Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2092

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05921 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХХ” ХХК, “ХХХХ” ХХК нарт холбогдох

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 911 227 440.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                               ХХХХ

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          ХХХХ

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч       ХХХХХ

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн өмгөөлөгч                                ХХХХ

                                                                                                            ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн ерөнхий захирал ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ , өмгөөлөгч ХХХХХ нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

"ХХХХ" ХХК нь Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч техникийг "ХХХХХ" ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 6507 тоот "Худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу захиалан авчруулсан болно. Улмаар манай компани нь "ХХХХХ" ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 2012/024 тоот “ХХХХ" ХХК-ийн Өмнөговь аймгийн нутаг дэх Овоотын уурхайд хүргүүлэхээр тээвэр зуучийн гэрээ байгуулсан юм. Гэтэл “ХХХХ” ХХК нь тус техникийг тээвэрлүүлэгч тал болох манай компанид мэдэгдэлгүй, дур мэдэн "ХХХХ" ХХК-иар тээвэрлүүлж, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тээвэрлэж явах замдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 20 км-ийн зайд техникийг онхолдуулж гэмтээн манай компанид хохирол учруулаад байна. Дээрх асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, 3 жилийн хугацаанд шалгаад яллагдагч ХХХХ-ыг 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “ХХХХ” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “ХХХХ” ХХК-ийн эзэмшлийн "норд бенз" маркийн 9126 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож "ХХХХ" ХХК-ийн захиалгатай СМ400 маркийн бутлагч үйлдвэрийг Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайд хүргэж өгөхөөр тээвэрлэж явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, мөн дүрмийн 2.1а, 2.5в заалтуудыг зөрчиж явсны улмаас Дорноговь аймгийн Замын-үүд сумаас хойш 30 км газарт онхолдож зам тээврийн осол гаргаж, “ХХХХ” ХХК-д 911 227 440.2 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан болохыг нь тогтоосон. А.Г-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хүлээн мэдүүлж, бичгээр хүсэлт гаргасан байдлыг харгалзан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж прокурор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын явцад сүүлийн байдлаар гарсан шинжээчийн дүгнэлт болох "ХХХХХ" ХХК-ийн тогтоосноор СМ400 маркийн өөрөө явагч бутлагч үйлдвэрийн сэргээн засварлах өртөг 911 227 440.2 төгрөг гэж тогтоогдсон. Гэтэл "ХХХХХ" ХХК манайд учирсан хохирлыг хэрхэн барагдуулах тухай -уулзаж, санаа тавих нь битгий хэл хохирлыг төлөхгүй, түүнээс хэрхэн мултрах арга заль, мэх хэрэглэж хохирлыг барагдуулахаас зайлсхийж байгаа нь харамсалтай байна. Иймд хариуцагч нараас манай компанид учирсан хохирол болох 911 227 440.2 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХХХХХ" ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгч ХХХХХ , ХХХХХ нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Дорноговь аймгийн Замын үүд сумын нутагт 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “ХХХХ” ХХК нь өөрийн эзэмшлийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгслээр “ХХХХ” ХХК-ийн СМ400 маркийн бутлагч үйлдвэрийг Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд хүргэхээр тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж онхолдсон гэмт хэрэг гарсан. Уг хэргийг Дорноговь аймгийн прокурорын газраас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татагдсан ХХХХ-ыг гэм буруугийн талаар маргаагүй тул өршөөлд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай мэдэгдсэний дагуу нэхэмжлэл гаргаж буйг дурдсан байна. “ХХХХ” ХХК нь иргэний хуульд заасан шиг ачаа тээврийн үйлчилгээг өөрсдөө гардан гүйцэтгэдэггүй, өөрийн далайн тээврийн хөлөг онгоц, төмөр замын чирэгч, контейнер, авто замын автомашин байхгүйг удаа дараа тээвэр зуучийн үйлчилгээ авч байсан “ХХХХ” ХХК эрх биш мэдэх билээ. Бидний зүгээс Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн шаардлага хангасан тээвэрлэлтийн үйл ажиллагааг өөрсдийн автомашинаар гүйцэтгэдэг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх “ХХХХ” ХХК-д хандаж бэхэлгээг мэргэжлийн төвшинд гүйцэтгүүлэн тээвэрлүүлсэн. Гэвч уг компани ажилтан жолооч ХХХХХ нь замын нөхцөл, цаг агаар, үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол гаргаж ачааг унагаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдэж улмаар өршөөлийн хуульд хамрагдсан байна. Нэхэмжлэлд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг нэхэмжилсэн байна. Манай компани ажилтны хариуцлагагүй үйлдлийн улмаас “ХХХХ” ХХК-нд ямар нэг гэм хорыг учруулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бүх баримтаар тогтоогдсон. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүдэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд өөрөө болон хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцахыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 499.1, 499.4-т ачаа тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан эд юмс эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нөхөн төлж арилгах болохыг ч тодорхойлсон. Тиймээс “ХХХХ” ХХК нь өөрийн ажилтан хөдөлмөрийн гэрээтэй жолооч ХХХХХ гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх ёстой байтал хууль зүйн үндэслэлгүйгээр тус компанид холбогдуулан “ХХХХ” ХХК нэхэмжлэл гаргасан байх тул хэрэгсэхгүй болгох үндэстэй байна гэжээ.

Хариуцагч “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ХХХХ" ХХК нь 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр "ХХХХХ" ХХК-тай 2012/024 тоот "Тээвэр зуучийн гэрээ" байгуулан Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч бутлагч техникийг тээвэрлүүлэн “ХХХХХ" ХХК-ийн Өмнөговь аймгийн Овоотын уурхайд хүргүүлэхээр болсон байна. "ХХХХХ" ХХК-ийн менежер ХХХХХ гэх залуу компанийн ажилтан ХХХХ-ыг таньдаг найз нөхдийн журмаар тус компанийн удирдлагын зөвшөөрөлгүй, ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр Дорноговь аймгийн Чойрт ачаа хүргэж явсан жолооч ХХХХ-ыг цаашаа яваад ачаа хүргэ гэсэн байна.  Харин компанийн жолооч ХХХХХ дээрх бутлагч техникийг өөрийн машинд бэхлэн Замын-Үүдээс хөдлөхөд "ХХХХХ" ХХК-ийн ажилтан ХХХХХ нь фото зураг аваад л “хөдлөх зөвшөөрөл" өгсөн нь тээвэрлэлтийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх үүргээ ёсоор “биелүүлээгүйгээс Замын Үүдээс хөдлөөд 20 хүрэхгүй км яваад ачаа ойчсон нь хүндийн төв нь дээрээ савладаг ачааг тээвэрлэх техникийн нөхцөлийг боловсруулаагүй, мэргэжлийн зөвлөгөө өгөөгүйгээс шалтгаалсан гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын явцад страйкер СМ400 ма хохирлыг "ХХХХХ" ХХК-иас 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар хийсэн үнэлгээ нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид тулгуурлаагүй учир хууль зүйн үндэслэлтэй бодит үнэлгээ болсон гэж үзэх боломжгүй. Энэхүү STRI СМ400 маркийн өөрөө явагч бутлагч үйлдвэрийн  эвдрэл гэмтлийг зөвхөн Страйкер Австрали компанийн тусгай сургалтад хамрагдан эрх авсан шинжээ үзлэг хийж дүгнэлт гаргадаг бөгөөд өөр шинжээчийн дүгнэлт хүлээн зөвшөөрөгддөггүй байна. Иймээс өөр үйлдвэрт засварын ажлыг хийх боломжгүй. Манай улсад тухайн үйлдвэр борлогдсон, жишээ авах мэдээлэл байхгүй ба манай улсад сэлбэг болон засварын газар, мэргэжлийн шинжээчид нь байдаггүй болно. Иймд энэхүү машины хохирлыг тогтоохын тулд тухайн брендийг худалдаалдаг Австралийн компанитай холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд мэдээлэл өгөх боломжгүй, учир нь танай Монгол улсад манай компанийн албан ёсны эрхтэй компани байдаг тэр компаниар дамжуулан шинжээчээс гэмтлийн дүгнэлт болон үнийн саналыг авлаа. Мөн энэ үйлдвэр нь цоо шинэ байсан тул эвдэрч гэмтсэн сэлбэгүүдийг шинээр авч солих нь зөв гэж үзлээ. Уг үйлдвэрийг Монгол улсад хуучин байдалд нь оруулж засаж янзлах нь боломжгүй ба Малайз дэх үйлдвэрт буцаан засварлахаас өөр боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Ирүүлсэн үнийн саналд газар дээр биет үзлэг хийж анхан шатны эвдрэл гэмтлийг гаргасан өөрийн компанийн техникийн мэргэжилтэн Кен Бодинитын дүгнэлтэд тулгуурлан үнийн санал явуулснаа тэмдэглэсэн байна гэсэн байгаа нь "бутлагч үйлдвэрийн ямар эд анги эвдэрсэн нь тодорхойгүй байхад сэлбэгийн үнэ гэж 473 749 ам.доллар гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнээс гадна солих сэлбэгийн үнэ гэж тодорхойлохдоо эвдрэлийг ямар байдлаар тогтоож солих шаардлагатай гэж үзсэн, ямар эх сурвалжийг ашигласан, хаанаас мэдээлэл авсан, мэдүүлэгт уг бутлагч үйлдвэрийн үнийг 539 690 ам.доллар гэж байхад хөрөнгийн үнэлгээчин нь сэлбэгийн үнэ, сэргээн засварлах ажлын зардал нийт 658 749 ам.доллар гэж уг хөрөнгийн үндсэн үнээс илүү байдлаар үнэлсэн нь бодит хохирлыг үнэн зөв тогтоосон гэхэд эргэлзээтэй байна. Монгол Улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан "хараат бус байх", "хөрөнгийн үнэлгээ хийхэд аливаа этгээд хөндлөнгөөс оролцохыг хориглоно", шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна. Иймд “ХХХХ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан хариуцагч “ХХХХ” ХХК, “ХХХХ” ХХК нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 911 227 440.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 4 714 090 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

..."ХХХХ" ХХК нь "ХХХХХ" ХХК-тай 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 2012/024 тоот "Тээвэр зуучийн гэрээ"-г байгуулж Страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч, бутлагч техникийг тээвэрлүүлэн "ХХХХХ" ХХК-ийн Өмнөговь аймгийн нутаг дахь уурхайд хүргүүлэхээр болсон. "ХХХХХ" ХХК нь уг техникийг "ХХХХХ" ХХК-аар манай компанид мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй, дур мэдэн тээвэрлүүлсэн бөгөөд "ХХХХ" ХХК-ийн жолооч ХХХХХ нь 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тээвэрлэж явах замдаа техникийг онхолдуулж гэмтээн манай компанид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гарсан ба энэ нь ч мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн тогтоогдсон. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд сүүлийн байдлаар "ХХХХХ" ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр СМ400 маркийн өөрөө явагч бутлагч үйлдвэрийн сэргээн засварлах өртөг 911 227 440.2 төгрөг болохыг тогтоосон. Тус "ХХХХ" XXK-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд техникийн эвдрэл гэмтэл тус бүрийг нэг бүрчлэн фото зургаар баримтжуулж, тус баримтжуулсан фото зураг бүрийн доор эд ангид ямар гэмтэл учирсан, засварлах эсвэл солих шаардлагатай эсэх талаар нэг бүрчлэн нарийвчлан зааж өгсөн байдаг. Энэхүү шинжээчийн дүгнэлтийн талаар мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хариуцагч нарын хэн аль нь гомдол гаргаагүй байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцад манай компани нь нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол бодитоор учирсан гэж үзэн иргэний хариуцагч нараас нэхэмжилж байсан бөгөөд Дорноговь аймгийн прокурорын газраас тус хэргийг эцэслэн шийдвэрлэж 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр гаргасан 5/188 дугаартай "Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолд "ХХХХ" ХХК-д 911 227 440.2 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна хэмээн манай компанид учирсан хохирлын хэмжээг тогтоож өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв бодитой гарсан, нэгэнт эрүүгийн хэрэгт хамгийн сүүлд гарсан хуулийн хүчин төгөлдөр болсон прокурорын тогтоолд уг дүгнэлтийг үндэслэн манай компанид учирсан хохирлын хэмжээг тогтоосон байсан тул тухайн асуудлаар дахин дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тухайн дүгнэлтийг үндэслэл болгон тогтоож, нэхэмжлэл гаргасан ба "ХХХХ" XXK-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг манай байгууллагын захиалгаар бус мөрдөн байцаах ажиллагааны явцад хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч, хуульд заасны дагуу шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хэмжээгээ тогтоож байгаа "ХХХХ" XXK-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, зөрүүтэй гаргасан гэж үзэж байгаа бол шинжээчийн дүгнэлт шүүхийн шийдвэрийн шууд бус үндэслэл болохгүй бөгөөд шүүгч хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, тайлбар зэргийг үнэлж, дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасны дагуу өөр шинжээч томилж, дахин шинжилгээ хийлгэх ёстой байтал шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүхээс эрүүгийн хэргийг хянан шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр, шүүхээс шинжээч томилж гаргасан шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх үндэслэл болохгүй гэж хуульд нарийвчлан заагаагүй асуудлаар, ялгавартай дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар дахин шинжээчийн дүгнэлт заавал мөн хуулийн 47 дугаар зүйлд зааснаар гаргасан шинжээчийн дүгнэлтэд хамаарах мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасан дахин шинжээчийн дүгнэлт гаргах эсэх асуудал нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан аливаа шинжээчийн дүгнэлтийн хувьд яригдах ерөнхий заалт юм. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05921 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

                                                                ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь  хариуцагч “ХХХХ” ХХК, “ХХХХ” ХХК-уудад холбогдуулан гэм хорын хохиролд 911 227 440 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрөн маргаан байна.

Хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “…манай компанийн ажилтны хариуцлагагүй ажиллагаанаас осол болоогүй, “ХХХХ” ХХК нь хохирлыг хариуцах үүрэгтэй” гэсэн,

Хариуцагч “ХХХХ” ХХК нь “ХХХХ” ХХК зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүй ачилт хийгдсэн, шинжээчийн дүгнэлт тодорхой бус” гэсэн үндэслэл зааж маргажээ.

Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, Дорноговь аймгийн Замын Үүд дэх сум дундын прокурорын газрын Прокурорын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/87 тоот тогтоол, зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн захиалгаар хариуцагч “ХХХХ” ХХК зуучлан страйкер брендийн СМ400 гинжит, өөрөө явагч бутлагч техникийг “ХХХХ” ХХК тээвэрлэх явцад 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн “Норд бенз” маркийн 91-26 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ХХХХХ замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.1а, 2.5в заалтыг тус тус зөрчиж автын осол гаргасан үйл баримт тогтоогдсон байна. 

Анхан шатны шүүх “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нарийвчлан тодруулаагүй, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ас холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тухайлбал: Хэрэгт авагдсан “ХХХХ” ХХК болон “ХХХХ” ХХК-ийн хооронд 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан “Тээвэр зуучийн үйлчилгээний ¹2012/024 тоот гэрээний хуулга мөн “ХХХХХ” ХХК-ийн 2011 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн захиалгын хуудсын хуулгад авагдсан байх бөгөөд эдгээр бичгийн баримтууд нь огноо сар өдрийн хувьд зөрүүтэй баримтууд байгаа бөгөөд тухайн маргаанд ямар хамааралтай, уг баримтаар ямар үйл баримтыг нотолж байгааг шүүх нарийвчлан тодруулаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэгч аль хариуцагчаас нь чухам юу шаардаж байгаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юу болох, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан, эсвэл гэрээний бус үүргээс учирсан гэм хорын хохирлыг шаардаж байгааг шүүх ялгаж зааглаж, тодруулаагүй байна.

Мөн зохигчид маргааны зүйл болж байгаа авто ослын улмаас эвдэрч гэмтсэн эд хөрөнгийн үнэлгээний талаар зохигчид маргаж, “ХХХХХ” ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хуульд заасан дахин шинжилгээ хийлгэх асуудлыг шийдвэрлээгүйгээс гадна эд хөрөнгийн үнэлгээний талаар үндэслэл бүхий үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноор маргааны үйл баримт болон тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх зохицуулалтыг оновчтой сонгон хэрэглэх боломжтой юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нарийвчлан тодруулаагүй, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд хийгдэх ажиллагааг нөхөн гүйцээж хийх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05921 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид “ХХХХ” ХХК-ийн өмнөөс “ХХХХ” ХХК-ийн төлсөн 4 714 090 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                             ШҮҮГЧИД                                   Д.ТУЯА

         Ц.ИЧИНХОРЛОО