Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00568

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03074 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2482 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О-т холбогдох,

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Янжинхорлоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие гэр бүлийн хамтаар гэр бүлийн хэрэгцээний 214 м.кв газрыг 63 м.кв талбай бүхий хувийн сууцын хамт өмчилдөг байсан. Хувийн сууцаа сайжруулах зорилгоор 7 000 000 төгрөгийг анх “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас зээлж аваад, тодорхой шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байсан. Энэ үед миний зээл авч байсан банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байсан Б.Ариунболдоос би 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 21 700 000 төгрөгийг зээлснээр гэрээ байгуулж, уг мөнгөнөөс 7 700 000 төгрөгийг “Хөгжил финанс ББСБ” ХХК-д өгч өрийг нь хааж, Б.Ариунболд 3 сарын хүү 2 400 000 төгрөгийг суутган авч, үлдэх 11 600 000 төгрөгийг надад өгсөн.

... Б.Ариунболд надаас мөнгөө нэхээд, өөрийн таньдаг гэх “НБМ финанс гэдэг ББСБ” ХХК-ийг надад санал болгож, тэндээс мөнгө зээлж миний өрийг төлөөч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй, 10 000 000 төгрөгийг Б.Ариунболд хүлээж авсан. Эхний гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ариунболд эхний зээлийн 21 700 000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг тооцож, 25 000 000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулуулсан. Хамгийн сүүлийн “НБМ финанс ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн ба барьцааны гэрээнд барьцаалбар үйлдээгүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-нд Б.Ариунболд, түүний танил захирал Г.О- нар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг газар, байшин тус тусад нь 2 ширхэг гэрээ нотариатчаар батлуулж, газрыг нь 8 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг нь 6 000 000 төгрөгөөр захирал Г.О- гэдэг хувь хүнд нь худалдсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан.

...Гэвч тухайн үед Б.Ариунболд хаашаа байшинг чинь 24 000 000 юм уу 25 000 000 төгрөгөөр зарагдана гэж бодоод байна гэж хэлж байсан. Ингээд бид 13 000 000 төгрөгийг ББСБ-д өгч, үлдсэн мөнгийг би авахаар тохиролцсон. Гэрээгээ батлуулаад нотариатаас гарахад Б.Ариунболд та бид 2 тохиролцоод болсон учраас Г.О- 1 хувь, би 1 хувийг авлаа, та бид 2 өгөх авах зүйл байхгүй гэсэн учир би Б.Ариунболдод гэрээний 1 хувийг өгсөн. Би 16 000 000 төгрөгөөр хашаа байшингаа өгчихөөд байхад, дахиад Б.Ариунболд Хан-Уул дүүргийн шүүхэд 25 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Одоо өөрийн гэсэн орон гэргүй нөхөр хүүхдийн хамт хүний байр түрээсэлж байна.

Үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар захирал хувь хүн нь өөрийн нэр дээр худалдах-худалдан авах тухай дүр үзүүлсэн гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлэх бус, харин эхлээд надад мэдэгдэл өгч, албан ёсоор дуудлага худалдаагаар худалдах ёстой байдаг юм байна.

Иймд хууль зөрчсөн дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, иргэн миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү.

Худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед зээлийн гэрээний үлдэгдэл 13 665 000 төгрөг байсан. Уг гэрээг байгуулаад өргүй болсон. Худалдах-худалдан авах гэрээг байгуулах үед гэрээтэй танилцсан. ББСБ-д 13 000 000 төгрөг, Б.Ариунболдод 10 000 000 төгрөг өгөөд хоёр зээлээ хаана гэсэн бодолтой байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоотод байрлах өмчлөх эрхтэй улсын бүртгэлийн Ү-2205035217 дугаар бүхий 63 м.кв хувийн сууцыг 6 000 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003361 дугаар бүхий 214 м.кв газрыг 8 000 000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсоны дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгө худалдах-худалдан авах 2 гэрээг байгуулж, уг гэрээг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр Г.О- нь 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, өмчлөх эрхтэй болсон. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм.

... Гол үйл баримт нь Д.О- болон Г.О- нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээ байгуулахдаа өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх чадвартай. Тухайн үед худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа газраа 8 000 000 төгрөгт, амины сууцыг 6 000 000   төгрөг худалдахыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулах нь худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй. Зээлийн эрхтэй холбоотой асуудал учраас үндэслэлгүй байна. Өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлагын тухайд үл хөдлөх хөрөнгийг Г.О-ийн нэр дээр шилжүүлсний дараа иргэн н.Ганбаатарт худалдсан, өмчлөх эрхийг сэргээх боломжгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03074 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.О-т холбогдох 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн бд1068 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /газар/, бд1069 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хувийн сууц/-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2482 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... дүр үзүүлэн хийсэн хэлцлийн тухайд талуудад тухайн хэлцлийг хийх ямар ч хүсэл зориг байдаггүй. Гэтэл тухайн тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь газрыг болон байшинг худалдах-худалдан авах хүсэл сонирхол байсан, үүнийгээ илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан учир уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй юм.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан зээлийн гэрээний тухайд нэхэмжлэгч Б.Оюунцэцэг нь “НБМ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулан 10 сая төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн хувийн орон сууц болон газрыг барьцаалсан. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөхгүй, хугацаа хэтрүүлээд байсан тул энэ талаар түүнийг анх дагуулан ирсэн Б.Ариунболдод хэлүүлж, зээлийн хүүг төлүүлж байсан, улмаар нэхэмжлэгч Б.Оюунцэцэг өөрөө зээлээ төлөх боломжгүй байна ямар арга хэмжээ авах вэ гэсний дагуу Барьцааны гэрээний 5.2.2-т “Барьцаалагч, барьцаалуулагч үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор харилцан тохиролцож, шууд худалдахаар шийдвэрлэж, чадаагүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдааны аргаар худалдана” гэж зааснаар харилцан тохиролцож, барьцааны зүйлийг худалдсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх зээлийн гэрээг дурдаж, барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдсан процесс зөрчсөн гэж дурддаг боловч нэхэмжлэгч нь энэ зээлийн гэрээтэй холбоотой маргаагүй, зөвхөн худалдах-худалдан авах гэрээтэй маргасан тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн үндэслэл хэрэгт хамааралгүй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагатай гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хэрэгт хамааралгүй нотлох баримт цуглуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

худалдах-худалдах гэрээтэй холбоотой асуудалд Б.Ариунболд нь хамааралгүй, тэдний өр зээлийн асуудал нь тэдний хоорондох тусдаа маргаан юм.

Хуулийн дагуу байгуулсан, хүчин төгөлдөр хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөө Г.О- нь Д.Ганбаатар гэдэг иргэнд худалдаж, өмчлөх эрх шилжсэн учир нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2482 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Г.О-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Г.О- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэхэд маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байгаа нь тодорхой байх учиртай. Зохигч нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх Д.О-ийн нэр дээрээс Г.О-т шилжиж, Г.О- өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Орон сууцны өмчлөх эрх 2017 оны 04 дүгээр сард Д.Ганбаатарын нэр дээр бүртгэгдсэн байх ба Д.Ганбаатар нь өмчлөх эрхийг ямар гэрээний дагуу хэрхэн  Г.О-ээс шилжүүлж авсан тодорхой бус байна.

Түүнчлэн, зохигч нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас гадна зээлийн гэрээний харилцаагаар холбогдсон болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Хариуцагч Г.О-ийн ажиллуулдаг “НБМ финанс ББСБ” ХХК-иас нэхэмжлэгч Д.О-ийн авсан зээлийн гэрээний үүрэгт маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах хуульд заасан журам хэрэгжсэн эсэхийг тодорхой болгох шаардлагатай болно.

Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан зарим нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2482 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 227 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН