Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 10

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01363/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Боржигон овогт Н-гийн О-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Дэбүт” ХХК-д холбогдох

“Зээлийн төлбөр 249.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг  

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Н.О-аас:

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Дэбүт ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгт 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэй зээлж зээлийн барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, Ү-2003018192 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшлийн газрын хамт барьцаанд авч мөнгийг өгсөн. Зээлийн 150.000.000 /Нэг зуун тавин сая/ төгрөг нь иргэн Б.Баярмагнайгийн данснаас шилжигдсэн түүний хөрөнгө юм. Би өөрийн нэрээр хийх болсон шалтгаан гэвэл “Дэбүт” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрладаг. Түүний захирал Ч.Баярцэцэгийн нөхөр М.Төртогтохыг би сайн таньдаг. Тэгээд М.Төртогтох нь надаас мөнгө зээлэх хүн олж өгч туслаач барьцаа хөрөнгө хангалттай байгаа гэсэн тул би дүү Б.Баярмагнайд хэлж өгсөн. Б.Баярмагнай нь би Дарханд очих боломжгүй байна, таны таньдаг найдвартай хүн бол та өөрийн нэрээрээ гэрээг зохих журмын дагуу хийгээд бэлэн болгочих түүний дараа би мөнгөө өөрийн данснаасаа шилжүүлж өгье гэсний дагуу гэрээ хийх талууд болон бид бүгд зөвшөөрч энэхүү гэрээг хийсэн юм. “Дэбүт” ХХК нь энэ хугацаанд 12.000.000 төгрөгөөр 3 удаа зээлийн хүүгээ төлсөн. Энэ мөнгө Б.Баярмагнайгийн дансанд орсон. “Дэбүт” ХХК захирал Ч.Баярцэцэгээс үндсэн зээл 150.000.000 төгрөг, зээлийн гэрээний 5 сарын хугацаад төлөгдөх байсан 60.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 24.000.000  төгрөг,  алданги 75.000.000 төгрөг, нийт 249.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Дээрх мөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, Ү-2003018192 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж гаргуулахаар шийдвэрлэнэ үү. Мөн тэмдэгтийн хураамжийн  1.402.950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагаас:

Хэдийгээр Н.О- мөнгө зээлсэн боловч Б.Баярмагнайгийн данснаас мөнгө шилжсэн. Энэхүү зээлийг Ч.Баярцэцэгийн нөхөр болох М.Төртогтох авсан. Хариуцагч Н.О-аас дахин мөнгө зээлээч барьцаанд нь үл хөдлөх эд хөрөнгөө тавья гээд гуйсан боловч тухайн үед Н.О-т байгаагүй учраас Б.Баярмагнай Н.О-ын нэрээр гэрээ хийж, Ч.Баярцэцэгийн нөхөр М.Төртогтохын нь данс руу мөнгөө шилжүүлсэн. Манай талаас “Дэбүт” ХХК-г судлалгүй зээл өгснөө хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал зээлээ төлж чадахгүй байсан учраас зээлийн гэрээгээ 2 удаа сунгасан. Бид өмнө нь эвлэрэн хэлэлцэх санал тавьж байсан боловч хариуцагчийн төлөөлөгч Ч.Баярцэцэг зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандах болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг задалбал 150.000.000 төгрөг /үндсэн зээл/, 24.000.000 төгрөг /зээлийн хүү/, 75.000.000 төгрөг /алданги/ болж байгаа. Манай тал Голомт банкнаас 1.9%-ийн хүүтэй 73 хоногийн хугацаатай мөнгө зээлж хариуцагчид зээлсэн. Үүнийг хариуцагч талаас гаргуулж, барьцаа хөрөнгийг зарж борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК-иас 249 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1,402,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Дэбүт” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 249,000,000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1,402,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК нь 249,000,000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцааны зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-000338950, улсын бүртгэлийн дугаар Ү-2003018192, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0003011270, нэгж талбарын дугаар 080100815, 4300 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага болох 249,000,000 төгрөгийг хангахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.   

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг 1502 тоот шийдвэр хангаагүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэргийн оролцогчдийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй буруу ташаа дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл зээлийн гэрээний зүйл болох 150.000.000 төгрөг нь  нэхэмжлэгч Н.О-ын өөрийн хөрөнгө биш харин Б.Баярмагнай гэгчийн мөнгө болох нь тодорхой байна. Тэгэхлээр зээлдүүлэгч гэх Н.О- нь зээлийн гэрээний

зүйл болох мөнгийг зээлдэгч “Дэбүт’’ ХХК-д шилжүүлээгүй харин Б.Баярмагнай гэгч нь 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдор Голомт банкны 4301078201 тоот данснаас 150.000.000 төгрөгийг М.Төртогтох гэгчид шилжүүлсэн болох нь Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Зээлдүүлэгч Н.О- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч “Дэбүт” ХХК-иас шаардсан байгаа бөгөөд мөнгө шилжүүлсэн дээрх баримтаас үзвэл зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлийн гэрээний талууд болох Н.О-аас “Дэбүт” ХХК-д шилжүүлсэнээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжтой байтал зээлийн гэрээнд оролцоогүй Б.Баярмагнай гэгчээс М.Төртогтох гэгчид 150 сая төгрөг шилжүүлсэн баримт байгаа нь зээлийн гэрээ Б.Баярмагнай, М.Төртогтох нарын хооронд хийгдсэн нь хэргийн үйл баримт зохигчдын тайлбар мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтанд нийцээгүй дүгнэлт хийж Н.О- “Дэбүт” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж гэрээний зүйл болох мөнгийг нэхэмжлэгч Н.О- “Дэбүт” ХХК-д шилжүүлсэн байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.  Иймд энэ зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангийг Б.Баярмагнайд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Б.Баярмагнайг нэхэмжлэгчээр сольж өгнө үү гэсэн утга санааг агуулсан хүсэлт гаргасан байхад шүүх энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамж гаргаагүй буюу хүсэлтийг шийдзэрлэлгүй орхигдуулсан байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Н.О- нь “Дэбүт” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй этгээд, хариуцагч “Дэбүт” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээн аваагүй болох нь баримтаар тогтоогдож байх туп анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчид хэргийн материал танилцуулсан баримт,  хурлын тов мэдэгдсэн баримтуудад гарын үсэг зураагүй, хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй, гэрээний талуудыг зөв  тогтоогоогүй байх тул  маргааныг шийдвэрлэсэн анхан шатны  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд зааснаар  “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхол нь зөрчигдсөн  гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс  нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ”.

Нэхэмжлэгч  Н.О-  хариуцагч  “Дэбүт” ХХК-д  холбогдуулан   зээлийн гэрээний  үүрэгт үндсэн зээл 150.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 24.000.000 төгрөг, алданги  75.000.000 төгрөг,  нийт  249.000.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэл  гаргажээ.

Хэргийн үйл баримтаас   үзвэл  Б.Баярмагнайгаас М.Төртогтохын Голомт банкин дах  4301076201 тоот данс руу  150.000.000 төгрөг шилжүүлсэн \ хх-53 дугаар тал\.

Н.О- “Дэбүт” ХХК-ийн  захирал  Ч.Баярцэцэг нар 2014 оны 09 дүгээр  сарын  26-нд  барьцаат зээл, 09 дүгээр сарын 28-нд  зээлийн гэрээ  тус тус байгуулж, 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй,  150.000.000  төгрөг зээлсэн. \ хх- 5, 6 дугаар тал\

Н.О-, Н.Баярцэцэг нар   зээлийн гэрээний хугацааг   хоёр удаа  2014 оны 12 дугаар сарын  26  \хх- 9, дугаар тал \ 10, 2015 оны  02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан, гэрээний хугацаанд  36.000.000 төгрөгийг Б.Баярмагнайгийн   дансанд  буцаан  төлж байсан  байна.

Дээрх  үйл  баримтаас   үзэхэд зээлийн гэрээний зүйл болох  150.000.000 төгрөг нь  Б.Баярмагнайгийн  хөрөнгө, харин  зээлийн гэрээг  Б.Баярмагнайгийн  зөвшөөрснөөр  түүнийг төлөөлж Н.О-  хийсэн бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, зээлийн гэрээний  үүргийг тодорхой хэмжээгээр биелүүлж байсан.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн  үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй   нөхцөлд мөнгө буцаан  шаардах  эрх нь  Б.Баярмагнайд  үүснэ.

Нэхэмжлэгч Н.О-ын эрх ашиг, сонирхол нь хөндөгдөөгүй байхад зээлийн гэрээний  үүргийг  шаардах  эрх  бүхий этгээд  гэж  үзэхгүй.

Харин Б.Баярмагнай Н.О-т өөрийгөө  шүүхэд төлөөлүүлэхээр  итгэмжлэл олгосон  тохиолдолд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох  боломжтой.

Гэтэл Н.О-  нь  Б.Баярмагнайд  2016 оны 9 дүгээр сарын 19-ний  өдөр уг  зээлтэй холбоотой маргаанд өөрийгөө  төлөөлүүлэх  итгэмжлэл  олгосон  \хх-3 дугаар тал\ байгааг шүүх анхаараагүй байна.

Н.О-  шүүхэд  гаргасан анхны  нэхэмжлэлд  дурдаж, мөн “Дэбүт”  ХХК-д  өгсөн мөнгө нь  иргэн Б.Баярмагнайгийн хөрөнгө тул  түүний нэр дээр   шийдвэрийг  гаргаж  өгөхийг  хүссэн   хүсэлтийг  шүүх шийдвэрлээгүй нь    \хх-11 дүгээр тал\ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  28 дугаар  зүйлийн 28.2 дахь хэсэгт нийцээгүй  байна.

Иймд  нэхэмжлэгч  биш этгээдийг  жинхэнэ нэхэмжлэгчээр   сольж  түүнийг хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд  оролцуулах эсхүл түүнийг хуульд заасан журмын дагуу  төлөөлүүлж  хэргийг шийдвэрлэх   шаардлагатай  байх тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны  шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь  зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны  шүүх нь хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа, зөрчил гаргасан учир   үйл баримтын  талаар  дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх  боломжгүй  болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.402.950  төгрөг төлснийг, төрийн сангийн орлогоос  буцаан  гаргасугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ                

                             ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                               С.ЭНХЖАРГАЛ