Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалцаны Цэнгэл |
Хэргийн индекс | 182/2021/03252/И |
Дугаар | 182/ШШ2022/00493 |
Огноо | 2022-02-23 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 182/ШШ2022/00493
2022 02 23 182/ШШ2022/00493
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б төв /РД: /-т холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ,ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.А нь Барилга хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт 2015 оноос хойш Б төвд ажилласан. 2016 оноос эхлэн барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан. Тус төвийн захирал Ц. Амарсанаа нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б/308 дугаар тушаал гаргаж, Б.Аг сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт болон хөдөлмөрийн гэрээнд заасан хангалттай үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Б. Амарзаяа нь дээрх тушаалд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй , хэлтсийн даргын биед халдаагүй, ажил хэргийн шаардлагаар буюу томилолтоор явах, машинаас болоод маргалдсан. Өмнө нь хэлтсийн дарга Э.Мөнхсүх нь Б.Ад байнгын дарамт шахалт үзүүлэх хандлага гаргадаг байсан. Ажил хэргийн асуудлаар хоорондоо маргалдсан, таарамжгүй харилцаанаас болсон . Ёс зүйн зөвлөл нь хэрхэн байгуулагдсан, ямар дүгнэлт гаргасан нь тодорхой бус байгаа нөхцөлд , түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэн, ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах ,ажлаас халагдсан буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тус төвийн барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэст Бүс хариуцсан ахлах инженерээр ажиллаж байсан Б.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаар тушаал гарсан.
Учир нь Б.Ад Төвийн захирлын 2021 оны 06 дугаар 16-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Үүний дараа нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ёс зүйн зөрчил гарган, сахилга хариуцлага алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдэж байна.
Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 33 дугаар тогтоолын 15.4-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй, 15.4.1-д Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шйитгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заасан.
Тус төвийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.1-д Хөдөлмөрийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн бусад акт, энэхүү дотоод журмаар тогтоосон дэг журам болон бусад дүрэм журмуудыг хэлбэрэлтгүй дагаж биелүүлэх талаар ажилтнуудад тавигдах шаардлагыг хөдөлмөрийн сахилга гэнэ гэж заасан байна. Гэтэл Б.А нь байгууллага дээр мөрдөгдөж буй ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гарч, өмнөх сахилгын зөрчлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.
Иймд Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоон , урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай Б. Амар заяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 12дугаар сарын 09-ний өдрийн итгэмжлэл, Б төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 тоот тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт , хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн. /х.х-ийн 3-6 128-130, 147-151тал/
4 Хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11дүгээр сарын 16-нй өдрийн 1/3058 тоот итгэмжлэл, Б төвийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/58 тоот Ажилд томилох тухай тушаал, 2017 оны 02дугаар сарын 06-ны өдрийн 2017/04 дугаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус төвийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/111 дугаар сэлгэн ажиллуулах тухай тушаал, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/134 дугаар чөлөө олгох тухай тушаал, , 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Б/196 дугаар чөлөө олгох тухай тушаал, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/151 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Тушаал гардуулах тухай баримт, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/319 дугаар Ээлжийн амралтын олговор нөхөн олгох тухай тушаал, Б.Агийн цалингийн жагсаалт, Э. Мөнхсүхийн Б төвийн ёс зүйн хороонд гаргасан гэх гомдол, Б төвийн ёс зүйн зөвлөлийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 02/2021 дугаар тэмдэглэл, Б.Агийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тайлбар, 2021 оны 10 дугаар сарн 04-ний өдрийн 03/2021 дүгээр тэмдэглэл Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 85 дугаар Б төв төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай тогтоол, Б төвийн төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, Б төвийн даргын 2021 оны 01дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тушаал болон тушаалын хавсралт, Б төвийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, зэрэг бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн./х.х-ийн16-114 тал
5.1 Нэхэмжлэгчийн хүсэлтээр , хариуцагч Б төв төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас, тус төвийн Ёсзүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон талаарх холбогдох баримтыг шүүх бүрдүүлсэн. /х.х 138-140,143-144 тал /
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А нь Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдуулан тус газрын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн бүс хариуцсан ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Б. Амарзаяа нь нэхэмжлэлээ 2021 оны 11 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба, тэрээр хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.
2. Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.
2.1.Нэхэмжлэгч Б. Амарзаяа нь өөрийгөө бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бусад эрх үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг Г. Оюунцэнгэлд 2021 оны 12дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /х.х-ийн 6 тал/
2.2 Хариуцагч Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Ц. Амарсанаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газрыг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 36 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Э. Мөнхгэрэлд 2021 оны 11дүгээр сарын 16-ны өдөр 1/3058 тоот итгэмжлэлээр олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 10 тал /
3. Зохигчид Б. Амарзаяаг ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
4. Нэхэмжлэгч Б. Амарзаяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажил олгогч 2021 оны 10дугаар сарын 15-ны өдөр Б/308 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан. ... Хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргаагүй, хэлтсийн даргын биед халдаагүй, ажил хэргийн шаардлагаар уулзаж, томилолтоор явах асуудлаас болж маргалдсан. Өмнө нь хэлтсийн дарга Э.Мөнхсүх байнгын дарамт шахалт үзүүлэх хандлага гаргадаг байсан....
Ёс зүйн зөвлөл нь хэрхэн байгуулагдсан, ямар дүгнэлт гаргасан нь тодорхой бус, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, үндэслэлгүй халагдсанд гомдолтой байна... гэж тодорхойлж байна.
5. Хариуцагч Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газар, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б.Аг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаар тушаал гарсан.
Б.Ад өмнө нь 2021 оны 06 дугаар 16-ны өдрийн Б/151 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан. Сахилгын шийтгэл ногдуулаад , нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад, ёс зүйн зөрчил гаргаж, сахилга хариуцлага алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл бүрдэж байна. Б.А нь байгууллага дээр мөрдөгдөж буй ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай ,ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гарч, өмнөх сахилгын зөрчлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байхад хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.... гэх тайлбар гарган, мэтгэлцэж байна. /х.х-ийн /
6. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын тайлбар , хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1Б. Амарзаяа нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газарт барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн Бүс хариуцсан ахлах инженерээр ажиллаж байсан байх ба тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/ 308 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болох нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр,ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4,16-33тал/
6.2.Хариуцагч Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8.1,3.9,4.6.1,8.1, Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10дугаар сарын 4-ний өдрийн 1дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэсэн байна.
6.3.Ажил олгогчийн тушаалд Б. Амарзаяа нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 10дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгагджээ. /х.х-ийн 4 тал/
Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
7. Ажилтан сахилгын шийтгэл авч байсан нь ажил олгогчийн 2021 оны 06дугаар сарын 16-ны өдрийнБ/151 дүгээр тушаалаар тогтоогдож байгаа ч тэрээр дахин зөрчил гаргасан нь үндэслэл бүхий нотлох баримтаар бүрэн тогтоогдохгүй байна. /х.х-ийн 19 тал /
8. Ажил олгогч тушаал гаргахдаа тус төвийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг , тушаалын үндэслэл болгожээ.
9. Нэхэмжлэгч Б. Амарзаяаг, хэлтсийн дарга Э. Мөнхсүхтэй харилцахдаа Ёс зүйн дүрмийн , 3.1.14-т албан үүргээ гүйцэтгэхдээ хүлээцтэй хандах 3.1.17 албан харилцаанд хүний халдашгүй байдлыг эрхэмлэх 3.1.23-д удирдах, удирдуулах ёсыг чанд баримталж, удирдлагатай хүндэтгэлтэй хандах гэх заалтуудыг зөрчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буруутгаж, хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх холбогдох нотлох баримтуудаар Б төвийн ёс зүйн зөвлөлийн хуралдааны 2021 оны 09дүгээр сарын 25-ны өдрийн 02/2021, 2021 оны 10дугаар сарын 04-ний өдрийн 03/2021 тоот тэмдэглэл, 2021 оны 10дугаар сарын 04-ний /огноо засвартай / өдрийн 1 дүгээр дүгнэлт , Э. Мөнхсүхийн хүсэлт зэргийг гаргаж өгсөн боловч эдгээр нь Б. Амарзаяаг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журмаар зохицуулсан журмыг зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт гэж дүгнэх боломжгүй байна. /х.х тал/.
10. Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын ёс зүйн дүрмийн 4 дугаар зүйлийн 4.5.2-д Ёс зүйн зөвлөл нь гомдол, мэдээлэлд холбогдогч болон гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, тэмдэглэл хөтлөх харъяалах нэгжийн удирдлага албан хаагчтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах холбогдох нотлогоо, материал баримт бичгийг шаардан авч, түүний үндэслэлийг шалгаж тогтооно гэж заасан.
11.Иймд нэхэмжлэгч Б. Амарзаяаг ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байх ба ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Б. Амарзаяаг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба ажлаас чөлөөлсөн тушаалд ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар огт тусгагдаагүй, нэхэмжлэгчийн хэдийд гаргасан, ямар зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхой бус байх тул хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх нөхцөл бүрдээгүй байна.
12.Иймд Б.Ад ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2,2.6,2.7 дах заалтуудтай нийцээгүй гэж үзэхээр байна.
13. Иймд Б. Амарзаяаг Б төв төрийн өмчит үйлдвэрийн газрын барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн Бүс хариуцсан ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй.
14.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр гарсан буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 89 хоног байна.
Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн Б. Амарзаяагийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтооход / 2.347.770 + 2.121.477+ 1.125.008 /:3 = 1.864.751 төгрөг байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 7.719.148 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй. /х.х-ийн 7 тал/
15. Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
16. Шүүх, Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх,буцаан олгох хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, 41дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60дугаар зүйллийн 60.1-д зааснаар шийдвэрлэв.
17. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгох тухай дурдсан нь бие даасан шаардлага биш, харин ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-г Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн Бүс хариуцсан ахлах инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Б төв Төрийн өмчит үйлдвэрийн газраас 7.719.148 / долоон сая долоон зуун арван есөн мянга нэг зуун дөчин найман /төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б. Амарзаяад олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч Б төв төрийн өмчит үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Б.Агийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад буцаан олгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б төв Төрийн өмчит үлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 138.456 төгрөгийг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ