Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02185

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02185

 

 

 

Э.П.К  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.П.К  ХХК-ийн хариуцагч “Л ” ХХК-иас 593 916 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Сайнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Даваажанцан, С.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч М.Баасанжав, Ч.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Э.П.К  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::  М.И ХХК нь “Саусгоби сэндс” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг гадаад улсаас захиалан авчруулсан. Хариуцагч “Л ” ХХК нь тус бутлагч үйлдвэрийг 16 500 ам.доллараар БНХАУ-ын Синьган боомтоос Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Овоот толгой уурхай хүртэл тээвэрлэх үнийн саналийг ирүүлснийг үндэслэн 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 2012/024 тоот тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулж, ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын гэрээг “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан. “Л ” ХХК нь М.И ХХК-иудын байгуулсан гэрээ нь зуучлалын гэрээ, илгээмжийн гэрээ, тээвэрлэлтийн гэрээний шинжийг агуулж байна. Гэтэл тус компани энэхүү техникийг бидэнд мэдэгдэлгүй, дур мэдэн хариуцагч “Очирням” ХХК-иар тээвэрлүүлсэн. Ийнхүү тээвэрлэж явах хугацаанд 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 30 км зайд онхолдож, гэмтсэн. Дээрх зам тээврийн осолд Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагч А.Гэрэлт-Одыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, мөн дүрмийн 2.1а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж явсны улмаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 30 км газарт онхолдож зам тээврийн осол гаргаж, М.И ХХК-д 911 227 440 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон боловч А.Гэрэлт-Одын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Өршөөлийн тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16612 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон н.Калимат, н.Цэвэгжав нарын дүгнэлтээр нэхэмжлэгчийн эзэмшлийн эвдэрсэн техникийн нөхөн сэргээн засварлах өртгийг 999 769 432 төгрөг, тээврийн зардал 183 063 419 төгрөг, нийт 1 187 832 000 төгрөг гэж тогтоосон. “Л ” ХХК, “Очирням” ХХК-ууд нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд тул мөн зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу хүлээх үүрэг тэнцүү байхаар байна. Иймд учирсан хохиролд 593 916 000 төгрөгийг хариуцагч “Л ” ХХК-аас гаргуулж, Э.П.К  ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. “Л ” ХХК нь “Очирням” ХХК-тай тохиролцон тээвэрлэлтийн гэрээг амаар байгуулсан гэх боловч ажил хэргийн хүрээнд тогтсон жишгийн дагуу болон Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний талаар хуулийн холбогдох заалт нэгэн адил үйлчилнэ. Дээрх тээвэрлэлтийн гэрээ нь гуравдагч этгээд буюу М.И ХХК-д ашигтай гэрээ учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үүргээ зөрчсөний хариуцлагыг хүлээлгэж, учирсан хохирлоо “Очирням” ХХК-иас шаардах эрх нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасны дагуу байгаа болно. Иймд “Очирням” ХХК нь тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ учруулсан хохирлыг гэрээ болон хуулийн дагуу тэнцүү хариуцах үүрэгтэй учир 593 916 000 төгрөгийг хариуцагч “Очирням” ХХК-аас гаргуулж, Э.П.К ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Л ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од нь “Очирням” ХХК-ийн эзэмшлийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгслээр М.И ХХК-ийн СМ400 маркийн бутлагч үйлдвэрийг Өмнөговь аймгийн Гурван Тэс суманд хүргэхээр тээвэрлэж яваад зам тээврийн осол гаргаж үүний улмаас ачааг унагаж гэмтээсэн. Нэхэмжлэгч нь өөрийн ачааг гэмт хэргийн улмаас эвдэрч гэмтсэн тухай бичсэн мөртлөө гэмт хэрэг үйлдсэн этгээдээс биш “Л ” ХХК-аас 593 916 000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжилсэн нь хуулийн үндэслэлгүй байна. “Л ” ХХК нь Иргэний хуульд заасан ачаа тээврийн үйлчилгээг өөрсдөө гардан гүйцэтгэдэггүй, тээвэрлэлтийн үйл ажиллагааг өөрсдийн автомашинаар гүйцэтгэдэг “Очирням” ХХК-д хангаж ачилт, бэхэлгээ, тээвэрлэлтийг гүйцэтгүүлсэн. Гэвч уг компанийн ажилтан жолооч А.Гэрэлт-Од нь замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх байдлыг харгалзан хөдөлгөөнд оролцоогүйгээс бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж улмаар өршөөлийн хуулинд хамрагдсан байна. Нэгэнт гэмт хэрэг үйлдэгдэж гэм хор учирсан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож, гэмт этгээд гэм буруугаа хүлээсэн байхад гэрээний хохирлыг манай компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүдэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд өөрөө болон хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр учруулсан гэм хорыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хариуцахыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар бусдад учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нөхөн төлж арилгах болохыг ч тодорхойлсон. Гэрээ байгуулсан, осол гарсан талаар маргаан байхгүй. Иймд “Очирням” ХХК нь өөрийн ажилтан жолооч А.Гэрэлт-Одын гэм буруутай үйлдлээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Очирням ХХК болон нэхэмжлэгч Эл Пи консалтинг ХХК шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал 493 916 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Очирням” ХХК 100 000 000 төгрөгийг төлөхөөр эвлэрэв. 50 000 000 төгрөгийг шүүгчийн захирамж гарснаас хойш 1 өдрийн дотор, шүүгчийн захирамж гарснаас хойш сар бүр 10 000 000 төгрөгийг төлөх байдлаар төлж барагдуулна. “Мөнх Эстимэйт” ХХК-д төлөх шинжээчийн зардал болох 7 000 000 төгрөгийн 3 500 000 төгрөгийг хариуцагч “Очирням” ХХК төлнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л ” ХХК-иас 165 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.П.К  ХХК-д олгож, “Л ” ХХК-д холбогдуулсан гаргасан нэхэмжлэлээс үлдэх 428 416 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “Очирням” ХХК 100 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Э.П.К  ХХК-д төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч “Очирням” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн 4 714 090 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд төлсөн 1 540 980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Л ” ХХК-иас 985 450 төгрөгийг, хариуцагч “Очирням” ХХК-иас 328 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.П.К  ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.П.К  ХХК-иас 7 000 000 төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан “Мөнх Эстимэйт” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хариуцагч “Очирням” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдалд үндэслэлгүй дүгнэлт хийсний улмаас ийнхүү шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, бутлагч техникийн өртгийг 838 000 000 төгрөгөөр тооцсон дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу. Учир нь тус техникийн үнийг тодорхойлохдоо гаалиар нэвтрүүлэх барааны мэдүүлэг дэх ам.долларын ханшаар тооцсон. Тухайн үед ам.доллар ханш 1 318 төгрөг байсан нь одоогийн ам.долларын ханшаас 2 дахин бага байсан. Иргэний хуульд зааснаар гэм хорын хохирлыг тооцохдоо одоо бодит гарсан зардалд сэргээн засахад гарсан зардлыг тооцдог. Иймд техникийг сэргээх засах зардлыг тооцож байгаа үеийн ам.долларын ханшаар тооцох нь зүйтэй учраас хамгийн сүүлийн дүгнэлт гарсан 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ам.долларын ханш болох 2452 төгрөг 82 мөнгөөр тооцох зүйтэй. Анхан шатны шүүх тус техникийн өртгийг тооцохдоо Замын-Үүд сумаас Цогтцэций сум хүртэлх зам тээврийн хөлсийг тооцоогүй, зөвхөн Малайз Улсаас Тянжин боомт хүртэлх тээврийн зардлыг тооцож бусад зардлыг үлдээсний улмаас техникийн өртөг бага гарсан. Тээвэр зуучийн гэрээнд Замын-Үүд сумаас Цогтцэций сум хүртэлх тээврийн зардал 16 500 ам.доллар байхаар тохиролцсон учраас энэ зардал нь техникийн өртөгт тооцогдох ёстой. Анхан шатны шүүхээс НӨАТ-ын 10 хувийг тооцож оруулсан атлаа Гаалийн албан татварын 5  хувийн зардлыг тооцож оруулаагүй. Гаалийн албан татварын үнэ 37 953 745 төгрөг байсан нь гаалийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан. Иймд энэ тооцогдоогүй зардал хийгээд ам.долларын бага ханшаар тооцсон зэрэг зөрүүгээс үзэхэд уг техникийн нийт өртөг 1 562 563 815 төгрөг байна. Гэтэл анхан шатны шүүх энэ үнээс 2 дахин бага үнээр техникийн өртгийг тооцсон нь үндэслэлгүй болсон. Мөн анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн. Техникийн анхны өртгийг 838 000 000 төгрөг гэж буруу тооцсоны улмаас 3 компанийн үнэлгээ энэ өртгөөс өндөр гарсан учраас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн бага үнэлгээг үндэслэл болгосон. Гэтэл сэргээн засах өртөг 1 562 000 000 төгрөг байх юм бол үнэлгээний 4 компанийн үнэлгээнээс өндөр үнэтэй байхаар байна. Иймд бага үнийн дүнтэй гэдэг агуулгаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг баримтлах боломжгүй. Хэрэв сэргээн засах өртөг хэт өндөр байх юм бол тухайн техникийн өртгөөр тооцох хуулийн зохицуулалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан байхад хамгийн бага үнийн дүн бүхий үнэлгээг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу. “Мөнх эстимэйт” ХХК нь хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд тус компани шүүгчийн захирамжаар томилогдсон. Бусад үнэлгээ гаргасан компаниудын нэг нь “Моннис интернэйшнл” ХХК-ийн хүсэлтээр томилогдсон, нөгөө хоёр нь эрүүгийн хэрэгт томилогдсон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд иргэний журмаар шинжээч томилох нь зүйтэй гэснийг үндэслэж “Моннис интернэйшнл” ХХК-ийн хүсэлтээр томилогдсон. “Мөнх эстимэйт” ХХК дүгнэлт гаргахад хөрөнгө үнэлгээний болон техникийн шинжээч гэсэн 2 шинжээч ажилласан. Техникийн шинжээч нь тус техникийг Монгол Улсад засварлах боломжгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг гаргахад Монгол Улсын зөвлөх инженер н.Цэвэгжав оролцсон бөгөөд техникийн өөрийнх нь үйлдвэрт засварлуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлт гаргахад зөвхөн хөрөнгийн үнэлгээчин ажилласан атлаа техникийг Монгол Улсад засварлах боломжтой мэтээр тайлбарласан нь тухайн дүгнэлтийн үнэ бага гарах үндэслэл болсон. Мөн цаг хугацааны хувьд 2013 онд тус дүгнэлт гарсан, “Мөнх эстимэйт” ХХК-ийн дүгнэлт 2017 онд гарсан. Бодитоор учирсан зардал, бодит хохирлыг арилгахын тулд учирсан хохирлыг засварлахад хэдийн хэмжээний зардал гарах талаар дүгнэлт хийсэн “Мөнх эстимэйт” ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд хуульд заасны дагуу томилогдсон “Мөнх эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг хууль бус, үндэслэлгүй гарсан гэж үзэхээр зүйлгүй. Мөн “Л ” ХХК нь үнэлгээний дүгнэлттэй маргадаггүй буюу өөрсдийн гэм буруугийн талаар маргахгүй байхад шүүх маргаагүй асуудлаар дүгнэлт хийхдээ “Мөнх эстимэйт” ХХК-ийн дүгнэлтийг үгүйсгээд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Л ” ХХК-аас 165 500 000 төгрөгийг гаргуулж, 428 416 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас 165 500 000 төгрөгт холбогдох хэсэгт улсын тэмдэгтийн хураамж төлж маргасан. Талуудын хооронд ямар харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв үнэлээгүй. Шүүх талуудын хооронд тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа шийдвэрийнхээ 8 дугаар талын доороосоо 2 дахь мөрд “Л ” ХХК-ийг тээвэрлэгч тал гэж бичсэн. Гэтэл тээвэрлэгч тал нь “Очирням” ХХК байсан. “Л ” ХХК нь зуучаар тус харилцаанд оролцсон бөгөөд тээвэрлэгч нь “Очирням” ХХК байсан буюу шүүхийн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь “Очирням” ХХК-д хамаарах байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь “Л ” ХХК-ийг тээвэр зууч болохыг харуулна. Зууч нь тээвэрлүүлэгч буюу “Моннис интернэйшнл” ХХК-ийн өмнөөс тээвэрлэлтийн ажиллагаа зохион байгуулж, хөлсийг өмнөөс нь төлж Тянжин боомтоос Улаанбаатар, Улаанбаатараас Цогтцэций суманд ачааг нь аваачиж өгнө гэх зохион байгуулах үүргийг хүлээсэн. Гэрээний 2.1.2-т зааснаар зууч нь үйлчлүүлэгчийн өсгөн зураг тооцооны дагуу техникийн нөхцөлийг боловсруулж цааш өгөх байсан. Гэтэл үйлчлүүлэгч болох “Моннис интернэйшнл” ХХК тусгай зураг төсөл өгч, тусгай бэхэлгээ хийх талаар зааварчилгаа өгөөгүй учраас тээвэрлэгч “Очирням” ХХК-ийн инженер н.Баттогтох очиж бэхэлгээ хийж тээвэрлүүлсэн. Харин жолоочийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас замдаа тээврийн хэрэгсэл унаж ачаа гэмтсэн. Гэтэл “Моннис интернэйшнл” ХХК нь “Л ” ХХК-аас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үндэслэн үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн. Үүрэг гүйцэтгэгч гэж тээвэр зуучийн гэрээний зуучлагчийг үзэж байгаа нь ямар заалтыг үндэслэл болгосон нь баримтаар тогтоогдоогүй. Харин гэмт хэргийн улмаас буюу “Очирням” ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй жолооч н.Гэрэлт-Одын замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа зөв тохируулж яваагүйн улмаас осол гарч ачаа гэмтсэн. Иймд “Л ” ХХК нь гэрээний ямар үүргийг зөрчсөн нь ойлгомжгүй, үүнийг тогтоогоогүй атлаа 50 хувийн хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “Очирням” ХХК-ийн буруутай болох нь тогтоогдож улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байдаг. 3 дахь удаагаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргааныг шийдвэрлэхийн өмнө “Очирням” ХХК буруугаа хүлээгээд эвлэрч 100 000 000 төгрөгийн хохирол төлсөн. Нэхэмжлэгч тал “Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн атлаа хариуцагч “Очирням” ХХК-тай 100 000 000 төгрөгт эвлэрсэн нь ойлгомжгүй. “Очирням” ХХК нь буруугаа хүлээсэн бодит факт байна. Зуучлагч нь тээврийн хэрэгсэл унасан нөхцөл байдлыг “Моннис интернэйшнл” ХХК-д мэдэгдсэн бөгөөд тээвэрлэгчид хариуцлага хүлээлгэхээр явж байна гэсэн атлаа гэрээний маргаан болж хариуцагчаар “Л ” ХХК татагдсан. Шүүх Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн үйл ажиллагааны явцад зуучийн харилцаа үүссэн, түүнд нь тээвэр байна гэж тухайлан заасан. Тээвэрлүүлэгч нь тухайн ачааг даатгуулахыг хүсээгүй учраас даатгалгүй байсан ба тусгай бэхэлгээ хийлгэх шаардлага тавиагүй. Харин Тянжин боомтоос Монгол Улсад авчрахад ямар ч асуудалгүйгээр тээвэрлэсэн. Гагцхүү тээвэрлэгч “Очирням” ХХК алдаа гаргасны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан буюу гэрээний үүрэг зөрчөөгүй байхад гэрээний маргаан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч маргаанд хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарласан, зөв оновчтой сонгож хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.П.К  ХХК нь хариуцагч “Л ” ХХК-иас 593 916 000 төгрөг, “Очирням” ХХК-аас 593 916 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг эрх залгамжлагчаар солих тухай шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2020/15825 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Моннис-Интернэшнл” ХХК-ийг эрх залгамжлан авагч Э.П.К  ХХК-аар сольсон байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “Л ” ХХК нь гэрээнд заасан техникийг дур мэдэн өөр этгээдээр тээвэрлүүлэн гэрээний үүргээ зөрчсөн, “Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од нь дээрх техникийг ачиж явахдаа зам тээврийн осол гаргаж, техникийн эд ангийг эвдэж гэмтээн эд хөрөнгөд хохирол учруулсан тул эвдэрсэн техникийн нөхөн сэргээж засварлах өртгийг шинжээчийн дүгнэлтээр 1 187 832 000 гэж тогтоосон хэмжээгээр гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.П.К  ХХК нь хариуцагч “Очирням” ХХК-тай эвлэрч, “Очирням” ХХК нь гэм хорын хохиролд 100 000 000 төгрөгийг Э.П.К  ХХК-д төлөхөөр болжээ. Эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй ба шүүх зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

Хариуцагч “Л ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ зам тээврийн осол гарахад “Очирням” ХХК-ийн жолооч гэм буруутай, зам тээврийн осол талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй хамааралгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч М.И ХХК болон хариуцагч “Л ” ХХК-иудын хооронд 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Очирням” ХХК-ийн жолооч А.Гэрэлт-Од Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг тээвэрлэх явцад Дорноговь аймгийн Замын-Үүд суманд зам тээврийн осол гаргасан гэх үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан “Тээвэр зуучийн гэрээ”-ний 1.1-т зууч нь үйлчлүүлэгчийн захиалгаар Монгол улсын нутаг дэвсгэрт орж, гарах импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино, 2.1.2-т зууч нь үйлчлүүлэгчийн өгсөн зураг, тооцооны дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулна, 2.1.9-т тээвэрлэлтийн талаар үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгнө, 2.1.11-т тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа нэмэлт зардлыг хариуцан барагдуулна, 2.1.12-т тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж, аливаа эвдрэл гэмтэл дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгнө гэж тохиролцсон болно.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198., 198.2 дах хэсэгт заасны дагуу талуудын гэрээний тохиролцоо, гэрээний агуулгыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдгээрийн  хооронд мөн хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт “Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд ... тээвэр/-ийн/ ... үйл ажиллагаанд зуучлал явуулж байгаа этгээд худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан худалдааны зуучлалын гэрээ байгуулагдсан байна. Иймд “Л ” ХХК нь Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч техникийг тээвэрлэхэд зуучлалын үүрэг хүлээжээ.

Дээрх зуучлалын гэрээний дагуу хариуцагч “Л ” ХХК нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг “Очирням” ХХК-ийг сонгож тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгүүлсэн ба тэрээр гэрээний 2.1.11-т зааснаар тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон тохиолдолд хохирол хариуцах ёстой бөгөөд тээвэрлэлтийн үүрэг хүлээсэн этгээд “Очирням” ХХК-ийн өмнөөс хариуцлага хүлээхээр тохиролцоогүй болно.

Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолд “... хариуцагч ”Очирням” компанийн жолооч А.Гэрэлт-Од нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус компанийн эзэмшлийн “Норд бенз” маркийн 91-96 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож М.И ХХК-ийн захиалгатай Стайкер брендийн СМ400 гинжит өөрөө явагч бутлагч үйлдвэрийг Өмнөговь аймгийн Гурван тэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайд хүргэхээр тээвэрлэж явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.1-ийн а, 2.5-ийн в заалтуудыг зөрчиж явсны улмаас зам тээврийн осол гаргасан, ослын газрыг орхисон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлсэн тул Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж заасныг харьцуулан дүгнэвэл хариуцагч “Л ” ХХК нь гэм хорын хохирол учруулсан гэж дүгнэхгүй. /1хх152/ Энэ тогтоолд гомдол гаргаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч “Л ” ХХК-ийг тээвэрлэлтийн гэрээний үүрэг зөрчсөн гэж буруу дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол нь М.И болон “Л ” ХХК-ийн гэрээний үүрэгтэй шалтгаант холбоогүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд шийдвэрийн 5, 6 дах заалтыг хүчингүй болгов

“Очирням” ХХК нь 100 000 000 төгрөгийг Э.П.К  ХХК-д төлөх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 493 916 000 төгрөгөөс татгалзаж, зохигч эвлэрснийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч, тухайн зохицуулалтад хамаарахгүй заалт болох мөн хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах заасныг үндэслэн гарч буй тохиолдолд шийдвэр бүхэлдээ биелэгдэх учиртай бөгөөд шийдвэрийг мөн хуулийн 106.5 дах хэсэгт зааснаар шийдвэрлэсэн хэсгийн үр дагаварыг мөн хуулийн 74, 75 дугаар зүйлд зааснаар тайлбарлахгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/02931 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул  Э.П.К  ХХК-ийн хариуцагч “Л ” ХХК-аас 593 916 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын  “улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Л ” ХХК-аас 985 450 төгрөгийг” гэснийг хасч, 5, 6 дах заалтыг хүчингүй болгож, 7 дахь заалтыг “5”, 8 дахь заалтыг “6” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 2 300 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Л ” ХХК-ийн 985 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

                                                    ШҮҮГЧИД                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                  Б.НАРМАНДАХ