Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00933

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03462 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Л” ХХК, “О” ХХК-иудад холбогдох,

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 187 832 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, хариуцагч “Л” ХХК-ийн төлөөлөгч Д.Энхтүвшин, өмгөөлөгч М.Баасанжав, Ч.Шаравнямбуу, хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК  нь Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг “Саусгоби сэндс” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу гадаад улсаас захиалан авчруулсан юм. Манай компани хариуцагч “Л” ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус техникийг тээвэрлүүлж, Өмнөговь аймгийн нутаг дахь Овоотын уурхайд хүргүүлэхээр тээвэр зуучийн гэрээг байгуулсан.

Гэтэл тус компани энэхүү техникийг бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн хариуцагч “О” ХХК-иар тээвэрлүүлсэн байсан. Ийнхүү тээвэрлэж явах хугацаанд 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 километр зайд онхолдож, гэмтсэн байдаг. Уг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2015.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, машиныг жолоодож явсан А.Гэрэлт-Одыг “...2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч “Л” ХХК-ийн туслан гүйцэтгэгч хариуцагч “О” ХХК-ийн эзэмшлийн 91-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, дүрмийн 2.1-ийн а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж, “М” ХХК-ийн захиалан авчруулсан СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникт 911 000 227 440 төгрөгийн хохирлыг учруулсан...” гэсэн. А.Гэрэлт-Од нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон ба уг тогтоолд учирсан хохирлыг хариуцагч нараас иргэний журмаар шаардах эрхтэй болохыг дурдсан. Энэ үйл явдал болохоос өмнө манай компани хариуцагч “Л” ХХК-иар хэд хэдэн удаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг гэдэг үүднээс үйлчлүүлж байсан, гэвч тус компани бидэнд учирсан хохирлыг барагдуулах талаар санал, санаачилга гаргалгүй, харин ч хариуцлагаас зугтах байдлаар тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага бол эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа, энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурсан бөгөөд хуулиас үүдэх үүргийн эрх зүйн зохицуулалтын дагуу хариуцагч нарыг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татсан учраас эдгээр хоёр компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч компаниуд хамтран үүрэг гүйцэтгэгчид юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн уршгаар учирсан эд материалын хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулна гэж заасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16612 тоот захирамжаар шинжээчээр томилогдсон н.Калимат, н.Цэвэгжав нарын дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн эвдэрсэн техникийн нөхөн сэргээн засварлах өртгийг 999 769 432 төгрөг, тээврийн зардал 183 063 419 төгрөг, нийт 1 187 832 000 төгрөг гэж тогтоосон байна.

Иймд хариуцагч “Л” ХХК, “О” ХХК-иудаас дээрх төлбөрийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч талыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Гэвч талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болон гэм буруутай этгээдээс гэм хорын хэмжээгээр хариуцлага хүлээлгэх эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийж, мэтгэлцэх ёстой байх. Тээвэр зуучийн үүрэг гүйцэтгэхээр болсон хариуцагч “Л” ХХК, ачаа ачуулъя гэсэн хүсэл зоригтой нэхэмжлэгч “М” ХХК-иуд Австрали улсад үйлдвэрлэсэн СМ400 маркийн гинжит өөрөө явагч техникийг Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах “Саусгоби сэндс” ХХК-ийн уурхай дээр аваачиж өгөхөөр тээвэр зуучийн гэрээ байгуулсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Л” ХХК-ийн зүгээс энэхүү техникийг тээвэрлэх үйл ажиллагааг хийх компаниудтай гэрээ хийж, хилийн гаднаас техникийг авчрах үүргийг зохион байгуулах үүрэг хүлээсэн юм. Зуучлагч компани гэрээнд заасан үүргээ биелүүлэх ёстой, тээвэрлэлтийн хөлсийг өөрөөсөө гаргах уу, тээвэрлэгч хүсвэл даатгуулах гэх мэт үүргүүдийг үүсгэх ёстой байсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.12-т үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн компаниудтай аливаа хохирол учирсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт, тодорхойлолтыг гаргаж өгөх, тээвэрлэлтийн явцад өөрийн компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан нэмэлт хохирлыг хариуцна гэж заасан. Гэтэл гэм хор учруулсан үйлдлийг хариуцагч “О” ХХК-ийн ажилтан гаргасан бөгөөд манай компани тухайн техникийг тээвэрлэлтэд тавигддаг үндсэн шаардлагын дагуу хүлээлгэн өгсөн боловч тээвэрлэгч байгууллагын жолооч А.Гэрэлт-Одын буруугаас машин онхолдож, гэм хор учирсан, тэрээр өөрөө гэм буруугаа хүлээж, алдаа гаргасан үйлдлээ зөвшөөрсөн.

Хариуцагч “Л” ХХК нь иргэний эрх зүйн гурвалсан харилцаанд оролцохдоо аль хэсэгт ямар үүргээ буруутай биелүүлсэнээс болж буруутгагдаж байна вэ гэдгийг зөв тодорхойлох ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад хариуцагч “Л” ХХК-ийг ийм үүргээ үл биелүүлснээс болж хохирол учирсан гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсвэл гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүрэг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн зарчмаар нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмнөөс тухайн байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, гэмт хэргийн улмаас гэж хэлээд асуулт, хариултын шатанд гэрээний харилцаа гэж ярьж байна. Жолооч А.Гэрэлт-Одын өмнөөс хариуцлага хүлээх этгээд бол хариуцагч “Л” ХХК биш, тус компани ямар нэгэн байдлаар А.Гэрэлт-Одтой хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 413 дугаар зүйлд зааснаас арай өөр харилцаа үүссэн, үүргээ биелүүлэх гол үндсэн шинж хувь хүнээр ачуулсан бол арай өөр зүйл яригдах байх, гэтэл хариуцагч “О” ХХК нь тээвэр эрхлэх эрх бүхий этгээд бөгөөд ажилчид нь тээвэрлэлт хийх эсэхээ шалгах ёстой, буруутгаад байгаа зүйлийг сонсоход манай компанийг тухайн ачааг тулж яваагүй гэсэн ойлголтыг өгч байна. СМ400 гинжит өөрөө явагч бутлагчийг гэмтээсэн үйлдэлд “Л” ХХК-ийн зүгээс холбоогүй тул хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч “О” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас шинжээчийн дүгнэлтийн гурван зүйлд санал нийлэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр 406 000 долларт бүх хохирол багтсан гэсэн. Гэтэл хамгийн гол үнийн дүн болсон конусан бутлагчийн талаарх зайлшгүй ярилцах хэрэгтэй, тус дүгнэлтийн 1.1 дэх хэсэгт хэрвээ эвдэрсэн бол солих шаардлагатай гэсэн агуулгатай зүйл бичсэн, өөрөөр хэлбэл конусыг эвдэрсэн гэж 100 хувь хэлсэн гэсэн үг биш. Энэ дүгнэлтийн ерөнхий дүгнэлт конусыг Монгол Улсад засварлах боломжгүй, хэвийн ажиллагааг хангахын тулд шинээр солих нь зүйтэй, гэхдээ эвдэрсэн эд ангийг тодорхойлж бичихдээ далд байж болох гэмтлийг бүрэн тусгаагүй байхыг үгүйсгэхгүй гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Мөн конусан бутлуурыг 95 хувь эвдэрсэн гэж үзээд, 289 780 ам.доллараар тогтоосон, гэвч конусыг солих шаардлагагүй, эвдрээгүй гэдгийг нотлохын тулд нэлээд олон техникийн хүмүүстэй уулзсан, ялангуяа эрүүгийн хэргээс хойш нийт 4 удаа шинжээч нар томилогдсон.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд бутлуурын үндсэн хийц эвдрэлийг харгалзан 30 хувийн хохирол учирсан гэж үнэлсэн, эдгээр дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженерүүд гаргасан байдаг. Конусан пүрш тийм амархан эвдэрдэггүй, ялангуяа элсэн дээр 20 км/цаг-ийн хурдтай явж байхад өөрийн жингээр зөөлөн унахад эвдрэх боломжгүй, хоёр араа эвдэрсэн байсан, тэрийг засах боломжтой. Үүний төлөө шинэ машин авах хэмжээний үнийг нэхэмжилж байна. Энэ машин гаалийн мэдүүлгээр 707 000 000 төгрөгийн үнэтэй, гэтэл эвдэрсэн гэх бутлуур тэр үнийн тал хагасаас илүү байна. Уг техникийг эвдрээгүй гэдэг итгэл үнэмшлийг 2013 онд авсан, 2016 оны 11 дүгээр сард очиж үзэхэд тоногдсон байсан. Материалын зардлын хүснэгт дээр зардал болон ажлын хөлсийг 407 600 ам.доллар гэж бичсэн боловч ажлын хөлсийг тусад нь бичээгүй, тус техникийг бүтнээр нь ачиж явах замын зардлыг тавьсан, ингэж бүтнээрээ явах шаардлагагүй, конусан бутлуур авхад л болно, өөрийнх нь үнийн дүнтэй ижил үнэ тавиад, солино засна гэж ярьж байгааг ойлгохгүй байна. Материалын зардал 384Т загварын явах ангийн гинжний иж бүрдэл, баруун зүүн гээд 58 000 ам.доллараар үнэлээд 50 хувийг солино гэсэн байна.

Гэтэл яг үүнд СМ400 маркийн явах эд ангийн иж бүрдэл гээд дахиад 25 000 ам.доллараар үнэлж, 15 000 ам.долларын хохирлыг хассан. Энэ хоёрыг яг ижил гэж бүх техникийн хүмүүс хэлж байна. Манай машин дээр тухайн техникийг ачаад явахад н.Зоригтын дүгнэлт дээр пүрштэй савалдаг зүйлийг хөдөлгөөнгүй болгож авч явах ёстой, эсвэл бутлагчийг тусад нь салгах ёстой, мөн битүү машинд ачих ёстой гэсэн. Энэ ажлыг тээвэр зуучийн компаниас маш сайн зөвлөх ёстой байсан. Манай компанийн ажилтнууд конусан бутлагчийг дээрээ байгааг салгаж, авч явбал яасан юм бэ гэхэд тэд хугацаа хоцорч ирсэн, үүнийг салгах зав байхгүй гээд ачуулсан. Хаврын яг тэр өдрүүдэд маш их шуургатай байхад хурд хэтрүүлэх юм уу, согтуу байх боломжгүй, толгой нь яагаа ч үгүй, харин ард нь бэхэлсэн чиргүүл элсэнд суугаад эргэхэд бутлагч, чиргүүлтэйгээ салж унасан, нийт 8 холбоосоор чиргүүлийг чирээгүй бол тэр машин бүхэлдээ унах байсан. Жолооч нь маргааш өдөр 12 цаг хүртэл хүн хүлээгээд ирэхгүй болохоор нь машиныхаа толгойг салгаж аваад кран хайсан, гэтэл үүнийг Замын цагдаагийн газрын шинжээчид зөрчил гэсэн байдаг.

Тус бутлагч техник хорвоод ганц биш, Монгол Улсад зөндөө олон компаниуд үүнийг ашиглаж байна, үнэ ч хямдарсан, өөрийнх нь онцлог байдлаас хамаарч ямар ч тохиолдолд элсэн дээр унахад эвдрэхгүй. Тухайн өдөр энэхүү техникийг ачихад хариуцагч “О” ХХК-ийн удирдлага мэдээгүй, хариуцагч “Л” ХХК-нд ажилладаг н.Мөнх-Эрдэнэ гэдэг залуу манай компанийн нягтлангаас 47 тонн ачаа зөөгөөд өгөөч гэж асуухад А.Гэрэлт-Од нь Чойр хот руу юм хүргэж өгөх замдаа гээд ачаад явсан ба осол болсны дараа л бид энэ тухай мэдсэн. Замын цагдаагийн газрын дүгнэлтээр цаг агаарын тааламжгүй нөхцөлд зорчих хэсгийн гадаргуу хоёрын нийлмэл хүчин зүйлүүд нөлөөлсөн гэсэн. н.Балжиннямын шинжээчийн дүгнэлтэд жолооч тээврийн хэрэгслийг чирэгч толгойнд бэхлэгдэж чирч явсан бутлуур савагдан ойчиход мэдээгүй байх боломжтой, яагаад гэвэл тээврийн хэрэгслийн онцлог чирэгч толгойд суурилуулсан чиргүүл бүхий автомашины хүндийн төв нь дээшээ шилжиж онхолдолт үүссэн гэсэн ба үүнд замын болон цаг агаарын нөхцөл нөлөөлсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээг заавал дагалдах бичгийн хамт байгуулах үүрэгтэй гэж заасан. Гэвч талууд энэ үүргээ биелүүлээгүй, хуульд зааснаар гэрээ байгуулсан бол дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, ачаа илгээгч, ачигч, тээвэрлэгч нарт тус бүр нэг хувийг өгөх ёстой бөгөөд тус хуулийн 388 дугаар зүйлийн 388.7 дахь хэсэгт заасны дагуу тээвэрлэгч болон жолоочид ачааны жин болон бусад мэдээллийг өгөх үүргээ тээвэрлүүлэгч тал дагаж мөрдөөгүй байж жолоочийг буруутай гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Шинжээчдийн ур чадваргүй байдлаас болж хэргийг шийдэх ажиллагаа удаа дараа хойшилсон, хариуцагч “О” ХХК нь ямар ч компанитай тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, дагалдах бичиг байхгүй, яаж зөөх талаар мэргэжлийн зөвлөгөө аваагүй, салгаж ачих гэснийг хариуцагч “Л” ХХК-иас зөвшөөрөөгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 407 дугаар зүйлийн 407.1, 408 дугаар зүйлийн 408.10, 384 дүгээр зүйлийн 384.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч “О” ХХК-иас 1 187 832 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Л” ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 714 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас 1 383 020 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 4 714 090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “О” ХХК-иас 7 000 000 төгрөгийг гаргуулж, шинжээч “Мөнх Эстимейт” ХХК, Ц.Цэвэгжав нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “О” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 6 097 110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Давж заалдах шатны шүүх хянавал хэсэгтээ “...Шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг “шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ” гэж хуульд заагаагүй үндэслэлээр хангахгүй орхисон нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийн заалт нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарлахгүй юм...” хэмээн дүгнэж хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрх зөрчигдсөн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулах, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэн шийдвэрлэсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 101/11132017/16612 дугаар “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар томилогдсон “Мөнх эстимэйт” ХХК-ийн шинжээч Х.Калимат, Ц.Цэвэгжав нарын шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2018 оны 07 сарын 0.6-ны өдөр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдаг. Үүнийг шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/Ш32018/13110 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж |шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно” гэж заасан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирол үнэлсэн шинжээчийн бүх дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт өгсөн байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, зөрүүтэй зүйл байхгүй гэж үзсэн.

Учир нь “Эм Кэй Ти Ар Эс” ХХК-ийн 2014.11.05-ны өдрийн дүгнэлтээр 658,749.00 ам.доллар, “Бэст Эстимейт”ХХК-ийн 2012.05.22-ны өдрийн дүгнэлтээр 694,639.00 ам.доллар, “Мөнх Эстимейт”ХХК болон Ц.Цэвэгжав нарын 2017.11.11-ний өдрийн дүгнэлтээр 407 600.00 ам.доллар, тээврийн зардал 200,063,419.60 төгрөг нийт зардал 479 380.00 ам.доллар байхаар дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн зүгээс бага дүн болох 479,380.00 долларын дүгнэлт гаргасныг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлагаа “Мөнх Эстимейт”ХХК болон Цэвэгжав нарын гаргасан дүгнэлтийг үндэслэж гаргасан.

Страйкер СМ400 маркийн өөрөө явагч үйлдвэрийг засахад Малайз дахь үйлдвэрт засварлуулах бөгөөд сэлбэг хэрэгслийг мөн тэндээс авна. Иймд засварлах зардал сэлбэг хэрэгслийн үнийг ам.доллараар тооцох нь зүй ёсны хэрэг юм. Үүнээс үзвэл 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1 ам.долларын ханш 1 311.80 төгрөг байсан бол 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ханш 1 322.31, 2017 оны 11 дүгээр сарын 11-нд 2 452.82 төгрөгийн ханштай байсан. Өөрөөр хэлбэл хэдий хамгийн бага ам.долларын дүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн ч ам.долларын ханш жил ирэх тусам өсөж байгаа учраас төгрөгөөр илэрхийлэгдэх үнийн дүн өндөр гарч байгаа болно. Бодит байдал ийм байгаа учраас хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл болон өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын шинжээчийн дүгнэлтүүд үнийн зөрүү ихтэй хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм.

Нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэдийд ч хэргийн оролцогч хүсэлт гаргах эрхтэй байдаг бөгөөд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах эрх нь хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэлд байсан. Гэтэл шүүх хуралдаан болсон 2018 оны 11 сарын 15-ны өдөр шүүх бүрэлдэхүүний зүгээс талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргах хүсэлт байна уу гэж асуухад хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Иймд мэтгэлцэх, нотлох баримт бүрдүүлэх дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэж хариуцагч “О” ХХК-ийн зүгээс маргах эрхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх эрх зөрчигдсөн гэж үзсэн үндэслэлгүй байна.

Страйкер брендийн СМ400 маркийн өөрөө явагч үйлдвэр “М” ХХК-ийн өмч болох тухай:

Нэгдүгээр хавтаст хэргийн 201 дүгээр хуудсанд байх 0549197 дугаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр “М” ХХК нь худалдагч Малайз дахь Страйкер крашинг Скрийнинг ЭсДиЭн БиЭчДи компанид төлөх техникийн төлбөрийг төлсөн, гаалийн болон НӨАТ-ийн татвар, хураамж нийт 117,656,610.12 төгрөг төлсөн нь нотлогддог болно. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “ Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухай хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасны дагуу Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч техникийг бодитоор эзэмшиж байгаа этгээд нь “М” ХХК юм. Мөн Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс техникийг “М” ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгч эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдэж “М” ХХК-ийн Өмнөговь аймгийн, Цогц Цэций сум, Цагаан овоо багийн, Говь Бренч төвийн талбай дээр буулгасан байдаг учир эзэмшилд нь байгаа гэж үзэх бөгөөд шинжээч нар ч тухайн газар очиж шинжилгээ хийдэг бөгөөд одоо ч тэндээ байдаг. Хэдий Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч техникийг “Саус гоби Сэндс” ХХК-Д худалдахаар гэрээ байгуулсан ч Иргэний хуулийн 111 дугаар зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ”, 247 дугаар зүйлийн 247.1-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ ” гэж тус тус заасны дагуу “Саус гоби сэндс” ХХК-ийн эзэмшилд шилжүүлээгүй, төлбөрийг хүлээн аваагүй /“Саус гоби сэндс” ХХК-аас техникийн төлбөр хийгдээгүй/ тул өмчлөл “М” ХХК-д хадгалагдсан хэвээр байх юм. Эвдэрсэн техникийг хэн ч авахгүй шүү дээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг дээр “М” ХХК-ийг хохирогчоор тогтоосон, мөн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 5/188 дугаар тогтоолын тухай мэдэгдсэн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5/346 дугаар мэдэгдэлд иргэний нэхэмжлэгчээр тогтоож осолтой холбоотой хохирлыг шүүхээр нэхэмжлэх тухай заасан, түүнтэй хариуцагч нар маргадаггүй болно.

Иймд “М” ХХК Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч техникийн өмчлөгч мөн эсэх дээр хариуцагч маргах үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой болох тухай:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь учирсан хохирол 1 187 832 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бөгөөд үүнд ямар нэгэн тодорхойгүй зүйл байхгүй юм.

“М” ХХК-ийн өмчлөлийн Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч техникийг “О” ХХК-ийн жолооч тээвэрлэж яваад осол гаргаж энэхүү үйлдэл нь гэмт хэрэг болсон Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 5/188 дугаар тогтоолоор нэгэнт тогтоогдсон бөгөөд хүчин төгөлдөр болсон. Талууд үүнтэй ямар нэгэн байдлаар маргадаггүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай” тогтоолын 1.1-т “Энэ зүйлийн 115.1.-д заасан “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно ”, Мөн хэсэгт заасан “эд \Хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд” гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий, иргэний нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан этгээдийг хэлнэ гэж заагаад 1.2-т “Гэмт хэргийн улмаас упирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тухай Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн заалт энэ зүйлийн 115.2.-т зааснаар эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлээс гадна хуулийн 122 дугаар зүйлийн 122.4.-т зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан нэхэмжлэлд мөн хамаарна” ‘‘Гэхдээ шүүхийн цагаатгах тогтоолоор иргэний нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхисон, эсхүл эрүүгийн хэргийг прокурор, шүүх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай гэж үзэхгүй бөгөөд улмаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй.”

Харин эрүүгийн хэргийг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-24.1.6.-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, гэмт хэрэг үйлдсэн этгээд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар ялаас өршөөгдсөн бол хохирол арилгуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. ” гэж тус тус тайлбарлан заасан. “О” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Одод холбогдох 201210010125 дугаартай эрүүгийн хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 сарын 04-ний өдрийн 5/188 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгохдоо Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн байдаг.

Иймд Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч шүүхийн шийдвэрийн нэгэн адил гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулах журмаар шийдвэрлэгдэх ёстой юм.

Талууд осол гарсан, осол гарсан үйлдэл нь гэмт хэрэг гэдэгтэй маргадаггүй, ачиж явсан техник эвдэрсэнтэй маргадаггүй, ослын улмаас “М” ХХК хохирсон гэдэгтэй ч маргадаггүй болно. Энэ хэрэг гарсан 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш даруй 7-н жилийн хугацаа өнгөрч байхад хэрэг эцэслэн I шийдвэрлэгдэхгүй өдийг хүрч байна.

Дээрх тайлбар хууль зүйн үндэслэлийг дүгнэн үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

“М” ХХК нь “Л” ХХК, “О” ХХК-иудад холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 187 832 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч “О” ХХК-иас 1 187 832 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Л” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, хэргийн оролцогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн...” гэжээ.

Хариуцагч “О” ХХК нь “Мөнх эстимэйт” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэлээ тодорхой зааж, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар хүсэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3. дахь заалтуудыг үндэслэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3.-т  шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно гэж зохицуулсан байх ба тус заалт нь шүүхэд өөрт нь эрх олгосон тусгайлсан зохицуулалт.

Хариуцагч нь хүсэлт гаргахдаа хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй байсан бөгөөд энэ нь хүсэлтийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх “...хуулийн дээрх заалтаар шинжилгээ хийлгэх тохиолдолд тухайн маргааныг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх учиртай...” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хүсэлтийг хангахаас үндэслэлгүй татгалзсан гэж үзэх ба улмаар шүүх нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Эвдэрсэн эд ангийг солих, засвар үйлчилгээ хийх үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгслийг Монгол Улсын гаалиар орж ирэхдээ мэдүүлсэн шинэ техникийн үнийн дүнгээс өндөр үнэтэй гарсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт нь хууль зөрчөөгүй байхаас гадна хэрэгт авагдсан баримтаар хохирлын бодит үнэлгээ тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул магадлалыг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх магадлалд дурдснаас гадна дараах алдааг гаргаснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Тухайлбал, нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй атлаа хариуцагч “Л” ХХК-иас гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр хохирол нэхэмжилсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хохирлыг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар шаардлага гаргасан байхад шүүх хариуцагч “О” ХХК-иас хохирлыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн байхад гэрээний үүрэг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн, хариуцагч “Л” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шийдвэрт заагаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан зэрэг нь шийдвэрийг нэхэмжлэлийн хүрээнд гаргах, хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэнгүй.

Анхан шатны шүүх үйл баримт, талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 265 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 097 110 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                               Х.ЭРДЭНЭСУВД