Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/02964

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/02964

Улаанбаатар хот

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МТЗ ТӨХК 

Хариуцагч  МУХБ -д тус тус холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.734.196.058,49 төгрөгийг МТЗ ТӨХК-иас гаргуулах, гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ инд даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян, түүний өмгөөлөгч Ш.Э, П.Е, хариуцагч МТЗ ТӨХК-ийн өмгөөлөгч Ц.Г, Л.Б, хариуцагч МУХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани төмөр замын чиглэлээр төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалт, дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчилалт, төмөр замын төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үндэсний анхдагч компаниудын нэг учраас тухайн чиглэлийн салбар хариуцсан сайд, удирдлагын бусад албан тушаалтнууд 2010 онд бидний ажилтай танилцаад улс орны томоохон бүтээн байгуулалт болох Шинэ төмөр зам төслийн бүтээн байгуулалтын ажилд орж ажиллах санал тавьсан.

Монгол Улсын Их хурал 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 32 дугаар тогтоол гаргаж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан.

Улсын Их хурал уг бодлогыг баталсантай холбогдуулан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоол гаргаж, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг МУХБ аар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байсан.

Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүд нь манай компанийг Шинэ төмөр зам төсөл-ийн бүтээн байгуулалтын ажилд оролцох итгэл үнэмшлийг төрүүлсэн тул саналын дагуу тус компани уг бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ төрийн эрх бүхий зохих байгууллагуудад хүргүүлсэн.

Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан.

Энэ санамж бичгийн 2-т МТЗ ТӨХК нь Улсын Их хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, МТЗ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагуудаас холбогдох шийдвэр гарсны дараа Т ХХК-тай хамтран ажиллах хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцээр хийж, холбогдох гэрээг байгуулна гэж заасан. Үүнийг үндэслэн, 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсан.

Уг гэрээгээрТ ХХК нь МТЗ ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад - Таван толгой - Цагаан суврага - Сайншанд - Баруун-Урт - Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, МТЗ ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5.156.130.705,49 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон.

МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосоноор Даланзадгад-Тавантолгой- Цагаансуврага - Сайншанд - Баруун-Урт - Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц /далан/ барих ажлыг зургийн дагуу Зараа зөрлөгийн 1127.7074-р км- ээс 1077.74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-Х-5268253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг хийсэн. Бид гэрээнд заанаар бол 329.992 м.куб хөрс хуулалтын ажил хийхээс 476.101 м.куб хэмжээний хөрс хуулалтын ажил хийсэн, гэхдээ бид гэрээнийхээ дагуу тохирсон хөлсөө нэхэмжилж байна.

Дээрх ажлын гэрээний дагуу Шинэ төмөр зам төслийн хүрээнд Өмнө-говь аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд, батлагдсан зургийн дагуу 2011 оны 5 дугаар сарын 03-наас эхлэн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийн тайлангаа 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/50, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1/83 дугаартай албан бичгүүдээр захиалагчид хүргүүлж, гэрээнд заасны дагуу ажлын бичиг баримтуудыг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Дээр дурдсан ажлын гэрээний 15.1-д Ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөлс нь нийт 5.156.130.705,94 төгрөг байна, 16.1-д Ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт төлнө, 16.2-д Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангид нэг ч төгрөг төлөөгүй болно.

Захиалагч МТЗ ТӨХК нь гүйцэтгэгч Т ХХК-д нэг ч төгрөг өгөлгүйгээр гэрээнд заасан ажлыг бүрэн хийлгэсний дараа ажлын хөлсийг өгөхгүйгээр удаан хугацаагаар чирэгдүүлж байгаад гомдолтой байна.

Т ХХК гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг удаа дараа шаардахад захиалагч 2013 оны 12 дугаар сарын 26-ний өдөр анх удаа санаачлага гаргаж гүйцэтгүүлсэн ажлыг газар дээр нь очиж үзэн тайлан бичиж баталгаажуулсан. Бид ажил хийж дуусаад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, өвөл цас орсны дараа очсон болохоор гүйцэтгэлийг бүрэн хараагүй байхад л нийт ажлын гүйцэтгэлийг 245.076,91 м.куб гэж байсан. Энэ бүхнээс харахад бид гэрээнд заасан ажлыг бүрэн хийсэн байхад огт ажил хийгээгүй мэт үзэж ажлын хөлс өгөхгүй гээд байгаа нь гайхалтай байна. Захиалагч гэрээнд болон хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй.

Манай компани нийт 5.156.130.705,94 төгрөгийн ажлыг батлагдсан зургийн дагуу, гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан.

Энэ тухай захиалагч талд албан ёсоор мэдэгдэж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн. Харин захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажлыг хүлээлцэх үүргээ биелүүлээгүй болно.

Захиалагч МТЗ ТӨХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, Хөрс хуулалтын ажлын гэрээ -ний 15,16, 17.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн хэмжээгээр унаад байна.

Захиалагч МТЗ ТӨХК нь Хөрс хуулалтын ажлын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэрээний 22 дугаар зүйлийн 22.3-т.3ахиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги хүлээлгэнэ гэж заасан ба ажлын хөлс болох 5.156.130.705,94 төгрөгийг 0.1 хувиар тооцон үзэхэд хоногт 5.155.100 төгрөгийн алданги тооцогдож байх ба ажлыг гүйцэтгэж дууссан 2011 оны 12 дугаар сарын 27-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25 хүртэлх нийт 1831 хоногоор тооцоход /5.156.130.705,94x1 831=9.440.875.322 төгрөгийн алданги болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөх үнийн дүнгийн 50 хувь буюу 2.578.065.352,97 төгрөг болсон.

Монгол Улсын Их хурлаас 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 15 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уг зээлийн санхүүжилтэд хамааруулсан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч, Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн.

Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан.

МУХБ нь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн.

Иймд МТЗ ТӨХК-иас хөрс хуулалтын ажлын хөлс 5.156 130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,97 төгрөг, нийт 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулах, МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ инд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч МТЗ ТӨХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

МТЗ ТӨХК нь улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийг эзэмшиж, ашиглах үндсэн чиг үүрэгтэй, 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм.

Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад Т ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно" гэж заасан.

Талуудын хооронд байгуулсан 1/008 дугаартай гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг Төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж тус тус заасан. Гэрээнд ажил хийж дуусгах тухай ямар ч хугацаа заагаагүй байдаг.

Энэхүү төлбөр тооцоотой холбоотойгоор, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар гэрээний 13 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, гэрээний 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан.

Нэхэмжлэгч Т ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3- т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг.

Хариуцагч МУХБ гэрээний оролцогч биш ч Засгийн газрын 283 дугаар тогтоолоор хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ТӨХ-д даалгаж, мөн Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолоор ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч Хөгжлийн бакны үүргийг тодорхойлсон.

Мөн Төрийн байгууллагуудын хооронд 4 талт Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 онд байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Төр бусдаар ажил хийлгэсэн бол хөлсийг нь төлөх үүрэгтэй ч төсөвт суулгаж байж санхүүжилтээ авах нь зүйтэй.

Т ХХК ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч ажлын бичиг баримт ирүүлснийг /тайлан, зураг, ажлын гүйцэтгэл/-ийг Зам тээврийн яаманд хүргүүлснийг тус яам баталгаажуулж, Хөгжлийн банкинд санхүүжилт хийх талаар хүсэлт хүргүүлсэн байна.

Ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөг болон алданги 2.578.065.352,97 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагчийн хувьд хугацаа хэтрүүлсэн, үүргээ биелүүлээгүй зүйл байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 16.1-т "... ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан байгаа болно.Санхүүжилд өгсөнөөр нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ.

Гэрээний талууд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хамт явж ажлын гүйцэтгэлийг шалгаж тайлан гаргасан байдаг. Энэ тайлангаар бол ажлыг бүрэн хийгээгүй 109.222,48 м.куб хэмжээтэй ажил хийсэн байдаг. Гэрээний 15 дугаар зүйлд 1 куб метр хөрс хуулалтыг 15625 төгрөгөөр тооцно гэсэн байгаа юм.Ажлын гүйцэтгэлийн үнийн дүн ийм л байдлаар тодорхойлогдоно гэж үзэж байна. Алдангийн хувьд бол гэрээнд хугацаа заагаагүй тул хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Иймээс алданги тооцохгүй. Гэрээний 16.1-т сахүүжилт хийгдсэнээс хойш, ажлыг бүрэн хийсний дараа хөлс төлөх үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед санхүүжилт орж ирээгүй. Санхүүжилт орж ирэхгүй бол ажлын хөлсийг төлөх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч МУХБ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК, МТЗ ТӨХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан байдаг.

МУХБ нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, энэхүү гэрээгээр Т ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-т Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ гэж заасан байх бөгөөд Т ХХК, МУХБ ны хооронд дээрх хуулийн заалтын дагуу иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй.

МУХБ , Т ХХК-ийн хооронд хууль болон гэрээнд заасан аливаа үүрэг үүсээгүй, үүний дотор Хөгжлийн банк санхүүжүүлэх үүргийг ч мөн Т ХХК-ийн өмнө хүлээгээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал МУХБ инд хамааралгүй, зөвхөн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээсэн захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын асуудал юм.

Шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг үзвэл: Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.

Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн.

Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /Б.Шинэбаатар/-д даалгасугай гэсэн байдаг.

Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /Б.Шинэбаатар/-д, Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт даалгасан байдаг.

Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-т МТЗ ТӨХК, Т ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5.156.131 /төгрөгөөр/, 3.706 /доллараар/ гэж заасан.

Дээрх шийдвэрүүдээс үзэхэд МУХБ инд үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд зөвшөөрсөн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг.

МУХБ ны үйл ажиллагааг зохицуулахад МУХБ ны тухай хууль үйлчилдэг.

Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар МУХБ нь УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн МУХБ-ны Зээлийн хороо, ТУЗ-өөс шийдвэрлэдэг.

Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг МУХБ- нд хүлээлгэх боломжгүй юм.

МУХБ, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК нарын хооронд 55.0 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой, олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан.

Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлд санхүүжилт олгоход тавигдах шаардлагын талаар 3.1.4-т Төсөл хэрэгжүүлэгч МТЗ ТӨХК нь гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлсэн байх гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-т Хөгжлийн банк нь Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн хавсралт 1-т заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1-т МТЗ ТӨХК нь Төслийн техник- эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажпын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээ, мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж, энэхүү гэрээний 4.1-т заасан олголтын хуваарийн өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банкинд хүргүүлнэ гэж тус тус заасан.

Гэтэл төсөл хэрэгжүүлэгч болох МТЗ ТӨХК-иас Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй.

Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон.

Ийнхүү МУХБ наас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч гэрээний хүрээнд уг ажлыг тус банкнаас санхүүжүүлэх боломжгүй болсон.

Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу МУХБ наас 55.000.000 ам.доллар хүртэл санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам. МТЗ ТӨХК- ийн баталгаажуулсан дараахь ажлуудад нийт 22.517.000 ам.долларын санхүүжилт олгосон.

"Шинэ төмөр зам төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, МУХБ-нд төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам нь татан буугдаж, хариуцаж байсан зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, МУХБ , МТЗ ТӨХК нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан.

Уг гэрээний хавсралтаар МУХБ-наас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22.517.000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон.

Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг МУХБ инд төлж байна. 2015 оноос эхлэн Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг жил бүрийн Төсвийн тухай хуулиар баталдаг болсон.

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй.

Улсын төсөвөөс эргэн төлөгдөх санхүүжилтыг Сангийн яаманд шилжүүлсэн. Хөгжлийн банк Транскомын өмнө үүрэг хүлээгээгүй. Энэ төслийн хүрээнд МТЗ ТӨХК 22,5 сая ам долларын санхүүжилт авсан. Энэ мөнгөнөөс МТЗ ТӨХК төлбөрийн даалгавар бичсэний дагуу шилжүүлсэн. Засгийн газар Хөгжлийн банкинд даалгах үндэслэлгүй, сахүүжүүлэх шийдвэрийг тус банкны зээлийн хороо гаргадаг. Хөгжлийн банкны санхүүжүүлэх эрхийг Засгийн газар тогтоохгүй, шинэ хуулиар тодорхой болгосон.

Иймд МУХБ инд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Т ХХК нь МТЗ ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулах, МУХБ инд холбогдуулан МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч МТЗ ТӨХК нь нэхэмжлэгчтэй Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлсэн нь үнэн ч, Т ХХК нь гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй тул хөлсийг төлөхгүй гэж,

Хариуцагч МУХБ нь ажил гүйцэтгэх гэрээний тал биш бөгөөд уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй тул боломжгүй гэж тус тус маргажээ.

НЭГ: Талуудын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний тухайд:

Монгол Улсын Их хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдаж, эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор МТЗ ТӨХК-д олгосны дагуу МТЗ ТӨХК, Т ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулан, тус компани төмөр замын суурь бүтцийг барих ажилд эхний ээлжинд өөрсдийн санхүүжилтээр оролцохоор харилцан тохирсон байна.

Нэхэмжлэгч Т ХХК нь Даланзадгад-Таван толгой-Цагаансуварга, Сайншанд-Баруун-Урт- Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажплыг хийж гүйцэтгэх, МТЗ ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5.156.130.705,94 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хийсэн байна./1-р хх-ийн 26-37-р хуудас/

Талууд Хөрс хуулалтын ажлын гэрээ-г бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон ажлын гүйцэтгэлийн талаар маргахгүй байгаа болно.

МТЗ ТӨХК-ны зүгээс Т ХХК-д хандан гэрээнд заасан ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон болох нь МТЗ ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Батзаяагийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 1/71 тоот албан бичгээр тогтоогдож байна./1-р хх-ийн 38р хуудас/

Дээрх Хөрс хуулалтын ажлын гэрээний 13.1-т Талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцэхдээ тал тус бүрээс 2-оос доошгүй ажилтан, хяналтын эрх бүхий байгуулллагын төлөөллийг оролцуулсан ажил хүлээлцэх комисс байгуулж ажлыг хүлээлцэнэ, 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө, 14.1-т Талууд гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор ажлын бичиг баримтыг хүлээлцэн энэ гэрээний хавсралтад заасан Ажлын бичиг баримтыг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулна гэж тус тус заажээ.

Гүйцэтгэгч Т ХХК ажлын гүйцэтгэлийн тайланг холбогдох бичиг баримтуудын хамт 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч, хоёр талын эрх бүхий этгээдүүд Ажлын бичиг баримт хүлээлцсэн акт-д гарын үсэг зурж хүлээн авсан байна./1-р хх-ийн 39-р хуудас/

Гэрээний 14.1-т Ажлын бичиг баримтыг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулна гэсэн заалт нь гэрээний 13.1, 13.3-т заасан ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш хийгдэх ажиллагаа байх тул захиалагч МТЗ ТӨХК гэрээгээр тохирсон ажлыг хүлээн авч уг актыг үйлдсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Ажлын бичиг баримтыг хүлээлцсэн акт үйлдэж баталгаажуулсан нь захиалагч гэрээнд заасны дагуу ажлыг хүлээн авч бичиг баримтыг хүлээлцэн баталгаажуулсан байна.

Гэрээнд заасны дагуу хамтарсан комисс байгуулж, ажил хүлээлцэх нь дан ганц Т ХХК-ийн үүрэг биш, захиалагч МТЗ ТӨХК ч мөн адил үүрэгтэй байх төдийгүй Иргэний хуулийн 351 дугээр зүйлийн 351.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэжээ.

Иймд МТЗ ТӨХК-ийг Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцох үндэстэй байна.

Талууд Ажлын бичиг баримт хүлээлцсэн актад гарын үсэг зурж хүлээн авахдаа бичиг баримт хүлээлцэх үед илэрсэн зөрчил, доголдлыг гүйцэтгэгч тал нь ажлын 5 хоногийн дотор арилгаж зохих ёсоор хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж гэрээнд заасан байх бөгөөд уг актыг үйлдсэнээс хойш зөрчил, доголдол гарсан эсэх талаар ямар нэгэн асуудал үүсээгүй байх тул гүйцэтгэгчийг ажлаа дутуу хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн гүйцэтгэгч Т ХХК нь гэрээнд заасан ажлыг 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны хооронд гүйцэтгэж, ажлын гүйцэтгэл, Зам тээврийн яаманд явуулж, тус яам хянан баталгаажуулж, улмаар санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичгийг МУХБ инд хүргүүлсэн байна. /2-р хх-ийн 22,23, 58-67,1-р хх-ийн 148,149-р хуудас/

Энэ бүхнийг захиалагч МТЗ ТӨХК нь баримтаар няцаагаагүй болно.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж заасны дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээн авах үүрэг нь захиалагчийн буюу МТЗ ТӨХК-ийн үндсэн үүрэг тул Т ХХК ажлын гүйцэтгэлийг МТЗ ТӨХК-д хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч Хөрс хуулалтын ажлын гэрээний 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар гүйцэтгэгч Т ХХК болон захиалагч МТЗ ТӨХК-ийн хамтарсан комисс байгуулагдаагүй, ажил хүлээлцсэн акт үйлдэгдээгүй тул гүйцэтгэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгээгүй тул ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

МТЗ ТӨХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1/365 тоот албан бичиг болон түүний хавсралтаар Т ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн материал болох нийт 9290 хуудас, 95 боть, 1 ширхэг DVD материалыг Зам тээврийн яаманд хүргүүлжээ./2-р хх-ийн 58-р хуудас/

МУХБ нь энэхүү төсөлтэй холбогдуулан хийгдсэн ажлын зардлууд болон Хаан банкны зээлийн талаар ажлын хэсгийн буюу Зам тээврийн яамны дүгнэлт гарч, ажлын хөлс, төлбөрийн хэмжээ тогтоогдож, МТЗ ТӨХК-ийн хийсэн ажлуудыг хүлээн авах хуулийн этгээд тодорхой болсон даруйд санхүүжилтийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой талаар 2012 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/250 тоот албан бичгийг МТЗ ТӨХК-д явуулсан байна. /2-р хх-ийн 24 дүгээр хуудас/

Улмаар гүйцэтгэгч Т ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Зам тээврийн яамны сайдад МТЗ ТӨХК-ийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 6/304 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр, МУХБ инд Зам тээврийн яамны 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 тоот Санхүүжилт шийдвэрлүүлэх тухай албан бичгээр тус тус хүргүүлж байсан байна. /2-р хх-ийн 53,55-р хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч МТЗ ТӨХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Гүйцэтгэгч Т ХХК болон захиалагч МТЗ ТӨХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 16 дугаар зүйлийн 16.1,,16.2.-т талууд ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоогоогүй байх ба зөвхөн урьдчилгаа төлбөрт ажлын хөлсний 50 хувийг, үлдэх төлбөрийг ажлыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлөхөөр харилцан тохиролцсон байх тул ажлыг бүрэн гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч МТЗ ТӨХК-иас ажлын хөлсийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болсон байна.

Хэрэгт авагдсан Хөрс хуулалтын ажлын гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын бичиг баримт хүлээлцсэн акт, ажлын тайлан, гүйцэтгэлийн бичиг, баримтыг МТЗ ТӨХК-иас Зам тээврийн яаманд хүргүүлж, тус яам хянан баталгаажуулж, улмаар санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар МУХБ инд хандсан албан бичиг болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Т ХХК нь гэрээт ажлыг 2011 оны 05 дугаар сарын 03-наас эхлэн 2011 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэж дуусган хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч МТЗ ТӨХК гэрээний дагуу хөлс төлөх үүрэгтэй гэж үзэв.

Хариуцагч /захиалагч/ МТЗ ТӨХК нь нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Транском ХХК-ийг гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй тул ажлын хөлс төлөхгүй гэж маргаж байгаа боловч 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гүйцэтгэгчийн хийсэн ажлыг газар дээр нь очиж үзэн ажлын гүйцэтгэлийг тооцон тайлан бичиж эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Транском ХХК гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг нотлож байна.

Дээрх 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тайлан нь 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ажлын баримт бичиг хүлээлцсэн акт үйлдсэний дараа буюу нэг жил гаруй хугацааны дараа үйлдэгдсэн байх тул ажлын гүйцэтгэлийг уг тайлангаар тооцох үндэсгүй юм. / 3-р хх-ийн 1-27-р хуудас /

Хариуцагч МТЗ ТӨХК нь Т ХХК-ийн зүгээс хөрс хуулалтын ажлыг мэргэжлийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул ажлыг хүлээн авахыг хүсч, хөрс хуулалтын ажлын тайлан, ажлын гүйцэтгэлийг МТЗ ТӨХК-д 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ирүүлэх үед Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 тоот тогтоолоор манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдаж, төсөл хэрэгжүүлэх эрхгүй болсон байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү нөхцөл байдал нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан өдөр болох 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 8 сарын дараа үүссэн нөхцөл байдал байх ба энэхүү нөхцөл байдал нь 8 сарын өмнө гүйцэтгэж дууссан ажлын гүйцэтгэлийг хүлээн авахгүй, ажлын хөлсийг төлөхгүй байх үндэслэл болохгүй юм.

Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор МТЗ ТӨХК-д Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д заасан эхний болон хоёрдугаар үе шатны төслийг хэрэгжүүлэх, төслийг үргэлжлүүлэх эрхийг дахин олгож, Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолд заасны дагуу санхүүжилтийг олгох шийдвэр гарсан болох нь хариуцагч МТЗ ТӨХК, МУХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна./1-р хх-ийн 73,74-р хуудас/

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн зүгээс дээр дурдсан нөхцөл байдлуудыг захиалагчаас үл хамаарах давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэн, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд хандан, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г гаргуулсан байна./2-р хх-ийн 29-р хуудас/

Энэхүү гэрчилгээнд МТЗ ТӨХК-ийн Т ХХК-тай байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ, Засгийн газрын 93, 161, 283, 121, 266 тоот тогтоол болон холбогдох баримт бичгийг үзэхэд тус компанийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй, гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж энэхүү гэрчилгээг олгов гэжээ.

Хариуцагчийн тайлбарлаж буй гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 93 дугаар тогтоолоор МТЗ ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож тусгай зөвшөөрлийг Эрдэнэс таван толгой ХК-д олгосон, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор МТЗ ТӨХК-ийн тусгай зөвшөөрлийг дахин олгосон, Засгийн газрын шийдвэрээр урд чиглэлийн төмөр замыг эхэлж барих зайлшгүй шаардлага үүссэн, МТЗ ТӨХК-д төмөр замын суурь бүтэц барих тухай тусгай зөвшөөрөл олгох, санхүүжилтийг шийдвэрлэх тухай Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолууд гарсан, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк, МТЗ ТӨХК-ийн хооронд 4 талт Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зэрэг нөхцөл байдлууд нь Т ХХК Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний дагуу 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлыг гүйцэтгэж дууссанаас хойшхи хугацаанд хамаарч байгаа, мөн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, зохих журмын дагуу санхүүжилтийг шийдвэрлүүлэх боломжтой нөхцөл байдалд хариуцагч МТЗ ТӨХК өөрөөс шалтгаалах арга хэмжээг аваагүйн улмаас ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, зохих журмын дагуу баталгаажуулах, санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй болсон байх тул гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон гэх хариуцагч МТЗ ТӨХК-ийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Т ХХК нь гэрээт ажлыг гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохируулан гүйцэтгэсэн, захиалагч ажлыг хүлээж авсан болох нь дээр дурдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул гэрээт ажлын хөлс болох 5.156.130.705,94 төгрөгийг МТЗ ТӨХК-иас гаргуулан Т ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч МТЗ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь талуудын хооронд байгуулсан гэрээний 16.1-т "ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан дагуу Хөгжлийн банк энэ үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан тул алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч захиалагч МТЗ ТӨХК ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, зохих журмын дагуу баталгаажуулах, санхүүжилт шийдвэрлүүлэх зэрэг өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүйн улмаас санхүүжилт удааширсан, санхүүжүүлэх боломжгүй болсон гэх хариуцагч МУХБ ны тайлбар үндэслэлтэй байх тул хариуцагч МТЗ ТӨХК-ийг алдангиас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв.

Талуудын хооронд байгуулагдсан Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22 дугаар зүйлийн 22.3-т Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги хүлээлгэнэ гэж зааснаар нэхэмжлэгч ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөгийн 0.1 хувиар тооцоход хоногт 5.155.100 төгрөгийн алданги, ажлыг гүйцэтгэж дууссан 2011 оны 12 дугаар сарын 27-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25 хүртэлх нийт 1831 хоногоор тооцож /5.156.130.705,94x1 831 = 9.440.875.322 төгрөгийн алданги болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үнийн дүнгийн хувиас 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг баримтлан гүйцэтгээгүй үүрэг 5.156.130.705,94 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 2.578.065.352,97 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.

Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэжээ.

Захиалагч хуульд заасны дагуу уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг биелүүлээгүй ч шүүх уг зөрчлийн цар хүрээг харгалзан алдангийг 50%-иар багасгаж /2.578.065.352,97 төгрөгийн 50% болох/ 1.289.032.676,24 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч /захиалагч/ МТЗ ТӨХК-иас гэрээний дагуу ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөг, алданги 1.289.032.676,24 төгрөг, нийт 6.445.163.382,18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Т ХХК-д олгох үндэстэй байна.

ХОЁР: МУХБ ны тухайд:

Хариуцагч МУХБ нь нэхэмжлэгч Т ХХК тай иргэний эрх зүйн харилцаа үүсгээгүй, Т ХХК болон МТЗ ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний оролцогч биш, уг гэрээгээр Т ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, гэрээний оролцогч биш гэж маргажээ.

Хөрс хуулалтын ажлын гэрээ-нд санхүүжилт хийх үүргийг МУХБ хүлээх тухай тусгагдаагүй ч Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-д зааснаар төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг МТЗ ТӨХК-д олгосон, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоолоор даалгасан байна.

Мөн Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол зэрэг нь зохигчдыг гэрээ байгуулах үед Хөгжлийн банкны үүргийг тодорхойлсон эх сурвалж гэж үзэхээр байна.

МУХБ , Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, МТЗ ТӨХК-ийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд дээрх гэрээ нь зохигчдын хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилттэй холбоотой, өөрөөр хэлбэл Засгийн газрын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 266, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121, 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ын I, II үе шатны төмөр замын суурь бүтэц барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр харилцан тохирч талуудын эрх үүргийг тодорхойлсон болох нь дээрх гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна./1-р хх-ийн 143-147р хуудас/

Т ХХК, МТЗ ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний төлбөр тооцооны хэсэг болох 16.1-т Энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө заасан ба ажлыг хийж дууссанаас хойш 2 жилийн дараа эрх бүхий 4 байгууллагын хооронд Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ байгуулснаас үзэхэд МУХБ нь дээрх төслийг санхүүжүүлэх үүрэгтэй гэдэг нь давхар нотлогдож байна.

МУХБ нь Засгийн газрын дээр дурдсан тогтоолуудын хүрээнд Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, МТЗ ТӨХК нарын хооронд 2013 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай" З-ТЗ-Б 2013-5 тоот гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээний дагуу 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд уг хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж гэрээгээр харилцан тохиролцсон боловч төсөл хэрэгжүүлэгч болох Зам тээврийн яамнаас Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэл баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалыг ирүүлээгүйн улмаас талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч захиалагч болон төрийн байгууллагуудын хоорондын ажил хэргийн уялдаа холбоо, тэдгээрийн хоорондын санхүүжилт болон бусад нөхцөл байдалтай холбогдон үүссэн аливаа бэрхшээл, хүндрэл, маргаан нь ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг захиалагч хүлээн авахгүй байх, ажлын хөлсийг төлөхгүй байх, санхүүжилт хийхгүй байх үндэслэл болохгүй юм.

Мөн Монгол Улсын засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 219 дүгээр тогтоолоор УИХ-ын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор МУЗГ, МУХБ хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр авлагыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дүнг ЗГ-ын тайланд тусган шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны ТУЗ-д тус тус даалгасан, МУЗГ-ын 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар тогтоолоор Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн зээлийн багцыг Хөгжлийн банкнаас Засгийн газарт шилжүүлэхтэй холбогдуулан төсөл санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банктай байгуулсан холбогдох зээлийн гэрээг дүгнэж эрх үүргийг шилжүүлэн авах, дуусгавар болгох, баримт бичгийг хүлээлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар даалгасан зэрэг нь ч МУХБ ийг санхүүжилт хийх үүргээс чөлөөлөхгүй юм.

Иймд МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ- ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ инд даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4.,232.8. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МТЗ ТӨХК-иас 6.445.163.382,18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.289.032.676,49 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан МТЗ ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ инд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.828.930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МТЗ ТӨХК-иас 16.166.883 төгрөг, МУХБ наас 16.166.883 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

                                         

                                   

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО