Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00440

 

Н.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Отгонбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дэбүт” ХХК-д холбогдох,

Зээлийн төлбөр 249 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “Дэбүт” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгт 150 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 8 хувийн хүүтэй зээлж зээлийн барьцаанд нь Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м2 талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, Ү-2003018192 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшлийн газрын хамт барьцаанд авч мөнгийг өгсөн.Зээлийн 150 000 000 төгрөг нь иргэн Б.Баярмагнайгийн данснаас шилжигдсэн түүний хөрөнгө юм. Би өөрийн нэрээр хийх болсон шалтгаан гэвэл “Дэбүт” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд байрладаг. Түүний захирал Ч.Баярцэцэгийн нөхөр М.Төртогтохыг би сайн таньдаг. Тэгээд М.Төртогтох нь надаас мөнгө зээлэх хүн олж өгч туслаач барьцаа хөрөнгө хангалттай байгаа гэсэн тул би дүү Б.Баярмагнайд хэлж өгсөн. Б.Баярмагнай нь би Дарханд очих боломжгүй байна, таны таньдаг найдвартай хүн бол та өөрийн нэрээрээ гэрээг зохих журмын дагуу хийгээд бэлэн болгочих түүний дараа би мөнгөө өөрийн данснаасаа шилжүүлж өгье гэсний дагуу гэрээ хийх талууд болон бид бүгд зөвшөөрч энэхүү гэрээг хийсэн юм.“Дэбүт” ХХК нь энэ хугацаанд 12 000 000 төгрөгөөр 3 удаа зээлийн хүүгээ төлсөн. Энэ мөнгө Б.Баярмагнайгийн дансанд орсон. “Дэбүт” ХХК захирал Ч.Баярцэцэгээс үндсэн зээл 150 000 000 төгрөг, зээлийн гэрээний 5 сарын хугацаанд төлөгдөх байсан 60 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 24 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг, нийт 249 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.Дээрх мөнгийг зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1382 м.кв талбайтай, 000338950 тоот гэрчилгээтэй, Ү-2003018192 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж гаргуулахаар шийдвэрлэнэ үү. Мөн тэмдэгтийн хураамжийн 1 402 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:  М.Төртогтох Б.Баярмагнайгаас мөнгө зээлсэн нь үнэн. Тэр дансанд нь манай нөхөр төлбөр төлж байсан. Н.Отгонбаатараас ямар ч мөнгө зээлээгүй. Ч.Баярцэцэг мөнгө аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай манай гэрт олон удаа ирж айлгаж дарамталж, машины түлхүүрийг авч байсан. Цагдаад хэлнэ гэхэд энэ үйлдлээ зогсоосон. Б.Баярмагнайгаас манай нөхөр 150 000 000 төгрөг зээлсэн. Учир холбогдлыг нь би мэдэхгүй. 8 сарын сүүлээр Н.Отгонбаатар мөнгө зээлнэ гэж ярьж байсан. 9 дүгээр сарын 26-ны өдөр мөнгө нь бүтэхгүй явсаар Б.Баярмагнай М.Төртогтохын данс руу мөнгө хийсэн. Б.Баярмагнай М.Төртогтоход барьцаа хөрөнгө байхгүй учраас чи гэрээ хийчих гэж хэлсэн бөгөөд зээлийн гэрээ барьцааны гэрээ байгуулсан гэдгээ хэлсэн. Хавтаст хэргийн материалтай танилцахад Н.Отгонбаатараас Ч.Баярцэцэг аваагүй гэдэг нь харагдаж байна. Харин Б.Баярмагнай М.Төртогтоход мөнгө зээлсэн нь харагдаж байна.М.Төртогтох 36 000 000 төгрөгийг өгсөн учраас түүний үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Тиймээс Н.Отгонбаатараас Ч.Баярцэцэг аваагүй. Ч.Баярцэцэг Н.Отгонбаатартай ямар нэгэн гэрээ хийсэн зүйл байхгүй. Ийм нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. М.Төртогтох Б.Баярмагнайгаас мөнгө зээлсэн. Б.Баярмагнай мөнгө зээлсэн учраас барьцаа хөрөнгө байх шаардлагатай гэж хэлсний үндсэн дээр зээл авснаас 2 хоногийн дараа барьцааны гэрээ байгуулсан. Манай нөхөр мөнгө зээлснээ хэлж байсан учраас нөхрийнхөө өмнөөс 3 удаа мөнгө шилжүүлсэн. М.Төртогтохын өмнөөс үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьсан учраас эд хөрөнгөө алдчих байх гэж айсандаа гэрээг сунгаж байсан гэдэг тайлбарыг Ч.Баярцэцэг хэлдэг. Ч.Баярцэцэг Н.Отгонбаатараас мөнгө авсан зүйл харагдахгүй байна. Данс руу мөнгө орсон нь харагдаж байна. Тайлбаруудаас дүгнэхэд Н.Отгонбаатар Ч.Баярцэцэг нарын хооронд байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл болох нь харагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК-иас 249 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонбаатарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Голомт банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 1 402 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Дэбүт” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүн болох 249 000 000 төгрөгт төлөх тэмдэгтийн хураамж 1 402 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонбаатарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Дэбүт” ХХК нь 249 000 000 төгрөг төлөх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дархан Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, 1382.0 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга Г-000338950, улсын бүртгэлийн дугаар Ү-2003018192, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар 0003011270, нэгж талбарын дугаар 080100815, 4300 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлага болох 249 000 000 төгрөгийг хангахыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 402 950 төгрөг төлснийг, төрийн сангийн орлогоос буцаан гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал хангаагүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй хэт нэг талыг барьсан шийдвэр магадлал гаргасан гэж үзэж байна....Анхан шатны шүүх Н.Отгонбаатар нь нэхэмжлэгч биш этгээд болох нь баримтаар нотлогдож байхад хэргийн оролцогчдыг зөв тодорхойлолгүй нэхэмжлэгч биш этгээдэд хариуцагч биш этгээдээс төлбөр гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 28.1, 28.2, 28.4 дэх заалтыг зөрчсөнөөс гадна анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 4 дэх заалт биелэгдээгүй буюу Иргэний хуулийн 281.1, 282.4-т заасантай нийцээгүй зээлийн гэрээний зүйл болох мөнгийг ззэлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлээгүй нь нотлогдож байгаа нь уг гэрээ Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 281.1, 282.1, 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагчаас төлбөр гаргуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.Үүнээс гадна хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй, хэргийн материал танилцуулсан баримтанд гарын үсэг зуруулаагүй, хурлын тов мэдэгдсэн баримтанд хариуцагч гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн алдааг анхан шатны шүүх гаргасан гэж үзэж байна.Давж заалдах шатны шүүх хуралдаан завсарлаж магадлалын агуулгыг хэргийн оролцогчдод амаар танилцуулахдаа “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж даргалагч шүүгч танилцуулсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалаа бичгийн хэлбэрээр гаргахдаа “Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэж илт зөрүүтэй бичилт хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа болно.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т заасан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, аль ч шатны шүүх гаргасан шийдвэрээ шүүх хуралдаанд оролцогчдод танилцуулснаар шийдвэр, магадлал, тогтоол нь хүчинтэй буюу ийнхүү шийдвэрлэснээс өөр агуулгатай болж өөрчлөгдөхгүй байх шинжтэй болдог байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа магадлалдаа шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар заажээ. Давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дүрс бичлэгт тодорхой тусгагдсан байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн байх тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь хариуцагч Ч.Баярцэцэгт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаарджээ.

Нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь “Дэбүт” ХХК-ийн захирал Ч.Баярцэцэгтэй 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8% хүүтэй зээлдүүлжээ. Зээлийн гэрээнд Н.Отгонбаатар зээлдүүлэгчээр оролцсон боловч зээлийн мөнгөний эзэн нь Б.Баярмагнай болохыг нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа дурдсан ба Б.Баярмагнай мөнгийг зээлдэгчийн заасан дансанд шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ \хх-ийн 5, 6, 53 дугаар тал\.

Н.Отгонбаатар нь Б.Баярмагнайгийн зөвшөөрлийн дагуу “Дэбүт” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон тул түүнийг зээлдүүлэгч гэж үзэх ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүнийг нэхэмжлэгч гэж үзнэ. Н.Отгонбаатарын  зээлдүүлсэн мөнгө Б.Баярмагнайгийнх байх нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг үгүйсгэх үндэслэл биш бөгөөд Б.Баярмагнай, Н.Отгонбаатар нарын харилцаа болно.

Харин Н.Отгонбаатар нь шүүхэд өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан боловч мөн өдрөө Б.Баярмагнайд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээх, өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байна \хх-ийн 3 дугаар тал\. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох боломжтой. Нэхэмжлэгч Н.Отгонбаатар өөрийн төлөөлөгчийг итгэмжлэлээр томилсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай оролцох байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Н.Отгонбаатар, түүний төлөөлөгч Б.Баярмагнай зэрэг оролцсон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д заасан зохицуулалтыг зөрчжээ. Хуулийн уг зохицуулалтад “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг Б.Баярмагнайд гардуулсан бол нэхэмжлэгчийн эрх, үүргийг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар Н.Отгонбаатар, Б.Баярмагнай нарт танилцуулжээ. Мөн хэрэгт авагдсан баримтыг заримдаа хоёуланд нь заримдаа Н.Отгонбаатарт, эсхүл Б.Баярмагнайд танилцуулж, шүүх хуралдааны товыг мөн адил журмаар мэдэгдэж байснаас үзвэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулж буйг зааглан ялгаагүй байна \хх-ийн 13, 14, 16, 17, 18, 23, 24, 28, 37, 38 дугаар тал\.

Нэхэмжлэгч Н.Отгонбаатар өөрийгөө төлөөлөх этгээдийг итгэмжлэлээр тогтоосон, төлөөлөгчөөс татгалзсан тухай мэдэгдлийг шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4.-т зааснаар төлөөлүүлэгч хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэх ёстой ба мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болдог байна.

Нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд “зээлийн гэрээний төлбөр, хүү, алдангийг Б.Баярмагнайд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Энэ талаар шүүхэд өгсөн нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралд оролцох итгэмжлэлийг Б.Баярмагнайд өгсөн. Энэ мөнгө нь надад ямар ч хамааралгүй болно” гэжээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ирүүлсэн уг хүсэлтийг анхан шатны шүүх дүгнэж үзэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэхүү хүсэлт нь нэхэмжлэгчийг солих тухай, эсхүл төлөөлөгч томилж буй агуулгатай болохыг тодруулалгүйгээр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэргийн оролцогчийг зөв тодорхойлж чадаагүй алдааг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа гаргасан шийдвэрээ буруу тусгаснаас гадна угаас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ. Зээлийн гэрээний харилцаанд зээлдүүлэгчээр оролцсон этгээд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлдэгчээс шаардах эрхтэй ба мөнгөний эзэн Б.Баярмагнайтай хариуцагч “Дэбүт” ХХК болон захирал Ч.Баярцэцэгтэй гэрээний харилцаанд ороогүй, зээлийн нөхцлийн талаар тохиролцоогүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журам зөрчигдсөн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны болоогүй байх тул талуудын маргааны зүйл, шүүхийн хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1502 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН