Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 01417

 

 

 

 

                      2020           05            04   

                   102/ШШ2020/01417

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмааг суулган, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О холбогдох,

 

10,600,000 тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Буянжаргал /ШТҮД: 0529/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Тамжид, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг /ШТҮД: 0309/ нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие Д.О гэр бүлийн хамтаар гэр бүлийн хэрэгцээний 214 м.кв газрыг 63 м.кв талбай бүхий хувийн сууцын хамт өмчилдөг байсан. Хувийн сууцаа сайжруулах зорилгоор 7 сая төгрөгийг би анх “Хөгжил финанс” ББСБ-аас зээлж аваад, тодорхой шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн байсан. Энэ үед миний зээл авч байсан банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байсан Б.Ариунболдоос би 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 21,700,000 төгрөгийг зээлснээр гэрээ байгуулж, уг зээлийн гэрээний барьцаанд газар болон хувийн сууцыг барьцаалсан бөгөөд энэхүү барьцааны гэрээ байгуулагдах үед барьцааны зүйлийн үнэлгээг 25,000,000 төгрөг гэж тодорхойлж байсан. Дээрх зээлийн гэрээний дагуу авсан 21,700,000 төгрөгний 7,700,000 төгрөгийг нь “Хөгжил финанс ББС”Б ХХК-д өгч өрийг нь хааж, Б.Ариунболд 3 сарын хүү 2,400,000 төгрөгийг суутган авч, үлдэх 11,600,000 төгрөгийг миний гар дээр өгсөн. Энэ гэрээний хугацаа 3 сар бөгөөд, 2015 оны 10 дугаар сарын 03-д дуусах байсан. Б.Ариунболд надаас мөнгөө нэхээд, өөрийн таньдаг гэх “НБМ финанс” гэдэг ББСБ-ыг надад санал болгож, тэндээс мөнгө зээлж миний өрийг төлөөч гэхээр нь 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Энэ зээлээс би нэг ч төгрөг аваагүй, 10,000,000 төгрөгийг Б.Ариунболд хүлээж авсан. Эхний гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Б.Ариунболд эхний зээлийн 21,700,000 төгрөгийн гэрээний хүү, алдангийг тооцож, 25,000,000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулсан. Хамгийн сүүлийн “НБМ финанс ББСБ”-тай байгуулсан зээлийн ба барьцааны гэрээнд барьцаалбар үйлдээгүй. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 01-нд Б.Ариунболд, түүний танил захирал Г.О нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг газар, байшин тус тусад нь байгуулж, 2 ширхэг гэрээ нотариатчаар батлуулж, газрыг нь 8,000,000 төгрөгөөр, хувийн сууцыг нь 6,000,000 төгрөгөөр захирал Г.О гэдэг хувь хүнд нь худалдсан мэтээр дүр үзүүлэн гэрээ байгуулсан. Би 14,000,000 төгрөгөөр хашаа байшингаа өгчхөөд байхад, дахиад Б.Ариунболд Хан-Уул дүүргийн шүүхэд 25,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэр гарч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр би Б.Ариунболдод 19,000,000 төгрөгөөр өгөхөөр шийдвэр гаргасан. Би орох оронгүй үлдэж байгаа учраас гомдолтой байна. Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 хөрөнгийг үнэлүүлэхэд 24,600,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг хариуцагч эсэргүүцээгүй. Гэтэл 8,000,000 төгрөгөөр буюу 6,000,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар “НБМ Финанс ББСБ” ХХК нь өөрийн авах авлагад тулгаж тооцож, гэрээ байгуулсан болохоо хариуцагч зөвшөөрдөг. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүйгээр, өөрөөр хэлбэл бодитоор үнэлгээ тогтоохгүйгээр өрөндөө шууд хурааж авахдаа зөвхөн өөрийн авлагад дүйцүүлэн үнэлсэн нь хууль бус тул тухайн үл хөдлөх үнэлгээний зөрүүнд 10,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Г.Оээс 10,600,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүний үндэслэл нь уг хашаа байшин нь 24,600,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Газар болон байшин гэдэг нь хавтаст хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байгаа. Эхлээд н.Ариунболдтой зээлийн гэрээтэй байж байгаад Г.Отэй зээлийн гэрээ хийсэн нь харагддаг. н.Ариунболдоос эхлээд 21 сая төгрөг зээлэхдээ уг хашаа байшингийн үнэлгээг 25 сая төгрөг гэж хоёр тал харилцан тохиролцсон байдаг. Шинжээчийн дүгнэлт болон зах зээлийн үнэлгээ нь тухайн үед 24,600,000 төгрөг байсан. Ийм үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Оээс зээлж авсан 10,000,000 төгрөгт шилжүүлэн өгсөн нь эдгээрийн хооронд ямар нэгэн тохиролцоо байгаа нь харагдаж байна. Г.О нь гэрээнд заасан заалтуудаа зөрчөөд шууд манай зээлийг төлж чадахгүй байгаа юм чин хашаа байшингаа энэ зээлийн төлбөрт тулгаж өг гэдэг л шаардлага тавьсан байдаг.  Тухайн үед зах зээлийн ханшаар 24,600,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөө 14,000,000  төгрөгийг үүрэгт шилжүүлэн өгсөн байна гэдэг нь н.Ариунболдын өмнө төлөөгүй үлдсэн зээлийг мөн адил хаагдана гэж ойлгосон. Үгүй бол Д.О нь өөр зээлийн барьцаанд тавьдаг ч юмуу эсвэл адаглаад шүүхийн журмаар дуудлага худалдаанд оруулсан бол Д.О нь 14,000,000 төгрөгнөөс гадна мөнгө үлдэх байсан. Хариуцагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан гэж тайлбарлаж байгаа. Хэрвээ тэгсэн бол газар болон үл хөдлөх хөрөнгийн 14,000,000 төгрөгийг өгсөн баримт байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт энэ баримт байхгүй байгаа. 14,000,000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө болон газар худалдах гэрээ байгаа. Гэтэл энэ мөнгийг Г.Оийн данс руу шилжүүлсэн, бэлэн өгсөн бол бэлнээр өгсөн баримт байхгүй. Энэ хэрэг нь удаа дараа давах болон дээд шүүхээс буцсан. Дээд шүүхээс худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас гадна зээлийн гэрээний харилцаагаар холбогдсон гэдгийг тогтоосон. Зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах хууль заасан журмыг хэрэглэсэн эсэхийг тодорхой болгох гэж дээд шүүхийн тогтоолд заасан. Хариуцагч тал гэрээний 5.2.2-т зааснаар шүүхийн бус журмаар тохиролцоод худалдсан гэж тайлбарлаж байгаа. Шүүхээс гадна худалдлаа гэхэд яагаад Г.О авсан бэ? мөн зах зээлийн үнээс доогуур зээлдээ тулгаж авсан нь өөрөө хууль бус юм. Түүнчлэн газрыг үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40.4.1-ийг зөрчиж худалдсан. Газрыг шүүхийн бус журмаар худалдахыг хориглодог гэх заалтыг зөрчсөн. Барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар эсвэл шууд худалдана, эсвэл шүүхийн журмаар худалдана гэж заасан байдаг.Энэ бол гэрээний үүргийг ноцтой зөрчсөн асуудал болсон. Иймд 10,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Тамжид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:    Г.О нь “НБМ Финанс” ББСБ-д ажиллаж байсан. 6 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хугацаанд нэхэмжлэгч Д.О нь 7 удаа банкинд нийт 2,130,000 төгрөгийн төлөлт хийгдсэн байсан. Тухайн үед нэхэмжлэгч Д.О нь ББСБ-тай тохиролцоод газраа шууд өрөндөө өгөх санал тавьсан. Газрыг 8,000,000 төгрөгөөр, сууцыг 6,000,000 төгрөгөөр тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч О.Чулуунчимэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Ингээд хоёр үл хөдлөх үнэлгээний зөрүү болох 10.600.000 төгрөгийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хоёр гэрээ байгуулсан. Энэ гэрээний худалдагч тал болох нэхэмжлэгч нь эрх зүйн чадвар чадамжтай, тухайн үед сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлтгүй, насанд хүрсэн хүн. Гэтэл дээр нь өмгөөлөгч нь хүчээр тулгасан гэж ярьж байна. Ийм нөхцөл байдал байхгүй. Тухайн үед банк бусаас 10,000,000 төгрөг зээлсэн, ердөө 2,000,000 төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 40 дүгээр зүйлд шүүхээс гадуур болон шүүхийн журмаар худалдах гэж байгаа. Шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцоно гэж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний  5.2-т талууд шүүхээс гадуур худалдан борлуулж болно гэж заасан. Энэ дээр хууль зөрчсөн, тулгаж хийсэн гэдэг зүйл огтхон ч байхгүй бөгөөд өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлага бол мөнгө нэхэмжилж байгаа гэж ойлгож байгаа. Талууд 8,000,000 болон 6,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэр гэрээ нь хүчин төгөлдөр байна. Гэрээний дагуу зээл хаагдсан баримт нь хавтаст хэргийн 16 дугаар талд байгаа. Нэхэмжлэгч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар чадамжтай хүн мөртлөө одоо болохоор тухайн үед гэрээг ойлгоогүй гэж тайлбарлаж байгаа нь ямар ч  үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.О нь анх хариуцагч Г.От холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан №бд1068, №бд1069 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлаа өөрчилж, хариуцагч Г.Оээс 10,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д.О нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2205003661 дугаарт бүртгэлтэй 214 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг болон тус хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2205035217 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбайтай хувийн сууцыг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Б.Ариунболдод барьцаалан 21,700,000 төгрөгний зээлийг авсан байх ба улмаар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр барьцааны гэрээний үүрэг дуусгавар болж, барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлсөн байна./хх-5-7,59 тал/.

 

            Мөн 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр нэхэмжлэгч Д.О нь “НБМ Финанс ББСБ” ХХК-аас 10,000,000 төгрөгийн зээл авч, уг зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба барьцаалагч “НБМ Финанс ББСБ” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/03 дугаартай албан бичгийн дагуу ...Д.О зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр барьцаанаас чөлөөлжээ./хх-197-205 тал/.

 

            Улмаар нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Отэй 2016 оны 10 дугаар сарын 01-ний  өдөр №бд1068, №бд1069 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулж, №бд1068 дугаартай  гэрээгээр нэхэмжлэгч Д.Оийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоот хаягт байрлах 214 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрыг хариуцагч Г.О нь 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар, №бд1069 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч Д.Оийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, зүүн нарангийн 10 дугаар гудамжны 5а тоот хаягт байрлах 62 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Г.О нь 6,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохиролцжээ./ хх-206-210,240-244 тал/.

 

            Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, талуудын эрх үүрэг, гэрээний зүйл зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул  хуулинд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээн гэж заасны дагуу худалдагч тал болох Д.О нь уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Г.От шилжүүлэн өгснөөр худалдан авагч Г.О нь 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдөр улсын бүртгэлийн Г-2205003661 дугаарт бүртгэлтэй 214 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газрын, улсын бүртгэлийн Ү-2205035217 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авчээ.

 

            Худалдан авагч Г.О нь гэрээнд заасны дагуу газрын болон хувийн сууцны үнэд 13,665,000 төгрөгийг н.Ганбаатараар дамжуулан 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдагч тал болох Д.Оийн “НБМ Финанс ББСБ” ХХК-д төлөх зээлийн төлбөрт төлж, худалдах худалдах авах гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна./хх-88 тал/.

 

            Нэхэмжлэгч Д.О нь дээрх худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадахгүй байна гэж үзнэ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 24,600,000 төгрөгөөр  үнэлэгдсэн байдаг тул зөрүү 10,600,000 төгрөгөөр хохирч байна, ...уг байрыг худалдсанаар “НБМ Финанс ББСБ”-д төлөх зээл болон иргэн Б.Ариунболдод төлөх зээл бүгд хаагдана гэж ойлгосон. Гэтэл шүүхийн шийдвэрээр Б.Ариунболдод 19,000,000 төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

            Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 00457 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Оээс 19,000,000 төгрөгийг гаргуулан Б.Ариунболдод олгохоор шийдвэрлэсэн байна./2хх- 300-301 тал/.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.От өөрийн өмчлөлийн газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсанаар “НБМ Финанс ББСБ” ХХК-д төлөх зээлийн гэрээний үүргийг болон иргэн Б.Ариунболдод төлөх  зээлийн гэрээний үүргийг хариуцагч Г.О төлөх үүрэг хүлээсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

 

            Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК тухайн худалдах худалдан авах гэрээний зүйл болох газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 24,600,000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон байх боловч энэ нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон үнийг өөрчлөх үндэслэл болохгүй юм./хх-49-77 тал/.

 

            Иймд нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Г.Оээс худалдах, худалдан авах гэрээний үнийн зөрүү  гэх 10,600,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,950 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                    ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.Оээс 10,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭНХЗАЯА