Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 30

 

Ц.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/02211 дугаар шийдвэртэй, Ц.Ч-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Оюу толгой” ХХК-д холбогдох, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах, хариуцагч “М М” ХХК-д холбогдуулан тус компанийн “С М М” эмнэлгийн “эрүүл мэндийн хувьд тохирохгүй” талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах иргэний хэргийг хариуцагч “О Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Т.Саруул, хариуцагч “О Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа, түүний өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагч “М М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О Т” ХХК нь аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажлын байранд ажилтан шалгаруулж авна гэсэн зар гаргасны дагуу Ц.Ч- миний бие ажилд орох өргөдөл гаргаж, уг ажлын байранд тавигдсан дөрвөн төрлийн шалгуурт эхний шатаар орж тэнцсэн. Үүнд өргөдөл, анкет СV буюу хувийн байдлын танилцуулга өгч, хийсэн бүтээлүүдээ танилцуулж, ярилцлагад орж, “аюулгүйн бүс” сэдвээр видео шторк бэлтгэж, ажлын шалгуурт тэнцсэн тул дараагийн шатны шалгаруулалт болох эрүүл мэндийн үзлэгт орох эрхээ авсан.

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр эцсийн шалгуур болох эрүүл мэндийн үзлэгт “С М М” эмнэлэгт шинжилгээ өгч дуусмагц эмч шинжилгээний хариуг надад хэвлэн үзүүлж таны бүх зүйл эрүүл байна, эрүүл мэндийн үзлэгт тэнцэнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Энэ үед би үнэхээр баярлаж маш их итгэл найдвар урам зориг авч өөрийн бүх ах дүү хамаатан садандаа энэ тухайгаа хэлж, гэр бүлийн санхүүгийн хүрээнд маш олон зүйл төлөвлөж эхнээс нь хэрэгжүүлэх болсон. Тус компаниас зарласан ажлын байрны бүх шалгуурт өөрийн хүч хөдөлмөр авьяас чадвараар тэнцсэн учир зөвхөн ажилдаа орох л үлдлээ гэж бодсон.

Гэвч намайг дуудна гэсэн хугацаандаа дуудаагүй тул шинжилгээний хариу “О Т” ХХК-д хүргэгдсэн эсэхэд санаа зовж “С М М” эмнэлэг рүү очтол “О Т” ХХК-иас чамайг битгий тэнцүүл гэсэн учир ажилд тэнцэхгүй гэсэн бичиг хийж явуулсан. Учир нь чи хэт илүүдэл жинтэй /+100 кг/ гэж хэлсэн. Энэ байдлыг тодруулж “О Т” ХХК-д хүнд жинтэй хүмүүс ажилладаг эсэх талаар судлахад надтай адилхан хүнд жингийн олон хүн ажилладаг болох нь тогтоогдсон. Уг үйлдэл миний хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төдийгүй Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзнэ. Хэрэв илүүдэл жинтэй, том биетэй хүмүүсийг авахгүй байсан бол анхнаасаа ажлын байрны зар болон санал дээр энэ тухай тодорхой  заах байсан. Ингэж ялгаварлан гадуурхаж болохгүй бөгөөд ДОХ-той байсан ч ажилд авах ёстой атал бүдүүн гээд аваагүйд гомдолтой.

Мөн хууран мэхэлж, төөрөгдүүлж болохгүй. Үүүнээс болж өөртөө итгэх итгэлгүй, сэтгэл санааны гүн хямралд орж цаашид яаж ажиллаж хөдөлмөрлөж амьдрахаа мэдэхгүй бусдад маш ихээр доромжлогдсон мэдрэмжийг тээх болсон. Хариуцагч “С М М” эмнэлгийн эмчийн гаргасан дүгнэлтэд 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг байх үзүүлэлтийг хангаагүй тул эрүүл мэндийн хувьд тохирохгүй, хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндэд ноцтой, үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэсэн байдаг. Үүнийг үндэслэн “О Т” ХХК эрүүл мэндийн шалгуурт тэнцээгүй иргэнийг ажилд аваагүй гэх тайлбар гаргасан. Гэтэл эрүүл мэндийн шалгуурт тэнцсэн гэж хариу өгсөн үеэс би өөртөө болон ажил олгогчид итгэлтэй байсан. Өмнөх дүгнэлтээ үгүйсгэн намайг хуурч мэхлэн дахин ийм дүгнэлт гаргасанд гайхаж бас гомдолтой байна. Тус эмнэлгийн эмчийн бичсэн 3 минутын аюулгүйн суух хязгаар 100 кг гэдэг нь ямар стандарт дүрмийн дагуу гарсан дүгнэлт болох нь ойлгомжгүй бөгөөд “О Т” ХХК-ийн 03 ангиллын ажлын байрны эрүүл мэндийн стандартыг үндэслэн гарсан гэх боловч Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенци зөрчин, хүний эрхэд халдаж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Иймд “Медика Монголия” ХХК-ийн “С М М” эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, “О Т” ХХК-ийн “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “О Т” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани ажилтан шалгаруулж авахдаа Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмыг баримталж, хүний эрхийн талаарх Монгол Улсын нэгдэн орсон конвенц зэргийг чанд дагаж мөрдөхийн зэрэгцээ иргэдийг ажилд авах шийдвэр гаргахдаа үндэс, угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхдаггүй, хүн бүрт адил тэгш боломж олгох зарчимд үндэслэдэг. 2017 оны 4 дүгээр сард “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд ажилтан шалгаруулж авах зарыг нээлттэй зарласнаар нийт 97 хүн өргөдөл ирүүлж, 9 нь тэнцэж нэг нь нэрээ татаж хоёр дахь шатны шалгаруулалтад 8 хүн оролцож, үүнээс эхний 4 хүн ярилцлагад орох болсон. Тодорхой сэдэв өгч бүтээл хийлгэж жагсаахад нийлбэр дүнгээр Ц.Ч- нэгдүгээрт байсан тул дээрх журамд заасны дагуу эмнэлгийн үзлэгт оруулсан.

“С М М” эмнэлгийн эмч ажилд тохирох эсэх талаарх зөвлөмж тайландаа Ц.Ч-ыг 3 минутын алхах сорил болон аюулгүйн суух хязгаар 100 кг-аас доош байх үзүүлэлтийг хангаагүй тул эрүүл мэндийн хувьд уг ажлын байранд тохирохгүй, хийж гүйцэтгэх ажил нь эрүүл мэндэд ноцтой, үл зөвшөөрөгдөх эрсдэлд хүргэж болзошгүй гэх дүгнэлт гаргасан. Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 11.2.1-т сонгон шалгаруулалтын үйл явц дууссаны дараа ажлын санал тавьж болно. Үүнд ажилд авахын өмнөх үзлэг, магадлагаа эмнэлгийн үзлэг, ажил байдлын тодорхойлолт, бусад шалгуураар гарсан нааштай үр дүнг хамруулж болно гэж заасан. Эрүүл мэндийн үзлэг нь сонгон шалгаруулалтын нэг юм.

Тухайн ажлын байр нь “О Т” ХХК-ийн уурхайн талбай дээрх олборлох болон боловсруулах үйлдвэрээр явах, үйлдвэрийн шатаар өгсөж уруудах зэрэг биеийн хүчний хөдөлгөөн хийх, дуу чимээ, халуун хүйтний нөлөөлөл гэх мэт хөдөлмөрийн эрүүл мэндийн осол аюулд өртөж болзошгүй нөхцөлтэй. Түүнчлэн Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах эсвэл давуу тал олгох үйлдлийг алагчлах хэмээх ойлголтод хамааруулахгүй гэсэн заалтад Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам болон холбогдох стандарт нь нийцэж байгаа болно.

Эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй иргэнийг дээрх ажлын байранд шалгаруулж авсан тохиолдолд амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй гэдэг үндэслэлээр аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч ажлын байрны сонгон шалгаруулалтад Ц.Ч- тэнцээгүй. Уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т зааснаар гэрээний санал гаргах дуудлага бөгөөд Ц.Ч-тай зайлшгүй гэрээ байгуулах санал биш тул нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг хүлээхгүй. Иргэний хуулийн 195.1-т зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. Хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлэх гэдэг нь тухайн гэрээний саналд гэрээний гол нөхцлийг тусгасан байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тодорхойлохдоо албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин, албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг ойлгохоор хуульчилсан тул компани эдгээр нөхцлүүдийг агуулсан гэрээ байгуулах санал Ц.Ч-ад илэрхийлээгүй.

Гэрээний саналын дуудлага нь тодорхой бус этгээдүүдэд хандаж гаргасан байдгаар гэрээ байгуулах саналаас ялгаатай. “О Т” ХХК ажлын байрны зарыг зөвхөн Ц.Ч-ад зориулж илэрхийлээгүй, нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан тул гэрээ байгуулах санал биш. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд цалин хөлс төлөх үүрэг хүлээгээгүй. Үндсэн хуулийн 16.4-т иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэж заасан. Энэ эрхийн агуулгад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх чөлөө буюу Ц.Ч- нь хэд хэдэн мэргэжил сонгох, тэдгээрийг нэгэн зэрэг эрхлэх эрх хамаарах ба “О Т” ХХК түүний эрхийг ямар нэгэн байдлаар үйлдэл, эс үйлдлээр хориглон хязгаарлаж, халдсан зүйл байхгүй.

Эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн бол түүнд ажлын санал тавьж болох байсан ба сонгон шалгаруулалтад мэргэжлийн хувьд тэнцсэн ч эрүүл мэндийн үзлэгээр ажлын байранд нийцэхгүй нь тогтоогдсон. Бид аливаа этгээдийг гадаад байдлаар нь ялгаварлан гадуурхдаггүй, тарган гэдгээр ажлын шалгуурт тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаагүй. “С М М” эмнэлэг тус компанитай гэрээтэй ажилладаг учир нэхэмжлэгчийг ажилд орохоос өмнө байгууллагын журамд зааснаар урьдчилсан үзлэг хийж, уг ажлын байранд тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан тул Ц.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М М” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “О Т” ХХК-иас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус компанид ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн дөрвөн хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр оруулах хүсэлт тавьсан ба эдгээр хүмүүсийн дотор иргэн Ц.Ч- багтсан байсан. Түүний сонирхсон ажлын байр нь “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангилалд хамрагдаж байгааг тус компаниас ирүүлсэн хүсэлтэд дурдсан байв. Үзлэгээр цус, шээс, нүд, сонсгол, бусад шинжилгээ сорилууд хэвийн гарсан. Ц.Ч-ын биеийн өндөр 184 см, жин 125 кг байсан. Зүрхний ачааллын сорилын шинжилгээгээр зүрхний цохилт нэг минутад 120 удаа цохилж байсан нь тогтоогдсон. Уг сорилыг анагаахын шинжлэх ухааны үүднээс хийхдээ сорилд хамрагдаж байгаа хүнийг тусгайлан бэлдсэн 30 см-ийн өндөр шат буюу тавцан дээр хоёр хөлөөрөө гарч, буух үйлдлийг 3 минутын туршид хийлгэснээр 1 минут амрааж зүрхний цохилтыг тоолж үзнэ. Эрэгтэй хүний хувьд нэг минутад 79-өөс доош цохилж байвал онц, 79-89-ийн хооронд бол сайн, 90-99 байвал дунджаас дээш, 100-105 бол дундаж, 106-116 бол дунджаас доош, 117-128 бол муу, 128-аас дээш бол онц муу гэж дүгнэдэг. “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын шалгуур нь ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байхыг шаарддаг. Зүрхний ачааллын сорилын үр дүн нь дундаж буюу дунджаас дээш үзүүлэлттэй, өөрөөр хэлбэл зүрх нэг минутад 105-аас бага удаа цохилж байвал зүрхний үйл ажиллагааг хэвийн гэж үздэг.

Ц.Ч-ын хувьд биеийн жин 125 кг, зүрхний ачааллын сорилын дүн “муу” үзүүлэлттэй гарсан тул биеийн эрүүл мэндийн байдал Оюу толгой ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын шалгуур үзүүлэлтийг хангахгүй буюу тухайн ажлын байранд нийцэхгүй гэсэн дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлт нь Ц.Ч-ын тухайн үеийн эрүүл мэндийн шинжилгээний объектив үзүүлэлтүүдэд тулгуурлаж хийгдсэн, аливаа субъектив шинжгүй, үнэн зөв дүгнэлт гэдгийг баталж, түүний амь нас, эрүүл мэндийг ирээдүйд гарч болзошгүй аливаа эрсдэлээс хамгаалсан үйлдэл тул дүгнэлт танилцуулахдаа, цаашид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах, биеийн жинг хасах, хөдөлгөөн нэмэгдүүлэхийг зөвлөсөн.

Эрүүл мэндийн талаарх дүгнэлтийг гаргахдаа Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хүний их эмчийн тангараг, 28 дугаар зүйлийн 28.4.1 дэх хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг баримтлан хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх эмнэлгийн мэргэжилтний үүргийн дагуу Ц.Ч-ын эрүүл мэндэд цаашид учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах чин зорилгыг эрхэм болгосон. Нэхэмжлэгч Ц. Чинбатын хувьд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан иргэн эрүүл мэндээ хамгаалах үүргээ ягштал биелүүлэх тухайлбал, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлт зан үйлээс татгалзах, сэргийлэх, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үйлдлийг таслан зогсоох талаарх эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг биелүүлэх ёстой гэж үзэж байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэжээ. Ц.Ч-ын эрүүл мэндийн талаарх дүгнэлт нь түүний чухам ямар эрхийг зөрчсөн нь ойлгогдохгүй байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар иргэн эрүүл мэндээ хамгаалах эрхийн хүрээнд эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах, өрхийн эмчээ сонгон бүртгүүлэх, өөрийн эрүүл мэндийн мэдээллийг авах, халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах, эрүүл мэндэд харш үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэний талаар холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хуулийн хүрээнд өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийн нууцыг хадгалуулах эрхийг хуульчилсан байна. Ц.Ч-ын эрүүл мэндийн дүгнэлтэд дээрх эрхийн нэгийг ч зөрчөөгүй бөгөөд эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалсан болно.

“О Т” ХХК-ийн Ажлын байрны эрүүл мэндийн стандартын Оффист ажиллах ажилтан “Аюулгүй суух хязгаар 100 кг-аас доош” гэсэн шаардлага нь хүнийг биеийн жингээр ялгаварлах бус харин 100 кг аас дээш жинтэй хүнд түүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажил олгогч суудлын нэмэлт бэхэлгээ хийж өгөхийг зааж өгсөн хүний эрхийг хамгаалсан заалт юм. Иймд “М М” ХХК-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ч-ыг “О Т” ХХК-ийн аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгаж, М М ХХК-ийн С м эмнэлгийн эрүүл мэндийн хувьд тохирохгүй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “О Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүдийг хэрэглэхдээ хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “… нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ…” гэж заасан. Үүнтэй холбоотой “нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан…” гэдгийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ. Ажилд авах зар нь тодорхой бус тооны этгээдэд хандсан, уншсан хүн бүрт нээлттэй ажлын зар байсан. Хэрэв уг зарыг гэрээний санал гэж дүгнэвэл “О Т” ХХК нь ажлын зарын дагуу ирсэн хүн бүртэй гэрээ байгуулах үүрэг хүлээх болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсгийн “… хангалттай тодорхой илэрхийлсэн…” гэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн илэрхийллийн агуулга нь гэрээний гол нөхцөлийг агуулсан байхыг ойлгоно. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хуульчилсан. Шүүх Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг хамт хэрэглэсэн ч 21.1.1-21.1.4 дэх хэсэгт тодорхой тоочиж заасан заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Талууд мөн хуулийн 23.3-т зааснаар үндсэн цалин, албан тушаалын цалингийн хэмжээний талаар тохиролцоогүй. Ажлын зар нь гэрээний саналын дуудлага байсан ба нөгөө тал компаниас гэрээний санал гаргасан тохиолдолд цалингийн талаар харилцан тохиролцсон байх ёстой.

Иймд шүүх Ц.Ч-ыг тус ажлын байранд томилохыг даалгасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчсөн. Шүүх гэрээ байгуулах саналын дагуу сонгон шалгаруулалтын цорын ганц ялагч Ц.Ч-ад эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийн хүсэлтийг “С М М” эмнэлэгт хүргүүлсэн өдөр буюу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцож дүгнэжээ. Эрүүл мэндийн үзлэгт оруулахтай холбоотой мэдэгдэлд гэрээний гол нөхцөл болох үндсэн цалин түүний хэмжээг огт дурдаагүй. Үзлэг нь ажилд авахын өмнөх сонгон шалгаруулалтын нэг хэсэг болох тухай Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын 10 дугаар зүйлд заасан.

Түүнчлэн, ажлын санал буюу гэрээний санал тавих тухайд мөн журмын 11.2.1-д “Зөвхөн сонгон шалгаруулалтын үйл явц дууссаны дараа ажлын санал тавьж болно. Үүнд ажилд авахын өмнөх үзлэг, магадлагаа, эмнэлгийн үзлэг, ажил байдлын тодорхойлолт болон бусад шалгуураар гарсан нааштай үр дүнг хамруулж ойлгоно.” гэж заасан. Мөн ажил олгогч нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан, холбогдох зардлыг зохих журмын дагуу төсөвт суулган, ажил горилогчийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах үүрэгтэйг хуульчилсан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг; 14.4, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 дугаар тушаалын 3.1, 7.1 дэх хэсэгт эрүүл мэндийн үзлэг нь тухайн ажил мэргэжилд ажиллагсад эрүүл мэндээрээ тэнцэх эсэхийг тодорхойлж, дүгнэлт гаргах зорилготой юм.

Харин уг үзлэгийг хийсэн эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр Ц.Ч- тус ажлын байранд эрүүл мэндээр тэнцэхгүй гэж дүгнэснийг үндэслэн “О Т” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр түүнд Аюулгүй ажиллагаа зааварчилгааны сургагч ажлын байранд тэнцээгүй тухай цахим шууданг хүргүүлсэн. Иймд Ц.Ч-ыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулахаар “М М” ХХК-ийн “С М М” эмнэлэгрүү явуулсан нь гэрээний санал биш, түүнтэй гэрээ байгуулсан хэлбэр ч биш юм.

Шүүхээс ялгаварлан гадуурхахтай холбоотой Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг тус тус буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ. Тодруулбал, ялгаварлан гадуурхах нь яг ижил нөхцөл байдалтай хүнийг алив нэг шинжээр нь ялгаварлан гадуурхахыг ойлгодог. Ц.Ч- нь өөр нэг ажил горилогчтой эрүүл мэндийн хувьд зүрхний ачаалал даах чадвар нь муу буюу ижил байхад ажлын сонгон шалгаруулалтын үзүүлэлтэд үл хамаарах нөхцөл болох арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол зэргээр давуу байдал олгосон байхыг ялгаварлан гадуурхах гэж үзнэ.

Харин тухайн ажлын байранд тавигдах шалгуур болох тус ажлын байранд өргөдөл гаргасан хүн бүрт ижил, тэнцүү тавигдаж байгаа шалгуурыг Ц.Ч- хангаагүй, эрүүл мэндийн уг шалгуур нь зөвхөн Ц.Ч-ад тусгайлсан шалгуур биш тул ялгаварлан гадуурхсан гэж үзэхгүй. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй шинжүүдийг тоочин заасан ба “…эрүүл мэнд…” гэх шинж байхгүй, мөн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын 111-р конвенцод ажлын байрны онцлогоос хамааран тодорхой шалгуур тавихыг ялгаварлан гадуурхалт гэж үзэхгүй гэжээ.

Нэгэнт “О Т” ХХК-ийн ажлын зар гэрээний санал байгаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулснаар үүсдэг байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцаанд баримтлах зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Шийдвэрийн агуулгаас харвал, “О Т” ХХК-ийн ажлын зар болон эрүүл мэндийн үзлэгт оруулахаар явуулсан нь гэрээний санал тавьсан гэж дүгнэсэн бөгөөд энэхүү гэрээний санал тавьснаас хууль бусаар буюу “…ялгаварлан гадуурхаж…” татгалзсан гэж дүгнэсэн байна.

Шүүх ялгаварлан гадуурхахтай холбоотой дүгнэлт өгөхдөө Монгол Улсын Олон улсын гэрээ болох Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111-р конвенцод заасан тодорхой ажлын байрны онцлогоос хамааран шалгуур тавихыг ялгаварлан гадуурхсан гэж үзэх зохицуулалтыг анхаарч хэрэглэгдэх боломжтой эсэх талаар дүгнэлт өгөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “…ялгаварлан гадуурхсан…” гэж дурддаг бол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…хууран мэхэлж, төөрөгдүүлсэн…” гэж тайлбарласан нь өөр өөр ойлголтууд бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахын тулд өөрийн нотлох үүргээ биелүүлээгүй буюу нотолж чадаагүй асуудлаар үндэслэлгүй тайлбар гаргана. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Ц.Ч- “О Т” ХХК-ийн тус ажлын байранд тавигдах дээд боловсролын шаардлагыг хангаагүй энэ талаар худал мэдүүлж, ажилд орох өргөдлийг худал бөглөсөн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нь нотлогдож, хуурч мэхлэх үйлдэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим буюу Ц.Ч- “О Т” ХХК-ийн аюулгүй ажиллагаа зааварчилгааны сургагчийн ажилд томилохыг даалгах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан алдаа гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах боломжтой байна.

 

 Нэхэмжлэгч Ц.Ч- нь хариуцагч “О Т” ХХК-д холбогдуулан хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах, хариуцагч “М М” ХХК-д холбогдуулан тус компанийн “С М М” эмнэлгийн “эрүүл мэндийн хувьд тохирохгүй” талаарх дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх1-2,116, 1хх39-40,133-135/

 

Хариуцагч “О Т” ХХК нь Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авах зарыг нээлттэй гаргаж, уг ажлын байрны үндсэн зорилго нь  “ажилтнуудад зориулсан сургалт явуулах, сургалтын багц материал төлөвлөн боловсруулах, төрөл бүрийн программ хангамж ашиглан технологид суурилсан байдлаар сургалтуудыг дахин зохион байгуулахад тэргүүлэн оролцох” гэж тодорхойлж, тавигдах шаардлагыг дээрх чиглэлээр дээд боловсролтой, ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, медиа үйлдвэрлэл харилцааны арга хэрэгслийг үр дүнтэй ашиглах мэдлэгтэй, хичээлийг сонирхолтой байдлаар хүргэх чадвартай, монгол хэл, англи хэлний сайн мэдлэгтэй, хэрэглээний программын чадвар, туршлагатай байх гэж тусгажээ. /1хх6/

 

Харин дээрх зар болон хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тухайн ажлын байрны тодорхойлолт /Хөдөлмөрийн гэрээний хавсралт-1/ гэх загвар баримтаас үзвэл ажил горилогчийн эрүүл мэнд, бие бялдарт тавигдах шаардлагын талаар тусгайлсан шалгуурыг заагаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь “О Т” ХХК-ийн “Аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байрны нэг орон тоонд Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын дагуу явуулсан өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад хувийн байдал, хийсэн бүтээл, ярилцлага, видео танилцуулга бэлтгэх шалгалтад оролцож тус ажлын байранд бүртгүүлсэн нийт 97 иргэнээс эцсийн үнэлгээгээр цорын ганц ялагч болсон ба талууд энэ талаар маргаагүй болно. /2хх249-250, 3хх1-18,29/

 

Ийнхүү хувийн байдал, ур чадварын болзол шалгуурыг нэхэмжлэгч Ц.Ч- хангасан боловч хариуцагч “О Т” ХХК нь тухайн ажлын байрны зар, ажлын байрны тодорхойлолтод тавигдаагүй үзүүлэлтийг зааж, эрүүл мэндийн үзлэгт оруулах хүсэлтийн хуудсыг өөрийн гэрээт байгууллага гэх “М М” ХХК-ийн харьяа “С М М” эмнэлэгт хүргүүлж, түүний эрүүл мэндийн талаар дүгнэлт хүссэн байна./хх159-170/

 

Тус эмнэлэг дээрх хүсэлтийн дагуу Ц.Ч-ыг үзлэг шинжилгээнд хамруулснаар “Эрүүл мэндийн үзлэгийн анкет, ажилд тохирох талаар зөвлөмж тайлан” гэх баримтаар “ажилд тохирохгүй” болохыг баталгаажуулахдаа “биеийн өндөр 184 см, жин 125 кг. Зүрхний ачааллын сорилын шинжилгээгээр зүрхний цохилт нэг минутад 120 удаа цохилж байгаа нь анагаахын шинжлэх ухаанд 117-128 бол муу гэж дүгнэгдэх, “О Т” ХХК-д мөрддөг Ажлын байрны эрүүл мэндийн стандартын 03 ангиллын ажилтны биеийн жин 100 кг-аас доош байх, зүрхний үйл ажиллагаа хэвийн байх гэсэн шалгуурт нийцээгүй гэж үзжээ.

 

Хариуцагч “О Т” ХХК нь нэхэмжлэгч Ц.Ч-ыг эрүүл мэндийн үзлэгээр уг ажилд тохирохгүй гэх дүгнэлт гарсан нь сонгон шалгаруулалтад тэнцээгүй, ажилд авах боломжгүй тухай хариу өгсөн байна.

 

Дээрх байдлаас үзэхэд хариуцагч нь ажлын байрны зард тавигдаагүй нөхцөл шаардлагыг хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болгосон нь   Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь иргэнийг ажилд авах явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас түүний хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан тохиолдолд үүнийгээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд нөлөөсөн гэх эрүүл мэндийн үзлэгийн үзүүлэлт, түүнд үндэслэсэн эмчийн зөвлөмж тайланг ажлын байрны зартай харьцуулж үзвэл Ц.Ч-ын зүрхний ачаалалын сорилд илэрсэн тоон үзүүлэлт нь уг ажлын байранд тавигдах шаардлагад хамаарахгүй, ердийн нөхцөл бүхий ажлын байранд эрүүл мэндийн тусгайлсан шаардлага тавих нь иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах, эрүүл мэнд, бие бялдрын хувьд алагчлах хандлагыг бий болгосон гэж үзэхээр байхаас гадна  үүнийг сонгон шалгаруулалтын нэг үе шатны үйл явц буюу эцсийн шалгуур гэж үзэх боломжгүй.

 

Иймд ажлын байрны онцлогоос хамааран ажилтанд эрүүл мэндийн тусгайлсан шаардлага тавигдаагүй тохиолдолд бие бялдар, бие махбодийн хөгжлийн онцлогтой хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч “О Т” ХХК нь дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн тухайн байгууллагад хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, гэрээний саналаас /ажилд авахаас/ хууль бус үндэслэлээр татгалзсан болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй  байна.

 

Харин анхан шатны шүүх эрүүл мэндийн үзлэгийн хүсэлтийг “С М М” эмнэлэгт хүргүүлснийг талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь  хэсэгт заасантай нийцээгүй байхаас гадна Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5 дахь хэсэгт зааснаар “О Т” ХХК гэрээ байгуулах саналаас татгалзах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ.

 

Нөгөө талаар, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсээгүй, ажлаас буруу халагдсан тухай маргаан гараагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг ажилд томилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь ажил горилогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэх эсэх, хөдөлмөрийн гэрээний нөгөө талыг тухайн байгууллагын Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үл ялгаварлан, өөрөө сонгох эрх нь хараат бус байх юм. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаанаас үүсэх эрх зүйн аливаа үр дагавар, үүрэг хариуцлагыг зөвхөн ажил олгогч хүлээдэг, хөдөлмөрийн харилцааны оролцогч талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул хариуцагч “О Т” ХХК-д гэрээ байгуулахыг үүрэг болгох, ямар гэрээ байгуулахыг шүүхээс даалгах нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй болно.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь ажил хийснээр, ингэхдээ цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгогдохоор зохицуулагдсан, нэхэмжлэгч тус байгууллагад ажил хөдөлмөр эрхлээгүй нь цалин шаардах эрх үүсэхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх хариуцагч “С М М” эмнэлгийн хувьд тус эмнэлэг болон эмчийн зүгээс хариуцагч “О Т” ХХК-иас илгээсэн “эмнэлэгийн үзлэг хийх хүсэлт”-ийн дагуу нэхэмжлэгчид шинжилгээ хийх явцдаа Эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан эрхээ хэтрүүлсэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүлйин 28.4.1-т зааснаар мэргэжлээ хүний эрүүл мэндийн эсрэг ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Иймд Ц.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагаас Хөдөлмөрийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “О Т” ХХК нь гэрээний саналаас /Ц.Ч-ыг ажилд авахаас/ хууль бусаар татгалзсан болохыг тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “О Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/02211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “О Т” ХХК, нэхэмжлэгч Ц.Ч-ын хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, гэрээний саналаас хууль бусаар татгалзсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардалыг хангаж, нэхэмжлэлийн бусад шаардлага болох “аюулгүй ажиллагаа, зааварчилгааны сургагч” ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцон гаргуулах,

Хариуцагч “М М” ХХК-ийн “С М М” эмнэлгийн “эрүүл мэндийн хувьд тохирохгүй дүгнэлт”-ийг хүчингүй болгох шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхмаагийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                           

                                          ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА