Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2017/00895

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 135/ШШ2017/00895

Дархан-Уул аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:135/2016/01363/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .................................. тоотод оршин суух, ...................... Н-ийн О- /РД: ...................., утас: ...................../-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д- ХХК /Дархан-Уул аймаг, ..................., /Регистр ................., улсын бүртгэлийн дугаар ./............-д холбогдох

2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 24 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 249 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Миний бие Н.О- нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн нэрээрээ зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулж Д- ХХК-д захирал Ч.Б- 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 8 сарын хувийн хүүтэйгээр зээлүүлж зээлийн барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын . ...дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, .............. тоот гэрчилгээтэй, .............. тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшлийн газрын хамт барьцаанд авч мөнгийг өгсөн.

Зээлийн 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг нь иргэн Б.Б-гийн данснаас шилжигдсэн түүний хөрөнгө юм. Би өөрийн нэрээр хийх болсон шалтгаан нь Д- ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрладаг. Түүний захирал Ч.Б-ийн нөхөр М.Т-ыг би сайн таньдаг. Тэгээд энэ М.Т- нь надаас мөнгө зээлэх хүн олж өгч туслаач барьцаа хөрөнгө хангалттай байгаа гэсэн тул би дүү дүү Б.Б-д хэлж өгсөн. Б.Б- нь би Дарханд очих боломжгүй байна, таны таньдаг найдвартай хүн бол та өөрийн нэрээрээ гэрээг зохих журмын дагуу хийгээд бэлэн болго, түүний дараа би мөнгөө өөрийн данснаасаа шилжүүлж өгье гэсний дагуу гэрээ хийх талууд болон бид бүгд зөвшөөрч энэхүү гэрээг хийсэн юм.

Зээлийн гэрээг анх 2 сараар хийсэн. Д- ХХК нь гэрээнд тохирсон ёсоор мөнгөө өгч чадаагүй учир 2 удаа сунгасан. Анх 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 2 сараар зээлийн гэрээг байгуулж 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 сараар, дараа нь 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 2 сараар тус тус сунгасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй явж байна.

Д- ХХК нь энэ хугацаанд 12.000.000 /Арван хоёр сая/ төгрөгөөр 3 удаа зээлийн хүүгээ төлсөн. Өөр мөнгө төлөөгүй байгаа болно. Энэ мөнгө Б.Б-гийн дансанд орсон.

Д- ХХК-ийн захирал нь эдийн засгийн хямралаас болж төлж чадалгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд Б.Б- нь зээл авсан хүмүүстэй байнга уулзаж ярилцаж байсан.

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан зээлээ төлж чадалгүй явсаар 2 жил болж байна. Төлнө төлнө гээд байсан учир итгээд 2 жил явлаа. Иймээс шүүхээр шийдвэрлүүлж төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байна.

Д- ХХК захирал Ч.Б-ээс:

1.    Үндсэн зээл 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг

2.    Зээлийн гэрээний 5 сарын хугацаад төлөгдөх байсан 60.000.000 /Жаран сая/ төгрөгний зээлийн хүүгийн төлөөгүй үлдэгдэл 24.000.000 /Хорин дөрвөн сая/ төгрөг,

3.    Зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар алданги төлүүлөх хүсэлтэй тул хуульд зааснаар төлөгдөх боломжтой алданги 75.000.000 /Далан таван сая/ төгрөг нийт 249.000.000 /Хоёр зуун дөчин есөн сая/ төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү.

Дээрх хохирлын мөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ..... м2 талбайтай, ..... тоот гэрчилгээтэй, .............. тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж гаргуулахаар шийдвэрлэнэ үү.

Мөн тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.402.950 төгрөгийг Д- ХХК-иас гаргуулж өгнө үү.

Д- ХХК-д өгсөн мөнгө нь иргэн Б.Б-гаас шилжигдсэн түүний хөрөнгө тул зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд заагдсан эрхийг бүрэн эдлэх эрхийн түүнд итгэмжлэлээр олгосон бөгөөд Д- ХХК-ийн захирал Ч.Б-, Б.Б-гаас мөнгө авснаа сайн мэдэж байгаа болно. Б.Б-гийн нэр дээр шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д- ХХК-тай гэрээ байгуулж 150,000,000 сая төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын .....дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, .............. тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай барилга түүний доорх газрыг барьцаалсан. Дээрх мөнгийг Н.О- зээлсэн боловч Б.Б-гийн данснаас мөнгө шилжсэн. Энэхүү зээлийг Ч.Б-ийн нөхөр болох М.Т- авсан. Мөнгөө төлж чадахгүй байсан учир зээлийн гэрээг 2 удаа сунгасан. Эхний 3 сарын хүү болох 36,000,000 сая төгрөгийг төлсөн. 2 жил гаран төлөхгүй байсан учир 2016 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 150.000.000 төгрөг /үндсэн зээл/, 24.000.000 төгрөг /зээлийн хүү/, 75.000.000 төгрөг /алданги/ нийт 249,000,000 сая төгрөгийг Д- ХХК-ийн захирал Ч.Б-ээс гаргуулж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед Н.О-т мөнгө нь бэлэн байгаагүй учир Б.Б- банкнаас зээл авч Д- ХХК-ийн захирал Ч.Б-ийн хүсэлт болгосон данс буюу нөхрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. Одоо бол Н.О- Б.Б- нарын хоорондын тооцоогоор энэ мөнгө нь Н.О-т шилжигдсэн нэг ёсондоо Б.Б-д хамааралгүй болсон болно. Иймд маргааныг анх гэрээ байгуулсан иргэн Н.О-, Д- ХХК нарын хоорондох үүргийн гүйцэтгэлийн асуудлаар шийдвэрлэхэд Б.Б-гийн эрх ашиг хөндөгдөхгүй болсон. Н.О- нь Ч.Б-ийг танидаг учир Б.Б-д зуучилсан. Б.Б-, Н.О- нарын хоорондох тооцоо дууссан учир дээрх мөнгийг Н.О- авна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Энэ хэрэг 3 шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг байгаа. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Н.О- гэрээнд гарын үсэг зурсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282.4, 196.1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний зүйл болох 150 сая төгрөгийг Д- ХХК-д шилжүүлээгүй, Б.Б- гээд гэрээнд оролцоогүй этгээд Ч.Б-ийн нөхөр М.Т-ын дансанд шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т шилжүүлэн өгснөөрөө зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан учир энэ нөхцөл хангагдаагүй. Энэ зээлийн гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, мөн хуулийн 281.1, 282.4-т заасанд нийцэхгүй байна. Н.О- энэ мөнгө миний мөнгө биш Б.Б- гэх хүний мөнгө гэдгээ бичиж өгсөн байдаг. Анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаагүй учир буруу шийдсэн. Н.О- хариуцагч Д- ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Б- мөнгө шилжүүлсэн нь үнэн. Б.Б- М.Т-оос нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Тухайн гэрээ 2 сарын хугацаатай хийгдсэн. Ч.Б- өөрийн дансны дугаараа гэрээний ард бичиж өгсөн учир тэр дансаар шилжүүсэн. Иргэний хуулийн 211.2-т ... Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан байна. Зээлийн гэрээг 2 удаа сунгасан байдаг. Б-өөрөө зөвшөөрсөн нь зээлийн хүү төлөөд явж байснаас харагдаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Н.О-ын зээлсэн мөнгө нь Б.Б-гийн мөнгө байх нь хамаагүй гэж тодорхой зааж өгсөн байгаа. гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Ч.Б-дансаа бичиж өгсөн гэж байна. Тэр нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч Н.О- би Б.Б-д 150,000,000 сая төгрөг өгсөн гэдэг гэтэл тэр талаар баримт байдаггүй. Ч.Б-, М.Т- хоёр эхнэр нөхөр. Н.О- эхлээд М.Т- надаас мөнгө гуйсан би Б.Б-гаас мөнгө авч өгсөн гэдэг. Гэрээг харахад хэн хэний хооронд гэрээ байгуулсан, мөнгө хэнд шилжсэн гэдгийг харах ёстой. Үнэхээр Д- ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт байвал надад хэлэх зүйл байхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хийсэн гэрээ гэж үзэж байна. Үндсэн зээлийн төлбөрийг Төртогтох авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүү алдангийг гэрээний дагуу төлөх үндэслэлгүй боловч шүүх гэрээний үүргийг хангахаар болвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 8-д зааснаар ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасны дагуу анзын хэмжээг 50 хувиар багасгаж өгнө үү. гэжээ

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч Ч.Б- захиралтай Д- ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарны 26-ны өдрийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг, зээлийн гэрээний 5 сарын хугацаанд төлөгдөх байсан 60.000.000 төгрөгний зээлийн хүүгийн төлөөгүй үлдэгдэл 24.000.000 төгрөг зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар алданги хуульд зааснаар төлөгдөх боломжтой, 75.000.000 төгрөг, нийт 249.000.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, .............. тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан дүнгээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Д- ХХК-ийн захирал Ч.Б-ийн гэр бүл М.Т- Н.О-аас 150 000 000 төгрөг зээлүүлэхийг хүсэж, талууд зээлийн болон барьцааны гэрээ хийх үед М.Т- зээлийн гэрээний үүргийн баталгаа болгох барьцаа хөрөнгөгүй байсан тул харилцан тохиролцон зээлийн гэрээг Д- ХХК-ийн нэр дээр гэрээ хийхээр болсон байна.

Нэхэмжлэгч Н.О- нь харилцан тохиролцсоноор 150 000 000 төгрөгийг М.Т-ын дансанд Б.Б-гийн нэрээр шилжүүлсэн талууд энэ талаар маргаангүй бөгөөд хэрэгт авсагдсан депозит дансны хуулга болон Голомт банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож байна.

Иргэний хууулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул зохигчдын хооронд гэрээний зүйл болсон 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан тул гэрээ байгуулсанд тооцно.

Хариуцагч Д- ХХК-ийн захирал Ч.Б- шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа .... Н.О- хариуцагч Д- ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Б.Б- мөнгө шилжүүлсэн нь үнэн. Б.Б- М.Т-оос нэхэмжлэх эрх нь нээлттэй, 150 000 000 төгрөгийг Д- ХХК аваагүй ...гэж маргаж байгаа боловч зээлийн гэрээ байгуулагдах үед хариуцагч Д- ХХК-ийн захирал Ч.Б- 150 000 000 төгрөгийг шилжүүлэн авахаар М.Т-ын дансыг гэрээний ар тал дээр бичиж өгсөн учраас түүний хүссэний дагуу уг дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байгаа, хариуцагч энэ талаар үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн нөхцөлд уг үүргийг гүйцэтгэсэнд тооцох тул нэхэмжлэгч Н.О- 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 150 000 000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 26-ныг хүртэл 8 хувийн хүүтэй зээлдүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар талууд зээлийн гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэж тодорхойлсон бөгөөд, энэ хугацааг талууд мөн тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болгон 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сунгасан, мөн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болгон сунгасан болох нь зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нотлогдож байх тул зээлийн гэрээний хугацаа 4 сар 10 хоног байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд мөн хуульд зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн тул хүү шаардах эрхтэй байна.

Талууд зээлийн гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 26-наас 2015 оны 02 дугаар сарын 26 гэж тогтоон, гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2-т зээлийн болон барьцааны гэрээний бусад заалтыг хэвээр тогтсон тул гэрээгээр тогтоосон хүү 8 хувь байна.

Зээлдэгч, хариуцагч Д- ХХК нь зээлийн гэрээний 2-т зааснаар болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд үүрэг болох 150 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй байна. Энэ хугацаанд хариуцагч Д- ХХК-ийн захирал Ч.Б- нь 3 сарын хугацааны хүүг хэсэгчлэн төлсөн болох нь ...........банкны депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Хариуцагч Д- ХХК 2014 оны 09 дүгээр сарны 26-ны өдрийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний дагуу зээл 150.000.000 төгрөгийг аваагүй, гэрээний харилцаа үүсээгүй гэж байгаа бол гэрээг дахин тохиролцон 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хугацааг сунгаж байсан, 3 сарын хугацааны хүүг хэсэгчлэн төлж байсан зэргээс үзвэл гэрээ байгуулан үүрэг хүлээсэн гэдгээ мэдэж байсан байна.

Иймд гэрээнд зааснаар зээл 150 000 000 төгрөг, 1 сар 10 хоногийн хүү 16 000 000 төгрөгийг Д- ХХК-иас гаргуулан Н.О-т олгох нь зүйтэй байна.

Гэрээний дагуу хариуцагч Д- ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг 166 000 000 төгрөг бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор гэрээнд заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Анзын гэрээг бичгээр хийх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. ...гэж хуульчилсан шаардлагатай нийцэж байгаа тул алданги шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 166 000 000 төгрөг боловч нэхэмжлэгч гүйцэтгээгүй 150 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үүргээс алданги тооцож 75 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд харшлахгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар төлөгдөх анзаас хариуцагчийн зээл эргэн төлөгдөөгүй шалтгаан нь санхүүгийн байдлаас болсон, анзын хэмжээ хэт их байгаа тул хасаж тооцож өгнө үү гэснийг харгалзан хариуцагч Д- ХХК-аас алдангид 38 000 000 төгрөг гаргуулун Н.О-т олгох нь зүйтэй байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэснийг болон Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр байгуулана, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэснийг хангасан тул мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох /Дархан Уул аймаг, Дархан сум,...... дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-000338950, улсын бүртгэлийн дугаар .............., газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар , нэгж талбарын дугаар ....................., 4300 м.кв/ үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч Д- ХХК-иас 204 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 21ий өдөр ..................... төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1,402,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д- ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 204 000 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1,177,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д- ХХК нь 249,000,000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, ..... дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга ......................, улсын бүртгэлийн дугаар .............., газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар ................, нэгж талбарын дугаар .............................., 4300 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага болох 204 000 000 төгрөгийг хангах учрыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албыг томилсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ