Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 407

 

Б.Л, И.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалтай, Б.Л, И.Э нарт холбогдох 1818004780316 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч А.Ч, хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К, шүүгдэгч Б.Л, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-ийн Л нь

*** банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б-ын цалингийн зээл төлөх гэж байсан 4.200.000 төгрөгийг долоо хоногийн хугацаатай түр зээлээч гэж залилан, 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.А-ээс мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье гэж залилан, 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Ч-аас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү Бүгд Найрамдах Солонгос Улс явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна гэж залилан 17.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б ын нэр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгөнөөс 11.685.500 төгрөгийг залилан авсан,

2017 оны 01 дүгээр сард тус банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт асан Г.Т-ын нэр дээр 25.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгөнөөс 9.000.000 төгрөгийг залилан авсан,

2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Б-ийн нэр дээр 5.100.000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 3.600.000 төгрөгийг залилан авсан,

          2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.А-аас 35.000.000 төгрөгийг залилан авсан, 

         2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.О-аас 6.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гаргахад 18.000.000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг тус тус залилан авсан,

           2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Б-ээс 9.000.000 төгрөгийг залилан авсан,

         2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье” хэмээн А.У-аас А.У, Д.Б, Ш.О нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө 55.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.У, Д.Б, Ш.О нарын өмчлөх эрхэд халдаж, тэдний өмчлөлийн  орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “*** банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.У, Д.Б, Ш.О нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,     

         2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн Ч.С-с “... барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд *** банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

      2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.А-аас “... та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30.000.000 төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банкинд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *** банкнаас 30.000.000 төгрөгийн зээл олгохдоо П.А, Х.Э нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж *** банкинд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 3.000.000 төгрөгийг өөртөө авч бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

       2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Ам-аас “... чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12.000.000 төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “*** банк”-аас Ц.А-ийн нэр дээр 8.500.000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8.000.000 төгрөгийг залилан авсан,

  2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц-оос "... таны хадгаламжид 17.000.000 төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн хадгаламжнаас нь 17.000.000 төгрөг гаргуулан залилан авсан,

 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Б-иас зээлийг чинь бүтээж өгье гэж 2.500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15- өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “... хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банкинд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс шилжүүлчих” хэмээн хэлж 4.500.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөгийг залилан авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт И-ийн Э нь

Дархан-Уул аймгийн тойргийн нотариатаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаартай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг бус байрны өмчлөгч иргэн А.У, Ш.О, Д.Б нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн баталсны улмаас Б.Л нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “*** банк”-ны  Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.У, Ш.О, Д.Б нарт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  “... шүүгдэгч Б.Л ийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж”, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч И.Э ыг “нотариатч өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Л-т 7 жил /долоон жил/ хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-од 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч И.Э-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож торгох ялаас хасч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 5.385.000 /таван сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд сар бүр 224.375 /хоёр зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч И.Эод үүрэг болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Лээс 188.076.270 төгрөг 60 мөнгө /нэг зуун наян найман сая далан зургаан мянга хоёр зуун далан төгрөг жаран мөнгө/ гаргаж үүнээс 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Цантын 2-9 тоотод оршин суух Н.А-д, 6.525.000 /зургаан сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 1в-98 тоотод оршин суух Ц.А-д, 21.500.000 төгрөгийг /хорин нэгэн сая таван зуун мянга/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 21-62 тоотод оршин суух П.А-д, 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 34 дүгээр байрны 59 тоотод оршин суух Ч.А-д, 5.201.700 /таван сая хоёр зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол 40-42 тоотод оршин суух Б.Б-т, 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг Дархан- Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол 14-75 тоотод оршин суух Г.Б-д, 8.200.000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг 4 дүгээр бригадын хөдөө тоотод оршин суух Ч.Б-д, 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 5-73 тоотод оршин суух О.Б-ид, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг 2-52 тоотод оршин суух Ц.О-д, 1.146.713 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Урлан хотхоны 31 тоотод оршин суух Г.Т-т, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 17-2 тоотод оршин суух С.С-т, 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 14-32 тоотод оршин суух Ч.Ц-д, 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 6-95 тоотод оршин суух А.Ч-т, 38.302.857 төгрөг 63 мөнгийг /гучин найман сая гурван зуун хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг жаран гурван мөнгө/ иргэний нэхэмжлэгч “***” банкинд, 30.000.000 /гучин сая/ төгрөгийг “*** банк” ХХК-д тус тус олгож, “*** банк” нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 56 дугаар зүйлийн 1.10.т зааснаар хохирогч Ш.О, Д, А.У нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан “***“ банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн П.А, Х.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан *** банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.О, Д.Б, А.У нарын олгохыг *** банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.А, Х.Э-т нарт тус тус олгохыг *** банкинд үүрэг болгож” шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас И.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн заалт нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 4, 5, 8, 9 дүгээр заалтын И.Э-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хохирогч Ц.Ц-ийн өмгөөлөгч Ж.Туяа, хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал, хохирогч А.Ч-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Келербек гаргасан гомдолдоо “...Б.Л, И.Э нарт холбогдох, 1818004780316 дугаартай эрүүгийн хэрэгт “*** банк” ХХК нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар татагдан оролцсон.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д “...  мөн П.А, Х.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2А байрны 69 тоот хаягт байрлах 50.5 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан *** банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож ... өмчлөх эрхийн гэрчилгээг П.А, Х.Э нарт олгохыг “*** банк” ХХК-нд үүрэг болгосон”-ыг эс хүлээн зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хянан хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. П.А нь эрүүгийн 1818004780316 дугаартай хэрэгт хохирогчоор оролцсон боловч П.А-ыг тухайн эрүүгийн хэрэгт хамтран оролцсон гэж үзэх дараах үндэслэлтэй байна. П.Ань Б.Лтэй үгсэн хуйвалдаж, банкийг хууран мэхэлж зээл авсан. Тухайн зээлийн мөнгийг Б.Л авсан гэх боловч П.А нь зээлийг авахад холбогдох баримтуудыг сайн дураар бүрдүүлэн өгсөн. Мөн тухайн зээлийг анхнаасаа хууран мэхлэх, зориулалтын бусаар ашиглахаар үгсэн тохиролцож, ашиг олох зорилгоор зээлийг авсан нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч, хохирогч, сэжигтэн нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзэж байна. Гэтэл П.А-ын гэм буруутай эсэх асуудлыг тухайн хэрэгт авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан. П.А, Б.Л нарын гэм буруутай үйлдлээс “*** банк” ХХК-нд хохирол учирсан тул тухайн хохирлыг П.А нь хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан “*** банк” ХХК-нд учирсан хохирлыг П.А, Б.Л нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.Б ын өмгөөлөгч П.Батжаргал гаргасан гомдолдоо “... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүссэн үүргийг зохицуулсан холбогдох зүйл заалтыг баримталдаг. Хохирогч Б.Б-т учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар шүүгдэгч Б.Лийг ажиллуулж байсан *** банк хариуцах дараах үндэслэл тогтоогдсон.

*** банкны Дархан салбарын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 65 дугаартай Б.Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалд “Хуучин Дархан тооцооны төвийн менежер Б.Л нь харилцагчид зээл гаргаж өгөх замаар харилцагчаас мөнгө авсан, хүсч байгаа зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргаж зөрүү мөнгийг хувьдаа авч ашигласан, хуурамч баримт үйлдэн харилцагчийн нэр дээр зээл гарган хувьдаа авч ашигласан зэрэг банк болон харилцагчийг хохироосон үйлдэл гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ноцтой зөрчил гаргасан ... мөн ажил тасалсан тул 2018 оны 05 дугаар сарын ...  өдрөөр тасалбар болгон  үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэснээс үзэхэд “хүсч байгаа зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргаж зөрүү мөнгийг хувьдаа авч ашигласан”-ыг банк өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тогтоож, сахилгын арга хэмжээ авсан нь тогтоогдож байна.

Яллах дүгнэлтийн яллаж байгаа хэргийн товч агуулгын 4-д “*** банк”-ны Дархан-Уул аймаг дахь Хуучин Дархан тооцооны төвд зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа тус банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын нэр дээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч уг мөнгөнөөс 11.685.000 төгрөгийг залилан авсан. “Тогтоох хэсгийн 1-т яллагдагч Б.Л-ийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1.2.2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ.

Дээр дурдагдсан ажлаас халагдсан тушаал, яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Л нь *** банкинд харилцааны менежерээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашигласан гэм буруутай үйлдлээрээ бусдад хохирол учруулсан талаарх дүгнэлт нь зөрүүгүй, тохирч байдаг.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Шүүгдэгч Б.Л нь *** банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, 15 удаагийн үйлдлээр нийт 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тус тус зөв” гэж, давж заалдах шатны шүүх “Хавтаст хэргээс үзвэл шүүгдэгч Б.Л нь: *** банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харьцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж ... 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр банкнаас 5.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан иргэн Б.Б ын нэр дээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гарган түүнээс 11:685:000 төгрөгийг залилан авсан ” тус тус дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэн аль нь шүүгдэгч Б.Л нь *** банкинд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцдэг. Учир нь шүүгдэгч Б.Л банкинд харилцааны менежер албан тушаалд ажилладаггүй байсан бол хохирогч Б.Быг 5.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт өгөхөд 12.000.0000 төгрөг нэмж, 17.000.000 төгрөгийн зээл гарах боломжгүй байсан тул шүүгдэгчийн албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна. Түүнчлэн хохирогч Б.Б ын зээл авах хүсэлтийг өөрөө судалсан, зээлийн гэрээн дээр шүүгдэгч Б.Л банкийг төлөөлж гарын үсэг зурсан нь нотлох баримтаар нотлогддог тул түүний хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан болох нь тогтоогддог ба энэ үйлдэл олон удаа давтагдах нөхцөл байдлыг *** банк өөрөө бий болгосон. Хохирогч Б.Б нь өөрийн авсан 5.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулсан боловч *** банк нь Б.Л ийн төлөх ёстой 5.201.700 төгрөгийг Б.Б аас нэхэмжилж, зээлийн барьцаанд тавьсан Б.Бын орон сууцнаас зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас харахад Б.Б нь зээлийн барьцаа хөрөнгөөр хохирч, *** банк Б.Л ийн төлөх ёстой 5.201.700 төгрөгөөр хохирсон байдаг. Гэтэл нэг хохирогч болох *** банк нь нөгөө хохирогч болох Б.Б аас иргэний хэргийн шүүхэд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй байгаа юм. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Л ийг ажиллуулж байсан банк хариуцах үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Л нь харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдад хохирол учруулсан” гэж, давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Б.Л нь банкинд ажилладаг давуу байдлаа бусдад итгэл үнэмшил төрүүлж ... гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэж тус тус дүгнэсэн атлаа анхан болон давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэлийн талаар “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг банк хариуцан төлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад нөлөөлсөн тул хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсгийн “шүүгдэгч Б.Л ээс 5.201.700 төгрөгийг гаргуулж” гэж заасныг “*** банкнаас 5.201.700 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Ёндонсамбуу бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч Б.Л ийг “албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч И.Э ыг “нотариатч өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хяналтын прокурор А.Оргилбаяр 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр 180 дугаар яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 31 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Л, И.Э нарт дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Л-т 7 жилийн хорих ял, шүүгдэгч И.Э-од 5 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хохирогч Ц.Ц-ийн өмгөөлөгч Ж.Туяа, хохирогч Б.Б ын өмгөөлөгч П.Батжаргал, хохирогч А.Ч-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, иргэний хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч О.Б нарын гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр И.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10, мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Д.Д, Б.Л нар нь нотариатч И.Э-ын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн итгэмжлэлээр “***” банкнаас зээл олгоогүй бөгөөд харин Ш.О, А.У, Д.Б нар өөрсдөө 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Л, Д.Д нартай тохиролцон тэдэнд орон сууцаа барьцаалуулан ипотекийн гэрээ байгуулж “***” банкнаас Б.Л, Д.Д нарт зээл авч өгсөн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, И.Э ын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэл хийсэн нь үнэн энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч энэ итгэмжлэлээр банк зээл олгоогүй, өөр байдлаар эрхзүйн ямар нэгэн харилцаанд ороогүй тогтоогдсон тул И.Э-од холбогдох хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Шүүгдэгч И.Э Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар баг 20 дугаар хороолол 3 дугаар байрны 14 тоот 29.0 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийг тухайн байрны хууль ёсны өмчлөгч Ш.О, А.У, Д.Б нарыг байлцуулалгүйгээр, иргэний үнэмлэх, холбогдох бичиг баримтад тулгалт хийлгүй, Б.Л ийн гуйлтаар түүнд хийж өгсөн, Б.Л нь И.Э-ын олгосон итгэмжлэлийн дагуу тухайн орон сууцыг барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “***” банкнаас 30 000 000 төгрөгийг гаргуулан авч, зээлийг төлж барагдуулаагүй улмаас тус байр зээлийн барьцаанд орсноор хохирогч Ш.О, А.У, Д.Б нар нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулж ноцтой хохирол учирсан гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогч А.У-ийн “... Л ордерийг чинь 1 сар хэрэглээд өгье гээд байн байн гуйгаад байсан, банкны ажилтан байсан болохоор итгээд өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын дундуур Л над руу утсаар яриад *** банк дээр хүрээд ирээч гэхээр гэж дуудахаар яваад очтол зээлийн гэрээ бэлэн болчихсон, гэрээн дээр миний гарын үсгийг зуруулсан. Энэ зээлийн гэрээнд манай нөхөр Б, хадам ээж О нарын гарын үсгийг Л зурсан, итгэмжлэлийн талаар надад мэдэх зүйл байхгүй, нөхөр Б болон хадам ээж О нар ямар нэгэн итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 193-195 хуудас/, хохирогч Д.Б-ын “Би энэ зээлийн асуудлыг мэдэхгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сард эхнэр Ундармаагаас сонссон, би ямар ч итгэмжлэл дээр гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш байна, мөн энэ итгэмжлэл дээр О гэж зурсан гарын үсэг миний ээж О-ийн гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 206-208 хуудас/, хохирогч Ш.О-ийн “... У-г байрны гэрчилгээг хүнд өгч, тухайн хүн нь гэрчилгээг маань барьцаалж банкнаас зээл авсан талаар асуудлыг өчигдөр хүүгээсээ сонсож мэдлээ, би Л гэдэг хүнийг огт танихгүй. Тухайн итгэмжлэл дээрх гарын үсэг минийх биш байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 200-202 хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч М.А нарын мэдүүлэг, *** банкны 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 10/284 дугаартай албан бичиг, зээлийн гэрээ, холбогдох баримтууд, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикын шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч А.Ч гаргасан гомдолдоо “... *** банкны Дархан салбарын ажилтан /байсан/ ялтан Б.Л-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон А.Ч би Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасныг баримтлан *** банкийг иргэний хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн.

Хохирогч А.Ч миний бие 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Б” ХХК-ийн байранд байрлах *** банкны Хуучин Дархан тооцооны төвийн салбараас 140900375005 тоот зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зээл 30.000.000 төгрөг авсан. Энэхүү зээлийн гэрээнд банкны талаас нэгжийн захирал Ч.А, зээлийн ажилтан Б.Л нар гарын үсэг зурж зээл олгосон. Тус хэрэг нь миний бие банкны эдийн засагч Б.Л-ийг огт танихгүй, түүнчлэн Б.Л гэдэг хувь хүнд итгэж 17.000.000 төгрөгийг зээлсэн асуудал огт биш, харин *** банкинд итгэж зээлийн дансандаа байршуулж, дахин зээл авах зорилгоор тус банкны эдийн засагчид 17.000.000 төгрөгөө аваачиж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу *** банкинд ямар ч хариуцлага ногдуулахгүй шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Б.Л-ийг *** банкинд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг залилж энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Б.Л-ийг олон удаагийн үйлдлээр удаа дараа их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг би болгосон *** банкинд ямар ч хариуцлага тооцоогүй.

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд *** банкны хуучин Дархан тооцооны төвийн хариуцлагагүй үйл ажиллагаа болон удирдах албан тушаалтнуудын ажилтнууддаа тавих хяналт шалгалт сул, хараа хяналтгүй үйлдлийн улмаас тухайн банкны эдийн засагч /байсан/ Б.Л нь уг гэмт хэргийг үйлдэж олон тооны иргэдийг санхүүгийн хувьд хохироосон явдал үүссэн учраас *** банк тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсаны хувьд ажилтныхаа учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... Б.Л-ээс А.Ч-т 17.000.000 төгрөг гаргуулж” гэснийг иргэний хариуцагч *** банкнаас гаргуулах өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Л гаргасан гомдолдоо “... Б.Л би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 7 жил хаалттай зэрэглэлд ял эдэлж байна. Магадлалыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гардаж авсан. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байна .

Учир нь миний бие Дархан-Уул аймгийн *** банкинд харилцааны менежерээр ажиллаж байсан бөгөөд зээл судлах эрхтэйгээс биш зээл олгох гүйлгээ хийх эрх байхгүй. Миний бие албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Хувийн хэрэгцээнд зориулж хүнээс хүүтэй мөнгө зээлсэн. Түүнээс албан тушаалын байдлыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Гэтэл намайг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хохирлын тооцоог буруу гаргасан. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон. 5-16 насны насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй. Эрүүл мэндийн хувьд чихрийн шижингийн хоёрдугаар хэлбэрээр 2012 оноос оношлогдон байнгын хяналтад байдаг. Хорих ангид ирээд хорихын эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн, түүнээс хойш өнөөг хүртэл сахарын болон зүрхний эм тогтмол ууж, ангийн хяналтад байна. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээ гэмшиж байгаа. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн дээр хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хэлсэн саналдаа “... Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор П.А, Х.Э нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалан *** банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Эрүүгийн хэрэг шийдвэрлэхээс өмнө бид иргэний журмаар нэхэмжлэл гаргахад Х.Э-ын хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтээр зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг түүнийх мөн болох нь тогтоогдсон. П.А нь өөрөө Б.Л-тэй хамтарсан тухай тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг. Тэгэхээр “*** банкны зүгээс П.А-ыг энэ хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь шүүгдэгч И.Э нь хууль бус итгэмжлэлийг баталсны улмаас Б.Л нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан *** банкны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн. Тийм учраас И.Э ын үйлдэл гэмт хэрэгт үйлдэгдсэн нөхцөл байдал нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, И.Э-од холбогдох хэргийг цагаатгасан тул магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч А.Ч, хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.К, шүүгдэгч Б.Л, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Л нь *** банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 09 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

И.Э нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Л ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаартай 29 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг бус байрны өмчлөгч иргэн А.У, Ш.О, Д.Б нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн баталсны улмаас Б.Л нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “*** банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.У, Ш.О, Д.Б нарт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Л ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, шүүгдэгч И.Э-ын үйлдэл нь мөн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаарх хууль зүйн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Л ийг албан банкинд ажилладаг давуу байдлаа ашиглаж бусдад итгэл, үнэмшил төрүүлж иргэдийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Б.Лээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч Б.Л нь *** банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан /хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа/ бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Өөрөөр хэлбэл, Б.Л нь харилцагчид зээл гаргаж өгөх замаар харилцагчаас мөнгө авах, хүссэн зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргах, хуурамч бичиг баримт үйлдэн харилцагчийн нэр дээр зээл гаргах зэрэг албан тушаалын байдлаа ашигласан үйлдлүүд, түүнээс үүсэх хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заажээ.

Гэмт хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас дүгнэхэд гэмт хэрэгт холбогдох үедээ Б.Л нь хөдөлмөрийн гэрээгээр *** банкинд ажиллаж байсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч байгууллага болох *** банк тэргүүн ээлжинд хариуцан арилгах нь хэргийн бодит байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод /зөрчигдсөн эрхийг сэргээх ... хохирлын нөхөн төлүүлэх ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах/ нийцнэ гэж үзлээ.

Түүнчлэн ажил олгогч банкны зүгээс ажилтнуудын үүргийн гүйцэтгэлийг хянах, хууль бус үйлдэлд тавих хяналт, шалгалт сул байгаа нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх, олон удаа давтагдах, харилцагчийн эрх ашгийг хөндөх, хохирол учруулах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Хууль тогтоомжийн тухай хууль”-д заасан шаардлагыг хангаж, тодруулбал, тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар “28.1.2 ... бүтцийн үндсэн нэгж болох зүйл, 28.1.3. зүйлийн доторх хэсэг, 28.1.4. хэсгийн доторх заалт ...” гэсний дагуу “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” эсвэл “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт” гэж бичиж байх нь зүйтэй болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд үг, үсгийн алдаа их байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Л, И.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Л-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН