Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/01175

 

                                “ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2185 дугаар магадлалтай, 

“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох 

Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 593,916,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтүвшин, өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ****” ХХК нь “ ****” ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 593,916,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан хариуцагч “ ****” ХХК-аас 165,500,000 төгрөг гаргуулж, “ **** **** ****” ХХК-д олгож, “ ****” ХХК-д холбогдуулсан гаргасан нэхэмжлэлээс үлдэх 428,416,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Очирням” ХХК 100,000,000 төгрөгийг “ **** **** ****” ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч “Очирням” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,714,090 төгрөгийг, 1,540,980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид “ ****” ХХК-аас 985,450 төгрөгийг, “Очирням” ХХК-аас 328,975 төгрөгийг тус тус гаргуулан, “ **** **** ****” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар “ **** **** ****” ХХК-аас 7,000,000 төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан “Мөнх Эстимэйт” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хариуцагч “Очирням” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2185 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219.1-д заасан үндэслэлгүй тул “ **** **** ****” ХХК-ийн “ ****” ХХК-аас 593,916,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дах заалтын улсын тэмдэгтийн хураамжид “ ****” ХХК-аас 985,450 төгрөгийг гэснийг хасаж, 5, 6 дах заалтыг хүчингүй болгож, 7 дах заалтыг 5, 8 дах заалтыг 6 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 2,300,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ ****” ХХК-ийн 985,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “...Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасны дагуу талуудын гэрээний тохиролцоо, гэрээний агуулгыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдгээрийн хооронд мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд ...тээвэр/-ийн/ үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан байна” хэмээн дүгнэж хэргийг хянан шийдвэрлэжээ. “ ****” ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-тай 2012.03.09-ний өдөр 2012/024 тоот “Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь Зуучлалын гэрээ, Илгээмжийн гэрээ, Тээвэрлэлтийн гэрээний шинжтэй холимог төрлийн гэрээ. Учир нь “ ****” ХХК нь СМ400 бутлагч үйлдвэрийг БНХАУ-ын Шинганг боомтоос Монгол Улсын Замын-Үүд хилийн боомтоор нэвтрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхай хүртэл 16,500 ам.доллараар тээвэрлэх үнийн санал хүргүүлж, энэ үнээр гэрээ байгуулагдсан. Гэрээний тээвэрлэлтийн үнэ, тээврийн маршрут, ачих буулгах зардал зэргийг гэрээний хавсралтаартохиролцож байгуулсан. Гэрээний хавсралтыг нэхэмжлэл гаргахдаа дутуу өгсөн байсныг сүүлд мэдээд нөхөж гарган өгсөн байдаг. Гэрээний тохиролцооны тухай 2020.08.24-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “ ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин /“ ****” ХХК-ийн 60-н хувийн хувьцаа эзэмшигч/-ээс үйлчилгээний хөлс 16.500 ам.доллар гэж тохиролцсон уу гэж асуухад “Тийм”, төлбөрт Тянжин дах ачааны машинд ачих зардал багтсан уу гэж асуухад “Багтсан”, Тянжинаас Замын-Үүд хүртэлх тээврийн зардал багтсан уу гэж асуухад “Багтсан”, БНХАУ-д ирсэн ачааны машинаас Замын-Үүдэд ирэх ачааны машинд шилжүүлж ачих зардал багтсан уу гэж асуухад “Багтсан”, Даатгалын зардал багтсан уу гэж асуухад “Хариуцлагын даатгал”, Тээврийн хэрэгслийн хэмжээ урт 15 м 795 см, өргөн 3,2 м, өндөр 3,8 м, эзлэхүүн 192.67, жин 42 тонн гэсэн байна. Хэмжээнд маргах зүйл байна уу гэж асуухад “Гаалийн мэдүүлэг дээрх баримт дээр байгаа” гэж, барааны хэмжээнд үндэслэж үнийн санал ирүүлдэг гэсэн. Энэ хэмжээг үндэслэсэн гэж ойлгож болох уу гэж асуухад “Тийм байх гэж бодож байна...” гэж тус тус хариулж тохиролцоо хийгдсэн талаар маргадаггүй болно. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 386.1-д “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.” 386.4-т “Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.” гэж заасан. Иймд тээвэрлэх техник хэрэгсэл, тээврийн үнэ, хөлс, тээвэрлэх маршрутын талаар тохиролцож “ ****” ХХК-тай “Моннис Интернэшнл” ХХК 2012.03.09-ний өдөр 2012/024 тоот гэрээ байгуулсан байх тул энэхүү гэрээ нь Тээвэрлэлтийн гэрээ болно. Гэрээний 2.1.1-д “Зууч нь тухайн тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлнө”, 2.1.2-т “Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулна”, 2.1.3-т “Үйлчлүүлэгч хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тохиолдолд ачааг даатгана”, 2.1.4-т “Үйлчлүүлэгчийг хилийн өртөө боомтуудаар ачаа дамжсан хөдөлгөөний тухай замын мэдээллээр бүрэн хангана “, 2.1.6-д “ Үйлчлүүлэгчтэй бичгээр тохиролцсоны дагуу тээврийн хөлсийг уг гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжилж авна”, 2.1.9-д “Тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгнө”, 2.1.12-т “Тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар Үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж, аливаа эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгнө”, 3.1-д “Үйлчлүүлэгч нь тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг урьдчилан бичгээр харилцан тохиролцсон үнэ тарифын дагуу ачаа эцсийн хүрэх өртөөнд ирмэгц төлнө” гэж тус тус заасан. Мөн “ ****” ХХК нь ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын гэрээг “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан байдаг. Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1-д “Илгээмжийн гэрээгээр илгээгч өөрийн нэрийн өмнөөс захиалагчийн зардлаар ачаа, илгээмжийг тээвэрлэхтэй холбоотой үйлдэл хийж, захиалагч гэрээнд заасан хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Иймд тээвэрлэлтийн гэрээний үүргээс гадна тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлөх, үйлчлүүлэгчийн өмнөөс ачааг даатгах, ачилтын техникийн нөхцөл боловсруулах зэрэг үүрэг хүлээж гэрээ байгуулсан байх тул гэрээ нь мөн илгээмжийн гэрээний шинжтэй байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүхийн гэрээний талаар зөвхөн зуучлалын гэрээ хэмээн үзсэн нь үндэслэлгүй. 

4.1. “ ****” ХХК нь өөрөө тээвэрлэх үүргээ биелүүлээгүй, тээвэр гүйцэтгэгч компаниар “Очирням” ХХК-г сонгож тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхдээ “Моннис Интернэшнл” ХХК-д мэдэгдээгүй, ачилтын талаар техникийн нөхцөл боловсруулаагүй ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийгээгүй, аюулгүй байдлыг хангаагүй гэрээ үүргээ биелүүлээгүйгээс бутлагч техник осолдож гэмтэхэд буруутай бөгөөд ослын акт тодорхойлолт гаргаж өгөөгүй. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн байцаагч нарын 2013.08.26-ны өдрийн 265 дугаартай ослын шинжээчийн дүгнэлтээр “Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. 2.1-ийг зөрчсөн. Тээврийн хэрэгсэл онхолдсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм стандартын шаардлагыг зөрчсөнөөс гарсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Бутлуурын хийцийн онцлог, механизм, бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгж эзлэхүүнд ногдох ачаалал, чирэгч автомашин дээр ачихад ачаатай өндөр /нийт/ нь Монгол Улсын стандарт “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах ерөнхий шаардлага” MNS 4598:2011-ийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс чирэгч автомашины тогтворжилт алдагдаж /хүндийн төв дээш шилжиж/ онхолдолд үүссэн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл өндөр хэсгийг салгаж ачих ёстой байтал салгалгүй ачсанаас чирэгч автомашины тогтворжилт алдагдсан байдаг. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.2-т “Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулна”, 2.1.12-т “Тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллах...” гэж заасан гэрээний үүргээ “ ****” ХХК зөрчиж, ачилтын техникийг буруу боловсруулж осол гарах үндэслэл болсон. 2020.04.11-ний өдөр “ ****” ХХК нь Хятадын тээврийн машинаас туслан гүйцэтгэгч “Очирням” ХХК-ийн автомашинд шилжүүлэн ачсан, бэхэлгээг хийж гүйцэтгэхэд чиглэл өгсөн талаар “ ****” ХХК-ийн тээвэр борлуулалтын хэлтсийн дарга Б.Баярцэнгэлээс тайланирсэн, мөн жолооч А.Гэрэлт-Одын “Ачааг ачихдаа задалж ачихаар юм байна гэж хэлж байсан. Ачаа 12 сард очих ёстой юм, одоо 4 сар болчхоод байхад очоогүй байна, буцаагаад угсрах хугацаа байхгүй... гэсэн зүйлийг хэлж байсан. “ ****” ХХК-ийн хүн тэгж хэлсэн, Замын-Үүдэд байдаг хүн нь тэгж хэлсэн...” гэх мэдүүлэгзэрэг баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн, тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 407 дугаар зүйлийн 407.2-т “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол илгээмжийн гэрээнд даалгаврын гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, 404 дүгээр зүйлийн 404.1-д “Гэрээнд заасан буюу даалгавар өгөгч эрх олгосон, эсхүл даалгаврыг биечлэн гүйцэтгэх боломжгүй болсон үед түүнийг өөр этгээдээр гүйцэтгүүлэх нь даалгавар өгөгчийн ашиг сонирхолд нийцэж байвал даалгавар гүйцэтгэгч нь түүнийг гүйцэтгүүлэхээр өөр этгээдэд шилжүүлж болно”, 404.2-т “Даалгаврыг бүрэн буюу түүний зарим хэсгийг орлон гүйцэтгэгчид шилжүүлсэн даалгавар гүйцэтгэгч энэ тухай даалгавар өгөгчид даруй мэдэгдэх бөгөөд орлон гүйцэтгэгчийн талаарх мэдээллээр даалгавар өгөгчийг хангах үүрэгтэй ”, 404.3-т “Даалгавар гүйцэтгэгч шаардлага хангахгүй этгээдийг орлон гүйцэтгэгчээр сонгон авснаас уг даалгаврыг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй, эсхүл даалгавар гүйцэтгэгч нь энэ хуулийн 404.1, 404.2-т заасныг зөрчсөн бол орлон гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үүргийн ур дагаврыг даалгавар гүйцэтгэгч хариуцна”, мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д “Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн, тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан. Тиймээс “ ****” ХХК нь “Очирням” ХХК-ийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхдээ “Моннис Интернэшнл” ХХК-д мэдэгдээгүй, ачаанд зохих ёсоор бэхэлгээ хийх талаар ажиллаагүй, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй, бутлагч техникийг осолдож гэмтэхэд буруутай үйлдэл гаргасан тул гүйцэтгэсэн үүргийн үр дагавар буюу учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй юм. Анхан шатны шүүхийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар шинжээчээр томилогдсон “Мөнх Эстимэйт” ХХК-ийн шинжээч Х.Калимат, Ц.Цэвэгжав нарын тогтоосноор СМ400 маркийн өөрөө явагч бутлагч үйлдвэрийн сэргээн засварлах өртөг материалын зардал, ажлын хөлс 999,769,432 төгрөг, тээврийн зардал 188,063,419.60 төгрөг, нийт 1,187,832,000 / нэг тэрбум нэг зуун наян долоон сая найман зуун гучин хоёр мянга/-н төгрөг гэж тогтоосон буюу “Моннис Интернэшнл” ХХК-д 1,187,832,000 / нэг тэрбум нэг зуун наян долоон сая найман зуун гучин хоёр мянга/-н төгрөгийн хохирол учирсан байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, түүнчлэн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Гэвч “ **** **** Консалтинг” ХХК-ийн хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/Ш32020/15825 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Моннис Интернэшнл”ХХК-ийг “ **** **** Консалтинг” ХХК-аар сольж шийдвэрлэсэн. Мөн “ **** **** Консалтинг” ХХК нь “Очирням” ХХК-тай түүнд хамаарах шаардлагын хүрээнд Эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлага болох 493,916,000 төгрөгөөс татгалзаж, “Очирням” ХХК нь 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын төлбөр төлөхийг нь хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Харин “ ****” ХХК эвлэрлийн саналаас татгалзсан. Иймд учирсан хохиролд 593,916,000 төгрөгийг хариуцагч “ ****” ХХК-аас гаргуулж, “ **** **** Консалтинг” ХХК-д олгуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хангаж,  үлдэх буюу учирсан хохиролд 593,916,000 төгрөгийг “ ****” ХХК-аас гаргуулж, “ **** **** Консалтинг” ХХК-д олгуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах агуулгатай гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан “ ****” ХХК-аас 165,500,000 төгрөг гаргуулж, “ **** **** ****” ХХК-д олгож, “ ****” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс үлдэх 428,416,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэлгүй тул “ **** **** ****” ХХК-ийн “ ****” ХХК-аас 593,916,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ. 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “ **** **** ****” ХХК нь хариуцагч “Очирням” ХХК-тай эвлэрч, “Очирням” ХХК нь гэм хорын хохиролд 100,000,000 төгрөгийг “ **** **** ****” ХХК-д төлөх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй ба анхан шатны шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчөөгүй байна. 

“ **** **** ****” ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-тай байгуулсан 2020.05.25-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/15825 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Моннис Интернэшнл” ХХК-ийг эрх залгамжлан авагч “ **** **** ****” ХХК-аар сольсон тухай дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх залруулж дүгнээгүй нь үндэслэлгүй болжээ. 

Дээрх алдаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхгүй хэдий ч хоёр шатны шүүх цаашид анхаарвал зохино. 

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүйн улмаас зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал: 

9. Нэхэмжлэгч “ **** **** Консалтинг” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...” ****” ХХК нь бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг “Очирням” ХХК-аар тээвэрлүүлсэн. ...“Очирням” ХХК тээвэрлэж явах хугацаанд буюу 2012.04.13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 км зайд онхолдож, гэмтсэн. Зам тээврийн осолд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагч А.Гэрэлт-Одыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, мөн дүрмийн 2.1а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж явсны улмаас “Моннис Интернэшнл” ХХК-д 911,227,440 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон боловч А.Гэрэлт-Одын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Өршөөлийн тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. ...учирсан хохиролд 593,916,000 төгрөгийг “ ****” ХХК-аас гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна. 

Хариуцагч “ ****” ХХК “...зам тээврийн осол гарахад “Очирням” ХХК-ийн жолооч гэм буруутай, зам тээврийн осол талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй хамааралгүй, ... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар “Очирням” ХХК хариуцах ёстой...” гэсэн агуулгатай тайлбарыг гарган мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний төрөл, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон байна. 

Аливаа гэрээг шүүхээс Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 198 дугаар зүйлийн 198.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

11. “Моннис Интернэшнл” ХХК, “ ****” ХХК-иудын хооронд 2012.03.09-ний өдөр тээврийн зуучийн үйлчилгээний нэршилтэй гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 1.1-д “Зууч нь үйлчлүүлэгчийн захиалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж, гарах импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино”, 2.1.1-д “Зууч нь тухайн тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлнө”, 2.1.2-т “Зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулна”, 2.1.3-т “Үйлчлүүлэгч хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тохиолдолд ачааг даатгана”, 2.1.4-т “Үйлчлүүлэгчийг хилийн өртөө боомтуудаар ачаа дамжсан хөдөлгөөний тухай замын мэдээллээр бүрэн хангана “, 2.1.6-д “ Үйлчлүүлэгчтэй бичгээр тохиролцсоны дагуу тээврийн хөлсийг уг гэрээний 3.1-д заасны дагуу нэхэмжилж авна”, 2.1.9-д “Тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгнө”, 2.1.12-т “Тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар Үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж, аливаа эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгнө”, 3.1-д “Үйлчлүүлэгч нь тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг урьдчилан бичгээр харилцан тохиролцсон үнэ тарифын дагуу ачаа эцсийн хүрэх өртөөнд ирмэгц төлнө” гэж зааснаар харилцан тохиролцжээ. 

Дээр дурдсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд “ ****” ХХК нь “Очирням” ХХК-тай амаар тохиролцож, “Очирням” ХХК-ийн эзэмшлийн 91-26 УБЕ улсын дугаартай Норд бенз маркийн, А.Гэрэлт-Од жолоочтой автомашинаар Стайкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоотын уурхайд тээвэрлэн хүргүүлэхээр тохиролцсон нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна. 

“Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од Стайкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг тээвэрлэх явцдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 километрийн зайд 2012.04.13-ны өдөр зам тээврийн осол гаргаж, уг техникт эвдрэл гэмтэл учирсан болох нь зохигчийн тайлбар, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/188 дугаартай Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогджээ. Энэ талаар зохигч маргаагүй болно. 

12. “Моннис Интернэшнл” ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсанСтайкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийн хэмжээ, ачиж буулгах, автомашинд шилжүүлэн ачих зардал, татвар зэргийг харгалзан БНХАУ-ын Шинганг боомтоос Монгол Улсын Замын-Үүд хилийн боомтоор нэвтрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхай хүртэл 16,500 ам.доллароор хүргэх саналыг “ ****” ХХК гаргаж байжээ. 

13. Хэрэгт авагдсан “ ****” ХХК-ийн дээрх үнийн санал, тээвэрлэлтийн маршрут, ачих буулгах зардлын талаар талууд тохиролцож 2012.03.09-ний өдрийн тээврийн зуучийн үйлчилгээний нэршилтэй гэрээ байгуулсан, “ ****” ХХК, “Очирням” ХХК-иудын хооронд Стайкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоотын уурхайд тээвэрлэн хүргүүлэхээр тохиролцсон байдал зэргээс дүгнэвэл “Моннис Интернэшнл” ХХК-ийн бусдаас худалдан авч захиалсангинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг БНХАУ-ын Шинганг боомтоос Монгол Улсын Замын-Үүд хилийн боомтоор нэвтрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхайд тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр хүргэх үүргийг хариуцагч хүлээсэн байна. 

14. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг 380 дугаар зүйлийн 380.1-д заасан тээвэрлэлтийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

15. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилсан. 

“Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од зам тээврийн осол гаргасны улмаас Стайкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт эвдрэл гэмтэл учирсан хэдий ч  “ ****” ХХК нь “Моннис Интернэшнл” ХХК-тай байгуулсан гэрээ болон хуульд зааснаар уг техникийг эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн, тогтоосон газар хүргэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй. 

Учир нь “ ****” ХХК-ийн “...“Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од осол гаргасан тул манайх хариуцахгүй, манай байгууллага гэмт хэрэг үйлдээгүй, манай байгууллагын гэм буруутайг тогтоогоогүй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй, “Очирням” ХХК-тай амаар тээвэрлэлтийн гэрээ байгуулснаар “Моннис Интернэшнл” ХХК-тай 2012.03.09-ний өдөр байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул Стайкер брэндийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт эвдрэл гэмтлийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм. 

16. “Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн 201210010125 дугаартай хэргийг шалгах явцад CM400 маркийн гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт  учирсан хохирлыг “Бэст Эстимейт” ХХК-ийн 2012.05.22-ны өдрийн үнэлгээгээр 694,639 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 918,053,000 төгрөгөөр, “Эм Кэй Ти Ар Эс” ХХК-ийн 2014.11.05-ны өдрийн үнэлгээгээр 658,749 ам.доллар буюу 911,227,440 төгрөгөөр, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2013.08.29-ний өдрийн үнэлгээгээр 331,000,000 төгрөгөөр тус тус үнэлжээ. 

Түүнчлэн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон “Мөнх Эстимейт” ХХК болон Ц.Цэвэгжав нар 2017.11.11-ний өдөр материалын зардал, ажлын хөлсийг 999,769,432 төгрөг, тээврийн зардал 188,063,419 төгрөг, нийт 1,187,832,000 төгрөг гэж гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрт учирсан гэмтлийн хохирлыг үнэлсэн байна. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан “Моннис Интернэшнл” ХХК-ийн 2012.04.06-ны өдөр Страйкер брендийн CM400 маркийн гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийг 539,690 ам.доллароор үнэлж, ачааны зардалд 35,890 ам.доллар төлсөн гэж гаальд мэдүүлснээр гаалийн байгууллага гинжит өөрөө явагч, бутлагч үйлдвэрийн үнийг 797,028,649 төгрөгөөр тооцож 79,702,864 төгрөгийн албан татвар төлүүлж, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 0549197 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг үндэслэж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн эвдрэл гэмтлийг засварлахад гадаад улсаас 2 мэргэжилтэн урьж ирүүлэн, “Моннис Интернэшнл” ХХК-ийн засварын ханшаар засварлахад 331,000,000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээ бодит байдалд нийцсэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. 

17. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, “ ****” ХХК-аас 165,500,000 төгрөг гаргуулж, “ **** **** ****” ХХК-д олгож, “ ****” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс үлдэх 428,416,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1-дзаасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

“ ****” ХХК нь гэрээний дагуу Замын-Үүдээс Өмнөговь аймгийн Гурван тэс суманд тоног төхөөрөмжийг тээвэрлэж, хүргэж өгөх үүргийг хүлээсэн, харин “Очирням” ХХК нь “ ****” ХХК-тай байгуулсан хэлцлийн дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэсэн байна. 

Үүнээс гадна “Очирням” ХХК нь гэрээний нэг тал бус этгээд буюу нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөрчихгүй. 

18. “ **** **** Консалтинг” ХХК, “Очирням” ХХК-иудын хооронд байгуулсан 2020.08.21-ний өдрийн 01 дугараатай эвлэрлийн гэрээний 2.1-д “...нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцна...” гэж тусгагдсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэж заасны дагуу шийдвэрлэх учиртай. 

Анхан шатны шүүх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо улсын тэмдэгтийн хураамжийг дутуу, буруу хуваасан, шаардлагагүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна. 

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын гомдлоос учирсан хохиролд 593,916,000 төгрөгийг “ ****” ХХК-аас гаргуулж, “ **** **** Консалтинг” ХХК-д олгуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах гэсэн агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоолын 10-16 дугаарт дурдсан үндэслэлээр хангагдахгүй. 

20. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хангаж,  үлдэх буюу учирсан хохиролд 593,916,000 төгрөгийг “ ****” ХХК-аас гаргуулж, “ **** **** Консалтинг” ХХК-д олгуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах агуулгатай хэсгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2185 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дах заалтын “...74 дүгээр зүйлийн 74.5...” гэснийг хасаж, “...хариуцагч “Очирням” ХХК-аас 328,975 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч “Очирням” ХХК-аас 1,563,765 төгрөгийг...” гэж өөрчилжшийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн хэсгийг хангаж,  гомдлын үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээсхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,127,530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                     П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Д.ЦОЛМОН