Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 96

 

Б.Л-, И.Э-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0231/Э/001/2020/0441

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                      Б.Сүрмандах

                      Хохирогчийн өмгөөлөгч               П.Б-жаргал, Ж.Туяа,

                      Иргэний нэхэмжлэгч                    М.Б-

                      Иргэний нэхэмжлэгчийн

өмгөөлөгч                                     Ч.Атарболд /онлайнаар/

                      Иргэний хариуцагч                      Ш.К-

                      Иргэний хариуцагчийн

                      өмгөөлөгч                                    Б.Ц- /онлайнаар/

К.Бауыржан /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Г.Буянбадрал /онлайнаар/

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Л-, И-ийн Э- нарт холбогдох, 1818004780316  дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, О- овогт Б-ийн Л-,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Х- овогт И-ийн Э-.

Шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад болсон итгэлийг урвуулан ашиглаж:

-2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б-зулын цалингийн зээл төлөх гэж байсан 4.200.000 төгрөгийг “долоо хоногийн хугацаатай түр зээлүүлээч” гэж залилан, 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.А-ээс “мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье.” гэж залилан, 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Ч-аас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна.” гэж залилан 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын нэр дээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 11.685.500 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Т-ын нэр дээр 25.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 9.000.000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Б-ийн нэр дээр 5.100.000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 3.600.000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.А-аас 35.000.000 төгрөгийг залилан авсан,

-2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн  Ц.О-гаас 6.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18.000.000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг тус тус залилан авсан,

-2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Б-гээс 9.000.000 төгрөгийг залилан авсан,

-2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье” хэмээн А.У-гаас А.У-, Д.Б-, Ш.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.У-, Д.Б-, Ш.О- нарын өмчлөх эрхэнд халдаж, тэдний өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.У-, Д.Б-, Ш.О- нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн С.С-ээс “...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.А-аас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30,0 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банканд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30,0 сая төгрөгийн зээл олгохдоо П.А-, Х.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банканд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг өөртөө бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.А-гаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12,0 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.А-гийн нэр 8.500.000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8.000.000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц-гоос 'таны хадгаламжид 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай зээлүүлээч” хэмээн хадгаламжаас нь 17.000.000 төгрөг гаргуулан залилан авсан,

-2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Б-иас зээлийг чинь бүтээж өгье” хэмээн хэлж 2.500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15- өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банканд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс руу шилжүүлчих” хэмээн хэлж 4.500.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөгийг залилан авч, т оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч И.Э- нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаартай 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг тус байрны өмчлөгч иргэн А.У-, Ш.О-, Д.Б- нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн Б-алсны улмаас Б.Л- нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.У-, Ш.О-, Д.Б- нарт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т заасныг баримтлан шүүгдэгч Х- овогт И-ийн Э-од Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч О- овогт Б-ийн Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2.т зааснаар шүүгдэгч О- овогт Б-ийн Л-ийг 5 жил 6 сар /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т  зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон болон ял эдэлсэн 313 /гурван зуун арван гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйл ийн 497.1., 498 дугаар зүйл ийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас нийт  105.642.913 /нэг зуун таван сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун арван гурав/ төгрөг гаргаж,

-13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Цантын 2-9 тоотод оршин суух З- овогт Н-гийн А-д /РД:**********, утас: **********/,

-6.525.000 /зургаан сал таван зуун хорин таван мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол, 1в-98 тоотод оршин суух Б- овогт Ц-ын А-д /РД: **********, утас: **********/,

-21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол, 21-62 тоотод оршин суух Ө- овогт П-ийн А-д /РД: **********, утас: **********/,

-5.201.700 /таван сая хоёр зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол 40-42 тоотод оршин суух Б- овогт Б-ын Б-т /РД: **********, утас: **********/

-5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолог 14-75 тоотод оршин суух И- овогт Г-ын Б-д /РД: **********, утас: **********/,

-8.200.000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг 4 дүгээр бригадын хөдөө тоотод оршин суух Б- овогт Ч-ийн Б-д /РД: ********** , утас: **********/,

-2.469.500 /хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 5-73 тоотод оршин суух Б- овогт О-ийн Б-ид /РД: **********, утас: **********/,

-6.000.000 /зургаан сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг 2-52 тоотод оршин суух Б- овогт Ц-ийн О-д /РД: **********, утас: **********/,

-1.146.713 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Урлан хотхоны 31 тоотод оршин суух Д- овогт Г-ийн Т-т /РД: **********, утас: **********/,

-2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 17-2 тоотод оршин суух Ч- овогт С-ын С-т /РД: **********, утас: **********/,

-17.000.000 /арван долоон сгя/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 14-32 тоотод оршин суух Б- овогтой Ч-ийн Ц-д /РД: **********, утас: **********/,

-17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 6-95 тоотод оршин суух Б- овогт А-ын Ч-т /РД: **********, утас: **********/ тус тус олгох,

Шүүгдэгч Б.Л-ээс 186.945.770 төгрөг 63 мөнгө /нэг зуун наян зургаан сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун далан төгрөг жаран гурван мөнгө/ гаргаж, үүнээс иргэний хариуцагч Төрийн банканд 135.642.913 /нэг зуун гучин таван сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун арван гурав/ төгрөг,

-13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг 34 дүгээр байрны 59 тоотод оршин суух Т- овогт Ч-ын А-ад /РД: **********, утас: **********/,

-иргэний нэхэмжлэгч “Голомт” банканд 38.302.857 төгрөг 63 мөнгийг /гучин найман сая гурван зуун хоёр мянга найман зун тавин долоон төгрөг жаран гурван мөнгө/ тус тус олгох, хохирогч О.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 1.130.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Б- болон  иргэний нэхэмжлэгч “Төрийн банк” нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8., 56 дугаар зүйлийн 1.10.д  зааснаар хохирогч Ш.О-, Д.Б-, А.У- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан “Голомт” банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ,  мөн Г.А-, Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.О-, Д.Б-, А.У- нарт олгохыг “Голомт” банканд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.А-, Х.Э- нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9.д зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул анхан шатны Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1.353.520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646.480 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Б.Л- нь эрүүгийн 1818004780316 хэрэг анх хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэж, гэрчээр мэдүүлэг өгөхөөс эхлэн одоог хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргадаггүй бөгөөд хохирогч нараас нэхэмжилж буй үнийг дүнг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм ч учраас тус хэрэгт мөрдөн байцаалтын шатанд зөвхөн яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэгт хөтлөгдөн зарим ажиллагааг дутуу хийж гүйцэтгэж, мөрдөгч прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан хэргийн бодит байдлыг тогтоох, яллах цагаатгах талын нотлох баримтуудыг ижил тэгш цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй, дутуу хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал:

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Л-ийн дансны хуулга нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг бүхэлд нь хамруулан аваагүйгээс зарим хохирогч нарт төлөгдсөн хохирлын дүн буруу тусгагдсан,

Хуурамч итгэмжлэл ашиглан, бусдын өмнөөс гарын үсэг зурж, банкнаас зээл авсан гэх үйлдлүүдэд шүүгдэгчийн гарын үсгийн хэв загварыг аваагүй, шинжээч томилоогүй, зөвхөн хохирогч нарын гарын үсгийн хэв загвартай харьцуулан шинжилгээ хийж, хохирогч нар зураагүй гэдгийг тогтоосон байх ба шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн түүнийг зурсан гэх байдлаар дүгнэсэн,

Гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт шүүгдэгч Б.Л- нь Дархан-Уул аймгийн “Хуучин Дархан” тооцооны төвийн захирал Ч.А-тай нэг өрөөнд сууж, ажилладаг гэх баримтыг шалгаагүй,

Гэмт хэргийг хэн үйлдсэн талаарх баримтуудыг тогтоогоогүй, Яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Л-ийг Төрийн банкны зээлийн эдийн засагч,  мөн харилцааны менежер гэж хэд хэдэн удаа зөрүүтэй бичсэн ба яг зээлийн эдийн засагч юм уу харилцааны менежер юм уу гэдгийг тогтоогоогүй.

Мөн Төрийн банканд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа боловч яг ямар албан тушаалд ажиллаж байсан, тус албан тушаал нь яг ямар, ямар эрхтэй, үүрэгтэй талаар ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг тогтоогоогүй, Төрийн банкны зээл гаргах эрхтэй албан тушаалтан мөн эсэх, төрийн банкны дүрэмд харилцааны менежер эсхүл зээлийн эдийн засагчийн эрх үүргийг, салбарын захирлын эрх үүргийг хэрхэн тусгасан байдаг, энэ хүн гэмт хэрэг үйлдэх хугацаандаа хэдэн төгрөгийн цалин хөлс авч байсан бэ, нөхөртэй юу, нөхөргүй юу гэх зэргийг бүгдийг баримтад тулгуурлан тогтоох ёстой байхад дээрх дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэлгүй орхигдуулсан нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой эсэх асуудалд ч үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өмгөөлөгчийн гомдлын шаардлагад хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, Анхан шатны шүүхийн эрх мэдлээ хэтрүүлэн прокуророос яллаагүй үйлдэлд буруутгаж, хохирогч П.А-д 21.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, хохирлын тооцоог зөвтгөж өгнө үү.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт ааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, “яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, Эрүүгийн хуулийн 1.3 аар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн бэрт тохирсон байна” гэх заалтыг тус тус үндэслэн, шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 357 дугаар  Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Жич: Өмгөөлөгч Г.Буянбадрал миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тул товыг мэдэгдэж өгнө үү гэжээ.

Өмгөөлөгч Б.Ц-, Ч.Атарболд нар давж заалдах гомдолдоо:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1.д  зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас 105.642.913 /нэг уун таван сая зургаан зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж нэр бүхий 12 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай үл нийцсэн дүгнэлт болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хун, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байхад шүүхээс Б.Л-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирлыг Төрийн банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан.

Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны оролцогч талуудаас Б.Л-ийн үйлдэл болон хохирогч, “Төрийн банк” нарын оролцооны талаар хангалттай яригдсан ба Төрийн банкны оролцоогүй, банканд огт мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байдлаар бусдыг залилсан үйлдлүүд хэлэлцэгдсэн байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй, Б.Л-ийн бусдыг залилсан үйлдэлд Төрийн банк иргэний хариуцагчийн хувиар хариуцлага хүлээж хохирол барагдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Өөрөөр хэлбэл, шүүх Б.Л-ийн үйлдэл тус бүрд бодит дүгнэлтийг хийгээгүйн улмаас бүх үйлдлийг нэг шинжтэй мэтээр явцуу дүгнэлтийг хийж Төрийн банкнаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайлбал

1. Иргэн Б.Л- нь Б.Б-ын нэр дээр 17.000.000 төгрөгийн зээл гаргуулж уг мөнгөнөөс 11.685.500 төгрөгийг зээлж авсан, Г.Т-ын нэр дээр 25.000.000 төгрөгийн зээл гаргуулж уг мөнгөнөөс 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, О.Б-ийн нэр дээр 5.100.000 төгрөгийн зээл гаргуулж  мөнгөнөөс 3.600.000 төгрөгийг шилжүүлэн авсан, Ц.О-гийн нэр дээр 18.000.000 төгрөгийн зээл гаргуулж уг мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан гэх үйлдлийн хохирогч нь эдгээр нэр дурдагдсан иргэд биш юм.

Учир нь дээрх нэр бүхий 4 хохирогч гэх иргэд нь гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг өөрсдөө бүрдүүлж Б.Л-тэй үгсэн хуйвалдах замаар мэдсээр байж зориуд санаатайгаар банкнаас авах зээлийн дүнгээс илүү дүнтэй зээлийн материалыг Төрийн банканд бүрдүүлж өгсөн, улмаар Төрийн банкнаас илүү авсан мөнгөө Б.Л-т шилжүүлэн өгч байгаа үйлдлийн улмаас Төрийн банканд хохироод байгаа болно.

Энэ талаар Ц.Б-, Г.Т-, О.Б-, Ц.О- нар тодорхой мэдүүлж, Төрийн банкнаас өөрсдийн нэрээр авсан зээлээс Б.Л-т өгсөн, Б.Л-т өгсөн гэх мөнгийг Төрийн банканд буцаан төлөөгүй гэдгээ тайлбарласан байхад шүүх энэ нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэнгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хун хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан.

Иймд нэр бүхий эдгээр хүмүүст холбогдох үйлдлийн хохирогч нь Төрийн банк бөгөөд, хохирогч гэх хүмүүс нь Б.Л-тэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Төрийн банкийг залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн байхад шүүх үүнд бодит дүгнэлтийг хийлгүйгээр учирсан хохирлыг нь Төрийн банкнаас өөрөөс нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Б.Л- нарын үйлдлийг гэмт хэрэг гэж үзвэл Төрийн банктай байгуулаад буй зээлийн гэрээнүүд нь гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл болж байгаа тул тус зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус болох нь зүй ёсны асуудал боловч шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл дээр дурдагдаж буй үйлдлүүдийн дүнд банканд бодит хохирол учраад байтал иргэний хариуцагч гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

2. Б.Л- нь иргэн Н.А-ээс “мөнгөний хэрэг байна хэд хоногоос буцаагаад өгье” хэмээн 13.000.000 төгрөгийг, иргэн А.Ч-аас “дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНС улс явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна” хэмээн 17.000.000 төгрөгийг авсан гэх үйлдлүүдийг хийж бусдыг залилан мэхлэхдээ өөрийн ажил, албан тушаалын байдлаа ашигласан гэх шинж огт тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтуудаас харахад Н.А- А.Ч- нар нь гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ хувь хүнд нь өгсөн гэдгээр мэдүүлсээр ирсэн атлаа хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгтээ “Төрийн банканд ажилладаг болохоор нь итгээд мөнгө өгсөн” гэсэн байдаг. Тэрнээс бус Б.Л- нь албан тушаалын байдлаа ашигласан, албан тушаалын нэр барьж ар нэгэн ашигтай байдлыг бий болгохоор амласан залилсан үйлдэл гаргасан талаар нэг ч баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй болно.

Тухайн иргэдээс Б.Л- гэх “хувь хүнийхээ” хувьд мөнгө төгрөг зээлдсэн, өмчлөлдөө шилжүүлэн авсан үйлдлийг дан ганц хохирогч нарын мэдүүлгийг үндэслэн албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэж үзэх нь учир дутагдалтай юм. (Засгийн газарт ажилладаг гэдэгт нь итгээд мөнгө зээлдүүлсэн гэж хэлснийг үндэслээд Засгийн газрыг иргэний хариуцагчаар татаж, Засгийн газраас мөнгө гаргуулж болохгүйтэй адил)

Гэтэл анхан шатны шүүхээс бодит дүгнэлтийг хийлгүйгээр бүгдийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж явцуу хүрээнд дүгнэлт хийж Төрийн банкнаас нийт 30.000.000 төгрөгийг огт үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлээд байна.

3. Эдгээр нэр бүхий иргэдийг хуурч эд хөрөнгийг нь залилан авч байгаа үйлдлүүдэд нь хэлбэрийн хувьд албан тушаалын байдлаа ашиглаж амлалт өгч буй мэт харагддаг боловч тухайн амлалтууд нь хууль бус шинжтэй байсан, мөн хохирогч нар нь өөрсдөө илтэд болгоомжгүй хандсан байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой байдаг.

Тухайлбал, дээрх нэр дурдсан хохирогч нарын хувьд Б.Л-ийн өгсөн илтэд уль бус амлалтад итгэж гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг өөрсдөө бүрдүүлж, хэт "хайхрамжгүй хандсан, хууль бус үйлдэл хийгээд байгааг мэдсээр байж зохих байгууллага, "албан тушаалтанд мэдэгдээгүй болох нь тэдгээрийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой байдаг.

Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 .д   “хохирогч өөрөө аатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан л энэ хуулийн 498.1, 498.2.т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байдаг ба шүүх хохирогчийн нарын өөрсдийн буруутай байдал, гэмт этгээдийг өөгшүүлсэн, дэмжсэн үйлдэл удаа дараа хийсэн байдлыг харгалзан үзэлгүй хэрэглэвэл зохих уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр харин ч эсрэгээрээ Б.Л- нь Төрийн банканд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэсэн нэрийдлээр бүх хохирол мөнгийг иргэний хариуцагч Төрийн банкнаас гаргаж байгаа нь үндэслэлгүй болжээ.

4. Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйлдэл тухай бүрд нь эрх зүйн дүгнэлт хийх замаар ялгамжтай байдлаар дүгнэлгүй, үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй хэт явцуу хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Тухайлбал мөрдөгч, прокурор, шүүх нь зарим хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчийг хуульд заасан үндэслэлээр зөв тодорхойлон тогтоож чадаагүйгээс бусад этгээдэд ял болон эд хөрөнгө завших боломжийг бүрдүүлж, нөгөө талаасаа хохирол төлбөрийг хариуцах ёсгүй этгээдээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэхэд хүргэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох талаар хуульчилж өгсөн.

Энэ хэрэгт Төрийн банкнаас холбогдох баримтуудыг буюу нэр бүхий иргэдтэй байгуулсан зээлийн гэрээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эх болон хуулбар хувиар авч хийгээгүй, авсан зээлийн төлбөрийг хэн хэрхэн барагдуулж байсан эсэх, өнөөдрийн байдлаар нийт хэдэн  төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийгдээгүй, авсан зээлийг ямар зориулалтаар ашигласан, зээлийг авч ашигласан үйлдэлд Б.Л-ийн үйлдэл оролцоо байгаа эсэх, банк харилцагч нарын хоорондын харилцааг нэг бүрчлэн тодруулж тогтоогоогүй зэрэг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлага байдаг.

Өөрөөр хэлбэл, Төрийн банк ХХК-ийн хувьд энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох эсэх асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Иймд дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж Дархан-Уул аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү.

Жич: Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нар биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал тайлбартаа:

Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, “яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг тус тус үндэслэн, шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Шийтгэх тогтоол”-д өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ш.К-ийн өмгөөлөгч Б.Ц- тайлбартаа:

Дархан-Уул аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ш.К-ийн өмгөөлөгч К.Бауыржан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч М.Б-гийн өмгөөлөгч Ч.Атарболд тайлбартаа:

Төрийн банк мөнгөө зээлдүүлсний төлөө дахин төлөх болоод байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгч П.Б-жаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Б-, А.Ч- нарт холбогдох зүйл заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хохирогч Ц.Ц-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ш.К- тайлбартаа:

Өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тусгайлсан саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч М.Б- тайлбартаа:

Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна. Хувь хүний гаргасан алдаа зөрчлийг тухайн байгууллагад нялзаах нь буруу гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Банкны хяналт маш сул байсан тул энэ гэмт хэрэг гарах үндэслэл болсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б-ийн Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч И-ийн Э-ыг нотариатч өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн Б-алсны улмаас бусдын  эд хөрөнгөнд хохирол учирсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин  Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

- 2017 -10 -17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б-зулын цалингийн зээл төлөх гэж байсан 4.200.000 төгрөгийг долоо хоногийн хугацаатай түр зүүлээч гэж залилан авсан,

- 2017 -12 -10-ны өдөр иргэн Н.А-ээс мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье хуурч 13.000.000 төгрөгийг залилан авсан, 

- 2018-03 -22-ны өдөр  А.Ч-аас дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна гэж 17.000.000 төгрөг залилан авсан,

-2016-10 -05-ны өдөр банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын нэр 2016-10-05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гарган түүнээс 11.685.500 төгрөгийг залилан авсан,

- 2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Т-ын нэр дээр 25.000.000 төгрөгийн зээл гаргуулан түүнээс  мөнгөнөөс 9.000.000 төгрөгийг залилан авсан,

- 2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Б-ийн нэр дээр 5.100.000 төгрөгийн зээл гаргуулан  түүнээс 3.600.000 төгрөгийг залилан авсан,

- 2017-10 -8-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.А-аас 35.000.000 төгрөгийг залилан авсан,

- 2016-12-21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.О-гаас 6.000.000 төгрөг, 2017 -10 -13-ны өдөр Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18.000.000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг  залилан авсан.,

-2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Б-гээс 9.000.000 төгрөгийг залилан авсан,

-2018 -01-15-ны А.У-гаас  өдөр нэг сарын хугацаанд хэрэглээд өгье  гэж хуурч А.У-, Д.Б-, Ш.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч  иргэн А.У-, Д.Б-, Ш.О- нараар тэдний өмчлөлийн орон сууцыг “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.У-, Д.Б-, Ш.О- нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017-12-21-ний өдөр тус банкны харилцагч иргэн Ч.С-ээс .барьцаагүйгээр  зээл олгуулж болох юм байна.,  “Төрийн банк” -аас зээл гаргаж өгье., надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

-2017-09-15-ны өдөр иргэн П.А-аас та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30,0 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банканд төлнө гэж  хэлээд  өөрөө зээлийг судлан 2017- 09 -15-ны өдөр “Төрийн” банкнаас 30.0 сая төгрөгийн зээл олгохдоо П.А-, Х.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр  гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банканд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг авч  бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018- 02- 07-ны өдөр иргэн Ц.А-гаас ...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12.0 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүд нь чамд 500.000 төгрөг өгье гэж   хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.А-гийн нэр дээр 8.500.000 төгрөгийн цалингийн зээл олгуулж мөнгөнөөс 8.000.000 төгрөгийг залилан авсан,

- 2017-08- 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц-гоос ..таны хадгаламжид 17.0 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч гэж хэлээд   нь 17.000.000 төгрөг гаргуулан залилан авсан,

- 2018-03-13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Б-аас ...зээлийг чинь бүтээж өгье гэж 2.500.000 төгрөг, 2018-03 -15- өдөр 1.200.000 төгрөг, 2018 -03-сарын 31-ний өдөр ...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банканд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс шилжүүлчих гэж 4.500.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөгийг залилан авч,  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан  бусдын эд хөрөнгийг  залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн  байна.

Шүүгдэгч  Б.Л-ийн  дээрх үйлдэл нь   хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгчийн өөрийн болон  иргэний нэхэмжлэгч хариуцагч нарын мэдүүлэг, нэр бүхий хохирогч нарын мэдүүлэг, 140900222228 данс руу  Б.Б-зулаас 4.200.000 төгрөг шилжсэн тухай  хуулга, Б.Б-ын 1409000361699 дансны хуулга,  Б.М-аас  Б.Л-ийн 50881207147 дансанд 35.000.000  төгрөг шилжсэн хуулга,  Г.Б-гийн Төрийн банкны  14090037133  данснаас 10.0 сая төгрөг гарсан хуулга, Т-ын140900373162 болон  140900373181 дугаартай зээлийн дансны хуулга,   / 1-р х.хийн 19., 244.,, 2-р х.хийн 103-104., 167 -р хуудас 4-р х.хийн 61-64/ А.Ч-  О.А- нарын  Л-т бичсэн мессежийг бэхжүүлсэн зураг, / 1-р х.хийн 196-208-р хуудас/ Эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт , хөрөнгийн үнэлгээний жагсаалт,  /3-р х.хийн 31-32., 64-75-р хуудас/ шинжээчийн 2019-02-03-ны өдрийн 16 дугаар дүгнэлт / 3-р х.хийн 210-217., / хохирогч Ч.Ц-гийн  140900320345 дугаартай дансны хуулга / 4-р х.хийн 241-р хуудас/ ХААН банкин дахь  Ч.Б-,  Н.Ц-,  Ч.Ж-, нарын эзэмшлийн дансны хуулга, / 5-р х.хийн 60., 62-64-р хуудас/ Төрийн банкны А.О-, Б.Б- нарын “Голомт” банк болон   Ч.Д-, О.А- нарын  хооронд байгуулсан  зээлийн гэрээ, /6-р.хх.ийн107-111-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.1., 2.2.т зааснаар Т.Л-ийг  5 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т  зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 5 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон болон ял эдэлсэн 313  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн  шүүгдэгч нь Төрийн банктай хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байсан бөгөөд  “Хуучин Дархан” тооцооны төвд  харилцааны менежерээр  ажиллаж байхдаа нэр бүхий  хохирогч нараас  мөнгө авахдаа албан тушаалын  байдлаа ашиглаж, зээлдэгч  нарын хүссэн  зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргах,  зарим зээлдэгч нарын цаашид авах  зээлийг саадгүй бүтээж өгнө гэж хохирогч нараас мөнгө авч байсан нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.1.д заасны дагуу  “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу  албан тушаалын дагуу  хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад  учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Л-ийн албан тушаалаа ашиглаж  нэр бүхий 12  хохирогчийн хохирлыг  ажил олгогч  Төрийн банкнаас гаргаж  тэдэнд олгох,  мөн энэ хохирлыг шүүгдэгчээс гаргаж Төрийн банканд олгох,

/Үүнд: Иргэний хуулийн 497 дугаар зүйл ийн 497.1., 498 дугаар зүйл ийн 498.1., 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар иргэний хариуцагч “Төрийн банкнаас”  нийт  105.642.913  төгрөг гаргаж, үүнээс :

             13.000.000   төгрөгийг    хохирогч       Н.А-д,

             6.525.000     төгрөгийг    хохирогч       Ц.А-д, 

             21.500.000   төгрөгийг    хохирогч       П.А-д, 

                 5.201.700     төгрөгийг    хохирогч       Б.Б-т

                 5.100.000     төгрөгийг    хохирогч       Г.Б-д

             8.200.000     төгрөгийг    хохирогч       Ч.Б-д

             2.469.500     төгрөгийг    хохирогч       О.Б-ид

             6.000.000     төгрөгийг    хохирогч        Ц.О-д

             1.146.713     төгрөгийг    хохирогч        Г.Т-т

             2.500.000    төгрөгийг    хохирогч        С.С-т

             17.000.000   төгрөгийг     хохирогч       Ч.Ц-д

             17.000.000  төгрөгийг     хохирогч        А.Ч- нарт/

-Шүүгдэгч Б.Л-ээс 186.945.770 төгрөг 63 мөнгө гаргаж, үүнээс иргэний хариуцагч “Төрийн” банканд 135.642.913 төгрөг, 13.000.000 төгрөгийг хохирогч Чанцалдуламын А-ад , иргэний нэхэмжлэгч “Голомт” банканд 38.302.857 төгрөг 63 мөнгийг  тус тус олгох, харин хохирогч О.Б-ийн иргэний нэхэмжлэлээс 1.130.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Б- болон  иргэний нэхэмжлэгч “Төрийн банк” нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8., 56 дугаар зүйлийн 1.10.д зааснаар хохирогч Ш.О-, Д.Б-, А.У- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан “Голомт” банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ,  мөн Г.А-, Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.О-, Д.Б-, А.У- нарт олгохыг “Голомт” банканд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.А-, Х.Э- нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгож,  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул анхан шатны Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1.353.520  төгрөг гаргаж Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгох, үлдэх 646.480  төгрөгийг улсын орлогод оруулахаар   шийдвэрлэсэн нь тус тус хуулийн  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хохирлыг зөв тооцож, хохирол, хор уршиг түүний  шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн агуулга,  зарчимд нийцүүлэн, холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх  шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Б.Л- болон түүний өмгөөлөгч Г.Буянбадрал нарын гаргасан  ...оногдуулсан ялаас хасах тухай..,  иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан  .. хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай... давж заалдах гомдолд заасан  үндэслэлээр шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох эсхүл нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул   гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

Прокуророос  шүүгдэгч И.Э-ыг Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байхдаа 2018 оны 01 сарын 12-ны өдөр  шүүгдэгч Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-200300861  дугаартай 29 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг байрны өмчлөгч иргэн А.У-, Ш.О-, Д.Б- нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн Б-алсны улмаас Б.Л- нь итгэмжлэлээр  “Голомт” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авч зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.У-, Ш.О-, Д.Б- нарт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад  И.Э- нас барсан тул анхан шатны шүүх  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3.т заасныг баримтлан  Дархан-Уул аймгийн Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон  нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц-, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд нарын гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.

           2.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч,  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                              ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                   Ц.ТУЯА