Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00059

 

ДЦ ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар   

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэртэй,  

Дархан-Уул  аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр  магадлалтай,

ДЦ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох нийт 36.522.979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ДЦ ББСБ нь Б.Х-тай 2011 оны 01 дүгээр сарын 14-нд 11/03 тоот зээлийн гэрээ, 11/03 тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3.0 хувийн хүүтэйгээр нийт 25.000.000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Х нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8.378.875 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү н.Эрдэнэбадрахыг дагуулж ирээд энэ хүн удахгүй 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн.

 Иймд, хариуцагч Б.Хгаас үндсэн зээл 16.621.125 төгрөг, түүний хүү 15.037.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг нийт 36.522.980 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоогийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8.378.875 төгрөг, хүүнд 23.159.125 төгрөг төлсөн байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаатай мөнгө зээлсэн бөгөөд зээлийн гэрээг сунгуулаагүй. Манай зүгээс 25.000.000 төгрөгийн зээл аваад буцаагаад 31.538.000 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нь үнэн боловч ийм их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар 2.007.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй. Үлдсэн бага хэмжээний мөнгийг төлөх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хгаас 10.531.360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ДЦ ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.991.620 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 1б байрны 16 тоот, 3 өрөө, Ү-2003007637 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 409.030 төгрөгөөс 340.565 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ДЦ ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 68.465 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 183.452 төгрөг гаргуулж, ДЦ ББСБ-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул  аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр магадлалаар, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэрийг хэвээ үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 287.910 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 114 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Зээлдүүлэгч ДЦ ББСБ нь зээлдэгч Б.Х нарын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  452 дугаар зүйлийн 452.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзсэн хууль зөрчөөгүй байна. Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 25.000.000 төгрөгийг Б.Хгийн эзэмшилд шилжүүлж, зээлдэгч нь үндсэн зээл 25.000.000 төгрөг, хүү 9.000.000 төгрөг, гэрээ сунгасан хугацааны хүү 7.920.000 төгрөг нийт 41.920.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч Б.Х нь үндсэн зээл 3.025.000 төгрөг, зээлийн хүү 13.805.000 төгрөг нийт 16.830.000 төгрөг төлсөн ба цаашид үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүг үргэлжлүүлэн 2015 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлж үндсэн зээл 21.975.000 төгрөг (25.000.000- 3.025.000) байснаас үндсэн зээлэнд 5.353.875 төгрөг, хүүнд 9.354.125 төгрөг төлсөн нь мөнгө тушаасан баримтаар нотлогдож байна. (ХХ-32) ДЦ ББСБ нь Иргэний хуульд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэдэгт хамаарах ба Б.Хгаас зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар, мөн зээл ашигласан хугацааны хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар тус тус шаардах эрхтэй гэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн зохицуулалттай. Зээлийн гэрээний 3.5-р зүйл нь Банк, эрх бүхий этгээдийн санхүү, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3 дугаар зүйл буюу “зээлийн гэрээний хугацаа дууссан нь зээлдэгч зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснийг, зээлийн гэрээний 7.2 дугаар заалт нь дээрх хуулийн 24.3 дугаар зүйл буюу “зээлийн гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө” гэсэн заалтыг тусгасан юм.

ДЦ ББСБ зээлийн хугацаа дууссанаас хойш зээлдэгчид Иргэний хуулийн 223.2-т зааснаар зээлээ төлж барагдуулах шаардлагыг олон удаа тавьж зээл, хүүгийн үлдэгдлийг барьцаа хөрөнгөөр хангуулах мэдэгдэл хүргүүлэх (ХХ-33 хуудас) зэрэг үйлдэл хийж байсан ба тухай бүрд зээлдэгч Б.Х нь эхнэрийн дүү Эрдэнэбадрахын хамт тайлбар гуйлт тавин зээлийн хүүгийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ямар нэгэн хэмжээгээр хүү төлж байсныг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа юм. Б.Х үндсэн зээлийн үлдэгдэл 16.621.125 (25.000.000-8.378.875) төгрөгийг ашигласан хэвээр байгаа тул ашигласан хугацааны хүү 15.037.734 төгрөгийг, үндсэн зээл 16.621.125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг нийт 36.522.980 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасныг үндэслэх хэсэгтээ оруулж үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тогтоосон мөртлөө мөн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1,  212.3 дахь заалтуудыг анзаарахгүй орхиж, 216.4-д заасныг баримтлан хариуцагч Б.Х нь зээлсэн 25 сая төгрөгний зээлийн хүү төлснийг үндсэн зээлээс хассан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212. -д зааснаар “...Сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ” Мөн хуулийн 212.3-д энэ хуулийн 212.1-д зааснаар “Сонголт хийхдээ үүрэг гүйцэтгэгч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ”. 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэсэн дээрх хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхгүйгээр, мөн хуулийн 216.4-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 212 болон 216 дугаар зүйлд “Зээлдэгчийн төлбөрийн чадвар төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол” гэж заасан байна. Хариуцагчийн барьцаалсан хөрөнгө барьцааны үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой байгааг шүүх анзаарч үзсэнгүй. Хариуцагч Б.Х нь үүргийнхээ дагуу өөрийн хүсэл зоригоор гэрээний дагуу үндсэн зээл төлөхгүйгээр хүү төлж байсан гэрээний үүргийг шүүх буцаан ББСБ-ын чадварыг бууруулж Иргэний хуулийн 216.4-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн 114 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 36.522.780 төгрөгийг хариуцагч Б.Хгаас гаргуулж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгч хариуцагч Б.Хг зээлийн үлдэгдлийг ашиглаж байсан гэж үзэн хүү тооцохдоо хаана ч байхгүй ойлгомжгүй аргачлал хэрэглэсэн байна гэжээ.  

ХЯНАВАЛ:

ДЦ ББСБ ХХК Б.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 36.522.979. төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Б.Х 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, ДЦ  ББСБ ХХК-иас 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан барьцааны гэрээний зохицуулалттай нийцжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, түүний хавсралтаас үзвэл, 12 сарын хугацаанд зээлдэгч сар бүр хүүд 750.000 төгрөг, гэрээний хугацаа дуусахад буюу 2012 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр үндсэн зээл 25.000.000 төгрөг, нийтдээ 34.000.000 төгрөг төлөх үүрэг  хүлээсэн байна.

Зохигч харилцан тохиролцож зээлийн гэрээг сунгагдсан гэж үзэх  Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэсэн.

Гэрээний хугацаа дуусгавар болоход хариуцагч Б.Х зээлийн хүүг сар бүр төлөх үүргээ биелүүлсэн, харин үндсэн зээлээс 3.025.000 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй нь   тогтоогджээ.

Гэрээний хугацаа дуусснаас хойш хариуцагч Б.Х нийт 19.988.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч ДЦ ББСБ ХХК нь 5.353.875 төгрөгийг зээлд бусдыг хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцон авсныг  Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасантай нийцээгүй гэж үзэн хэсэгчилсэн төлөлт бүрийг үндсэн зээлээс хасч, үлдэгдлээс хэтэрсэн хугацааны хүүг бодож, зээлийн  төлөх үүргийг 10.531.360 төгрөгөөр тогтоосон, хариуцагч  төлбөрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн  дүгнэлт хуульд нийцсэн байна.

Шүүх Иргэний хуулийн 212, 216 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч Б.Х үндсэн зээлээс 21.975.000 төгрөг төлөөгүй байсан  ба энэ нь  төлөх хугацаа болсон үндсэн үүрэг байна.

Зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү  шаардах эрхтэй талаар  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан бөгөөд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсний  хариуцлага буюу нэмэлт үүрэг болно.

Гэрээ болон хуульд зааснаар  хариуцагч Б.Х үндсэн үүрэг, мөн  нэмэлт үүрэг гэсэн 2 төрлийн үүргийг гүйцэтгэхээр  байна.

Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д сонгох үүргийн талаар заахдаа “хууль  буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ”, 212.3-т “энэ хуулийн 212.1-д заасан сонголт хийхдээ үүрэг гүйцэтгэгч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэнэ” гэжээ.

Хэргийн баримтаар хариуцагч Б.Х зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 19.988.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхдөө нэмэлт үүрэг буюу хугацаа хэтэрсэн хүү болон  нэмэгдүүлсэн хүүг үндсэн үүргээс эхэлж төлөхөөр сонголт хийсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нэмэлт үүргийг  төлөх хугацаа нь болсон, илүү хүнд нөхцөлтэй буюу зээлийн үндсэн төлбөрөөс  эхэлж төлүүлэх нь үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхойлсон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.3, 216.4-т  заасан зарчимтай нийцэхгүй болно.

Иймд, ДЦ ББСБ ХХК-ийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх  нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 114 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч ДЦ ББСБ ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 287.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

                       ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ