Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 0032

 

-

 

                                

 

 

 

 

 

 

 

 

                                              Т.Г, Х.Ч нарт

                                              холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                             Ж.Б

Шүүгдэгч                                  Т.Г, Х.Ч

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Х.Б, С.Б,

Хохирогч                                             Н.С

Хохирогчийн өмгөөлөгч                  Ц.М, Г.У,

Б.Ц

Нарийн бичгийн дарга                    Т.Баялаг  нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Г, Х.Ч нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Х.Ч нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Ү овогт Х-н Ч,

Монгол улсын иргэн, Б овогт Т-н Г.

 

Шүүгдэгч Х.Ч Т.Г нар нь бүлэглэн иргэн С.М-тай 2015 оны 11 сарын 27-ны өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” 035 дугаартай гэрээ байгуулан 7А хорооллын 3 давхарын 304 тоот 76.87 м кв байрыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн С.М-д 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан,

 

Шүүгдэгч Т.Г нь:

иргэн А.А-тай 2016 оны 04 сарын 29-ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 901 тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 3.554.100 төгрөгийг завшсан,

 

иргэн Б.Б, Т.Б нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан 7А хорооллын 9 давхарын 902 тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа, “Их хаадын цуваа” ХХК-д дээрх 57.63 м.кв орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг завшсан,

 

“Их хаадын цуваа” ХХК-ийн “борлуулалтын менежер” гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан иргэн Д.М-д 2014 оны 07 сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

 

иргэн Э.Б-д 2014 оны 07 сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

иргэн Х.Чт /Их хаадын цуваа ХХК-д маркетингийн менежер ажилтай/ 2014 оны 08 сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн ТУЗ-ийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор:

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Гд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Ү овгийн Х-н Ч, Б овгийн Т-н Г нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан залилж мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуй нэгжийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал тогтоох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24-р зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Т.Гд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Х.Чыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Гг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.Ч, Т.Г нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Х.Чыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Т.Гг 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г, Х.Чт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ггаас 36.655.000 /гучин зургаан сая зургаан зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж Их хаадын цуваа” ХХК-нд, Их хаадын цуваа” ХХК-с 6.404.100 /зургаан сая дөрвөн зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж Б.Б-д / 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/ төгрөг А.А-д 3.554.100 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг тус тус олгож,

 

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД хэрэгт хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Т.Г нь 71 хоног цагдан хоригдсоныг, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б давж заалдах гомдолдоо:

“... Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4-д заасны дагуу “... Өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль дүгнэлт”-ийг заавал тусгахаар хуулиар шаардсан. Гэтэл анхан шатны шүүх Тогтоолын тодорхойлох хэсэгт зөвхөн нотлох баримтуудыг жагсаан дурдаж, эдгээр баримтаар зөвхөн “үйл баримт”-ыг тогтоогдлоо гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчдийн зүгээс шүүгдэгч нарыг цагаатгах байр суурьтай оролцож, цагаатгах үндэслэлээ хэрэгт авагдсан хэд хэдэн нотлох баримтанд үндэслэн санал гаргасан боловч анхан шатны шүүхээс эдгээр баримтыг хэрхэн няцааж байгаа үндэслэлээ тогтоолд тодорхой тусгаагүй, хэргийг цагаатгах хэд хэдэн нөхцөл байдал үгүйсгэсэн хууль зүйн дүгнэлт гаргаагүй байна.

Т.Гд холбогдох хэрэг нь шүүгдэгчийг цагаатгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй.

 ... Мөн хохирлын тухайд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад зарах байсан үнээр өөр этгээдэд борлуулсан гэх үндэслэлээр “Их хаадын цуваа” ХХК-д 36.655.000 төгрөг Т.Ггаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг огт дурдаагүй, ямар төрлийн хохирол гэж тодорхойлсноо тогтоолд тусгаагүй байна.

Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг өмгөөлөгчийн зүгээс дараахь үндэслэлээр цагаатгах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгчийг цагаатгах буюу Т.Ггийн А.А, Б.Б нарын эдлэх ёстой байсан 3 хувийн хөнгөлөлтийг эдлүүлээгүй компанийг залилан мэхэлсэн гэх нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох талаар

1.1 Т.Гг иргэн А.А, Б.Б нарыг залилан 3 хувийн хөнгөлөлтийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан гэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектын бүрэлдэхүүнийг хангахгүй байна.

Учир нь залилан мэхлэх гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх буюу буцаад А.А, Б.Б нарт очих ёстой хөрөнгө байх шаардлагатай байна. Гэтэл “Их хаадын цуваа” ХХК нь уг хөрөнгийг өөрийн компанийн орох ёстой орлого, С.М авахгүй бол манай компани авна гэж мэдүүлж байгаагаас үзэхэд уг үйлдлийн объект нь бусдын өмчлөх эрх биш хууль ёсны ашиг сонирхол байна.

Өөрөөр хэлбэл ийнхүү хөнгөлөлт эдлүүлэх эсэх асуудал нь зайлшгүй, гарцаагүй үүссэн өмчлөх эрх биш гагцхүү талуудын харилцан тохиролцож шийдвэрлэх, хөнгөлөлт эдлүүлэхгүй ч байхаар шийдвэрлэж болох тухайн үеийн харилцан тохиролцоо байна.

 Уг хөнгөлөлтийг компани эдлүүлэх байсан бол А.А, Б.Б нарын хууль ёсны ашиг сонирхолд эерэг нөлөөтэй, эдлүүлэхгүй байсан бол компаний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.

1.2 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хангахгүй. Учир нь Залилан мэхлэх гэмт хэргийн объектив тал нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга байна. С.М нь Х.Чыг “... захирал гэж хэлсэн...” гэж мэдүүлдэг боловч 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... би Ч-г захирал гэж ойлгосон. Тэрнээс өөрөө захирал гэж хэлээгүй” гэх мэдүүлгийг өгсөн. Тиймээс прокурорын яллах үндэслэл болсон “бусдыг хуурах” үйлдэл нь үгүйсгэгдэнэ.

1.3 Мөн тус гэмт хэргийн объект нь бусдын эд хөрөнгөө өмчлөх эрх байх ёстой байтал уг үйлдлийн улмаас хохирсон нь хэн болохыг буруу тогтоосон. Яллах дүгнэлтээр компанид орвол зохих орлого гэж тодорхойлсон байгаагаас үзвэл энэ нь компаний өмчлөх эрх буюу бодит хохирол биш “орох байсан орлого буюу ашиг”-ийг өмчлөх эрх мэтээр зүйлчилсэн нь үндэслэлгүй юм.

1.4 2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тодорхойлсон. Тиймээс А.А, Б.Б нарт эдлүүлсэн хөнгөлөлт нь компанид орох байсан хөрөнгө буюу компанийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

1.5 Харин Т.Ггийн А.А, Б.Б, С.М нарт эдлүүлээгүй хөнгөлөлтийг эдлүүлсэн мэтээр гэрээг хуурамчаар үйлдсэн үйлдэлд зөвхөн Т.Гг дангаар нь буруутгадаг. Гэтэл тухайн үед орон сууц зарагдахгүй, дөнгөж орон сууцнууд ашиглалтанд орж, чанар стандартын шаардлага хангахгүй байсан үед компанийн Гүйцэтгэх захирал Н.С-н зүгээс “орон сууц худалдан авах худалдан авагч олж ирсэн хүнд энэ хөнгөлөлтийн төлбөрөөс өгч, борлуулалтаа нэмэгдүүлээрэй” гэсэн үүрэг даалгаврын дагуу ийнхүү эдгээр 3 иргэнд эдлүүлээгүй хөнгөлөлтийг Т.Г нь дангаараа бус өөр бусад зуучлан зарахад тусалсан иргэнд хувиарлан өгсөн байдаг. Н.С нь уг үйлдлийг өөрөө маш сайн мэдэж байсан нь Г.Б гэх худалдан авагчийн мэдүүлгээс тодорхой харагдана. Г.Б нь “хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож байсан боловч орон сууц худалдан авахаа больж, төлсөн мөнгөө буцаан авсан боловч мөн л 3 хувийн хөнгөлөлт гэж эдлүүлсэн байсан төлбөрийг компаниас буцаан олголгүй, НӨАТ-ийн 10 хувийн шимтгэл гээд буцаан олгоогүй” байдаг. Н.С-н зүгээс уг мөнгийг өөрөө мэдсээр байж худалдан авагчид буцаан олголгүй НӨАТ гэж үндэслэлгүй, худал тайлбарлан өгөөгүй байгаагаас үзэхэд уг хөнгөлөлтийг компанийн орлогод анхнаасаа оруулдаггүй дүн болох нь тогтоогдоно. Н.С нь татвараас зайлсхийх зорилгоор хөнгөлөлт эдлүүлсэн мэтээр орлогоо бууруулан тайлагнаж, зөрүү төлбөрийг /хөнгөлөлт гэх дүнг/ өөрөө болон уг орон сууцыг борлуулсан ажилтан, зуучлагч нарт дамжуулан өгч байсан байна.

1.6 Дээрх нэр бүхий 3 иргэнд эдлүүлсэн мэтээр үйлдсэн хөнгөлөлт компанид орох ёстой орлого биш, гагцхүү компанийн гүйцэтгэх захирлын орон сууцыг борлуулахын тулд ажилтнууддаа олгосон боломж байсан боловч хожим нь уг нөхцөл байдлыг урвуулан Т.Г, Х.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэж, өөрийн татвараас зайлсхийсэн, нуусан үйлдлээ хайцаалж байна.

1.7 Иргэн А.А, Б.Б нараас Т.Ггийн авсан гэх 6.406.785 төгрөг нь мөн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох бусдад үлэмж хэмжээний хохирол учирсан гэдэгт хүрэхгүй байна. Тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 12 сая төгрөгийн босгонд хүрэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс яагаад ийнхүү хүндрүүлэн зүйлчилж байгаа нь ойлгомжгүй, хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл байна.

Шүүгдэгчийг цагаатгах буюу Т.Ггийн Д.М, Э.Б, Х.Ч нарт орон сууцыг борлуулах байсан үнээс доогуур үнээр борлуулсан гэх үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох талаар:

2.1 Д.М, Э.Б, Х.Ч нарт орон сууцыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад борлуулдаг байсан үнээр борлуулсантай холбоотой “Их хаадын цуваа” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй. Учир нь тус үйлдлээр Т.Г нь өөртөө ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, шан харамж аваагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог.

2.2 Нэр бүхий иргэдэд орон сууцыг худалдан борлуулснаар компанид бодит хохирол учраагүй. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5.1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас .... эд хөрөнгөд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж тодорхойлсон тул ийнхүү хямдралтай үнээр худалдан борлуулснаар компанийн орон сууцны өртөгөөс доогуур үнээр борлуулаагүй болох нь Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад худалдаж байгаа 1.452.000 төгрөг гэсэн үнээр нотлогдоно. Гэтэл уг хохирлыг Т.Г-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

2.3 Хэрэв тус компанид хохирол учирсан гэж үзвэл уг хохирлыг хэн төлөх вэ?. Хэн уг орон сууцыг хямд үнээр худалдан авсан бэ? гэдэг асуултад хариулсны үндсэн дээр тус хохирлыг төлөх этгээд нь тодорхойлогдоно. Гэтэл уг орон сууцыг худалдан авсан этгээд тус хэрэгт иргэний хариуцагчаар татаагүй зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан.

2.4 Тус гэмт хэргийн объектив талын шинж нь өөр нь нотлогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байхыг шаарддаг. Гэтэл Т.Гд үнийг тогтоох эрх мэдлийг өгөөгүй, гагцхүү компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс үнийг тогтоодог гэсэн хохирогчийн мэдүүлгээс харахад Т.Гд уг эрх мэдлийг олгоогүй байна.

2.5 Т.Гд эрх олгосон гэх эрх зүйн баримт бичиг буюу 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Төлөөлөн удирдан зөвлөлийн тогтоол нь  хуурамч баримт бичиг байна. Учир нь түүн дээр гарын үсэг зурсан Р П гэх хүний гарын үсэгтэй зөрүүтэй, түүн дээр дарагдсан тамга тэмдгийн дардас нь мөн зөрүүтэй байна. “Их хаадын цуваа” ХХК нь Т.Гг борлуулалтын менежерээр 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилд авч Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснийг доорх, хавсралтаар өгсөн дэвтрийн хуулбарт тэмдэглэжээ. Тус тэмдэглэлд дарсан тэмдэгийн дардас нь хоёр өөр болох нь 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дардас болон 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дардасаас тус тус харагдана.

... “Их хаадын цуваа” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 18-нд баталсан гэх Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол дээрээ тухайн үед ашиглаж байсан тэмдэгийг даралгүй, 2016 онд ашиглаж байсан тэмдгийг дарсан нь хохирогч зориудаар нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчиж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.7.1-д “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7.2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн үүргээ биелүүлэх дараахь ажиллагааг мөрдөгч, прокурор бүрэн хийгээгүй байна. Үүнд:

Шүүгдэгч нарыг зүйлчилсэн зүйлчлэл бүхий хэргийн онцлог нь “бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” бөгөөд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан үйл баримт болох санхүүгийн баримтад шинжилгээ хийх замаар тогтоож, хэргийн бодит үнэнийг тогтоох боломжтой юм. Учир нь шүүгдэгч нарын бусдад үзүүлсэн гэх хөнгөлөлтийн талаар компани огт мэдээгүй, мэдэгдэлгүйгээр энэ бүх үйлдлийг хийсэн гэж хохирогч компаний захирал зөвхөн мэдүүлдэг. Гэтэл аливаа компанийн орлого, зардал бүхэн санхүү, татварын тайландаа тусгагдаж, үнэн зөв тайлагнасан байх ёстой. Иргэн Х.Ч, Э.Б, Д.М нарт эдлүүлсэн гэх хөнгөлөлтийн талаар компанийн захирал мэдэх боломж 2014 оноос хойш байсан буюу энэ хугацаанд компани нийт /2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд/ 10 гаруй удаагийн тайлан гаргаж, тухайн санхүү, татварын тайлан бүрт гүйцэтгэх захирал Н.С болон нягтлан бодогч нар өөрсдөө үнэн зөвийг нь баталгаажуулж, гарын үсэг зурдаг байсан.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аливаа санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл нь анхан шатны баримт буюу ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоонд үндэслэж гарах бөгөөд уг үндсэн үүрэг нь компаний нягтлан бодогч болон гүйцэтгэх захирал нарт хамааралтай юм. Тиймээс Х.Ч, Э.Б, Д.М нартай байгуулсан гэрээний үнийн дүн бүхий ажил, гүйлгээг компани хэрхэн бүртгэсэн тайлагнасан, ямар санхүүгийн баримтанд үндэслэж бүртгэснийг эдийн засгийн мэдлэг бүхий шинжээчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1.д зааснаар тогтоосон бол уг хэргийн бодит байдал болох компани мэдсэн эсвэл мэдээгүй байх аль нөхцөл байдалд байсан нь бүрэн тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлангийн орлогын дүн нь тухайн хугацааны нийт орлогын дүн байдаг тул уг дүнг мэргэжлийн шинжээч задалж, яг ямар дүнгээр Х.Ч, Э.Б, Д.М нарын гэрээний төлбөрийг бүртгэж тайлагнасныг тогтоох боломжтой юм.

Мөн Х.Ч, Э.Б, Д.М нартай байгуулсан захиалгын гэрээнээс гадна компанийн зүгээс Орхон аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст эдгээр иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ямар нэгэн төлбөр тооцоо, дууссан, хэдий хэмжээний төлбөр мөнгө хүлээн авсан талаархи баримтыг зайлшгүй гаргаж өгч байж тухайн иргэдийн нэр дээр “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ” гарч өмчлөх эрх үүсч бүртгэнэ. Гэтэл мөрдөн байцаагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан баримт бичгийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагаас хувийн хэргийг татаж шалгаагүй байгаа нь компани, түүний удирдлагын оролцоо, зөвшөөрөл байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой баримтыг хэрэгт аваагүй нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

“Их хаадын цуваа” ХХК-ийн зүгээс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, баригдсан орон сууцаа худалдан борлуулах нь компанийн үндсэн үйл ажиллагаа юм. Тус компанийн зүгээс нийт хэдэн орон сууцыг тус бүр ямар үнээр борлуулсныг тогтоох нь энэ хэргийн үнэн, бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Мөрдөгч, прокурор зөвхөн хохирогчийн мэдүүлэгт хөтлөгдөн, үндэслэж үйл баримтыг тогтоож байгаа нь хэт нэг талыг барьсан байна гэж үзэх үндэслэлтэй. Учир энэ хэргийн 3 хавтаст бүхэлдээ хохирогч, гэрчийн мэдүүлгээс бүрдсэн бөгөөд зайлшгүй шаардлагатай өөр бусад төрлийн нотлох ажиллагаа огт хийгдээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Б.Б, А.А нарын мэдүүлгээр эдгээр иргэд компанийн гүйцэтгэх захирал Н.С-н зөвшөөрлөөр 3 хувийн хөнгөлөлт эдэлсэн болох нь хохирогчийн “... манай компанид бараа нийлүүлдэг байсан” гэсэн мэдүүлгээр нотлогдоно. Зөвхөн энэ мэдүүлгээс үзэхэд зөвхөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүмүүст хөнгөлөлт үзүүлсэн гэх буруутгал үгүйсгэгдэх ба Орхон аймгийн улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудад ч хөнгөлөлттэй үнээр орон сууц борлуулжээ.

Гэтэл компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвхөн Эрдэнэт үйлдвэрт ажилладаг ажилтнуудад хөнгөлөлт эдлүүлэхээр зөвшөөрсөн байхад компанийн гүйцэтгэх захирал нь өөрөө дур мэдэж Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлт эдлүүлснийг үл харгалзан зөвхөн шүүгдэгч нарыг буруутгаж байгаа нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, зөвхөн шүүгдэгч нар гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгааг анхаарна уу.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт нь “Их хаадын цуваа” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07/2014 тоот тогтоол байна. Энэ компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал уу? аль эсвэл Төлөөлөн удирдах зөвлөл үү?. Энэ тогтоол эрх бүхий этгээдээс гарсан тогтоол мөн үү? гэдэг асуудлыг мөрдөгч, прокурор огт шалгаж тогтоогоогүй байна.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 75.2-д “Хувьцаат компани нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд ХХК-ийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдан зөвлөлгүй байж болно.” гэж хуульчилсан. Гэтэл “Их хаадын цуваа” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй эсэх, Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас албан ёсоор томилогдсон эсэхийг нягтлан шалгаж, Компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, улсын бүртгэлээс лавлагаа, баримт авахгүйгээр тус компанийн 2014 оны 07/2014 тоот тогтоолыг шийтгэх тогтоолын үндэслэл, шүүгдэгч нарыг буруутгах гол баримт болгосон нь шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрэн хийгдээгүй байгааг залруулах шаардлага байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “... эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож” өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.Г давж заалдах гомдолдоо:

“ ... Иргэн А.А, Б.Б, С.М нарыг залилан 2-3 хувийн хөнгөлөлтийг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхэлж авсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар зүйлчилснийг үгүйсгэж байгаа бөгөөд энэ нь компанийн борлогдохгүй байсан орон сууцнуудыг борлуулахад А.А, Б.Б, С.М нарыг тэдний найз нөхөд, хамт ажиллагсад нь зуучилж, зуучилж өгсний урамшуулалд 2-3 хувийг бэлнээр гаргаж өгсөн нь компанийн борлуулалтыг нэмэгдүүлж, дараагийн орон сууцны санхүүжилтыг шийдвэрлэж байсан “Их хаадын цуваа” ХХК-ийн шийдвэр байсан болохоос биш би өөрийн дураар ямар гэмт хэргийн санаа зорилго агуулж, хэн нэгнийг хохироож, залилан мэхэлсэн үйлдэл биш.

Иргэн Д.М, Э.Б, Х.Ч нарт орон сууцыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад борлуулдаг үнээр борлуулж “Их хаадын цуваа” ХХК-д 36.655.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй бөгөөд тус үйлдлээр миний бие өөртөө ямар нэгэн ашиг хонжоо олоогүй, бусдаас шан харамж аваагүй мөн компанийн өмч хөрөнгийг худалдан борлуулах, захиран зарцуулах, захиалан бариулах гэрээг тамга дарж баталгаажуулах, компанийн тамга тэмдэг ашиглах, орон сууц өмчлөх эрхийг бусдад шилжүүлж өгөх эрх олгогдоогүй юм.

Дээрх нэр бүхий иргэдэд орон сууцыг худалдан борлуулахад худалдагч тал нь “Их хаадын цуваа” ХХК, худалдан авагч нь нэр бүхий иргэд. Миний бие өөрт үүрэгдсэн тушаалын дагуу гэрээнд зөвхөн компанийг төлөөлж гарын үсэг зурсан. Тус орон сууцнуудыг тухайн үнээр худалдан борлуулах шийдвэрийг “Их хаадын цуваа” ХХК гаргасан. Тухайн үнээр худалдан борлуулах эсвэл борлуулахгүй байх эрх зөвхөн “Их хаадын цуваа” ХХК-д байдаг.

Мөн намайг буруутгаж буй 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07/2014 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь тухайн цаг үед батлагдан гарсан тогтоол мөн бол намайг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Борлуулалтын менежерээр томилсон тушаалыг нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийснийг баталгаажуулсан тамга буюу ХАК0731 дугаар бүхий жижиг тамга дарагдах байсан нь доорх дэвтэрийн бичилтээр нотлогдоно.

Тус тэмдэглэлд дарсан тамганы дардас нь тухайн цаг үед ашиглаж, хэрэглэж байсан тамгыг цаг хугацааны хувьд нотлох бөгөөд уг 07/2014 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дараа үйлдсэн баримт бичиг юм. Иймээс уг 07/2014 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг сүүлд хуурамчаар он, сар, өдөр зохиож хийсэн болох нь дарагдсан тамга тэмдэг, олон гарын үсэг зэргээс тус тус харагдаж байгаа.

... Х.Ч, Э.Б, Д.М, М, А, Б нартай байгуулсан захиалгын гэрээнээс гадна компанийн зүгээс Орхон аймгийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст эдгээр иргэдтэй байгуулсан гэрээний үнийн дүн, үнийн дүнгийн 30% төлбөр мөнгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг зээл авах банкаар дамжин төлөгдөх тул тухайн иргэдэд үл хөдлөх өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг зөвшөөрч байна гэсэн гүйцэтгэх захирал Н.С болон гүйцэтгэх захирал Д.Б нарын гарын үсэг, тамга тэмдэгтэй албан хүсэлтийг зайлшгүй үндэслэж байж тухайн иргэдийн нэр дээр “Үл хөдлөх Эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ” гарч өмчлөх эрх үүссэнээр эд хөрөнгө бүрэн худалдагддаг болно.

Иймээс миний бие удирдах, шийдвэрлэх албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр дур мэдэн компанийн өмч хөрөнгийг зарж борлуулах, захиран зарцуулах эрхгүй бөгөөд ямар ч боломж байхгүй байтал анхан шатны шүүх энэ хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичигт гүйцэтгэх эрх мэдэлтнүүд болох гүйцэтгэх захирал Д.Б-н гарын үсэг бүхий албан хүсэлт, гүйцэтгэх захирал Н.С, гүйцэтгэх захирал Д.Б нарын бие биедээ олгосон итгэмжлэл, компанийн тамга тэмдэг зэргийг нотлох баримтуудаар үнэлж дүгнэлгүйгээр намайг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр дүгнэж буруутгаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Ч давж заалдах гомдолдоо:

“... Хохирогч гэх С.М нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “... би Ч-г захирал гэж ойлгосон. Тэрнээс өөрөө захирал гэж хэлээгүй, надад ямар нэгэн санал гомдол хохирол байхгүй” гэж хэлээд байхад 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн анхан шатны шүүхээс хохирогч С.М-н мэдүүлгээс хэдийгээр өөрийгөө захирал гэж танилцуулаагүй ч, хийсэн үйлдлээрээ хохирогч С.М-д өөрийгөө захирал гэж бодогдуулан албан тушаалын байдлаа ашиглаж, Т.Гтай бүлэглэж С.М-ыг залилсан байна гэсэн сэжиг таамгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар буруутгаж байгаад гомдолтой байна.

Мөн миний бие “Их хаадын цуваа” ХХК-иас худалдаж авсан байрыг тухайн үед гүйцэтгэх захирал Н.С нь Чех улс руу явахдаа өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг гүйцэтгэх захирал Д.Б-д итгэмжлэлийн дагуу олгосон. Д.Б нь энэ эрхийн дагуу захиалан бариулах гэрээг баталгаажуулж тамга даран Голомт банкинд компанийн зүгээс төлөөлж баталгаа болон Орхон аймгийн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газарт үл хөдлөх өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлж өгөх хүсэлтийг өөрийн гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгийг гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандсан албан хүсэлтээр нотлогдож байхад Д.Б мэдүүлэгтээ “... би 1 мкв-г 1.452.000 төгрөгөөр гэрээ хийх зөвшөөрөл өгөөгүй, надад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй...” гэсэн өөрийн хийсэн үүрэг хариуцлагаас зайлсхийж, худал мэдүүлэг өгч, энэ хэргийн үнэн бодит байдлыг зориудаар нуун дарагдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/102 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

 

Шүүгдэгч Т.Г нэмэлт тайлбартаа:

“... миний бие 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/102 тоот анхан шатны шүүхийн тогтоох хэсэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгжийн гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглан бусдад давуу байдал тогтоосон гэмт хэрэгт тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө “Их хаадын цуваа” ХХК-д 36.655.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул эрс эсэргүүцэж гомдол гаргаж байна...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, шүүгдэгч Т.Г, шүүгдэгч Х.Ч нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Т.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 150 дугаар зүйлийн 150.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Х.Чыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Гд холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн...” гэж дүгнэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчлэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс гадна дээрх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Шүүгдэгч Т.Г нь “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Д.М, Э.Б, Х.Ч нарт орон сууц борлуулахдаа “Их хаадын цуваа” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 07/2014 тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчдад борлуулах үнэ болох 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж, давуу байдал тогтоон “Их хаадын цуваа” ХХК-д нийт 36.655.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх гэмт хэрэг нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед үйлдэгдсэн ба тухайн үед хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдог байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд энэ хэмжээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөгдсөн болно.

 

Т.Ггийн бусдад учруулсан 36.655.000 төгрөгийн хохирол нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасанчлан “их хэмжээний хохирол”-д хамаарах атал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан “... үлэмж хэмжээний хохирол учирсан...” гэж үзэж анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.1 болгож өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын дээрх үйлдлийг зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүйгээс гадна шүүгдэгч Т.Г нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан” байх хуулийн шаардлага хангаагүй байхад түүнд оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Түүнчлэн А.А, Б.Б нарыг мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор хохирогчоор тогтоосон боловч /2хх - 91, 96/ прокурорын тогтоолоор хүчингүй болгож /3хх - 63/, яллах дүгнэлтэд “Их хаадын цуваа” ХХК-ийн орлогод орвол зохих ... төгрөг,  “Их хаадын цуваа” ХХК-д ...төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байхад шүүх “Их хаадын цуваа” ХХК-иас 6.404.100 төгрөг гаргуулж Б.Б-д 2.850.000 төгрөг, 3.554.100 төгрөг гаргуулж А.А-д тус тус олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг тодорхойлсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тухайн хэргийн оролцогч нь гэмт хэргийн улмаас хохирсон, эсхүл иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдвол шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох эрхтэй юм.

 

   Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

   Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, шүүгдэгч Т.Г, Х.Ч нарын давж заалдах гомдлыг тус тус хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, шүүгдэгч Т.Г, Х.Ч нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.   

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

 

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                           С.УРАНЧИМЭГ