Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/00903

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод байрлах, И.. ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул д... тоотод байрлах, М ХХК /РД:.../-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөгийг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж..., хариуцагчийн төлөөлөгч Л.Г..., гэрч С.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч И  ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ХХК, М ХХК-тай 2016 оны 11 сарын 23-ны өдөр байгуулсан хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж тавилга бусад эд акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа И  ХХК хүлээн авсан. М ХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон боловч 2017 оны 08 сарын 25 хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 03 сарын 13 өдрийн 01/01 албан тоотоор ирүүлж И ХХК зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу М ХХКомпаниас дээрхи гэрээний төлбөр болох 150 000 000 төгрөг, түүний алданги 10 500 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Мөн өдөр И ХХК нь М ХХК-тай 2016 оны 11 сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр И ХХК-ийн байрны 1 ба 2-р давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр тохиролцсон ба сарын түрээсийн төлбөрт 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. М ХХК нь 2016 оны 12 сараас 2017 оны 6 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн боловч 2017 оны 7 сараас өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт тухайн түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилсан байдлаар бэлнээр төлөх эсвэл И ХХК-ийн дансанд шилжүүлнэ гэж заасан, мөн гэрээний 3.3.3 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасан. Иймд М ХХК-иас түрээсийн үндсэн төлбөр 72 000 000 төгрөг, алданги 2 064 000 төгрөг нийт 74 064 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И  ХХК-ийн тавьсан зарын дагуу М ХХК нь И ХХК-ийн өмчлөл эзэмшлийн УБ хот СБ дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг тус объектонд байршуулж суурилуулсан бүх тавилга тоног төхөөрөмжийн хамт сарын 12 сая төгрөгөөр түрээслэхээр болж ашиглалтын зардлаа түрээслэгч тал нь хариуцахаар тохиролцож 2016.11.23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Мөн өдөр буюу 2016.11.23-ны өдөр тус түрээсийн гэрээний барьцаа болгож түрээсэлж буй объект дотор байрлуулж, суурилуулсан хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах худалдан авах гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг барьцаа болгож 2016.11.25-ны өдөр И ХХК-д шилжүүлсэн. Одоо ч түрээсэлсэн объектод бидэнд худалдсан гээд байгаа бүх зүйл нь жагсаалтаараа байж л байгаа, бидний хувьд баарны зориулалтаар ажиллаж байсан газрыг түрээсэлсэн болохоос доторхи тавилга тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй. Ийм хүсэл зориг ч хэн алинд нь байгаагүй. Гагцхүү барьцаа болгож энэ гэрээг хийж 50 сая төгрөг хүлээлгэн өгсөн. Түрээслэгч Самбасанчир ахын магтаад байсан хөгжимүүд бүрэн ажиллахгүй, LED дэлгэцүүд нь тохиргоо байхгүй, нэг давхар болон 2 давхарын зүүн хэсэг нь паар нь зад хөлдсөн, 00-уудын хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсныг шинээр хийж, үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхарийн 200мкв 100% шинээр засвар оруулсан бөгөөд 2016.11.26-наас эхлэн засварын ажил эхлэж бид 40 080 000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан г.м ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Бид үйл ажиллагаа явуулах тусгаа зөвшөөрлөө өөрсдөө авсан бөгөөд Ай Ди Эй Ви ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл 2016-12-25-ны өдөр гарч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс Захирагчийн алба, цагдаа бүх л байгуулагад зогсоо зайгүй гомдол гаргаж бидний тусгай зөвшөөрөл 28-р байрны оршин суугчдын удаа дараагийн гомдлыг үндэслэн 2017-07-05-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/112 тоот тушаалаар хүчингүй болсон. Ингээд тус обьект нь 2017-07-05-ны өдрөөс эхлэн түгжээтэй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд ашиг орлого муутай байсан хэдий ч бид түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, бид сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И  ХХК-ийн тавьсан зарын дагуу М ХХК нь И ХХК-ийн өмчлөл эзэмшлийн УБ хот СБ дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг тус объектонд байршуулж суурилуулсан бүх тавилга тоног төхөөрөмжийн хамт сарын 12 сая төгрөгөөр түрээслэхээр болж ашиглалтын зардлаа түрээслэгч тал нь хариуцахаар тохиролцож 2016.11.23-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Мөн өдөр буюу 2016.11.23-ны өдөр тус түрээсийн гэрээний барьцаа болгож түрээсэлж буй объект дотор байрлуулж, суурилуулсан хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах худалдан авах гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг барьцаа болгож 2016.11.25-ны өдөр И ХХК-д шилжүүлсэн. Талуудын хооронд бие даасан худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй бөгөөд уг гэрээгээр эд хөрөнгийг хүлээж авсан нэгч баримт байхгүй, нэхэмжлэгч тал худлаа зүйл яриад байгааг гайхаж байна. Тухайн үед уг баар, үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж л түрээсийн гэрээ байгуулсан болохоос уг эд хөрөнгүүдийг худалдан авах ямар ч хүсэл зориг байгаагүй гэдгийг хэлмээр байна. Иймд 2016.11.23-ны өдрийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчинтөгөлдөр бусд тооцож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 11 сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бид гэрээний дагуу бүх эд хөрөнгийг шилжүүлж хүлээлгэж өгсөн. Мөн энэ гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хариуцагч М ХХК нь тоног төхөөрөмж худалдан авах үнэ гэж шилжүүлсэн, харин хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээр барахгүй, одоог хүртэл уг обьектыг цоожлоод явсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх гэрч С.Энхбатын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И  ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нь Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хамт хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Талуудын хооронд 2016 оны 11 сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай Түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр И ХХК-ийн өмчлөл эзэмшлийн УБ хот СБ дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2016 оны 12 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, түрээсийн төлбөрт сард 12 000 000 төгрөг, ашиглалтын зардлаа түрээслэгч тал нь хариуцахаар тохиролцсон байх ба дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна./хх-ийн 8-10/

Дээрх гэрээний дагуу талууд үйлчилгээний зориулалттай байрыг хүлээлгэн өгч, хүлээн авахдаа хавсралт үйлдэж /1-р хх-ийн 54-58/ нийт 100 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлцсэн актыг үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хариуцагч М ХХК нь дээрх үйлчилгээний зориулалттай байрыг хүлээн авсны дараа уг байранд засвар, үйлчилгээ хийж, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өөрсдөө хариуцан авахаар тохиролцсон болох нь гэрч С.Энхбатын мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч И  ХХК нь уг 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектыг өмнө нь түрээслэн ажиллуулж байсан этгээдүүд нь баарны зориулалтаар тохижуулан, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан ажиллуулж байгаад уг тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талд худалдан борлуулсан болох нь 2017 оны 1 сарын 06-ны өдрийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах худалдан авах гэрээгээр тогтоогдож байна./хх-ийн128-151/

 

Түүнчлэн хариуцагч Мөнтэнгэрийн Ивээл ХХК нь нэхэмжлэгч И  ХХК-иас гаргасан зарын дагуу Либерти Бридж ХХК-аар зуучлуулан уг обьектыг түрээслэсэн болох нь тогтоогдож байна./хх-ийн152/

Эдгээр байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд 1 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектыг, дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмжийн хамт баарны зориулалтаар түрээсэлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл худалдах-худалдан авах гэрээний хүсэл зориг агуулагдаагүй, уг гэрээний дагуу эд хөрөнгө шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Харин хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөхгүй үндэслэлээ 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс баарны үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд тусгай зөвшөөрөл түдгэлзсэн гэж тайлбарлаж байх ба энэ нь дараах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь хариуцагчийн үйл ажиллагаа явуулж чадаагүй шалтгаан нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т заасан үндэслэлтэй нийцэж байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч нь зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж, дутуу төлсөн түрээсийн төлбөрт 72 000 000 төгрөг/6х12 000 000/, алданги 2 064 000 төгрөгийн хамт шаардсныг хангах үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь х удалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Дээр дурдснаар талуудын байгуулсан гэх худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг нь төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул дээрх гэрээ худалдах-худалдан гэрээний агуулгагүй, уг гэрээгээр талууд эрх зүйн харилцаанд орж, эрх ашиг нь хөндөгдсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлйин 56.1.1-д заасан хүчинтөгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д зааснаар хариуцагч М ХХК нь гэрээнд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь уг гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон байна. Түүнчлэн хариуцагч нь 1 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьектыг буцаан хүлээлгэж өгөөгүй талаар маргаагүй бөгөөд мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-т заасан гэрээ дуусгавар болоход хөлсөгч эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч ...хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэжээ.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагчийн түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулах шаардлага үндэслэлгүй байх ба хуульд зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар ...хөлслөгч...тухайн эд хөрөнгийг хөлслөгчид буцааж өгнө. гэснээр эд хөрөнгийг буцаан хүлээлгэж өгөх үүрэг нь хариуцагчид байх тул нэхэмжлэгчийг эд хөрөнгө хүлээж авахыг шаардах эрхгүй байна.

 

Мөн талууд 50 000 000 төгрөгийг өгч авсан асуудлаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5-д хөлслөгч хөлс төлөх шаардлагын эсрэг эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой, өөрийн шаардлагыг хангуулах буюу түүнийг тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэхүү шаардах, тооцуулах эрхийг хязгаарласан гэрээний нөхцөл хүчинтөгөлдөр бус байна. гэснээр хариуцагч М ХХК-иас нэхэмжлэгчид урьд шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний үүргээс хасаж тооцон хариуцагчаас түрээсийн төлбөрт 24 076 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 295 дугаар зүйлийн 295.4, 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 24 064 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И  ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч И  ХХК-ийн, нэхэмжлэгч И  ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчинтөгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээг 2017.07.01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөгийг, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 228 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 528 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И  ХХК-д олгосугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ