Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2482

 

 

 

 

 

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03074 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О-т холбогдох

 

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэр бүлийн хамтаар гэр бүлийн хэрэгцээний 214 м.кв газрыг 63 м.кв талбай бүхий хувийн сууцын хамт өмчилдөг байсан. Хувийн сууцаа сайжруулах зорилгоор 7 000 000 төгрөгийг анх “Х Ф ББСБ” ХХК-аас зээлж аваад, тодорхой шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байсан. Энэ үед миний зээл авч байсан банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байсан Б.А-аас би 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 21 700 000 төгрөгийг зээлснээр гэрээ байгуулж, уг мөнгөнөөс 7 700 000 төгрөгийг “Х Ф ББСБ” ХХК-д өгч өрийг нь хааж, Б.А- 3 сарын хүү 2 400 000 төгрөгийг суутган авч, үлдэх 11 600 000 төгрөгийг надад өгсөн. Гэрээний хугацаа 3 сар бөгөөд, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусах байсан. Б.А- надаас мөнгөө нэхээд, өөрийн таньдаг гэх НБМ финанс гэдэг ББСБ-ыг надад санал болгож, тэндээс мөнгө зээлж миний өрийг төлөөч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй, 10 000 000 төгрөгийг Б.А- хүлээж авсан. Эхний гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.А- эхний зээлийн 21 700 000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг тооцож, 25 000 000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулуулсан. Хамгийн сүүлийн НБМ финанс ББСБ-тай байгуулсан зээлийн ба барьцааны гэрээнд барьцаалбар үйлдээгүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-нд Б.А-, түүний танил захирал Г.О- нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг газар, байшин тус тусад нь 2 ширхэг гэрээ нотариатчаар батлуулж, газрыг нь 8 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг нь 6 000 000 төгрөгөөр захирал Г.О- гэдэг хувь хүнд нь худалдсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулсан нь үнэн. Гэвч тухайн үед Б.А- хаашаа байшинг чинь 24 000 000 юмуу 25 000 000 төгрөгөөр зарагдана гэж бодоод байна гэж хэлж байсан. Ингээд бид 13 000 000 төгрөгийг ББСБ-д өгч, үлдсэн мөнгийг би авахаар тохиролцсон. Гэрээгээ батлуулаад нотариатаас гарахад Б.А- та бид 2 тохиролцоод болсон учраас Г.О- 1 хувь, би 1 хувийг авлаа, та бид 2 өгөх авах зүйл байхгүй гэсэн учир би Б.А-од гэрээний 1 хувийг өгсөн. Би 16 000 000 төгрөгөөр хашаа байшингаа өгчихөөд байхад, дахиад Б.А- Хан-Уул дүүргийн шүүхэд 25 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Би орох оронгүй үлдэж байгаа учраас гомдолтой байна. Хариуцагчаас хашаа байшингийн үлдэгдэл зөрүү мөнгийг авч Б.А-од өгөх учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо өөрийн гэсэн орон гэргүй нөхөр хүүхдийн хамт хүний байр түрээсэлж байна.

Үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар захирал хувь хүн нь өөрийн нэр дээр худалдах, худалдан авах тухай дүр үзүүлсэн гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлэх бус, харин эхлээд надад мэдэгдэл өгч, албан ёсоор дуудлага худалдаагаар худалдах ёстой байдаг юм байна. Иймд хууль зөрчсөн дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, иргэн миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед Зээлийн гэрээний үлдэгдэл 13 665 000 төгрөг байсан. Уг гэрээг байгуулаад өргүй болсон. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед гэрээтэй танилцсан. ББСБ-д 13 000 000 төгрөг, Б.А-од 10 000 000 төгрөг өгөөд хоёр зээлээ хаана гэсэн бодолтой байсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоотод байрлах өмчлөх эрхтэй улсын бүртгэлийн Ү-2205035217 дугаар бүхий 63 м.кв хувийн сууцыг 6 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003361 дугаар бүхий 214 м.кв газрыг 8 000 000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсоны дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөрөнгө худалдах, худалдан авах 2 гэрээг байгуулж, уг гэрээг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр Г.О- нь 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, өмчлөх эрхтэй болсон. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 110.1, 243.1-д заасны дагуу байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Дээрх гэрээнүүдэд газрыг 8 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 6 000 000 төгрөгөөр худалдахыг тодорхой зааж, нэхэмжлэгч болон хариуцагч нь гэрээний уг гол нөхцлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гарын үсэг зурсан, үүнээс өөр ямар нэг гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй учир уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй. Гол үйл баримт нь Д.О- болон Г.О- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээ байгуулахдаа өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх чадвартай. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа газраа 8 000 000 төгрөгт, амины сууцыг 6 000 000 төгрөг худалдахыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулах нь худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй. Зээлийн эрхтэй холбоотой асуудал учраас үндэслэлгүй байна. Өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлагын тухайд үл хөдлөх хөрөнгийг Г.О-ийн нэр дээр шилжүүлсний дараа иргэн н.Г-д худалдсан, өмчлөх эрхийг сэргээх боломжгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.О-т холбогдох 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бд1068 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /газар/, бд1069 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц/-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

1. 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан нь гэрээний талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байх шинжийг агуулдаг бол маргаан бүхий 2 үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний талууд нь хуульд заасан тодорхой үр дагаварт хүрэхийг эрмэлзэж, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч нь газар байшингаа шилжүүлэн өгснөөр банк бусын зээлийг хаагаад зогсохгүй, н.А-ын өр төлбөр ч мөн хаагдаж байгаа гэж итгэсний үндсэн дээр тэдний хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн үнэлгээний тал хувиар шилжүүлсэн. Г.О- нь хөндлөнгийн иргэн биш, харин зээлдүүлэгч ББСБ-ын захирал, тэрээр өөрийн эцэг н.Г-т тал үнэд нь ч хүрэхгүй үнээр авчихаад байгаа газар өмчлөх эрх, байшин хоёроо шилжүүлчихээд байна. Хэрвээ тийм биш бол ямар ч тохиолдолд өөрөө зараад зээлээ төлбөл нэхэмжлэгчид ашигтай байсан. Тухайн хэлцлийг хийх чин хүсэл санаа зорилго байгаагүй, өр төлбөрөө хаахын тулд л аргагүйн эрхэнд хэлцлийг хийсэн. н.А-ын өр төлбөр ч давхар хаагдаж байна гэж итгүүлж үнэмшүүлэн хоёр зээлдүүлэгч хоёулаа очиж гэрээ байгуулсан нь хэргийн үйл баримтад байгаа ба хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрдөг, өөрөөр хэлбэл, бэлнээр 8 ба 6 сая төгрөг өгч авалцаагүй, харин зээлийн төлбөрт тооцлоо гэж харилцан тохиролцсноо шүүхэд мэдүүлсэн. Гэтэл хууран мэхэлж гарын үсэг зуруулсан тул өөрийнх нь хүссэн үр дүнд хүргэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр /банк бус н.А-ын өрийг гэрээнд гарын үсэг зурснаараа хааж байгаа/ хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд буюу гэрээ хийсэн мэт дүр үзүүлж хийсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн бол мөнгө хүлээлцэж авах ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй.

2. Банк бустай байгуулсан зээлийн барьцааны гэрээний 5.2-т “Барьцаагаар хангагдах шаардлагыг барьцааны зүйлээр гүйцэтгэх гэсэн заалтуудыг алиныг нь ч биелүүлээгүй. Нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэл ч өгөөгүй, 30 хоногийн хугацаа ч өгөөгүй, шууд л барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа дүр үзүүлэн хураан авсан. Гэрээ байгуулахдаа н.Г- гэдэг хүнээс Г.О-ийн зээлийн төлбөрт гэж мөн шилжүүлсэн байдаг. Хэрвээ тийм бол нэхэмжлэгч нь банк бусын захирал Г.О-тэй би мөнгө шилжүүлсэн н.Г- гэгчтэй гэрээ хийх ёстой. Иймд банк бусын захирал Г.О- рүү шууд шилжүүлснээс дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь харагдана. Тэгэхээр энэ гэрээг хийсэн гэж үзэхгүй.

3. Г.О- нь банк бусынхаа зээлийн журмыг зөрчиж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчиж, шууд худалдсан нь хууль бус байхад шүүхээс барьцааны зүйлийг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн нь 44.1 дэх хэсэгт заасан Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасантай нийцэж байна гэж үзсэн нь үндэслэлгүй. 44.2 дахь хэсэгт Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа энэ хуулийн 45 дугаар зүйлд заасан шууд худалдах, 46 дугаар зүйлд заасан дуудлага худалдааны аргын аль нэгийг хэрэглэнэ гэж заасан. Нэгэнт гэрээ хийгдээгүй, дүр үзүүлсэн хэлцэл байсан учраас барьцааны зүйлийг шууд худалдахгүй дуудлага худалдаагаар худалдах байжээ.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Хариуцагч Г.О-т холбогдуулан нэхэмжлэгч Д.О- нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлийн барьцаанд байсан хөрөнгийг барьцаалбар үйлдэлгүйгээр, мөн дуудлага худалдаанд оруулалгүй, зээлдүүлэгч “Н ф ББСБ” ХХК-ийн захирал нь газар болон хувийн сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, түүнд худалдсан мэтээр дүр үзүүлсэн гэрээ байгуулсан, тийнхүү хөрөнгөө худалдсанаар Б.А-оос авсан зээлийг хаана гэж ойлгосон гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан. Харин хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг эс зөвшөөрч Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь иргэд хооронд хийгдсэн, зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй учир барьцаалбар үйлдэх шаардлагагүй бөгөөд, дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй, үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулснаар Б.А-ын болон ББСБ-ын өрийг давхар дарна гэсэн үйл баримт, тохиролцоо хийгээгүй гэж тайлбарлан маргажээ. /Хэргийн 1-3, 36-37 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.О- нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын эрхзүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаж, үүний улмаас бий болсон үр дагаврыг арилгуулж, гэр бүлийн хэрэгцээний 214 м.кв газар, 63 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Г.О- мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байх ба энэ нөхцөл байдлыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г.О-ийн өмчлөлд шилжин, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Д.Г-ын өмчлөлд шилжсэн бүртгэлтэй байна. /хэргийн 45 дугаар тал/ Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд хариуцагч Г.О-ээс Д.Г-д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэх баримт хэрэгт байхгүй. Д.Г маргаан бүхий газар, хувийн сууцыг ямар гэрээний дагуу хэрхэн өмчилж авсан болон түүний эзэмшил нь хууль ёсны эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцагч Г.О-ийн хувьд одоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш байгаа тохиолдолд өмчлөх эрх хэний өмчлөлд хэрхэн шилжсэн болон өмчлөл нь хууль ёсны эсэх үйл баримт тодорхой байх ёстой бөгөөд өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн хувьд хариуцагч байх боломжтой этгээдийг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэнэ. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Д.О-ээс хариуцагч Г.О-т, хариуцагч Г.О-ээс Д.Г-ын нэр дээр ямар хэлцлийн үндсэн дээр шилжсэн гэдэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан эсэх, түүнтэй холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох, үр дагаврыг хэрхэн арилгах буюу гуравдагч этгээдэд шилжсэн байгаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх эсэх асуудалд ач холбогдолтой юм.

Түүнчлэн, хариуцагч Г.О- нь өөрийн удирдан ажиллуудаг “НБМ Финанс ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны зүйлийг шилжүүлэн авах зорилгоор өөрийн нэрээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй тохиолдолд гэрээний талууд хэн байгаа эсэхээс үл хамааран зээлийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуульд заасан шаардлага хангагдсан эсэх нь ач холбогдолтой.

Гэтэл шүүх зээлийн гэрээний талууд худалдах худалдан авах гэрээний талууд биш бөгөөд өмнөх гэрээний харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн атлаа зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний талууд харилцан тохиролцож эд хөрөнгийг худалдсан гэж дүгнэсэн нь зөрчилтэй байна. Зээл, барьцааны гэрээ, худалдах худалдан авах гэрээнүүд нь харилцан хамааралгүй тохиолдолд тухайн гэрээгээр хүлээсэн үүргийг хэн хэрхэн биелүүлсэн болох нь ач холбогдолтой юм. Хариуцагч худалдах худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмлжэгчид өгсөн эсэх нэхэмжлэгч зээлийн төлбөрийг “Н Ф ББСБ” ХХК-д хэзээ хэрхэн төлсөн үйл баримт тодорхойгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.О- нь бодитойгоор нэхэмжлэгч Д.О-ээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, түүнд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр болох 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн болон Д.Г- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.О-ээс ямар үндэслэлээр шилжүүлэн авсан эсэх үйл баримтыг шүүх анхаараагүй байна. Тодруулбал, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулан өмчлөх эрхийг сэргээлгэхээр шаардаж байгаа тохиолдолд Д.Г- өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх, ямар гэрээний дагуу шилжсэн, түүний эзэмшил нь хууль ёсны эсэх, “НБМ Финанс ББСБ” ХХК-ийн зээлийг барьцааны зүйлээр хаах зорилгоор Г.О-тэй худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх, түүний захирал байсан эсэх, эсхүл Г.О- нь маргаан бүхий эд хөрөнгийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авах зорилготой байсан эсэх үйл баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал нөлөөлтэй.

Мөн талуудын хооронд байгуулагдсан газар, хувийн сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотариат гэрчилсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан баримт гэж үзэх боломжгүй. Шүүхээс нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангахгүй байгаа тохиолдолд уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хасах, эсхүл мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар тухайн баримтын эхийг шаардаж авах эрхтэй. Анхан шатны шүүх эдгээр ажиллагааг хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хянах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.О

 

ШҮҮГЧИД                                   Ц.И

 

                                           С.Э