Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/03462

 

 

 

 

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2018/03462

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, Д.Золзаяа, Ц.Цэрэндулам

 

Нэхэмжлэгч: М ХХК гаргасан,

 

: Л ХХК,

 

: О ХХК нарт ,

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,187,832,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, өмгөөлөгч Б.Д, С.Э, хариуцагч Л ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э, өмгөөлөгч Ч.Ш, Н.Б, хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Т, иргэдийн төлөөлөгч Ш.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

 

М ХХК нь Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг С ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу гадаад улсаас захиалан авчруулсан юм.

 

Манай компани хариуцагч Л ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус техникийг тээвэрлүүлж, Өмнөговь аймгийн нутаг дахь *******д хүргүүлэхээр тээвэр зуучийн гэрээг байгуулсан. Гэтэл тус компани энэхүү техникийг бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн хариуцагч О ХХК-иар тээвэрлүүлсэн байсан. Ийнхүү тээвэрлэж явах хугацаанд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 километр зайд онхолдож, гэмтсэн байдаг.

 

Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2015.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, машиныг жолоодож явсан н.Г-ыг 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Л ХХК-ийн туслан гүйцэтгэгч хариуцагч О ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, дүрмийн 2.1-ийн а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж, М ХХК-ийн захиалан авчруулсан СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникт 911,000,227.440 төгрөгийн хохирлыг учруулсан гэсэн.

 

А.Г нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон ба уг тогтоолд учирсан хохирлыг хариуцагч нараас иргэний журмаар шаардах эрхтэй болохыг дурьдсан. Энэ үйл явдал болохоос өмнө манай компани хариуцагч Л ХХК-иар хэд хэдэн удаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг үүднээс үйлчлүүлж байсан, гэвч тус компани бидэнд учирсан хохирлыг барагдуулах талаар санал, санаачилга гаргагүй, харин ч хариуцлагаас зухтах байдлаар тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага бол эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа, энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурьсан бөгөөд хуулиас үүдэх үүргийн эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцагч нарыг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан учраас эдгээр хоёр компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-т зааснаар хариуцагч компаниуд хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.-т заасны дагуу яллагдагчийн үйлдсэн гэм хэргийн уршгаар учирсан эд материалын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулна гэж заасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16612 тоот захирамжаар шинжээчээр томилогдсон н.К, н.Ц нарын дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн эвдэрсэн техникийн нөхөн сэргээн засварлах өртгийг 999,769,432.00 төгрөг, тээврийн зардал 183,063,419.00 төгрөг, нийт 1,187,832,000.00 төгрөг гэж тогтоосон байна.

 

Иймд, хариуцагч Л ХХК, О ХХК нараас дээрх төлбөрийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч талыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Гэвч талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болон гэм буруутай этгээдээс гэм хорын хэмжээгээр хариуцлага хүлээлгэх эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийж, мэтгэлцэх ёстой байх.

 

Тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэхээр болсон хариуцагч Л ХХК, ачаа ачуулъя гэсэн хүсэл зоригтой нэхэмжлэгч М ХХК-иуд Австрали улсад үйлдвэрлэсэн СМ400 маркийн гинжит өөрөө явагч техникийг Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах С ХХК-ийн уурхай дээр аваачиж өгөхөөр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Л ХХК-ийн зүгээс энэхүү техникийг тээвэрлэх үйл ажиллагааг хийх компаниудтай гэрээ хийж, хилийн гаднаас техникийг авчрах үүргийг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм.

 

Зуучлагч компани гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой, тээвэрлэлтийн хөлсийг өөрөөсөө гаргах уу, тээвэрлэгч хүсвэл даатгуулах гэх мэт үүргүүдийг үүсгэх ёстой байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12.-т үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн компаниудтай аливаа хохирол учирсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт, тодорхойлолтыг гаргаж өгөх, тээвэрлэлтийн явцад өөрийн компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан нэмэлт хохирлыг хариуцна гэж заасан.

 

Гэтэл гэм хор учруулсан үйлдлийг хариуцагч О ХХК-ийн ажилтан гаргасан бөгөөд манай компани тухайн техникийг тээвэрлэлтэд тавигддаг үндсэн шаардлагын дагуу хүлээлгэн өгсөн боловч тээвэрлэгч байгууллагын жолооч н.Г-ын буруугаас машин онхолдож, гэм хор учирсан, тэрээр өөрөө гэм буруугаа хүлээж, алдаа гаргасан үйлдлээ зөвшөөрсөн. Хариуцагч Л ХХК нь иргэний эрх зүйн гурвалсан харилцаанд оролцохдоо аль хэсэгт ямар үүргээ буруутай биелүүлсэнээс болж буруутгагдаж байна вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад хариуцагч Л ХХК-ийг ийм үүргээ үл биелүүлсэнээс болж хохирол учирсан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11.-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсвэл гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүрэг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн зарчмаар нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй.

 

Тээвэрлэгч болон тээвэр зуучийн үүргийг тодорхойлох боломж юу бэ гэдэг асуултанд хариулах ёстой, талуудын хооронд нэхэмжлэлд дурьдсанаас өөр харилцаа үүссэн байхад ямар үндэслэлээр гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмнөөс тухайн байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, гэмт хэргийн улмаас гэж хэлээд асуулт, хариултын шатанд гэрээний харилцаа гэж ярьж байна. Жолооч н.Г-ын өмнөөс хариуцлага хүлээх этгээд бол хариуцагч Л ХХК биш, тус компани ямар нэгэн байдлаар н.Г-той хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлд зааснаас арай өөр харилцаа үүссэн, үүргээ биелүүлэх гол үндсэн шинж хувь хүнээр ачуулсан бол арай өөр зүйл яригдах байх, гэтэл хариуцагч О ХХК нь тээвэр эрхлэх эрх бүхий этгээд бөгөөд ажилчид нь тээвэрлэлт хийх эсэхээ шалгах ёстой, буруутгаад байгаа зүйлийг сонсоход манай компанийг тухайн ачааг тулж яваагүй гэсэн ойлголтыг өгч байна. СМ400 гинжит өөрөө явагч бутлагчийг гэмтээсэн үйлдэлд Л ХХК-ийн зүгээс холбоогүй тул хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэв.

 

Хариуцагч О ХХК-иас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Манай компаниас шинжээчийн дүгнэлтийн гурван зүйлд санал нийлэх боломжгүй байна, нэгдүгээрт, шинжээчийн дүгнэлтээр 406,000.00 долларт бүх хохирол багтан гэсэн. Гэтэл хамгийн гол үнийн дүн болсон конусан бутлагчийн талаарх зайлшгүй ярилцах хэрэгтэй, тус дүгнэлтийн 1.1 дэх хэсэгт хэрвээ эвдэрсэн бол солих шаардлагатай гэсэн агуулгатай зүйл бичсэн, өөрөөр хэлбэл конусыг эвдэрсэн гэж 100 хувь хэлсэн гэсэн үг биш. Энэ дүгнэлтийн ерөнхий дүгнэлт конусыг Монгол Улсад засварлах боломжгүй, хэвийн ажиллагааг хангахын тулд шинээр солих нь зүйтэй, гэхдээ эвдэрсэн эд ангийг тодорхойлж бичихдээ далд байж болох гэмтлийг бүрэн тусгаагүй байхыг үгүйсгэхгүй гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

 

Мөн конусан бутлуурыг 95 хувь эвдэрсэн гэж үзээд, 289,780.00 ам.доллараар тогтоосон, гэвч конусыг солих шаардлагагүй, эвдрээгүй гэдгийг нотлохын тулд нэлээд олон техникийн хүмүүстэй уулзсан, ялангуяа эрүүгийн хэргээс хойш нийт 4 удаа шинжээч нар томилогдсон. Х ХХК-ийн дүгнэлтэд бутлуурын үндсэн хийц эвдрэлийг харгалзан 30 хувийн хохирол учирсан гэж үнэлсэн, эдгээр дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженерүүд гаргасан байдаг.

 

Конусан пүрш тийм амархан эвдэрдэггүй, ялангуяа элсэн дээр 20км/цаг-ийн хурдтай явж байхад өөрийн жингээр зөөлөн унахад эвдрэх боломжгүй, хоёр араа эвдэрсэн байсан, тэрийг засах боломжтой. Үүний төлөө шинэ машин авах хэмжээний үнийг нэхэмжилж байна. Энэ машин гаалийн мэдүүлгээр 707,000,000.00 төгрөгийн үнэтэй, гэтэл эвдэрсэн гэх бутлуур тэр үнийн тал хагасаас илүү байна. бид, уг техикийг эвдрээгүй гэдэг итгэл үнэмшлийг 2013 онд авсан, 2016 оны 11 дүгээр сард очиж үзэхэд тоногдсон байсан.

 

Материалын зардлын хүснэгт дээр зардал болон ажлын хөлсийг 407,600.00 ам.доллар гэж бичсэн боловч ажлын хөлсийг тусад нь бичээгүй, тус техникийг бүтнээр нь ачиж явах замын зардлыг тавьсан, ингэж бүтнээрээ явах шаардлагагүй, конусан бутлуур явахад л болно, өөрийнхөн үнийн дүнтэй ижил үнэ тавиад, солино засна гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Материалын зардал 384Т загварын явах ангийн гинжний иж бүрдэл, баруун зүүн гээд 58,000.00 ам.доллараар үнэлээд 50 хувийг солино гэсэн байна.

 

Гэтэл яг үүнд СМ400 маркийн явах эд ангийн иж бүрдэл гээд дахиад 25,000.00 ам.доллараар үнэлж, 15,000.00 ам.долларын хохирлыг хассан. Энэ хоёрыг яг ижил гэж бүх техникийн хүмүүс хэлж байна. Манай машин дээр тухайн техникийг ачаад явахад н.З-ын дүгнэлт дээр пүрштэй савалдаг зүйлийг хөдөлгөөнгүй болгож авч явах ёстой, эсвэл бутлагчийг тусад нь салгах ёстой, мөн битүү машинд ачих ёстой гэсэн. Энэ ажлыг тээвэр зуучийн компаниас маш сайн зөвлөх ёстой байсан. Манай компанийн ажилтнууд конусан бутлагчийг дээрээ байгааг салгаж, авч явбал яасан юм бэ гэхэд тэд хугацаа хоцорч ирсэн, үүнийг салгах зав байхгүй гээд ачуулсан.

 

Хаврын яг тэр өдрүүдэд маш их шуургатай байхад хурд хэтрүүлэх юм уу, согтуу байх боломжгүй, толгой нь яагаа ч үгүй, харин ард нь бэхэлсэн чиргүүл элсэнд суугаад эргэхэд бутлагч, чиргүүлтэйгээ салж унасан, нийт 8 холбоосоор чиргүүлийг чирээгүй бол тэр машин бүхэлдээ унах байсан. Жолооч нь маргааш өдөр 12 цаг хүртэл хүн хүлээгээд ирэхгүй болохоор нь машиныхаа толгойг салгаж аваад кран хайсан, гэтэл үүнийг Замын цагдаагийн газрын шинжээчид зөрчил гэсэн байдаг.

 

Тус бутлагч техник хорвоод ганц биш, Монгол Улсад зөндөө олон компаниуд үүнийг ашиглаж байна, үнэ ч хямдарсан, өөрийнхөн онцлог байдлаас хамаарч ямар ч тохиолдолд элсэн дээр унахад эвдрэхгүй. Монгол Улсад засаж чадахгүй, хүнд ажил ерөөсөө биш. ******* шинжээч урагшаа утасдаад хэдэн сэлбэгийн захиалж авчруулахад болно гэж хэлсэн. Тухайн өдөр энэхүү техникийг ачихад хариуцагч О ХХК-ийн удирдлага мэдээгүй, хариуцагч Л ХХК-нд ажилладаг н.М гэдэг залуу манай компанийн нягтлангаас 47 тонн ачаа зөөгөөд өгөөч гэж асуухад н.Г нь Чойр хот руу юм хүргэж өгөх замдаа гээд ачаад явсан ба осол болсны дараа л бид энэ тухай мэдсэн.

 

Замын цагдаагийн газрын дүгнэлтээр цаг агаарын тааламжгүй нөхцөлд зорчих хэсгийн гадаргуу хоёрын нийлмэл хүчин зүйлүүд нөлөөлсөн гэсэн. н.Бын шинжээчийн дүгнэлтэд жолооч тээврийн хэрэгслийг чирэгч толгойнд бэхлэгдэж чирч явсан бутлуур савагдан ойчиход мэдээгүй байх боломжтой, яагаад гэвэл тээврийн хэрэгслийн онцлог чирэгч толгойд суурилуулсан чиргүүл бүхий автомашины хүндийн төв нь дээшээ шилжиж онхолдолт үүссэн гэсэн ба үүнд замын болон цаг агаарын нөхцөл нөлөөлсөн гэж үзэж байна.

 

Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1.-т тээвэрлэлтийн гэрээг заавал дагалдах бичгийн хамт байгуулах үүрэгтэй гэж заасан. Гэвч талууд энэ үүргээ биелүүлээгүй, хуульд зааснаар гэрээ байгуулсан бол дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, ачаа илгээгч, ачигч, тээвэрлэгч нарт тус бүр нэг хувийг өгөх ёстой бөгөөд тус хуулийн 388 дугаар зүйлийн 388.7.-д заасны дагуу тээвэрлэгч болон жолоочид ачааны жин болон бусад мэдээллийг өгөх үүргээ тээвэрлүүлэгч тал дагаж мөрдөөгүй байж жолоочийг буруутай гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

 

Шинжээчдийн ур чадваргүй байдлаас болж хэргийг шийдэх ажиллагаа удаа дараа хойшилсон, хариуцагч О ХХК нь ямар ч компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, дагалдах бичиг байхгүй, яаж зөөх талаар мэргэжлийн зөвлөгөө аваагүй, салгаж ачих гэснийг хариуцагч Л ХХК-иас зөвшөөрөөгүй. Иймд, дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч Л ХХК, О ХХК нарт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,187,832,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 276,604,560.00 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,187,832,000.00 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилсэнийг хариуцагч нар үл хүлээн зөвшөөрч, маргажээ.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/188 тоот тогтоолоор А.Год холбогдох 201210010125 тоот эрүүгийн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М ХХК-нд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгджээ /1-р х.х-ийн 152-р хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч О ХХК-ийн жолооч А.Г нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Норд бенз маркийн  улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд онхолдож, ачиж явсан нэхэмжлэгч М ХХК-ийн Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг унагааж, хохирол учруулсан үндэслэлээр түүнд холбогдуулан үүсгэсэн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.7.-д заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгосон байна /1-р х.х-ийн 153, 154, 155, 158, 174-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Техникийн шинжээч В.Б, Б.Б болон Н.Г, Н.Ш, Б.А нарын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр А.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж, мөн 2 дугаар зүйлийн 2.1.-ийн а-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэж, түүнчлэн в-д зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ /1-р х.х-ийн 206, 207-р хуудас/.

 

Тус эрүүгийн хэргийг хянан шалгаж байх хугацаанд мөрдөн байцаагч Г.Г-ын 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай, мөн мөрдөн байцаагч Э.Г-н 2015 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрийн иргэний хариуцагчаар тогтоох тухай тогтоолоор нэхэмжлэгч М ХХК-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, харин хариуцагч Л ХХК, О ХХК-ийг тус тус иргэний хариуцагчаар тогтоосон байна /1-р х.х-ийн 173, 217, 218-р хуудас/.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М ХХК нь С ХХК-ийн захиалгаар маргааны зүйл болох CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг тус компанид худалдахаар гадаад улсаас импортолж, улмаар худалдан авагч компанийн хүсэлтээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Толгойт сайтад хүргүүлэхээр тээвэрлүүлсэн боловч замдаа ачиж явсан машин онхолдсоноос болж гэмтэл учирсан байна /1-р х.х-ийн 15, 16, 19-р хуудас/.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Л ХХК нар 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн гадаад улсаас импортолдог бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг Монгол Улсад тээвэрлэн авч ирэх үйл ажиллагаанд хариуцагч тал зуучийн үүргийг гүйцэтгэхээр тохирч, уг CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зохих ёсоор бусдаар тээвэрлүүлэн авчирчээ /1-р х.х-ийн 7, 8-р хуудас/.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 413 дугаар зүйлийн 413.1.-д Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд худалдах-худалдан авах, даатгал, тээвэр, эд хөрөнгө хөлслөх, эсхүл худалдааны бусад үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хариуцагч Л ХХК нь улс хоорондын тээвэр зуучийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг мэргэжлийн хуулийн этгээдийн хувьд нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч М ХХК-ийг түүний зөвшөөрсөн тээвэрлэгч этгээдтэй холбож, тэдгээрийг гэрээ байгуулахад зуучлах үүрэг хүлээнэ /1-р х.х-ийн 250, 251, 2-р х.х-ийн 1, 2-р хуудас/

 

Гэвч нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус техникийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Толгойт сайтад хүргүүлэхээр нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Л ХХК нарын хооронд тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан боловч зохигчдын хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаагүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Л ХХК-ийг тухайн тоног төхөөрөмжийг ямар компаниар тээвэрлүүлэх гэж байгааг мэдээгүй, бидний хүсэл бол хариуцагч Л ХХК нь CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг хэн нэгэн этгээдээр тээвэрлүүлж, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын толгойт сайтад хүргэх явдал чухал байсан гэсэн бол хариуцагч Л ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг хариуцагч О ХХК-иар тээвэрлүүлэхээр тохирсон талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, осол гарсны дараа энэ талаар мэдэгдсэн гэж тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл, талууд буюу нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Л ХХК нарын хооронд тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан тохиолдолд тээвэрлүүлэгч болох нэхэмжлэгч М ХХК нь ийнхүү зуучлагчийн дэмжлэгтэйгээр тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хариуцагч О ХХК-тай тээвэрлэлтийн гэрээг байгуулах ёстой байсан.

 

Гэтэл хариуцагч Л ХХК нь нэхэмжлэгч М ХХК-нд хэнээр тус техникийг тээвэрлүүлэх гэж байгаагаа мэдэгдээгүй, тээвэрлэгч болон тээвэрлүүлэгчийг зуучлахгүйгээр өөрийн нэрийн өмнөөс хариуцагч О ХХК-тай ачаа тээвэрлэх гэрээ байгуулсан байгаагаас гадна нэхэмжлэгч талд шууд тээвэрлэгчтэй харилцах шаардлага байгаагүй, гагцхүү тухайн төхөөрөмжийг тохирсон газарт хүргэгдсэн байх нь чухал байжээ.

 

Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1.-д Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 407.2.-т Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, хэдийгээр дээр дурьдсанаар хариуцагч Л ХХК болон хариуцагч О ХХК нарын хооронд ачаа тээврийн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээг нэхэмжлэгч М ХХК-ийн хүсэлт, захиалгаар хариуцагч Л ХХК нь өөрийн нэрийн өмнөөс байгуулж, нэхэмжлэгчийн өгсөн даалгаврыг биелүүлсэн байна.

 

Иймд, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Л ХХК нарын хооронд илгээмжийн гэрээ, харин хариуцагч О ХХК болон хариуцагч Л ХХК нарын хооронд ачаа тээврийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1.-д Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй гэж, мөн 408.8.-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол илгээгч илгээмжийг өөрийн зардал, хэрэгслээр тээвэрлэж болно. Энэ тохиолдолд илгээгч нь тээвэрлэгчтэй нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд энэ нь захиалагчийн эрх ашгийг үл хөндөнө гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хариуцагч Л ХХК нь илгээгчийн үүрэг хүлээсэн этгээдийн хувьд CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг тээвэрлэн хүргэх тээвэрлэгчийг сонгох, илгээх буюу тээвэрлүүлэх ажлыг зохих ёсоор зохион байгуулж, тээврийн гэрээг байгуулах үндсэн үүрэг хүлээх бөгөөд хэрэв тээвэрлэлтийг өөрөө гүйцэтгэх тохиолдолд тээвэрлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээх ба тус компани энэхүү техникийг ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хариуцагч О ХХК-иар тээвэрлүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хариуцагч О ХХК нь улс хооронд ачаа тээвэрлэх үйл ажиллагааг байнга эрхлэн гүйцэтгэдэг хуулийн этгээд бөгөөд Техникийн шинжээч нарын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтээр тус компанийн ажилтан А.Гыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд заасан жолоодох эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах үүргээ зөрчсөн гэж дүгнэснээс гадна тээвэрлэж буй ачааны жин-хүндийг зөв тооцоолоогүйгээс болж осол гарсан гэж буруутгасан байна /1-р х.х-ийн 206, 207, 2-р х.х-ийн 5-р хуудас/.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1.-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 384 дүгээр зүйлийн 384.1.-д Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ гэж зааснаас гадна 384.2.-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас, эсхүл зорчигчийн буруугаас буюу түүний авч явсан зүйлээс шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч этгээдэд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал тохиолдсон, аль эсхүл зорчигч, тээвэрлүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гэм хор учирснаас бусад тохиолдолд тэрээр зорчигч болон ачаанд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсан үйлдлийг харъяа ажилтан гаргасан эсэхээс үл хамаарч тээвэрлэгч тал хариуцлага хүлээх учиртай юм.

 

Тодруулбал, тус хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, түүнчлэн 219.5.-д Хууль ёсны төлөөлөгч буюу бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлсэн үүрэг гүйцэтгэгч тэдгээрийн үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна гэж заасны дагуу хариуцагч О ХХК нь хариуцагч Л ХХК-тай байгуулсан ачаа тээврийн гэрээний дагуу ажилтан А.Гын учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

Хэдийгээр тус хуулийн 386 дугаар зүйлийн 386.1.-д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэж заасан бөгөөд талууд маргааны зүйл болох CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг тээвэрлэхдээ дагалдах бичгийг үйлдээгүй байх боловч хуулийн 386.4.-т Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна гэж заасан байх тул хариуцагч нарын хооронд байгуулсан тээврийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, нөгөө талаар хариуцагч буюу тээвэрлэгч О ХХК нь энэ төрлийн үйл ажиллагааг байнга эрхэлдэг мэргэжлийн хуулийн этгээдийн хувьд ачааг анх хүлээн авахдаа шалгах, жин, хэмжээг тооцоолох, тээвэрлэх автомашины даац болон ачааны жинг зөв тооцоолох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч Л ХХК, О ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,187,832,000.00 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-д зааснаар илгээмжийн болон тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн учраас эдгээр гэрээг байгуулсан этгээдүүд гэрээний нөгөө талаас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Энэ нь, тээврийн гэрээг нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч О ХХК нар байгуулаагүй, харин нэхэмжлэгчийн хүсэлт, захиалгаар хариуцагч нар хоорондоо тус гэрээг байгуулсан учраас CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникт тээврлэлтийн явцад учирсан хохирлыг шаардах эрх тээвэрлүүлэгч болох Л ХХК-нд хадгалагдана.

 

Гэвч Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.10.-т Гуравдагч этгээд гэрээний талуудад гэм хор учруулсан бол илгээгч нь захиалагчийн зөвшөөрснөөр түүний зардал, эрсдэлээр шаардах эрх эдлэхээс бусад тохиолдолд гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхийг захиалагчийн шаардсанаар түүнд шилжүүлэх үүрэгтэй гэж заажээ. Тодруулбал, илгээгч болох хариуцагч Л ХХК нь маргааны зүйл болсон CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникийг захиалагч буюу нэхэмжлэгч М ХХК-ийн хүсэлтээр бусдаар тээвэрлүүлэх даалгаврыг гүйцэтгэсэн ба тухайн ачаанд учирсан хохирлыг шаардах эрхийг ийнхүү ачааны эзэн буюу захиалагчид шилжүүлэх ёстой.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс хариуцагч О ХХК-иас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Харин хариуцагч Л ХХК нь тээвэрлэлтийг өөрөө гүйцэтгээгүй, мөн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн хариуцагч О ХХК-ийн туслан гүйцэтгэгч биш бөгөөд илгээгч этгээдийн хувьд маргааны зүйл болсон техникийг тээвэрлүүлэх ажлыг зохих ёсоор зохион байгуулаагүй, тээвэрлэгчийг сонгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй учраас тус компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, түүнчлэн 229 дүгээр зүйлийн 229.1.-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох Х ХХК-ийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлтээр CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникт учирсан хохирлыг 331,000,000.00 төгрөг гэж, мөн Э ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлтээр 658,749.00 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 911,227,440.02 төгрөг гэж, Б ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр 694,639.00 ам.доллар буюу 918,053,000.00 төгрөг гэж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон М ХХК болон Ц.Ц нарын 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтэд дурьдсанаар материалын зардал болон ажлын хөлсийг 407,600.00 ам.доллар, тээврийн зардлыг 188,063,419.60 төгрөг, нийт 479,380.00 ам.доллар дээр дотоодын тээврийн зардал болох 12,000,000.00 төгрөгийг нэмж, 1,187,832,000.00 төгрөг гэж үнэлсэн байна /1-р х.х-ийн 87-103, 104-109, 179-198, 2-р х.х-ийн 22-40-р хуудас/.

 

Тодруулбал, энэхүү хэргийг эрүүгийн болон иргэний журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Х ХХК-иас бусад шинжээч нарын дүгнэлтээр CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникт учирсан хохирлыг 479,380.00 ам.доллараас доошгүй гэж үнэлсэн байгаагаас гадна шинээр солих, засварлах шаардлагатай эвдэрсэн эд ангиудын хувьд эргэлзэхүйц зөрүүтэй дүгнэлт гаргаагүй, М ХХК, Ц.Ц нарын дүгнэлттэй нийцэж байгаагаас гадна үнийн саналыг нэхэмжлэгчээр дамжуулан С компаниас авахаас өөр аргагүй байсан тухай дурьджээ.

 

Тухайлбал, Х ХХК-ийн дүгнэлтэд нэхэмжлэгч болон Австрали улсын холбогдох компаниудын үнэ ханшийг судлан тогтоосон гэсэн бол Э ХХК-ийн дүгнэлтэд тус тоног төхөөрөмжийг Монгол Улсад үйлдвэрлэдэггүй, засварын газар болон мэргэжлийн шинжээчид байдаггүй, техникийн онцлог шинжээс хамаарч зайлшгүй нэхэмжлэгчээр дамжуулан албан ёсоор Австрали улсад байдаг тус тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компаниас авсан гэж, М ХХК, Ц.Ц нарын дүгнэлтэд албан ёсны дистрибьютр М ХХК, Striker Australia Pty Ltd-аас санал болгосон сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс зэргийг үндэс болгосон гэжээ.

 

Хариуцагч О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч техникт учирсан хохирлыг Монгол Улсад 479,380.00 ам.доллараас бага зардлаар засварлах боломжтой гэж тайлбарласан боловч тус тайлбараа баримтаар нотлоогүй, нөгөө талаар хэдийгээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн гаалийн хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлэгт тухайн тоног төхөөрөмжийн үнийг 539,690.00 ам.доллар гэж мэдүүлсэн байх боловч С ХХК-ийн захиалгын хуудсанд 2,567,922,093.90 төгрөгөөр захиалсан байгаагаас гадна конусан бутлуурын иж бүрдэл нь 305,000.00 ам.долларын үнэтэй байх бөгөөд ам.долларын ханшийн өөрчлөлттэй холбоотой ажээ.

 

Түүнчлэн Х ХХК-ийн дүгнэлтэд конусан бутлагчийн эвдрэлийг 30 хувь гэсэн бол Э ХХК-ийн дүгнэлтэд конус тохируулагч цагираг хагарч 4 хуваагдсан, засварлах боломжгүй тул солих шаардлагатай гэж, мөн Б ХХК-ийн дүгнэлтэд бутлагчийн хагас гол дамар гэмтсэн, конусын хагас голыг ч гэмтээх том цохилт авсан гэж тус тус дүгнэсэн бол М ХХК, Ц.Ц нарын дүгнэлтэд бутлуурыг ажиллагааны үед эргүүлж байх үүрэгтэй хүрдэн том араа 2 газраар хугарч, 3 хэсэгт хуваагдсан учраас ашиглах боломжгүй болсон, үндсэн араа хугарсан, конусан бутлуурыг Монгол Улсад засварлах бололцоогүй, найдвартай хэвийн үйл ажиллагааг хангахын тул шинээр солих нь зүйтэй гэж тус тус дүгнэсэн байх тул шинжээчдийн дүгнэлтийг зөрүүтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд шинжээч нарын эд хөрөнгөд учирсан хохирлын дүгнэлтийг үндэслэн хариуцагч О ХХК-иас 1,187,832,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон М ХХК, Ц.Ц нарын хөлс 7,000,000.00 төгрөг, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4,714,090.00 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагаа 276,604,560.00 төгрөгөөр нэмэгдүүлэхэд төлөх ёстой тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн хэдий ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол бус гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирлыг ийнхүү шийдвэрлэсэн тул хуульд зааснаар шинжээчийн зардал болон тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл удирдлага болгон

 

                           :

 

1.            407 407.1, 408 408.10, 384 дүгээр зүйлийн 384.1, 219 дүгээр зүйлийн 219.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч О ХХК-иас 1,187,832,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Л ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болго.

 

2.            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,714,090.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 1,383,020.00 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 4,714,090.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид .

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг үндэслэн хариуцагч О ХХК-иас 7,000,000.00 төгрөгийг гаргуулж, шинжээч М ХХК, Ц.Ц нарт олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.ЦЭРЭНДУЛАМ