Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2017/00756

 

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 135/ШШ2017/00756

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00842/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ...... байрлах Д.Ц ББСБ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ....... тоотод оршин суух Х. овогт Б. Х. /РД:....../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болох нийт 36,522,979 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц ББСБ нь Б- овогтой Х-тай 2011 оны 1 дүгээр сарын 14-нд 11/03 тоот зээлийн гэрээ, 11/03 тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэйгээр нийт 25,000,000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Х- нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25 хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8,378,875 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү Э-ыг дагуулж ирээд энэ хүн удахгүй төлөөд өгнө гэсэн. Э- нь 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн ба Х-гийн барьцаагаар төлүүлнэ гэхэд эгч хөхний хавдар авахуулсан, эмчилгээтэй байгаа тул ийм юм дуулгавал аминд нь аюултай байна гэсээр бага сага хүү төлсөөр өдийг хүргээд 2016 оны 5-р сард Америк руу алга болсон. Энэ хүн чинь явах гээд байна гэж Х-д хэлэхэд Э- явахгүй эхнэр нь явна, санаа зоволтгүй гээд байсан нь худлаа байна. Иймд Х-гаас үндсэн зээл 16,621,125 төгрөг, түүний хүү 15,037,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,864,121 төгрөг, нийт 36,522,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоогийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8,378,875 төгрөг, хүүнд 23,159,125 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц ББСБ, Б.Х- нарын хооронд зээлийн гэрээ 2011 оны 11 сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Хариуцагч Б.Х- зээлээ хугацаандаа төлсөн бол зээлийн гэрээний хугацаа дуусах байсан гэтэл зээлээ төлөөгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан заалтыг зээлийн гэрээндээ тусгасан. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т хариуцлагын талаар тусгаж өгсөн байгаа, зээлийн гэрээний зориулалтын 3 дугаар зүйлийн 3.5-д хугацаа дуусахад зээлийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлээ төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ гэж заасан. Зээлийн гэрээ сунгасан сунгаагүй талаар маргахгүй, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-дэх хэсэгт ... Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ... гэж заасны дагуу нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х- нь 25,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Гэхдээ зээлийг 1 жилийн хугацаатай 2011 оны 01 сарын 14-ний өдөр авсан бөгөөд зээлийн гэрээг сунгуулаагүй. Манай зүгээс 25,000,000 төгрөгийн зээл аваад буцаагаад 31,538,000 төгрөг төлсөн байна. Зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нь үнэн боловч ийм их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар 2,007,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад төлбөрийг зөвшөөрөхгүй. Энэ бага хэмжээний мөнгийг төлчих тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х- нь 25,000,000 төгрөгийг зээлж аваад нийт 31,538,000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Нэхэмжлэгч тал одоо дахин 36,522,980 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ сунгагдаагүй тул зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 сарын 14-ний өдөр дууссан. Түүнээс хойш олон удаагийн төлбөр төлсөн бөгөөд түүнийг бүгдийг нь хүүнд тооцож авч байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр заасны дагуу гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн төлбөрт тооцон хасаж өгнө үү. Иймээс үндсэн төлбөр төлөгдөөд дууссан байгаа. Хүүгийн төлбөрөөс бага хэмжээний үлдэгдэл байхыг үгүйсгэхгүй. Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Мөн зээлийн гэрээний хугацаа 1 жил болоод дууссан байхад түүнээс хойш энэ олон жил зээлдэгчид холбогдуулан шаардлага гаргахгүй, хүү тооцоод яваад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ц ББСБ нь хариуцагч Б.Х-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 16,621,125 төгрөг, хүү 15,037,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,864,121 төгрөг, нийт 36,522,980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С- 25,000,000 төгрөгийн зээл аваад 31,538,000 төгрөгийг буцаан төлсөн тул үндсэн төлбөрийн төлөлт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 2,007,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Нэхэмжлэгч Д.Ц ББСБ болон хариуцагч Б.Х- нарын хооронд 2011 оны 01 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, мөн өдрөө Дархан сумын 10 дугаар баг, 1б байрны 16 тоотод байрлах, улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн, орон сууцыг барьцаалж, зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн шаардлагуудыг хангасан байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч өмнө нь гэрээг нэг жилийн хугацаатай сунгасан гэж тайлбарлаж байсан боловч тус шүүх хуралдаанд зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 сарын 14-ний өдөр дуусгавар болсон, гэрээг хариуцагчийн гаргасан хүсэлтээр сунгагдсан гэж ойлгож байсан боловч гэрээ сунгасан талаар бид бичгээр гэрээ хийгээгүй тул гэрээг сунгагдаагүй гэж үзэхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарладаг болно.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 10.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлтийг гагцхүү бичгээр үйлдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж тооцохоор заасан бөгөөд ийнхүү гэрээ сунгасан талаар тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээг сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2012 оны 01 сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна.

Хариуцагч Б.Х- нь зээлийн гэрээний үүрэгт нийт 31,538,000 төгрөгийг буцаан төлсөн гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд гэрээний хугацаанд буюу 2012 оны 01 сарын 14-ний өдрөөс өмнө зээлийн гэрээний үүрэгт нийт 11,550,000 төгрөг төлсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Х- нь 12 сарын хугацаанд нийт 34,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс 11,550,000 төгрөгийг буцаан төлсөн нь гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзнэ.

Харин гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 19,988,000 төгрөг төлсөн байгаа бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү төлбөрийг зээлийн хүүнд тооцож авсан гэж тайлбарладаг болно.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т: Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээнд зээлийн хүү тооцохоор тохирсон байх тул нэхэмжлэгч Д.Ц ББСБ нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамаарч дээрх хуульд заасны дагуу хүү шаардах эрхтэй байна.

 

Нөгөө талаас Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж гэрээний хугацаа дууссан тохиолдолд үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульчилсан байх тул гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчаас төлсөн төлбөрийг эхэлж үндсэн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй байна.

 

Зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 3,025,000 төгрөг, хүүгийн төлбөрт 8,525,000 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч зээлийн гэрээний хугацаанд хүүгийн төлбөрөө бүрэн төлсөн гэж тайлбарладаг болно.

 

Иймд зээлийн гэрээний хугацаанд хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж, үндсэн төлбөрт төлсөн 3,025,000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасахаар 2012 онд 21,975,000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл байгаагаас энэ хугацаанд төлсөн 6,600,000 төгрөгийг энэхүү үлдэгдлээс хасахад 15,375,000 төгрөгийн үндсэн төлбөр, мөн энэ онд зээлийг ашигласны хүүг 3 хувиар тооцоход жилийн 5,535,000 төгрөгийн хүү тооцогдохоор байна.

2013 онд хариуцагч Б.Х- нь нийт 12,270,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл 15,375,000 төгрөгөөс хасаж тооцоход 3,105,000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болж байгаа бөгөөд энэхүү зээлийн үлдэгдлийг хариуцагч 2013 онд ашигласан гэж үзэхэд хүү 3 хувиар тооцож, жилийн хүү нь 1,117,800 төгрөг болж байна.

2014 онд хариуцагч Б.Х- нь нийт 500,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,105,000 төгрөгөөс хасаж тооцоход 2,605,000 төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, түүний жилийн хүү 3 хувиар тооцоход 937,800 төгрөг болж байна.

2015 онд хариуцагч нь 618,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг мөн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2,605,000 төгрөгөөс хасаж тооцоход 1,987,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл гарч байгаа бөгөөд үүний жилийн хүү нь 715,320 төгрөг тооцогдохоор байна.

Хариуцагч Б.Х- нь 2016 онд төлбөр төлөөгүй байх тул нэхэмжлэгч талаас шаардлагаа тооцсон хугацаа болох 2016 оны 05 сарын 13-ны өдөр хүртэлх 4 сарын хугацааны хүүг тооцоход 238,440 төгрөг болж байна. /зээлийн үлдэгдэл төлбөр 1,987,000 төгрөгийн сарын хүү 59,610 төгрөг/

Иймд дээрх тооцооллыг нэгтгэж үзэхэд хариуцагч Б.Х- нь зээлийн үндсэн төлбөрт 1,987,000 төгрөг, зээлийн хүүнд 8,544,360 /2012 оны хүү 5,535,000 төгрөг+2013 оны хүү 1,117,800 төгрөг+2014 оны хүү 937,800 төгрөг+2015 оны хүү 715,320 төгрөг+2016 оны хүү 4 сараар тооцоход 238,440 төгрөг=8,544,360 төгрөг/ төгрөг, нийт 10,531,360 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Д.Ц ББСБ-ын өмнө хүлээх үүрэгтэй байна гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц ББСБ нь нэмэгдүүлсэн хүү 4,864,120 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болно.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.4-т нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг 1 сарын 20 хувь гэж заагаад нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй зээлийн үндсэн өрийн үлдэгдлээр тооцохоор заажээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байх бөгөөд дээрх гэрээний нэмэгдүүлсэн хүү тооцох заалт энэхүү хуульд заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн хүү 4,864,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Х-гаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,987,000 төгрөг, хүүгийн төлбөрт 8,544,360 төгрөг, нийт 10,531,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 25,991,620 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц ББСБ нь хариуцагч Б.Х-тай 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 11/03 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Х-, Н.Э, Х.С, Х.С, нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, ......., 3 өрөө, Ү-..... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хамтран өмчлөгч нарын итгэмжлэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Х-гаас 10,531,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,991,620 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, ......., 3 өрөө, Ү-..... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 409,030 төгрөгөөс 340,565 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 68,465 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид 183,452 төгрөг гаргуулж, Д.Ц ББСБ-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ