Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 137

 

Н.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01363/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 895 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Б- овогтой Н-гийн О-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Дэбүт” ХХК-д холбогдох

           “зээлийн төлбөр 249.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагаас:

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Дэбүт” ХХК-тай гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, Ү-2003018192 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай барилга түүний доорх газрыг барьцаалсан. Дээрх мөнгийг Н.О- зээлсэн боловч Б.Баярмагнайгийн данснаас мөнгө шилжсэн. Энэхүү зээлийг Ч.Баярцэцэгийн нөхөр болох М.Төртогтох авсан. Мөнгөө төлж чадахгүй байсан учир зээлийн гэрээг 2 удаа сунгасан. Эхний 3 сарын хүү болох 36.000.000 сая төгрөгийг төлсөн. 2 жил гаран төлөхгүй байсан учир 2016 оны 9 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд үндсэн зээл 150.000.000 төгрөг, зээлийн хүү 24.000.000 төгрөг, алданги 75.000.000 төгрөг,  нийт 249.000.000 сая төгрөгийг “Дэбүт” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгээс гаргуулж, зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед Н.О-т мөнгө нь бэлэн байгаагүй учир Б.Баярмагнай банкнаас зээл авч “Дэбүт” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгийн хүсэлт болгосон данс буюу нөхрийнх нь данс руу шилжүүлж өгсөн. Одоо бол Н.О-, Б.Баярмагнай нарын хоорондын тооцоогоор энэ мөнгө нь Н.О-т шилжигдсэн нэг ёсондоо Б.Баярмагнайд хамааралгүй болсон болно. Иймд маргааныг анх гэрээ байгуулсан иргэн Н.О-, Дэбүт ХХК нарын хоорондох үүргийн гүйцэтгэлийн асуудлаар шийдвэрлэхэд Б.Баярмагнайгийн эрх ашиг хөндөгдөхгүй болсон. Н.О- нь Ч.Баярцэцэгийг таньдаг учир Б.Баярмагнайд зуучилсан. Б.Баярмагнай, Н.О- нарын хоорондох тооцоо дууссан учир дээрх мөнгийг Н.О- авна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагаас:

Энэ хэрэг 3 шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг байгаа. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Н.О- гэрээнд гарын үсэг зурсан боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282.4, 196.1.4 дэх хэсэгт зааснаар энэ гэрээний зүйл болох 150 сая төгрөгийг “Дэбүт” ХХК-д шилжүүлээгүй, Б.Баярмагнай гээд гэрээнд оролцоогүй этгээд Ч.Баярцэцэгийн нөхөр М.Төртогтохын дансанд шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т шилжүүлэн өгснөөрөө зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан учир энэ нөхцөл хангагдаагүй. Энэ зээлийн гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, мөн хуулийн 281.1, 282.4-т заасанд нийцэхгүй байна. Н.О- энэ мөнгө миний мөнгө биш Б.Баярмагнай гэх хүний мөнгө гэдгээ бичиж өгсөн байдаг. Анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаагүй учир буруу шийдсэн. Н.О- хариуцагч “Дэбүт” ХХК нарын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүсээгүй. Баярмагнай мөнгө шилжүүлсэн нь үнэн. Б.Баярмагнай М.Төртогтохоос нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 895 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК-аас 204.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож, 45.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1,402,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Дэбүт” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 204.000.000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1.177.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК нь 249.000.000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-000338950, улсын бүртгэлийн дугаар Ү-2003018192, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0003011270, нэгж талбарын дугаар 080100815, 4300 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага болох 204.000.000 төгрөгийг хангах учрыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар дуудлага худалдаа явуулах этгээдээр Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албыг томилж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Н.О- нь нэхэмжлэгч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад шүүх хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүй. Зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлээгүй нь нотлогдож байхад анхан шатны шүүх Н.О- “Дэбүт” ХХК-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх зээлийн хүү, алдангиас хасаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зээлийн гэрээ болон зээлийн гэрээний сунгалтууд нь хуулийн дагуу хийгдэж нотиаратаар баталгаажсан. Гэрээнд оролцогч талууд өөрсдөө хүсэж, хариулцан тохиролцож, гэрээний хугацааг сунгасан. Үүнийгээ талууд хүлээн зөвшөөрч байхад шүүх өөрийн үзэмжээр тооцоог хийж хүүгээс хасах нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн хүүгийн 24.000.000 төгрөг, алдангийн 75.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч талаас бүрэн гаргуулахаар шийдвэрлэж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.О- нь хариуцагч Ч.Баярцэцэг захиралтай “Дэбүт” ХХК-аас 2014 оны 09 дүгээр сарны 26-ны өдрийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 150.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлөөгүй үлдэгдэл 24.000.000 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас төлөх алданги 75.000.000 төгрөг, нийт 249.000.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний барьцаа болох үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талууд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний талаар маргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.      

Хариуцагч 3 сарын хүүд 36.000.000 төгрөг төлсөн ба талууд энэ талаар  маргаагүй болно.

Хариуцагч “Дэбүт” ХХК нь гэрээгээр хүлээсэн 150.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй талаар зохигчид маргаж байна.          

Зохигчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох бөгөөд мөн хуульд зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийсэн Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан ба зээлийн хүү 8 хувь байна гэж тохирчээ.

Хариуцагч 5 сарын хүүд нийт 60.000.000 төгрөг төлөхөөс 36.000.000 төлсөн ба зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 24.000.000 төгрөгийн хүүгийн төлбөртэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх энэ талаар дутуу тооцоолол хийсэн байх тул төлөгдөөгүй байгаа зээлийн хүү 24.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Мөн талууд зээлийн гэрээний 6 дугаар зүйлд зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги зээлдэгч тал зээлдүүлэгч талд төлөхөөр тохирсон ба  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шүүх алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг хэт их байвал багасгаж болох боловч  хариуцагч санхүүгийн байдлаас алдангийн хэмжээг багасгах шалтгаанаа анхан шатны шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байхад шүүх алдангийг хасч тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр зээлийн хүү, алдангийн талаар нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлын үндэслэл нь нотлоогүй энэ талаар анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.402.950 төгрөгийг буцаан олгохоор дурдаж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК-аас 249.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож” гэж,

2 дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 1.402.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Дэбүт” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.402.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О-т олгож” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.402.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.НАРАНГЭРЭЛ

                                     ШҮҮГЧИД                                                    Л.АМАРСАНАА

                                                                                                          С.ОЮУНЦЭЦЭГ