Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 114

 

“Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00842/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Ханджав овогтой Б-ийн Х-д холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэг болох нийт 36.522.979 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн,

          2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгээс:

“Дарханцалам” ББСБ нь Б.Х-тай 2011 оны 01 дүгээр сарын 14-нд 11/03 тоот зээлийн гэрээ, 11/03 тоот барьцааны гэрээгээр 12 сарын хугацаатай, сарын 3,0 хувийн хүүтэйгээр нийт 25,000,000 төгрөгийн зээл олгосон ба зээлийн хугацаа дуусахад дахин нэг жилийн хугацаа сунгуулсан. Б.Х- нь зээл авснаас хойш 2013 оны 9 дүгээр сарын 25 хүртэл зээлийн хүүгээ төлж байсан бөгөөд үндсэн зээлээсээ 8.378.875 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээл, хүүгийн төлбөрөө хийхгүй болсон бөгөөд зээл, хүү төлүүлэх тухай албан мэдэгдэл хүргүүлэхэд өөрийн эхнэрийн дүү н.Эрдэнэбадрахыг дагуулж ирээд энэ хүн удахгүй 3 өрөө байраа зараад төлнө, дэлгүүрээ зараад төлнө гэсээр одоог хүрсэн.

Иймд хариуцагч Б.Х-гаас үндсэн зээл 16.621.125 төгрөг, түүний хүү 15.037.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг нийт 36.522.980  төгрөг  гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Одоогийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 8.378.875 төгрөг, хүүнд 23.159.125 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагаас:

“Дарханцалам” ББСБ, хариуцагч Б.Х- нарын хооронд зээлийн гэрээ 2011 оны 11 сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Хариуцагч Б.Х- зээлээ хугацаандаа төлсөн бол зээлийн гэрээний хугацаа дуусах байсан гэтэл зээлээ төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т хариуцлагын талаар тусгаж өгсөн байгаа, зээлийн гэрээний зориулалтын 3 дугаар зүйлийн 3.5-д хугацаа дуусахад зээлийг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлээ төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ гэж заасан. Зээлийн гэрээ сунгасан сунгаагүй талаар маргахгүй, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэлэнгээс:

2011 оны 01 сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаатай мөнгө зээлсэн бөгөөд зээлийн гэрээг сунгуулаагүй. Манай зүгээс 25.000.000 төгрөгийн зээл аваад буцаагаад 31.538.000 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй нь үнэн боловч ийм их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар 2.007.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй. Үлдсэн бага хэмжээний мөнгийг төлөх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Цагаандарь:

Хариуцагч Б.Х- нь 25.000.000 төгрөгийг зээлж аваад нийт 31.538.000 төгрөгийг буцаан төлсөн. Нэхэмжлэгч тал одоо дахин 36.522.980 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ сунгагдаагүй тул зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 сарын 14-ний өдөр дууссан. Түүнээс хойш олон удаагийн төлбөр төлсөн бөгөөд түүнийг бүгдийг нь хүүнд тооцож авч байгаа нь үндэслэлгүй юм. Үндсэн төлбөр төлөгдөөд дууссан. Хүүгийн төлбөрөөс бага хэмжээний үлдэгдэлтэй. Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдагдсан төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Мөн зээлийн гэрээний хугацаа 1 жил болоод дууссан байхад түүнээс хойш энэ олон жил зээлдэгчид холбогдуулан шаардлага гаргахгүй, хүү тооцоод яваад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Х-гаас 10,531,360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25,991,620 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хариуцагч төлбөрийг сайн дурааар эс төлбөл барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, 1б байрны 16 тоот, 3 өрөө, Ү-2003007637 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 38 мкв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжий тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 409.030 төгрөгөөс 340.565 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Дарханцалам” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 68.465 төгрөгийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч Б.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид 183.452 төгрөг гаргуулж,  “Дарханцалам” ББСБ-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн давж заалдсан гомдолдоо:

Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 25.000.000 төгрөгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, зээлдэгч нь үндсэн зээл 25.000.000 төгрөг, түүний хүү 9.000.000 төгрөг гэрээ сунгасан хугацааны хүү 7.920.000 төгрөг нийт 41.920.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Б.Х- нь үндсэн зээл 3.025.000 төгрөг, зээлийн хүү 13.805.000 төгрөг нийт 16.830.000 төгрөг төлсөн үндсэн зээлийн төлбөр, хүүг үргэлжлүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлж үндсэн зээл 21.975.000 төгрөг байснаас үндсэн зээлэнд 5.353.875 төгрөг, хүүд 9.354.125 төгрөгийг тушаасан байна. “Дарханцалам” ББСБ нь хуульд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэдэгт хамаарах ба хариуцагчаас зээл ашигласан хугацааны хүү зэргийг шаардах эрхтэй нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч Б.Х- нь үндсэн зээлийн үлдэгдэл 16.621.125 төгрөгийг ашигласан хэвээр байх тул хугацааны хүү 15.037.734 төгрөгийг, үндсэн зээл 16.621.125 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг нийт 36.522.980 төгрөгийг төлөх үүрэгтэй. Хариуцагч 25 сая төгрөгийн  зээлийн хүү төлсөнийг үндсэн зээлээс хассан нь үндэслэлгүй хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой юм.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдсан  гомдлыг хангахгүй  орхиж  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  “Дарханцалам” ББСБ  хариуцагч  Б.Х-д холбогдуулан  зээлийн гэрээний  үүрэгт  үндсэн зээлийн  үлдэгдэл 16.621.125 төгрөг, хүү 15.037.734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.864.121 төгрөг, нийт 36.522.980  төгрөг  гаргуулж,  барьцаа хөрөнгөөс  үүргийн гүйцэтгэлийг  хангуулах  шаардлага гаргасныг,

Хариуцагч  Б.Х-  эс зөвшөөрч   25 сая төгрөгийн зээл аваад 31.538.000 төгрөг буцааж төлсөн, зээлийг хугацаандаа төлөөгүй нь үнэн боловч  ийм их хэмжээний  төлбөр нэхэмжилж  байгааг  зөвшөөрөхгүй, нэхэмжлэлээс  хүү  2.007.000 төгрөг төлөхийг  зөвшөөрнө, үлдсэн бага хэмжээний  мөнгийг төлөх тул  барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг  хангуулах  шаардлагагүй гэж  маргасан байна.

Зохигчдын дунд  2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  Зээлийн гэрээ  байгуулж, иргэн Б.Х- 25.000.000 төгрөгийг  12  сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлж авсан,  зээлийн  үүрэгт  Б.Х-, Н.Эрдэнэцэцэг, Х.Санчир, Х.Саруул нарын  өмчлөлийн  Дархан  сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 16 тоот 3 өрөө орон сууцыг  барьцаалжээ.

Зээл болон барьцааны гэрээ   Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн  452.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх  хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ  байна.

Тус гэрээний дагуу  зээлдүүлэгч нь  25.000.000 төгрөгийг Б.Х-гийн эзэмшилд шилжүүлсэн  Б.Х- нь  гэрээ дуусгавар  болоход нийт  34.000.000 төгрөгийг  буцаан төлөхөөс  гэрээний  хугацаанд  11.550.000 төгрөг, үүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл  хугацаанд  19.988.000 төгрөг, бүгд 31.538.000 төгрөг төлжээ.

Зохигчид зээлийн гэрээ, барьцааны гэрээний талаар болон  Б.Х-гаас буцааж төлсөн мөнгөний хэмжээний талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд  байгуулсан зээлийн гэрээний хугацаа  2012 оны 01  дүгээр сарын 14-ний өдөр  дуусгавар болсон байна.

            Хэрэгт авагдсан  гэрээний хугацаа  сунгах тухай  өргөдөлд  зээлдэгч Б.Х-гийн  гарын үсэг зурагдаагүй, гэрээ  сунгасан  талаарх баримтыг нэхэмжлэгч  шүүхэд  ирүүлээгүй  байна.

Иймд  нэхэмжлэгчийн  зээлийн гэрээний үүргийг  сунгагдсанаар  тооцож  гаргасан  нэхэмжлэлийн  шаардлагыг бүрэн  хангах  боломжгүй юм.

            Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т  төлөх хугацаа нь болсон  төлбөрийг  ямар дарааллын дагуу хэрхэн тооцох талаар  зохицуулсан.

Тухайлбал: Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа  болсон бүх өрийг  төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн  ээлжинд  шүүхийн зардал, дараа нь  үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэжээ.

Шүүх  дээрх журмаар тооцохдоо зээлийн хүү 9.000.000 төгрөг байхад 8.525.000 төгрөг гэж  тооцооны алдаа  гаргасан боловч  Б.Х-гаас  10.531.360 төгрөг гаргуулсан    шийдвэрт  хариуцагч  гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  давж заалдсан гомдолдоо  шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн  шаардлагыг  бүрэн хангуулахыг хүсчээ.

Нэхэмжлэлийн  шаардлагын  зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буй  үндэслэлийг  анхан шатны  шүүх нотлох баримтын хүрээнд хуульд  нийцүүлэн  үнэлж, дүгнэсэн учир  шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 756 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т  зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 287.910 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                     ШҮҮГЧИД                                                      Л.АМАРСАНАА

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ