Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 27

 

“Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/00842/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг,  С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ханджав овогт Б-ийн Х-д  холбогдох 

          “Зээл, зээлийн хүү 31.658.859 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын захирал Б.П-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.   

 Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ийн  захирал Б.П-, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нараас:

“Дарханцалам” ББСБ нь Б.Х-тай 2011 оны 1 дүгээр сарын 14-нд 11/03 тоот зээлийн гэрээ, 11/03 тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэйгээр нийт 25 000 000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Х- нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25 хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8 378 875 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү Н.Эрдэнэбадрахыг дагуулж ирээд энэ хүн удахгүй төлөөд өгнө гэсэн. Н.Эрдэнэбадрах нь 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн. Иймд Б.Х-гаас үндсэн зээл 16 621 125 төгрөг, түүний хүү 15 037 734 төгрөг, нийт 31 658 859 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж нэхэмжилсэн боловч нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, өмгөөлөгч Д.Цагаандарь нараас:

Хариуцагч Б.Х- нь 2011.01.14-нд 25 сая төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Б.Х- нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй. Зээлийг Н.Эрдэнэбадрах авсан. Н.Эрдэнэбадрах зээл хүсээд очиход нь барьцаа хэрэгтэй гэхэд нь Б.Х-г гуйгаад 3 өрөө байрыг нь тавиад Н.Эрдэнэбадрахд зээл авч өгсөн. Зээлийн төлбөрт нийт 31 538 000 төгрөг төлсөн. Гэрээ нь гарын үсэггүй, тамгагүй байдаг. Н.Эрдэнэбадрахыг авсныг мэдсээр байж Б.Х-гаас нэхэж байгааг зөвшөөрөхгүй. 25 сая төгрөгийг 31 сая төгрөг болгож төлсөн тул дахин мөнгө төлөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дугаар шийдвэрээр:      

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х-гаас 10 163 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-д олгож, 21 495 659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн  106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 1б байрны 16 тоот 3 өрөө Ү2003007637 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409030 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 177561 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.   

            Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын захирал Б.П- давж заалдсан гомдолдоо:

            Зээлийн хугацаа дуусахад төлөөгүй байсан үндсэн төлбөр 21.975.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 2.896.200 төгрөг, нийт 24.871.200 төгрөгөөс зээлийн хугацаа дууссан өдөр буюу 2013 оны 01 дүгээр сарын 14-нөөс хойш төлсөн 14.708.000 төгрөгийг хасч нийт 21.495.659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг баримталсан гэх боловч хариуцлагын тухай тусгасан зээлийн гэрээний 3.5, 7.2-р зүйлийн зохицуулалтыг анхаарч үзсэнгүй. Иймд зээлийн хугацаа дууссанаас хойш хүү тооцохгүйгээр нийт 21.495.659 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хангаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдсан гомдолдоо:

            Зээлийн гэрээ анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн байдаг. Уг зээлийг үнэн хэрэг дээрээ Б.Х- аваагүй Н.Эрдэнэбадрах гэдэг хүн авсан, төлөлтийг ч Н.Эрдэнэбадрах хийж байсан. Зээлийн гэрээний 8.2.1 дээр “зээлдэгч зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зээлийг ашигласан бол гэрээг цуцлахаар заасан байдаг. Гэтэл гэрээг цуцлаагүй 2011 оноос хойш өдийг хүрсэн. Иргэний хуулийн 223.2-т “үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  үүрэг гүйцэтгүүлэгч түүнийг гүйцэтгэхгүйгээс хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 224.2.3-т заасан хүү анз авах эрхээ алдсан байна. “Дарханцалам” ББСБ нь хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан тул хариуцагчийн нийт төлсөн 31.538.000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөх  хүү 8.545.000 төгрөгийг хасч үндсэн зээлд 22.993.000 төгрөг төлсөн байна. Шүүхийн шийдвэрт дурдагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 108 дугаар дүгнэлт  хуулийн шаардлага хангаагүй  зээлийн гэрээг 2011.01.04-ний өдөр хийсэн байхад, шинжлэгдэж байгаа нь 2011.11.14-нд бичигдсэн11/03 дугаартай зээлийн гэрээ гэж огноог буруу бичсэн, зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг нотлох баримтаар авагдсан бөгөөд хариуцагчийн зүгээс гарын үсгийг шинжлүүлэх хүсэлт гаргасан байтал шинжээч зээлийн барьцааны гэрээн дээрх гарын үсгийг шинжилж дүгнэлт гаргасан нь хууль бус. Үүнийг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх зээлийн гэрээнд сунгалт хийгдсэн гэж үзэж 10.183.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сунгалт хийгдээгүй 1 жилийн хүүний мөнгө болох 8.042.850 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын гаргасан давж заалдсан гомдол нь  үндэслэлтэй байх тул  түүнийг хангаж,  харин хариуцагчийн өмгөөлөгчийн  гаргасан давж заалдсан  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч  “Дарханцалам”  ББСБ  нь  хариуцагч  Б.Х-д  холбогдуулан    зээл  16.621.125  төгрөг,  хүү  15.037.734  төгрөг,   нэмэгдүүлсэн  хүү  4.864.121  төгрөг , нийт   36.522.980  төгрөг  гаргуулах,  үүргийн  гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр   хангуулах  шаардлага  гаргасныг хариуцагч  Б.Х-  зээлийн гэрээнд  гарын  үсэг зураагүй, зээлийг Н.Эрдэнэбадрах авсан,   25.000.000 төгрөгийг 31.000.000 төгрөг болгож төлсөн тул   дахин мөнгө  төлөхгүй  гэж  маргажээ.

            Анхан  шатны  шүүх  нэхэмжлэлийн  шаардлагын  зарим хэсгийг хангаж Б.Х-гаас  зээлийн гэрээний  үүрэгт 10.163.200  төгрөг  гаргуулж,  21.495.659  төгрөгт  холбогдох  шаардлагыг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэжээ.

            Хэргийн  үйл баримтаас  үзэхэд  Б.Х- нь  “Дархан цалам” ББСБ-аас  25.000.000 төгрөгийг,  12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж,  гэрээний хугацааг 1 жилээр сунгасан, үүргийн гүйцэтгэлд  Б.Х-, Н.Эрдэнэцэцэг, Х.Санчир, Х.Саруул  нарын өмчлөлийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 16  тоот 3 өрөө  орон  сууцыг  барьцаалсан  ба    Н.Эрдэнэцэцэг нь  хамтран  зээлдэгч  болсон  байна.

            Зээлдүүлэгч “Дарханцалам” ББСБ зээлдэгч Б.Х- нарын хооронд байгуулагдсан зээл  болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт нийцсэн    хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Тус  гэрээний дагуу зээлдүүлэгч  нь  25.000.000 төгрөгийг Б.Х-гийн эзэмшилд   шилжүүлэх  зээлдэгч нь үндсэн зээл 25.000.000 төгрөг, хүү 9.000.000 төгрөг, гэрээ сунгасан  хугацааны  хүү  7.920.000  төгрөг,  нийт  41.920.000  төгрөг төлөх  үүрэг  хүлээсэн боловч  16.830.000 төгрөг \ зээл 3.025.000 + 13.805.000\ төлсөн байна.

2013 оны 01 дүгээр сарын 14-нөөс  хойш буюу зээлийн гэрээг сунгаснаас хойш    зээлийн төлбөрийг  үргэлжлүүлэн төлж байсан  бөгөөд энэ үед  үндсэн зээлийн үлдэгдэл  нь 21.975.000 төгрөг байснаас  \ 25.000.000-3.025.000\  5.353.875 төгрөг, хүүд 9.354.125 төгрөг төлсөн  байна. 

Талууд  нийт төлсөн  хэмжээ  болох  31.538.000 төгрөгийн \ зээл 8.378.875 + хүү 23.159.125 төгрөг\  талаар маргаагүй байна.

“Дарханцалам” ББСБ  нь  Иргэний хуульд  заасан банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэдэгт  хамаарах ба  Б.Х-гаас  зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн  451 дүгээр  зүйлийн  451.1-д  зааснаар мөн  зээл  ашигласан хугацааны  хүүг  Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн  453.1-д  зааснаар  тус тус   шаардах  эрхтэй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д  “Зээлдэгч авсан зээлээ  хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол  нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэн  зохицуулалтаас үзвэл  Б.Х-  үндсэн зээлийн үлдэгдэл   16.621.125 \25.000.000-8.378.875 \ төгрөгийг  ашигласан  хэвээр байгаа тул энэ хугацааны  хүү 15.037.734 төгрөгийг  \16.621.125 х 3%=498.633 \  төлөх  үүрэгтэй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн  нь хуулийн  үндэслэлтэй байна.

Харин зээлдэгчийн гэрээгээр  хүлээсэн  үүргийг    хуульд  нийцүүлэн  дүгнээгүйгээс  нэхэмжлэлийн зарим хэсгийг   хэрэгсэхгүй  болгосон нь маргааны харилцааг зохицуулсан хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон тул давж заалдах шатны  шүүх  хуульд нийцүүлэн  шийдвэрт өөрчлөлт оруулан  эцэслэн шийдвэрлэх боломжтой  гэж үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдсан гомдолд  Б.Х-  зээлдэгч биш зээлийг Н.Эрдэнэбадрах авсан, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй байхад зээлдүүлэгч гэрээг цуцлуулаагүй гэж  гомджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар   Б.Х-  зээлийн гэрээ байгуулж,түүнд мөнгийг шилжүүлж, тэрээр буцаан төлж, гэрээ сунгах хүсэлт гаргаж байсан тул түүнийг зээлдэгч биш гэж  үзэхгүйгээс  гадна нэхэмжлэгчийг  гэрээ цуцлах  эрхээ хэрэгжүүлээгүй гэж  хууль буюу  гэрээний дагуу буруутгах боломжгүй  байна.

Иймд   хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдсан гомдлыг  хангахгүй орхих нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын гаргасан давж заалдсан гомдлыг  хүлээн авч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1654 дугаар шийдвэрийн  Тогтоох хэсгийн

1 дүгээр  заалтыг,

“Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн  451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар  хариуцагч Б.Х-гаас  31.658.859  төгрөг  гаргуулж  нэхэмжлэгч  “Дарханцалам” ББСБ-д  олгосугай.”  гэж

4 дүгээр  заалтын,

“...хариуцагчаас 177.561 төгрөг...”  гэснийг  “...хариуцагчаас   316.244  төгрөг...”  гэж  тус тус  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 316.250  төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос гаргаж, буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т  заасныг баримтлан хариуцагчаас  давж  заалдах шатны  шүүхэд гомдол гаргахдаа төлсөн  143.636  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ            

                              ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ