн зүүн хажуугаар хүчтэй, нумарч унаж байна, энэ үед уг хугарал үүсэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хавирганы хугарал нь зөрөөгүй байна. Гэмтэл нь шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 709 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 709 дугаартай дүгнэлтээр хохирогч Л.Бын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Мы үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Л.Бын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон гэж үзэж шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Д, Д.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;
Шүүгдэгч Д.С, С.Д нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ө.Ганхуягийн“...Би тэр өдөр малаа хариулаад явж байтал Баян-Өндөр уулын хаяанд С.Д, Д.С хоёр байсан. ...Д.Сгийн гарт нэг мод байсан, Д.С С.Дийг цохих шиг болсон, тэрнээс өөр асуудлыг хараагүй. ...Тэр хоёр намайг малдаа явж байгаад уулан дээрээс харахад л унаад, босоод ноцолдоод л байсан...” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Сгийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч С.Дийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, шүүгдэгч С.Дийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Д.Сгийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэснийг тус тус гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон.
Иймд шүүгдэгч Д.С, С.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
1.5. Хохирол, хор уршиг
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нар нь хохирогч Г.Бэд 276,000 төгрөгийг хохирол учруулсан ба хохирогч Г.Бэ 50 боодол өвс авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг Г.Бэд төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч С.Д, Д.С нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч С.Д, Д.С нарыг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.
Хохирогч Л.Ба нь мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч хохирлын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг учрал 2018 оны 10 сарын 12-ны өдөр болсон байх бөгөөд энэ хугацаанд хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, нотлох баримт хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нарт тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч Б.С.Зд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг нэмж нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох..." гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э “Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тооцох заалтанд өөрчлөлт орсон. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үеийн хуулийг хэрэглэж, шүүгдэгч Б.Мы хохирогч Баттулгын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Бүлэглэж хулгай хийсэн үйлдлийг зөвшөөрөхгүй тул хэлэх саналгүй” гэх агуулга бүхий тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М “шүүгдэгч С.Дид хуульд заасан хамгийн бага хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Э “шүүгдэгч С.Дуд хуульд заасан хамгийн бага хэмжээ буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М “Улсын яллагчаас 5 жил 6 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд 5 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан хүний ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж хэрэглэх эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч С.Згийн 2016 онд хийсэн хулгайн үйлдэл нь Өршөөл үзүүлэх хуульд хамрагдах боломжтой учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бүлэглэн хулгай хийсэн үйлдэлд хамгийн багаар хорих ял оногдуулж, зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул оногдуулах эрүүгийн хариуцлагын санал хэлэх нь зохимжгүй байна” гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду, Б.У, Д.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.М, С.Д, С.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Б.У, С.Ду, Д.С нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Б.М, С.З, С.Д, С.Ду, Б.У, Д.С нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.З, С.Д, С.Ду, Б.У нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч С.Зд уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнссэн байх тул 3 жилийн хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, тэдний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.М, С.З, С.Д, С.Ду, Б.У нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр буюу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа болох 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн, шүүгдэгч Б.С.Зд оногдуулсан 5 жилийн, шүүгдэгч С.Д, С.Ду, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялуудыг дүйцүүлэн Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
мөн шүүгдэгч Б.Мы гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2018 оны 10 сарын 12-ны өдөр, шүүгдэгч С.Д, Д.С нарын гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2020 оны 12 сарын 13-ны өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8-д зааснаар тэдэнд холбогдох хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Т.Э “Б.Мы хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зүйл заалтад өөрчлөлт орохоос өмнөх үеийн хуулиар хэрэгсэхгүй болгогдоно” гэж мэтгэлцсэн ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд 2015 оны хуульд “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно. гэж заасныг 2017 оны 05 сарын 18-өдөр өөрчлөн найруулга хийж “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил түнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж хуульд зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Мы 2018 оны 10 сарын 12-ны өдрийн хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 2018 оны 12 сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" зарчим нь процессын хэм хэмжээний тухайд хэрэг хянагдаж буй цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг тайлбарлахад хамааралтай бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд дахь процессын шинэчлэгдсэн зохицуулалтыг өмнөхтэй нь өрсөлдүүлэн хэрэглэх тухай ойлголтыг агуулаагүй гэж тус тус үздэг тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Мөн шүүгдэгч С.Згийн өмгөөлөгч М.М “С.З урьд нь 2016 онд 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан ба урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-д зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хуулийг хэрэглэж энэ шүүх хуралдаанаас түүний 2016 онд оногдуулсан ялыг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн ба С.Згийн ял шийтгэлийн байдал нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өршөөн хэрэгсэхгүй болгох зүйл ангид хамаараагүй, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар дүйцүүлэн солих зохицуулалтад уг зүйл заалт нь хамаарсан, хуульд нарийвчлан зохицуулсан зүйл заалтыг эргэлзээтэй гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар хуулийг хэрэглэх боломжгүй гэж тус тус үзэж, өмгөөлөгчийн шүүгдэгч С.Зд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн ялыг хэрэгсэхгүй болгуулах тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүгдэгч нарт холбогдох хэргийг хойшлуулж тэдний өмнө ял шийтгүүлсэн байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан талаарх баримтыг хэрэгт хийлгүүлэх хүсэлттэй байна гэж мэтгэлцсэн ба шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг лавласан хуудас хэрэгт авагдсан, энэ баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүхээс үзсэн.
2.3 Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 830 хоногийн хугацаа, шүүгдэгч Б.С.Згийн цагдан хоригдсон 261 хоногийн хугацаа, шүүгдэгч С.Дийн цагдан хоригдсон 122 хоногийн хугацаа, шүүгдэгч Б.У, С.Ду нарын тус бүр цагдан хоригдсон 85 хоногийн хугацааг зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.С хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дуу дүрс бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М, С.З, С.Д, С.Ду, Б.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Уын өмчлөлийнх болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан өнгийн 00-00 ОРХ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийг битүүжилсэн прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду нараас тус бүр 1,040,000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.Уд олгохоор шийдвэрлэлээ.
Хуульд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгож хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар, бусдын өмчлөлийнх гэдэг нь нотлогдвол өмчлөгчид нь олгож, үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болон хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар зохицуулсан.
Харин шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж тээврийн хэрэгслийн өмчлөгч болох шүүгдэгчид олгож шийдвэрлэх талаар хуульд зохицуулаагүй. Гэвч шүүх Б.М, С.З, С.Д, С.Ду, Б.У нарыг бүлэглэж машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Уын өмчлөлийн тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу улсын орлого болгож, тээврийн хэрэгслийн үнэ 5,200,000 төгрөгийг шүүгдэгч нарт адил тэнцүү хувааж хариуцуулах үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Д энэ гэмт хэрэгт шалгагдаж байхдаа өөр гэмт хэрэг холбогдож түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй нь баримтаар тогтоогдсон мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор шүүх ял оногдуулахдаа нэмж, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч С.Дид энэ тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М, С.З, С.Д, С.Ду, Б.У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.М, С.Д, Д.С нарт холбогдох хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.С.З, С.Д, С.Ду, Б.У нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С.Зд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.С.Зд оногдуулсан 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Ду, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.С.Зд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Д, С.Ду, Б.У нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Дид Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай тогтоолоор оногдуулсан ял, энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Дийн эдлэх ялыг энэ тогтоолоос өмнөх ялыг эдэлж дууссан үеэс эхэлж энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мы цагдан хоригдсон 830 хоногийн хугацааг, шүүгдэгч С.З-гийн цагдан хоригдсон 261 хоногийн хугацааг, шүүгдэгч С.Дийн цагдан хоригдсон 122 хоногийн хугацааг, шүүгдэгч Б.У, С.Ду нарын тус бүр цагдан хоригдсон 85 хоногийн хугацааг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь тус тус хассугай.
10. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/0* дугаар тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Уын өмчлөлийн цагаан өнгийн 00-00 ОРХ улсын дугаартай Мазда маркийн 5,200,000 төгрөгний үнэтэй тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Б.М, Б.С.З, С.Д, С.Ду нараас тус бүр 1,040,000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч Б.Уд олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсан үлдээсүгэй.
13. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.С.З, С.Д, Б. Б.У, С.Ду, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР