Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/03074

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 16 өдөр

      Дугаар 102/ШШ2018/03074

                Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны 2 тоотод оршин суух, эмэгтэй, 50 настай, Боржигон овогт Д.Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 50 дугаар байрны 6 тоотод оршин суух, эмэгтэй 39 настай, Чойжамц овогт Г.От холбогдох,

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Буянжаргал /ШТҮД: 0529/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, түүний өмгөөлөгч Б.Батжаргал /ШТҮД: 0922/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О гэр бүлийн хамтаар гэр бүлийн хэрэгцээний 214 м.кв газрыг 63 м.кв талбай бүхий хувийн сууцын хамт өмчилдөг байсан. Хувийн сууцаа сайжруулах зорилгоор 7 сая төгрөгийг би анх “Хөгжил финанс” ББСБ-аас зээлж аваад, тодорхой шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байсан. Энэ үед миний зээл авч байсан банк бус байгууллагад ажилладаг байсан Б.Аоос би 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 21,700,000 төгрөгийг зээлснээр гэрээ байгуулж, уг мөнгөнөөс 7,700,000 төгрөгийг нь “Хөгжил финанс ББСБ” ХХК-д өгч өрийг нь хааж, Б.А 3 сарын хүү 2,400,000 төгрөгийг суутган авч, үлдэх 11,600,000 төгрөгийг миний гар дээр өгсөн. Энэ гэрээний хугацаа 3 сар бөгөөд, 2015 оны 10 дугаар сарын 03-нд дуусах байсан. Б.А надаас мөнгөө нэхээд, өөрийн таньдаг гэх “НБМ финанс” гэдэг ББСБ-ыг надад санал болгож, тэндээс мөнгө зээлж миний өрийг төлөөч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 10 сая төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй, 10,000,000 төгрөгийг Б.А хүлээж авсан. Эхний гэрээний хугацаа дуусаагүй бахйад буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.А эхний зээлийн 21,700,000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг тооцож, 25,000,000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулуулсан. Хамгийн сүүлийн “НБМ финанс” ББСБ-тай байгуулсан зээлийн ба барьцааны гэрээнд барьцаалбар үйлдээгүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-нд Б.А, түүний танил захирал Г.О нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг газар, байшин тус тусад нь 2 ширхэг гэрээ нотариатчаар батлуулж, газрыг нь 8 сая төгрөгөөр, хувийн сууцыг нь 6 сая төгрөгөөр захирал Г.О гэдэг хувь хүнд нь худалдсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан.

Энэ гэрээг байгуулсан нь үнэн. Гэвч тухайн үед Б.А “хаашаа байшинг чинь 24,000,000 юмуу 25,000,000 төгрөгөөр зарагдана гэж бодоод байна” гэж хэлж байсан. Ингээд бид 13,000,000 төгрөгийг ББСБ-д өгч, үлдсэн мөнгийг би авахаар тохиролцсон. Гэрээгээ батлуулаад нотариатаас гарахад Б.А “Та бид 2 тохиролцоод болсон учраас Г.О 1 хувь, би 1 хувийг авлаа, та бид 2 өгөх авах зүйл байхгүй” гэсэн учир би Б.Аод гэрээний 1 хувийг өгсөн.  Би 16,000,000 төгрөгөөр хашаа байшингаа өгчихөөд байхад, дахиад Б.А Хан-Уул дүүргийн шүүхэд 25,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Би орох оронгүй үлдэж байгаа учраас гомдолтой байна. Хариуцагчаас хашаа байшингийн үлдэгдэл зөрүү мөнгийг авч Б.Аод өгөх учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо өөрийн гэсэн орон гэргүй нөхөр хүүхдийн хамт хүний байр түрээсэлж байна.

Үл хөдлөх эд хөрөнгөөр барьцаалсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар захирал хувь хүн нь өөрийн нэр дээр худалдах, худалдан авах тухай дүр үзүүлсэн гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлэх бус, харин эхлээд надад мэдэгдэл өгч, албан ёсоор дуудлага худалдаагаар худалдах ёстой байдаг юм байна. Иймд хууль зөрчсөн дээрх хоёр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, иргэн миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед Зээлийн гэрээний үлдэгдэл 13,665,000 төгрөг байсан. Уг гэрээг байгуулаад өргүй болсон. Худалдах, худалдан авах гэрээг байгуулах үед гэрээтэй танилцсан. ББСБ-д 13,000,000 төгрөг, Б.Аод 10,000,000 төгрөг өгөөд хоёр зээлээ хаана гэсэн бодолтой байсан гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулаагүй. Барьцаа хөрөнгийг шууд хураан авсан гэж үзэж байна. Тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 24,000,000 төгрөг байхад хариуцагч нь маш багаар үнэлж шилжүүлж авсан байдаг учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байгаа. Хариуцагчийн төлөөлөгчийн ярьснаар ББСБ зээлийн төлбөрт шилжүүлж авсан бол үл хөдлөх хөрөнгө дээр барьцаалбар үйлдэж, зээлийн төлбөрт хурааж авч байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу зохих ажиллагаануудыг явуулж, өмчлөгчөөс санал авч дуудлага худалдаагаар оруулах ёстой байсан. Нэхэмжлэгч нь “НБМ Финанс ББСБ” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрийг хаахын тулд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Б.А, Г.О нар нь нэхэмжлэгч Д.Оийг үл хөдлөх хөрөнгөөрөө зээлийг дарж байна гэж төөрөлдүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хэрэв Б.Аын өр дарагдахааргүй байвал үл хөдлөх хөрөнгөө ийм бага үнээр шилжүүлэхгүй, харин өөрөө худалдан борлуулаад, зээлийн төлбөрөө хаах байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлсэн хэлцэл гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Хариуцагчийн зүгээс Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоотод байрлах өмчлөх эрхтэй улсын бүртгэлийн Ү-2205035217 дугаар бүхий 63 м.кв хувийн сууцыг 6 сая төгрөгөөр, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003361 дугаар бүхий 214 м.кв газрыг 8 сая төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсоны дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Хөрөнгө худалдах, худалдан авах” 2 гэрээг байгуулж, уг гэрээг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр Г.О нь 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авч, өмчлөх эрхтэй болсон. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 110.1, 243.1-д заасны дагуу байгуулагдсан, хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Дээрх гэрээнүүдэд газрыг 8 сая төгрөгөөр, хувийн сууцыг 6 сая төгрөгөөр худалдахыг тодорхой зааж, нэхэмжлэгч болон хариуцагч нь гэрээний уг гол нөхцлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож гарын үсэг зурсан, үүнээс өөр ямар нэг гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй учир уг гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй. Гол үйл баримт нь иргэн Д.О болон иргэн Г.О нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай, гэрээ байгуулахдаа өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх чадвартай. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа газраа 8,000,000 төгрөгт, амины сууцыг 6,000,000 төгрөг худалдахыг зөвшөөрч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулах нь худалдах, худалдан авах гэрээнд хамааралгүй. Зэлийн эрхтэй холбоотой асуудал учраас үндэслэлгүй байна. Өмчлөх эрхээ сэргээлгэх шаардлагын тухайд үл хөдлөх хөрөнгийг Г.Оийн нэр дээр шилжүүлсний дараа иргэн н.Ганбаатарт худалдсан, өмчлөх эрхийг сэргээх боломжгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор маргаан бүхий гэрээг дүр үзүүлсэн хэлцэл гэж тайлбарлаж байна. Уг маргаан нь зээлийн гэрээний харилцаатай холбоотой маргаан биш учраас барьцаалбартай холбоотой асуудал яригдахгүй. Иргэд хооронд байгуулагдсан хэлцэл. Нэхэмжлэгчийг айлган сүрдүүлж, дарамтлан гэрээнд гарын үсэг зуруулаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдсон. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр, хүсэл зоригоо талууд бүрэн илэрхийлсэн, нотариатаар баталгаажсан эрх зүйн баримт бичиг байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй, эрх зөрчигдсөнөөс үүссэн үр дагавар нь тодорхойгүй байгаа. Ямар хуулийн ямар заалтаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байгаа талаар дурдахгүй байна. Гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргах болсны үндэслэл юу вэ? Барьцаа хөрөнгийг худалдан борлуулснаар Б.Аын болон ББСБ-ын өрийг давхар дарна гэсэн үйл баримт байдаггүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.От холбогдуулан тэдний хооронд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №бд1068, №бд1069 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

            Шүүх дараахь үндэслэлээр Д.Оийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №бд1068 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /газар/-ний дагуу худалдагч Д.О нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-5А тоот хаягт байрлах 214 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг 8,000,000 төгрөгөөр, мөн өдрийн №бд1069 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хувийн сууц/-ний дагуу дээрх хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,000,000 төгрөгөөр тус тус худалдан авагч Г.Оийн өмчлөлд шилжүүлж, худалдсан зүйлийн үнэ төлөгдөж дууссаныг нотлон, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлжээ.

            Улмаар гэрээний зүйлүүд 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Г.Оийн өмчлөлд шилжин, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ганбаатарын өмчлөлд шилсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 43, 44/

Нэхэмжлэгч Д.О болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хоёр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн учир хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн барьцаанд байсан хөрөнгийг барьцаалбар үйлдэлгүйгээр, мөн дуудлага худалдаанд оруулалгүй, зээлдүүлэгч “НБМ финанс ББСБ” ХХК-ийн захирал нь газар болон хувийн сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, түүнд худалдсан мэтээр дүр үзүүлсэн гэрээ байгуулсан, тийнхүү хөрөнгөө худалдсанаар Б.Аоос авсан зээлийг хаана гэж ойлгосон ...” гэх агуулга бүхий тайлбар гарган маргасан.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг эс зөвшөөрч маргахдаа “... Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд нь иргэд хооронд хийгдсэн, зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй учир барьцаалбар үйлдэх шаардлагагүй бөгөөд, дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй, үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулснаар Б.Аын болон ББСБ-ын өрийг давхар дарна гэсэн үйл баримт, тохиролцоо хийгээгүй...” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.О нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээг “НБМ Финанс ББСБ” ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоот хаягт байрлах 214 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц зэргийг барьцаалж, нотариатаар баталгаажуулан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 8-12/

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Д.Оийн зээлийн үлдэгдэл 13,665,000 төгрөг төлөгдсөнөөр зээл хаагдаж, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьцааны зүйлийг Д.Оээс иргэн Г.От тус тус худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн үйл баримтын талаар болон, дээрх хөрөнгийг худалдан авсан Г.О нь зээлдүүлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн болох нь зээл, зээлийн барьцааны гэрээ, Д.Оийн депозит дансны хуулга, худалдах, худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” тохиолдолд үүрэг дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд, зээлдэгч Д.О нь зээлдүүлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, төлбөр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлөгдөж дууссанаар зээлийн гэрээний үүрэг дууссан гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр зохигчдын тайлбар болон хэрэгт баримтаар авагдсан Кассын орлогын ордер зэргээр зээлийн үлдэгдэл 13,665,000 төгрөгийг н.Ганбаатар гэх хүн төлсөн боловч, уг төлбөрийг зээлийн төлбөрт тооцож талууд гэрээг дуусгавар болгосон талаар хэн аль нь маргаагүй тул дээрх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж шүүх дүгнэв.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт “Барьцаалагч, барьцаалуулагч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах зорилгоор харилцан тохиролцож, шууд худалдахаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдааны аргаар худалдана” гэж заасны дагуу гэрээний талууд харилцан тохиролцож, барьцаа хөрөнгө болох Д.Оийн өмчлөлийн газар, хувийн сууцыг гуравдагч этгээд Г.От шууд худалдахаар хүсэл зоригоо илэрхийлэн, худалдагч болон худалдан авагч талууд гэрээний нөхцөл, үнийг харилцан тохиролцож байгуулан, нотариатаар баталгаажуулсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу үүрэг дуусгавар болсонд тооцсон нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт “дүр үзүүлэн хийсэн хэлцэл ... хүчин төгөлдөр бус байна” гэж заасан нь гэрээний талууд хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байх шинжийг агуулдаг бол, маргаан бүхий “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээнүүдийн талууд болох худалдагч Д.О, худалдан авагч Г.О нар нь хуульд тийнхүү зааснаар тодорхой үр дагавар гаргахыг хүсээгүй бус, харин үр дагаварт хүрэхийг эрмэлзэж, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.О өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-5а хаягт байрлах 214 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байрлах 63 м.кв талбайтай хувийн сууц зэргийг хариуцагч Г.Оийн өмчлөлд шилжүүлэн өгсөн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч тал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан “Шүүх барьцааны зүйлийг худалдах тухай үүрэг гүйцэтгүүлэгчийн нэхэмжлэлийг хангасан бол уг зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана” гэх заалт “НБМ Финанс ББСБ” ХХК болон Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээнд зөрчигдсөн гэж тайлбарлах боловч, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдаж болно” гэж, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж тус тус заасны дагуу гэрээний талууд барьцааны зүйлийг хэрхэн худалдах талаар гэрээгээр тохиролцсон нь уг гэрээний 5.2.2 дахь заалтаар тогтоогдож байна. /хх 12 дугаар хуудасны арын нүүр/

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу “НБМ Финанс ББСБ” ХХК, Д.О нарын хооронд байгуулагдсан Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээний үүрэг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болж, барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг Г.Отэй “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан шилжүүлсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Маргаан бүхий гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор Д.Оийн өмчлөх эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газар, хувийн сууц зэргийг худалдан авагч Г.О 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Ганбаатарт “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон ба, Г.О нь дээрх хөрөнгүүдийг хууль болон хүчин төгөлдөр гэрээний дагуу худалдан авсан учир нэхэмжлэгч Д.Оийн өмчлөх эрхийг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлд илүү төлсөн 2,050 төгрөгийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.От холбогдох 2016.10.01-ний өдрийн бд1068 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /газар/, бд1069 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хувийн сууц/-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА