Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 417

 

Х.Ц, Л.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай      

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Х.Цгийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунтуул, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр магадлалтай, Х.Ц, Л.Л нарт холбогдох 1714000000186 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, 2001 оны 12 дугаар сарын 25-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Данх овогт Х.Ц,

2.Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Галзад овогт Л.Л нар нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилж,

шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Цг 3 жил 7 сар хорих ял, Л.Лг 3 жил 8 сар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Х.Цгийн цагдан хоригдсон 698 хоног, шүүгдэгч Л.Лгийн цагдан хоригдсон 767 хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Л, Х.Ц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц гаргасан гомдолдоо: “Миний бие Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 3 жил 7 сарын хорих ял шийтгүүлсэн. Уг шийдвэрийг Баянхонгор аймгийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх нь намайг хүний амийг санаатай хохироосон гэсэн байдалтайгаар дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй. Би баз хүргэнээ хохироогоогүй, санаатайгаар амь насанд нь халдаагүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Цгийн өмгөөлөгч Д.Мэндээ гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“1.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь амь хохирогч Н.Быг гэмтэл авсан даруйд эмнэлэгт хүргэж эмчлүүлээгүй хугацаа алдсанаас хохирогч нас барж, үр дагаварт нь болгоомжгүй хандсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үзсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Цгийн зүгээс амь хохирогч Н.Быг толгой өвдөж байна гэдгийг мэдсэн боловч, эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлээгүй, болгоомжгүй хандсан байдал нотлогддог. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар Х.Цд хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон тэдний өмгөөлөгчийн зүгээс ямар ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, харин ял хөнгөрүүлэн оногдуулах хуулийн боломжийг ашиглаж өгөөч гэж санал хүсэлтээ илэрхийлж байсан. Шүүгдэгч Ц нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байсан. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хувийн байдлыг харгалзан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэх хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийн дагуу шийдвэр юм. Давж заалдах шатны шүүхийн энэ талаар үгүйсгэж байгаа шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Цгийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа ...прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Цг бусдыг санаатайгаар алах гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогддоггүй. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгчийн дотоод итгэлээр асуудлыг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Давж заалдах шатны шүүхээс магадлал гарахдаа Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд “санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг буруу тайлбарласан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Магадлалд Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийг ямар байдлаар буруу хэрэглэсэн, хуулийн зүйл заалтыг юу гэж ойлгож хэрэглэх талаар тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Text Box: /Анхан шатны шүүх нь гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарласан гэж үзэж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл мөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “гэмт хэрэг үйлдсэн хүн хохирлоо нөхөн төлсөн бол” хөнгөрүүлж болох хуулийн заалт бөгөөд давж заалдах шатны шүүхийн “хүний амь нас хохирсон л бол гэм хор арилаагүй гэж үзнэ” гэж тайлбарласан шиг байдлаар ойлгохгүй. Хууль тогтоогчоос тухайн зүйл ангид заасан хэмжээнд, өөрөөр хэлбэл 5-12 жил хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн хэмжээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглэж болно гэж заасан болохоос биш хохирол, гэм хортой холбоотой заалтаар хэрэглэх, хэрэглэхгүй талаар зохицуулаагүй тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилжээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хүний амь нас хохирсон хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэж болохгүй, хориглосон талаар тусгайлан хуульчлаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхээс хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан сэтгэхүйн хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлсөн байдал зэргийг харгалзан хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 сарын 17-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, хэргийн нөхцөл байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн анхан шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунтуулын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир хэлсэн саналдаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг бүрэн бодитой тогтоосон. Бидний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд Улсын Дээд шүүх хэргийг хоёр удаа хэлэлцэхдээ дээрх зүйлчлэлийг үндэслэлтэй гэх агуулгаар дүгнэлт хийсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж өгнө үү. Х.Ц, Л.Л нарын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, хор уршиг арилаагүй байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар нь бүлэглэн үйлдлээрээ нэгдэж хохирогч Н.Быг зодож алсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорын яллах дүгнэлтийн дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Ц, Л.Л нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а гудамжны 11 тоотод согтуурсан үедээ бүлэглэн Н.Быг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтуурсан үедээ Н.Бтай маргалдаж, улмаар бүлэглэн түүний тархи, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, сандлаар цохиж биед нь тархины тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч Н.Б нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 00 цаг 40 минутад хүргэгдэн ирж, эмчилгээ хийлгэж байгаад 04 цаг 26 минутад нас барсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг хүний амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан гэж дүгнэн, шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Х.Ц, Л.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хуульд зааснаас доогуур ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын хэн нь хохирогчийн нүүр рүү цохиж, хэн нь хохирогчийн толгой руу өшиглөн, сандлаар цохиж гэмтэл учруулсныг нарийвчлан тогтоож, шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоох боломжтой байхад “талийгаач Н.Бын биед учирсан хүнд гэмтлийг шүүгдэгч Х.Ц, эсхүл Л.Л нарын хэн алиных нь цохилтын үйлчлэлээс болж үүссэнийг тогтоох боломжгүй, тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй” гэж дүгнэн, тэдний үйлдлийг хэт ерөнхий байдлаар буюу “бүлэглэн Н.Бын тархи, толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, сандлаар цохиж биед нь амь насанд аюултай хүнд гэмтэл үүсгэж, хохирогч нас барсан” хэмээн үйл баримтын дүгнэлт хийснээс гадна шүүгдэгч Х.Ц, Л.Л нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг зодож, түүний амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл бүлэглэж үйлдсэн гэмт хэргийнхээ үйлдэл, оролцооны талаар хэргийн бодит байдалд нийцсэн, харилцан зөрүүгүй мэдүүлэг өгөөгүй байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч нарт хуульд зааснаас доогуур ялыг ялгамжтайгаар оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 3.1-д заасан шаардлагад нийцээгүй байна.

Амь хохирогч нь эмчилгээ хийлгэж байгаад нас барсан, эсхүл хохирогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд түүний амь насыг аврах боломжтой байсан эсэх нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргээс ялган зүйлчлэх үндсэн шалгуур биш бөгөөд хэргийг зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэх, хохирогчид гэмтэл учруулсан арга, үйлдлийн шинж чанар, үргэлжилсэн хугацаа, үйлдлийн тоо, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогч гэмтэл авснаас хойш тодорхой хугацааны дараа нас барсан нь түүнд учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэргийг бүхэлд нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” буюу гэм буруугийн холимог хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэж үзнэ.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс гадна урьд нь энэ хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар болон 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 458 дугаар тогтоолын заалт бүрэн биелээгүй байх тул шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах талаар шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лгийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН