Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00349

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 895 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Д” ХХК-д холбогдох,

Зээлийн төлбөр 249 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Д” ХХК-тай гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, Ү-2003018192 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай барилга түүний доорх газрыг барьцаалсан. Дээрх мөнгийг Н.О- зээлсэн боловч Б.Баярмагнайгийн данснаас мөнгө шилжсэн. Энэхүү зээлийг Ч.Баярцэцэгийн нөхөр болох М.Төртогтох авсан. Мөнгөө төлж чадахгүй байсан учир зээлийн гэрээг 2 удаа сунгасан. Эхний 3 сарын хүү болох 36 000 000 сая төгрөгийг төлсөн.

2 жил гаран төлөхгүй байсан учир 2016 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 24 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 249 000 000 төгрөгийг “Д” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгээс гаргуулж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Тухайн үед Н.О-т мөнгө нь бэлэн байгаагүй учир Б.Баярмагнай банкнаас зээл авч “Д” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгийн хүсэлт болгосон данс буюу нөхрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. Одоо бол Н.О-, Б.Баярмагнай нарын хоорондын тооцоогоор энэ мөнгө нь Н.О-т шилжигдсэн нэг ёсондоо Б.Баярмагнайд хамааралгүй болсон болно. Иймд маргааныг анх гэрээ байгуулсан иргэн Н.О-, “Д” ХХК нарын хоорондох үүргийн гүйцэтгэлийн асуудлаар шийдвэрлэхэд Б.Баярмагнайгийн эрх ашиг хөндөгдөхгүй болсон. Н.О- нь Ч.Баярцэцэгийг таньдаг учир Б.Баярмагнайд зуучилсан. Б.Баярмагнай, Н.О- нарын хоорондох тооцоо дууссан учир дээрх мөнгийг Н.О- авна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энэ хэрэг 3 шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг байгаа. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Н.О- гэрээнд гарын үсэг зурсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282.4, 196.1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний зүйл болох 150 сая төгрөгийг “Д” ХХК-д шилжүүлээгүй, Б.Баярмагнай гээд гэрээнд оролцоогүй этгээд Ч.Баярцэцэгийн нөхөр М.Төртогтохын дансанд шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т шилжүүлэн өгснөөрөө зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан учир энэ нөхцөл хангагдаагүй. Энэ зээлийн гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, мөн хуулийн 281.1, 282.4-т заасанд нийцэхгүй байна. Н.О- энэ мөнгө миний мөнгө биш Б.Баярмагнай гэх хүний мөнгө гэдгээ бичиж өгсөн байдаг. Анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаагүй учир буруу шийдсэн. Н.О- хариуцагч “Д” ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Баярмагнай мөнгө шилжүүлсэн нь үнэн. Б.Баярмагнай М.Төртогтохоос нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 895 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч “Д” ХХК-аас 204 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1 402 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Д” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 204 000 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1 177 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Д” ХХК нь 249 000 000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-000338950, улсын бүртгэлийн дугаар Ү-2003018192, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0003011270, нэгж талбарын дугаар 080100815, 4300 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага болох 204 000 000 төгрөгийг хангах учрыг мэдэгдэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч “Д” ХХК-иас 249 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож” гэж, 2 дахь заалтыг: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 1 402 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1 402 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 402 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хангаагүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Энэ хэргийн нэхэмжлэгч гэх Н.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан хүсэлтээ “Б.Баярмагнайгийн өмнөөс өөрийн нэрээр гэрээг байгуулсан, “Д” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгт зээлдүүлсэн мөнгө миний мөнгө биш гэдгийг Баярцэцэг түүний нөхөр сайн мэдэж байгаа, би зөвхөн гэрээг байгуулж гарын үсэг зурах л үүрэг гүйцэтгэсэн юм. Өөр ямар ч эрх үүрэггүй. Иймд энэ зээлийн гэрээний телбөр, хүү, алдангийг Б.Баярмагнайд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү, энэ мөнгө надад ямар ч хамааралгүй болно” гэж хүсэл зоригоо илэрхийлж, Б.Баярмагнай гэдэг зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч биш этгээд 150 сая төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч “Д” ХХК-ийн дансанд биш харин зээлийн гэрээнд оролцоогүй М.Төртогтохын дансанд шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчдыг зөв тодорхойлолгүй нэхэмжлэгч биш этгээдэд хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 28.1, 28.2, 28.4 дэх заалтыг зөрчсөнөөс гадна анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 4 дэх заалтанд “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно” гэж заасан байгаа бөгөөд гэрээний энэ заалт биелэгдээгүй буюу зээлийн гэрээний зүйл болох 150 сая төгрөгийг Б.Баярмагнайгийн данснаас М.Төртогтохын дансанд шилжсэн баримт байгаа нь Иргэний хуулийн 281.1, 282.4-т заасантай нийцээгүй нь нотлогдож байхад анхан шатны шүүх Н.О- “Д” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх байтал солилгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг засахын оронд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдагдаагүй зүйлд хийсвэрээр дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь мөн л хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, харин мөнгө шилжүүлсэн Б.Баярмагнай, мөнгийг хүлээн авсан М.Төртогтох нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байгаад дүгнэлт хийлгүй зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч биш этгээдэд хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулсан гэж хариуцагч тал маргаж байгаад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан гэж үзэж байгаа тул дээр дурдсан үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг үндэслэлгүйгээр хариуцагчийг алдангиас чөлөөлсөн гэж дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч “Д” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлд 150 000 000 төгрөг, зээлийн хүүд 24 000 000 төгрөг, алдангид 75 000 000 төгрөг, нийт 249 000 000 төгрөг гаргуулахыг нэхэмжилсэн ба хариуцагч “Д” ХХК шаардлагыг зөвшөөрөөгүй, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгч Н.О- нь 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, “Д” ХХК-д 150 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн байна. Гэрээнд зээлдүүлэгчээр нэхэмжлэгч Н.О-, зээлдэгч “Д” ХХК-ийг төлөөлж, захирал Ч.Баярцэцэг гарын үсэг зуржээ.

Зээл авах санаачилгыг Ч.Баярцэцэгийн нөхөр М.Төртогтох гаргасан, зээлийн хөрөнгийн өмчлөгч нь Н.О-ын дүү Б.Баярмагнай байх нь зээлийн гэрээний оролцогч талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх, эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаа зохигч талуудын хооронд үүссэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс анзын талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчсөн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болдог байна. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаан дахь анзын хэмжээг илт их гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүйгээс гадна хэргийн ямар нөхцөл байдлыг шүүх харгалзсан болох нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, алдангийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа тохиолдолд шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д заасан зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Түүнчлэн хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул хураамжийн дутууг нөхөн гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “232.6, 232.8.-д” гэснийг “232.6.-д” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 1 332 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН