Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2022/00776

 

 

Д.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01417 дугаар шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1622 дугаар магадлалтай,

Д.О ийн нэхэмжлэлтэй,

Г.О т холбогдох,

10,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч Г.О т холбогдуулан 10,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01417 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.О ээс 10,600,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 227,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2,050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1622 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгийн заалтыг баримтлан хариуцагч Г.О ээс 10,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О т олгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Г.О ээс 227,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.О т олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн магадлалаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулах хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.О ээс хариуцагч Г.О т холбогдох 10,600,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.10.01-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” хүчин төгөлдөр эсэхэд хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй 2020.05.04-ний өдөр 102/ШШ2020/01417 дугаартай шийдвэр гарган шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Д.О  нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10 гудамж, 5а тоотод байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205035217 дугаар бүхий 63 м.кв хувийн сууцыг 6 сая төгрөгөөр, мөн хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205003361 дугаар бүхий 214 мкв газрыг 8,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцсоны дагуу 2016.10.01-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” тухай 2 гэрээг байгуулсан. Гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан, нотариатаар баталгаажуулсан хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол хийсэнд тооцохоор заасан. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хэлцлийн тухайд “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Барьцааны зүйлийг талууд шүүхээс гадуур худалдаж болно”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах ажиллагааг хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 2015.11.04-ний өдөр байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний 5.2-т талууд шүүхээс гадуур худалдан борлуулж болно гэж заасны дагуу зээлийн барьцаанд байсан эд хөрөнгийг нэхэмжлэгч болон хариуцагч харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Д.О  нь ББСБ-тай байгуулсан зээлийн болон зээлийн барьцааны гэрээтэй холбогдуулан маргаагүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байхад давж заалдах шатны шүүхээс барьцааны эд хөрөнгийг худалдах талаар ББСБ-аас мэдэгдэл өгсөн талаар баримт байхгүй гэж дүгнэж, худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн 2018.08.17-ны өдөр “Мөнх-Оргил трейд” ХХК тухайн худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 24,600,000 төгрөг гэж үнэлгээ тогтоосон ч энэ нь талуудын 2016.10.01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон үнийг өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1622 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.04-ний өдрийн 102/ШШ2020/01417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Д.О  нь хариуцагч Г.О т холбогдуулан 2016.10.01-ний өдөр байгуулагдсан №бд1068, №бд1069 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  шаардлагаа өөрчилж, хариуцагчаас 10,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...газар болон хувийн сууцны бодит үнэлгээ шинжээчийн дүгнэлтээр 24,600,000 төгрөг болох нь тогтоогдсон, иймд “НБМ финанс ББСБ” ХХК-д төлөх 14,000,000 төгрөгийн өрийг хасч, үлдэх 10,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлан, маргасан байна.

7. Анхан шатны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан хариуцагчаас 10,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон” өөрчлөлт оруулжээ.

8. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. ...шинжээч худалдах, худалдан авах гэрээний зүйл болох газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 24,600,000 төгрөг гэж тогтоосон ч, энэ нь гэрээгээр тохиролцсон үнийг өөрчлөх үндэслэл болохгүй. ...магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.О  нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-р гудамжны 5а тоот хаягт байрлах, 214 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газар болон 62 м.кв талбайтай хувийн сууцыг 2015.07.03-ны өдөр Б.Ариунболдод барьцаалан 21,700,000 төгрөгийг зээлж авсан байх ба 2015.09.22-ны өдөр барьцааны зүйлийг чөлөөлсөн байна. Улмаар нэхэмжлэгч нь 2015.11.04-ний өдөр “НБМ Финанс ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг зээлсэн, уг зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба тэрээр гэрээний үүргийг биелүүлээгүйгээс Г.О тэй 2016.10.01-ний  өдөр №бд1068, №бд1069 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулж, барьцааны зүйл болох газрыг 8,000,000 төгрөгөөр, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 6,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

11. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болохоор, 45 дугаар зүйлийн 45.1-д барьцаалагч, барьцаалуулагч нь энэ хуулийн 11.2-т зааснаар харилцан тохиролцсон бол барьцааны зүйлийг шууд худалдаж болохоор тус тус заасны гадна, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Дараахь барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахыг хориглоно: 44.4.1. газар, 44.4.2. улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу бүртгүүлвэл зохих үл хөдлөх хөрөнгө болох түүх, урлаг, соёлын үнэт зүйлс” гэж хуульчилсан.

12. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 5.2.2, 5.2.3, 5.2.5-д гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах зорилгоор харилцан тохиролцож худалдаж болохоор, ийнхүү тохиролцохын тулд барьцаалагч нь энэ талаар барьцаалуулагчид 7 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх, барьцаалуулагч нь мэдэгдлийг хүлээн аваад худалдан борлуулах үнэ, огноо, арга зэргийг тодорхойлсон эцсийн мэдэгдлийг барьцаалагчид хүргүүлэх талаар зааж харилцан тохиролцжээ.

13. Хэрэгт авагдсан баримтаар, барьцаалагч “НБМ финанс ББСБ” ХХК-аас болон барьцаалуулагч Д.О ээс гэрээнд заасан журмын дагуу харилцан мэдэгдэж, үүргийг барьцааны хөрөнгөөр хангах талаар харилцан тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүйн гадна, барьцаалагч “НБМ финанс ББСБ” ХХК уг гэрээнд оролцоогүй байна.

14. Иймд давж заалдах шатны шүүх ...худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 44 дүгээр зүйлийн 44.4, 44.4.1, 44.4.2-т заасныг зөрчсөн, ...худалдах, худалдан авахаар талууд гэрээгээр харилцан тохиролцсон гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй, ...Г.О тэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх ба хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардах эрх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О т үүснэ гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.О ээс 10,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О т олгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

15. Харин, анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах журам зөрчигдсөн хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлж, эрх зүйн дүгнэлт өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн талаар давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

16. Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1622 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.14-ний өдөр төлсөн 184,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ