Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 180

 

“Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/00842/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхжаргал даргалж,  шүүгч С.Оюунцэцэг, шүүгч Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1122  дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Х-д  холбогдох

          “зээлийн гэрээний үүрэгт 31.658.859 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг

            Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь нарын  давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

            Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын  захирал Б.Пүрэвсүрэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Булганчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            “Дарханцалам” ББСБ нь Б.Х-тай 2011 оны 1 дүгээр сарын 14-ий өдөр 11/03 тоот зээлийн гэрээ, 11/03 тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэйгээр нийт 25 000 000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Х- нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25 хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8 378 875 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү Н.Эрдэнэбадрахыг дагуулж ирээд энэ хүн удахгүй төлөөд өгнө гэсэн. Н.Эрдэнэбадрах нь 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн ба Б.Х-гийн барьцаагаар төлүүлнэ гэхэд эгч хөхний хавдар авахуулсан, эмчилгээтэй байгаа тул ийм юм дуулгавал аминд нь аюултай байна гэсээр бага сага хүү төлсөөр өдийг хүргээд 2016 оны 5-р сард Америк руу алга болсон.

            Иймд Б.Х-гаас үндсэн зээл 16 621 125 төгрөг, түүний хүү 15 037 734 төгрөг, нийт  31 658 859 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ийн захирал Б.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

            “Дарханцалам” ББСБ нь Б.Х-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 16-нд 16/29 тоот нэхэмжлэл гаргахдаа гэрээ ёсоор нэхэмжлэх нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөгийг орхигдуулсан тул нэмж нэхэмжилж байна гэжээ.

             Хариуцагч Б.Х-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Хариуцагч Б.Х- нь 2011.01.14-нд 25 сая төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр авч 2016.05.13 хүртэл хугацаанд үндсэн зээлээс 8 378 875 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 864 121 төгрөг, зээлийн хүүд 36 402 121 төгрөг төлсөн байна. Уг зээлийг Б.Х-гийн нэрээр хийсэн боловч Б.Х- аваагүй түүний эхнэрийнх нь дүү Н.Эрдэнэбадрах авсан гэдэг. Үүнийг “Дарханцалам” ББСБ мэдэж байсан. Гэрээний хугацаа 2011.01.14-2012.01.14 хүртэл 1 жилийн хугацаатай хийсэн. Гэрээний дагуу төлсөн хүү нь нийт 13 805 000 төгрөг бөгөөд гэрээний үүрэг төлөх хугацаа дууссанаас хойш хүү нийт 9 354 125 төгрөг болжээ.

             Иймд гэрээний үүрэг хүлээгээгүй хугацаанд төлсөн 9 сая 354 125 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 16 621 125 төгрөгөөс хасаж тооцно. Үндсэн зээл болох 25 сая төгрөгнөөс 8 378 875 төгрөг төлсөн байсан юм. Ингээд 16621125 төгрөгөөс хүү гэж төлсөн 9354125 төгрөгийг хасч тооцоход 7 267 000 төгрөг болж байгаа ба үүнийг төлөхийг зөвшөөрч байна. “Дарханцалам” ББСБ нь 2013.01.14-нд гэрээний хугацаа дууслаа, ажил төрөл эрхэлдэггүй, төлөх чадваргүй байна, нөгөөтэйгүүр зээлийг гардан авсан Н.Эрдэнэбадрах төлнө, шүүхэд өг шийдүүлье гэсэн хүсэлт тавихад яахаа бид мэднэ гээд шүүхэд нэхэмжлээгүй юм. Энэ нь их хэмжээний хүү төлүүлж авах зорилготой байсан гэж үзэхээр байна. Иймд 36 522 980 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 7 267 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, бусдыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1122  дугаар шийдвэрээр:

           Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Х-гаас үндсэн зээлийн төлбөр 16 621 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-д олгож, 19 901 855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

           Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 1б байрны 16 тоот 3 өрөө Ү2003007637 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 м2 талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч “Дарханцалам” ХХК-ийн захирал Б.Пүрэвсүрэн болон өмгөөлөгч Н.Цэдэндамбаа нар давж заалдсан гомдолдоо:

            Сум дундын шүүх нэхэмжлэгч "Дарханцалам" ББСБ нь хариуцагч Б.Х-тай 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 11/03 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ талуудын нотлох баримтаар нотлогдож байгааг шүүх үндэслэх хэсэгтээ дурдсан мөртлөө үндсэн зээлийн гэрээний 3.5,  7.2,  8.1 дүгээр зүйлүүдэд зааснаар зээлийн гэрээний зохицуулалт байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Банк эрх бүхий бизнесийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр  зээлийг өгсөнд тооцно гэж заажээ.

Зээлдэгч Б.Х-д 25.000.000 төгрөг өгсөн баримт байгааг шүүх анзаарсангүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлд эрх хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Уг зээлийн гэрээг 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж гэрээнийхээ дагуу төлбөрийг Б.Х- нь хагас дутуу барагдуулж байсан. “Дарханцалам” ББСБ  2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Х-д мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Үүний  дагуу хариуцагч Б.Х- нь дүү Н.Эрдэнэбадрахыг дагуулан ирж  2014.07.31-нд үндсэн хүү 500.000 төгрөг, 2015.10.20-нд 50.000 төгрөг, 2015.10.31-нд 179.000 төгрөг, 2015.11.01-нд 328.000 төгрөгийн үндсэн хүүг төлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад үндэслэлгүйгээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруутай гэж үзэх нь нотлох баримтыг сайн судлаагүй, зээлдэгч Б.Х- нь эхнэрийн дүү Н.Эрдэнэбадрахын “Smart” барааны дэлгүүрт хөрөнгө оруулагч хийхээр авсан бизнесийн зээл, одоо "Smart” барааны дэлгүүр 2014 онд шинээр өртгөтгөл хийж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Н.Эрдэнэбадрах нь дэлгүүрээ 2 хувааж, 2 өрөө байрыг салгаж орон сууц болгон зараад манай зээлийг төлөхөөр Б.Х-, Н.Эрдэнэбадрах хоёр надтай амаар тохиролцсон. Гэтэл тохиролцсон ёсоор төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэсэн дээрх Иргэний хуулийн зохицуулалтыг шүүх баримталсан мөртлөө хариуцагч Б.Х-гаас үндсэн зээлийн төлбөр 16.621.125 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Харин үндсэн хүү 15.037.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөгийг гаргуулахгүйгээр нийт 19.901.855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1122 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 19.901.855 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Б.Х- 2011.01.14-нд зээлийн болон барьцааны гэрээ хийж  “Дарханцалам" ББСБ-аас 25 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. Хариуцагчийн хувьд үндсэн зээл болон хүүнд нийт 31.538.000 төгрөгийг төлсөн байдаг нэхэмжлэгч тал ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ төлсөн 31.538.000 төгрөгийн ихэнхи хэсгийг буюу 23.159.125 төгрөгийн хүүнд тооцож аваад үндсэн зээлээс 8.378.875 төгрөг хассан байна. Эндээс харахад хүүнд бараг үндсэн 25 сая төгрөгтэй  тэнцэх хэмжээний мөнгийг суутгаад авсан нь харагдаж байна. Энэ нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээ анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн байдаг. Гэрээний 3.3-р зүйлд гэрээний зориулалт дээр худалдаа бизнес гэж бичсэн бөгөөд Б.Х-гийн хувьд бизнес эрхэлдэггүй хүн. Уг зээлийг үнэн хэрэг дээрээ Б.Х- аваагүй Н.Эрдэнэбадрах гэдэг хүн авсан, төлөлтийг ч Н.Эрдэнэбадрах хийж байсан гэдгийг нэхэмжлэгч “Дарханцалам" ББСБ мэдэж байсан. “Дарханцалам” ББСБ Н.Эрдэнэбадрахийг барьцаагүй хүн авчир гэсний дагуу Б.Х-г авчирч гэрээ хийсэн байдаг. Зээлийн гэрээний 8.2.1 дээр "Зээлдэгч зээлийн гэрээнд зааснаас өөр зориулалтаар зээлийг ашигласан бол гэрээг цуцлахаар заасан байна. Гэтэл гэрээг цуцлаагүй 2011 оноос өдийг хүрсэн байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байна гэж дурдсан байна. Гэрээний 8.2.5-д "Зээлийн хяналтын явцад зээлдэгчийн санхүү, төлбөрийн чадвар, барьцаа хөрөнгө нь эрс муудаж байгаа нь тогтоогдвол цуцлахаар заасан байна. Гэтэл бас л цуцлаагүй байна. Энэ нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан "Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ болон хуульд заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 223.2-т заасан "Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч түүнийг гүйцэтгэхгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн  224.2.3-т зааснаар хүү анз авах эрхээ алдсан байна.

            "Дарханцалам" ББСБ хуулиар хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан тул хариуцагчийн нийт төлсөн 31.538.000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү 8.545.000 төгрөгийг хасч үндсэн зээлд 22.993.000 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай хийгдсэн байдаг. Хариуцагчийг дахин 1 жилийн хугацаагаар сунгалт хийх хүсэлт өгсөн гэх боловч уг хүсэлтийг хэн бичсэн нь тодорхойгүй Б.Х- гарын үсэг зураагүй байгаа нь Иргэний хуулийн 43.2.1-д заасныг хангаагүй байх тул сунгалт хийх санал хүргүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Тэгээд ч зээлийн гэрээний 3.4-т зээлдэгч зээлийн гэрээний хугацааг сунгуулах хүсэлт тавьсан тохиолдолд ББСБ холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзэж зээлийн хугацааг сунгах үндэслэлтэй гэж үзвэл нэг удаа сунгана. Гэхдээ зээл төлөгдөх эцсийн хугацаа дуусахаас ажлыг 5 хоногийн өмнө зээлдэгч хугацаа сунгах хүсэлтээ ББСБ-д ирүүлнэ гэжээ. Хугацаа сунгах хүсэлтийг 5 хоногийн өмнө ирүүлээгүй, хүсэлтэн дээр бичигдсэн огноо засвартай, гарын үсэг байхгүй ийм баримтыг хүсэлт гэж үзэх боломжгүй юм.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо зээлийн гэрээний 3.5 , 7.2 , 8.1-д заасан хугацаа дууссан ч хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх заалтыг дурдсан байна. Энэ заалтууд нь зээлдэгч талд илт хохиролтой заалт юм. Учир нь 25 сая төгрөг зээлж аваад одоо 63 сая төгрөг төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь 25 сая төгрөгийг бараг 3 нугалж төлөх болж байна. Иргэний хуулийн 202.1-д "шудрага ёсны зарчимд харш уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна" гэж заасан байна. Иргэний хуулийн 61.1-д гэрээ хүчин төгөлдөр хэдий ч зарим хэсэг хүчин төгөлдөр бус байж болохоор байна. Иймд зохигчдын хэн аль нь зөвшөөрч байгаа эргэн төлөгдсөн гэх 31.538.000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой хүү 8.545.000 төгрөгийг хасч үлдэх мөнгийг үндсэн зээлээс хасч тооцож өгнө үү. Мөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Н.Эрдэнэбадрах гэдэг хүн оролцож гарын үсэг зурсан байхад хүлээх үүргийг зөвхөн Б.Х-д хариуцуулсан нь ойлгомжгүй байна гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь давж заалдсан гомдолдоо:

            Миний үйлчлүүлэгч Б.Х- 2011.01.14-нд зээлийн болон барьцааны гэрээ хийж  “Дарханцалам" ББСБ-аас 25 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан байна. Уг зээлийг үнэн хэрэг дээрээ Б.Х- аваагүй Н.Эрдэнэбадрах гэдэг хүн авсан, төлөлтийг ч Н.Эрдэнэбадрах хийж байсан гэдгийг нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ мэдэж байсан. "Дарханцалам" ББСБ зээл олгосоны дараа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлд заасан “олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож уг зээлииг хугацаанаас нь өмнө төлүүлэхииг шаардах эрхтэй заалтыг зөрчиж, Иргэний хуулийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн байх тул хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан байна.

Хариуцагч  Б.Х- "Дарханцалам"  ББСБ-д  нийт  31.538.000  төгрөгийг төлсөн бөгөөд зохигчид энэ асуудлаар маргадаггүй, энэ 31.538.000 төгрөгөөс зээлийн  гэрээний хугацаанд хүү 8.545.000 төгрөг сунгалт хийсэн хугацаанд хүү 8.045.000 төгрөг, нийт 16.590.000 төгрөгийг  төлөх ёстой байтал “Дарханцалам”  ББСБ хүүнд 23.159.125  төгрөгийг  тооцон авч, үндсэн зээлээс 8.378.875 төгрөгийг хассан байна. Нэгэнт хуулиар "Дарханцалам" хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан тул хүүнд илүү төлсөн 6.569.125 төгрөгийг  үндсэн зээлийн үлдэгдэл гэж нэхэмжилсэн 16.621.125 төгрөгөөс хасч тоочон 10.052.000 төгрөг төлөх ёстой байсан. Иймд 16.621.125 төгрөгөөс 6.569.125 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ хариуцагч Б.Х-д холбогдуулж зээлийн үлдэгдэл 16.621.125 төгрөг, хүү 15.037.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг нийт 36.522.980 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн шаардлагаас 7.267.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд  Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч хүү шаардах эрхээ алдсан гэж дүгнэн хариуцагч Б.Х-гаас 16.621.125 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 19.901.855 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Энэ шийдвэрийг зохигчид хэн аль нь эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

           Нэхэмжлэгч гомдолдоо “Дарханцалам” ББСБ хариуцагч Б.Х-д 25.000.000 төгрөг өгсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан, мөн хариуцагч нь 2014-2015 онуудад дүү Н.Эрдэнэбадрахын хамт ирж 4 удаа зээлийн хүү төлж байсан байхад Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийг гэм буруутай гэж дүгнэн зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь гомдолдоо хариуцагч Б.Х- “Дарханцалам” ББСБ-д нийт 31.538.000 төгрөг төлсөн бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй, зээлийн гэрээний хугацаанд хүү 8.545.000 төгрөг, сунгалт хийсэн хугацаанд 8.045.000 төгрөг, нийт 16.595.000 төгрөг төлөх ёстой байтал нэхэмжлэгч хүүнд 23.159.125 төгрөгийг тооцон авч үндсэн зээлээс 8.378.875 төгрөг хассан байна. Нэхэмжлэгч нь хуулиар хүү авах эрхээ алдсан тул үндсэн зээлийн үлдэгдлээс хүүнд илүү төлсөн 6.569.125 төгрөгийг хасч 10.052.000 төгрөг төлөх ёстой гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ талаар зохигчид маргадаггүй болно.

            Нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл гэрээний хугацаа хэзээ дууссан нь тодорхойгүй, хариуцагч Б.Х- зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш үндсэн зээлээс  болон хүүнд хэдэн төгрөг хэзээ хэрхэн төлсөн нь тодорхойгүй, гэрээний хугацаа сунгагдсан эсэх, нэмэгдүүлсэн хүүг хэзээнээс эхэлж тооцсон нь тодорхойгүй байна.

Мөн хариуцагч Б.Х- болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргаж буй тайлбарууд нь хоорондоо зөрүүтэй, зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргасан эсэх, хэрэв гэрээний хугацаа сунгагдсан гэж үзвэл ямар хугацаагаар сунгагдсан нь тодорхойгүй, мөн гэрээт хугацаанд үндсэн зээл болон хүүнд хэдэн төгрөг хэн, хэзээ, хэрхэн төлсөн нь тодорхойгүй байна.

Шүүхээс зохигчдын хооронд гэрээний хугацаанд болон гэрээ дууссанаас хойш зээл болон хүүнд хэдэн төгрөг төлсөн, хичнээн төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцож дүгнэлт хийх боломжгүй байна.

Энэ талаар нэг ч бичгийн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар нь зөрүүтэй байхад шүүх энэ талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг засах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.460 төгрөг, хариуцагчаас төлсөн 120.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХЖАРГАЛ 

                           ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ 

                                                                                              Л.АМАРСАНАА