Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00877

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2018/00877

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Д.А

Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О , хариуцагч Д.А , хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гэрч Б.У , М.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б овогтой А миний төрсөн эцэг Шарав овогтой Б нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, У баг ** тоот орон сууцыг Д.А гаас ХХБ-ны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 дугаар сарын 25-нд зуурдаар нас барсан. ХХБ-ны үлдэгдэл зээлийг хүү Б.А би үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь аав Ж.Б өмчлөлийн байр байсан ба өв залгамжлагчаар би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг ** тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцнаас Д.А г албадан гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.А би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу явуулахаар бизнесийн зээл аваад явуулсан гэтэл 2 дүү маань 2 сарын дараа баригдаад Монголд ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүнд 684 000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк нь бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх вэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод Б ах О эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12 500 000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяаар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж, машин өгөөд ХХБ-аас авсан зээлийг Б 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан. Тухайн зээлтэй холбоотой бүх зардлыг би даана гээд төлсөн байгаа. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1 000 000 төгрөг өгсөн. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөг төлдөг байсан юм. Үүний 1 500 000 төгрөгийг өөрсдөө төлж 1 000 000 төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь ХХБ-ны Ы № тоот дансанд 2015 оны 09 сарын 11-нийг хүртэл хугацаандаа хийж байсан. 2015 оны 06 сарын 17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь 9 800 000 төгрөг төлж миний зээл үндсэн мөнгө 7 100 000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98 000 төгрөгөөр төлөх байсан боловч хаашдаа би төлөх юм чинь гээд 7, 8, 9 сард нь 245 000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард Б ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр О манай гэрт 2 удаа ирэхээр нь 250 000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98 000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үе байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750 000 төгрөгөөр аппаратанд мөн 7 хоногт эм түлш 250 000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сараас Эрдэнэтэд аппаратанд ордог болж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Хүү А т нь ах эгч хоёр нь боломжгүй байна. Зээлийн үлдэгдэлээ 98 000 төгрөгөөр хийгээд явж байгаад гайгүй болно, удахгүй тэгээд мөнгөө өгье. Зээлээ хаасан бол манай ордерыг банк бусад тавиад өгчих бид төлөөд авъя гэтэл үгүй гэсэн. Сүүлд нь бүр байнга ирж дарамт шахалт үзүүлээд байр зарна гэж хүмүүс дагуулж ирээд байхаар нь за ах эгч хоёр нь өөрсдөө зар өгье тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Тэгэхээр нь эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь өгнөө хохироохгүй арай ингэж болохгүй гэж хэлэвч ойлгоогүй. Байр зарсан тухайн үеийн татварын хөнгөлөлт 3 сая төгрөг бид авахгүй та ав гээд Б ах авч байсан. Мөн байрны зээл амь насны даатгалтай байсан учир мөнгө орсон гэж байсан. Гэхдээ үүнийг би энэ хүмүүс авах ёстой л гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.А миний бие 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бага хүүтэй зээл судалж явж байхдаа танил М.Г тай таарч түүгээр зуучлуулан Ш.Б болон түүний эхнэр О нартай танилцан тохирч миний байрны ордер дээр ХХБ-наас орон сууцны зээлээр сарын хүү нь 1.2 хувьтай зээл авахаар болж. Байраа 45 000 000 сая гэж үнэлж урьдчилгаа 20 хувь болох 9 000 000 төгрөгийг би зээл чөлөөлдөг хүнээс түр зээл гартал хүүтэй зээлэн авч байршуулсан. С.Б , О нар нь ХХБ-тай байрны зээлийн гэрээ хийж би өөрийн өмчлөлийн байраа С.Баярхишгийн нэр дээр шилжүүлж банкнаас 45 000 000 төгрөгний зээл гарсан. Зээл гарахтай холбогдон гарсан бүх зардлыг би өөрөө хариуцан төлсөн. Уг гарсан зээлээ 9 000 000 төгрөгийг 20 хувиа байршуулахад өгсөн хүндээ эргүүлэн өгч, ХХБ банкны Д.А миний дансанд байрны үнэ гэж орсон 36 000 000 төгрөгнөөс О эгч Б нарт 17 350 000 төгрөг бэлнээр өгч би өөрөө үлдэгдэл 18 650 000 төгрөгийн авч тус тусдаа зээлийн хувиараа салган хийж, тус тусийн зээлээ төлөхөөр тохиролцсон ба Ш.Б ахыг нас барахаас өмнө банкны зээлээ бүгд хуваарийн дагуу төлж тохиролцсон ёсоор бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар миний үндсэн зээл 6 900 000 төгрөг үлдсэн байсан. Мөн зээлээ урьдчилан төлсөн байсан тул сарын төлөлт 93 600 төгрөг болж буурсан байсан. Гэтэл Ш.Б ах нас барж мөн миний нөхрийн бие муудаж би гэртээ ажилгүй жил гаран байх хугацаанд сарын төлөлтөнд хүндрэл учирч хугацаа хэтэрч байсан энэ үед талийгаачийн ар гэрийнхэн дарамт шахалт олон удаа үзүүлж гэрт ирж гадаа шитны тог хайчилж хаях эсвэл байр зарна гэж зар өгч хүн явуулдаг байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж миний амьдарч байгаа орон сууцыг чөлөөлүүлж, намайг орон сууцгуй болгуулахаар маргаан үүсгэж, энэ асуудлыг шүүх үнэн шударгаар шийдэх байх гэж бодож явтал ийм нэхэмжлэл гаргахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд ямарч боломжгүй болсон учир ийнхүү сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Мөн хоорондоо тохирсон зээлийн хугацаа дуусаагүй байхад үлдсэн бүх зээлээ хааж хүү Б.А нь байрны өмчлөгч болсоноо хэлээгүй байсныг шүүхэд өгсөн хойно нь мэдсэн. Анхнаасаа би өөрийн орон сууцаа талийгаач Ш.Б ахад огт худалдаагүй ба зээлийг 2 тал хамт аваад зээлсэн мөнгөө тус тусдаа төлж дуусаад буцаагаад байрны гэрчилгээгээ нэр дээрээ болгуулж авна гэж тохирсон байтал Ш.Б ийн хүү болон эхнэр нь орон сууцны гэрчилгээг Б.А ын нэр дээр шилжмэгц надаас орон сууцыг минь авахаар улайрч байна. Иймд 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Нэхэмжлэгч Б.А сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: Миний аав Ш.Б нь 2011 оны 04 дүгээр сарын 04-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум, У баг ** тоот байрыг орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж Худалдаа хөгжлийн банкны зээлд хамрагдан авсан бөгөөд аав маань уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад /2 000 000 төгрөг орчим/ нас барсан. Ингээд аавыг нас барсны дараа би уг зээлийг төлж барагдуулсан ба зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөд өв залгамжлах эрх нээлттэй болж, өвлөх эрхийн дагуу тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө авсан.Уг орон сууцанд амьдрах гэтэл тухайн орон сууцыг худалдсан, хариуцагч Д.А гэр бүлийн хамт амьдарч байсан учир орон сууцыг чөлөөлөхийг хүсэхэд удахгүй гарна, та нарт баярлаж явдаг шүү, орон байрыг удахгүй чөлөөлж өгнө гэж байснаа зугтаах болсон, үүнээс хойш ажлын байран дээр нь очиход уулзах боломжгүй гэж үүдний жижүүртээ хэлэн уулзахгүй байсан. Ингээд орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэл гаргатал аавтай хамтарч зээл авсан, барьцаанд нь байраа тавьсан гэж гүтгэж шүүхэд маргаан үүсгэх болсон. Үнэхээр зээлийн асуудал байсан эсэхийг аавын холбогдолтой баримтуудад үзэхэд юу ч байгаагүй, түүнчлэн орон сууцнаас гарах асуудлыг ярьж уулзахад ч хариуцагч энэ тухай хэлж байгаагүй. Би өөрийн ээж дүү нараас асуухад тийм зүйл огт байхгүй. Хариуцагчийг худал хэлж байна. Биднийг 14 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийсэн гээд байгаа хэрэг үү худлаа ярьж байна, аав чинь чамд зориулаж худалдан авсан байр гэж хэлсэн. Шүүх хурал дээр бид зээлийн гэрээтэй байсан гээд хариуцагч уйлаад байхаар нь хурлын дараа гэртээ очин дахин ээжээ асуусан, тийм зүйл огт байхгүй, яагаад ингээд байгаа юм, биднийг дээрэлхэж байна, аав чинь орон байргүй хэцүү үлдэж байгаа гэнэ, нөхөр нь өвчтэй, өөрөө өртэй гээд зовлон тоочоод хэсэг хугацаанд орон байрны асуудал шийдтэл байлгаач гээд байна, хүүгээ сургуулиа төгсөж иртэл гээд зөвшөөрчихлөө, хүүгээ өрх тусгаарлатал гайгүй байлгүй гэж байсан гэх зүйлийг хэлсэн. Мөн өмнөх шүүх хурлын дараа хариуцагчаас ажиглагдсан зүйл юу вэ гэхээр хурал дээр уйлж байсан хүн чинь хурлын дараа уйлсан гэх хүний шинжгүй, ширэв татаад хүнтэй утсаар хээв нэг яриад шүүхээс гараад яваад өгсөн. Энэ үед худлаа уйлж байсан нь мэдэгдэж байсан билээ. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жил 4 сар болсны дараа худалдах худалдан авах гэрээ байгаагүй, зээл байсан гэх маргааныг үүсгэж байна. Энэ хугацаанд аав бид хоёр чинь хамтарч зээл авсан байсан, төлж чадахгүй байна гэж нэг ч удаа ирж байгаагүй, уулзахад ч энэ тухай ярьж байгаагүй, харин ч зугтааж, утсаа огт авдаггүй, очихоор үүдээ тайлж өгдөггүй, уулзах гээд ажил дээр нь очихоор байхгүй гэж хэлүүлэн уулздаггүй, арайхийж уулзахаар удахгүй орон байраа чөлөөлнө гэж байсан хүн билээ. Мөн нөхөр нь одоо ч аргагүй биднийг уучлаарай гэж байсан. Тухайн сөрөг нэхэмжлэлдээ: Зээлээ бүгд хуваарийн дагуу төлж байсан тухай дурджээ. Үүний нотлох баримт болгон дансны хуулга баримт гаргаж өгсөнтэй танилцаад, ээж болон өөрийн дүү Б.У ас тодруулж асуухад: Миний аав орон сууцанд амьдрахыг зөвшөөрөхдөө зээлийн төлбөрөөс сар бүр төлөх тохиролцоог хийсэн, байранд байлгасны хөлс гэж авч байсан мөнгөө зээлийн дансруугаа хийлгүүлж байсан үнэн гэхдээ ямар ч түрээс болон хөлсний гэрээ бичгээр үйлдээгүй, аав маань тухайн орон сууцыг зээлээр авсан учир та нар байя гэвэл зээлийн төлбөрийн 50 хувийг сар бүр төлөх, мөн гэрэл тогны мөнгөө сар болгон төлөх гэж тохиролцоод, хүүг иртэл байж болно гэж зөвшөөрсөн байсан, мөнгө өгөхгүй үед би очиж нэхдэг байсан гэж дүү Б.У хэлсэн тул тус хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Миний аав Ш.Б хийсэн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон суун худалдах худапдан авах гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний дагуу худалдаа хегжлийн банкинд төлөх орон сууцны зээлийг аав маань төлж байгаад, би үргэлжлүүлэн төлж барагдуулсан. Иймд би тус орон сууцны хууль ёсны өмчлөгч тул серөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Д.А д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын У баг ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, уг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Б.А эс зөвшөөрч байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Шарав овогтой Б /ТГ:65032313/ нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний хүү Б ийн А хууль ёсны өвлөгч болсон байна. /хх-6/

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй./хх-2, 83-86/

Нэхэмжлэгч Б.А ын эцэг Ш.Б , хариуцагч Д.А нар 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн ** тоот Ү-№ улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр /Худалдаа хөгжлийн банкны зээлээр/ худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн худалдах худалдан авах тухай гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна. /хх 70, 72, 75-82/

Шаравын Б нь 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүү Б.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн ** тоот байрны өвлөх эрхийн гэрчилгээ авч, уг байрны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аван өвлөгч, өмчлөгч болсон байна.

Хариуцагч Д.А нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Б ах О эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл авахаар тохирсон. Бид хоёр талаасаа зээлийг төлөөд явна гэж тохироод орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, ХХБ-аас 36 000 000 төгрөгийн зээл авснаас Б 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Зээлээ төлөөд дуусахаар байраа буцааж нэр дээрээ болгоно гэж байсан. Хөлслөж суусан зүйлгүй, анхнаасаа энэ байранд амьдарч байсан, амьдарсаар байгааг гэрч М.Г батална гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргаан бүхий орон сууцны худалдах худалдах авах гэрээнд оролцоогүй, мөнгө төгрөгний талаар сайн мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь өөрийн шаардлагын үндэслэлээ нотлож чадахгүй байна гэж шүүх дүгнэв. Учир нь орон сууцыг анх 45 000 000 төгрөгөөр худалдаж авсан бол зээлийн гэрээнээс гадна 9 000 000 төгрөгийг хэрхэн яаж төлсөн, Д.А байр хөлслөж сууж байсан бол хэднээс хэдний өдөр, ямар хугацаагаар хэдэн төгрөг төлөөгүй, сүүлийн төлөлтүүд яагаад буурч төлөгдөж байсан талаар мэтгэлцэж чадахгүй байна.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Д.А нь Ш.Б ийн хууль ёсны өвлөгчийн хувьд нэхэмжлэгч Б.А т холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.А , Ш.Б нарын хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн ** тоот 3 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр /ХХБ-ны зээлээр/ худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Бага хүүтэй орон сууцны зээлийн талаар талууд хэлэлцэн тохирч банкны урьдчилгаанд 20 хувь байршуулах шаардлагаар 9 000 000 төгрөгийг хүнээс авч Д.А байршуулсан бөгөөд эргээд зээл гарахад төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг. Энэ талаар нэхэмжлэгч Б.А мэдэх зүйлгүй гэдэг.

Зээл авах болсон шалтгаан хийгээд орон сууц худалдах худалдан авах талаар гэрч М.Г гэрчилнэ гэсэн хариуцагчийн хүсэлтийн дагуу М.Г г гэрчээр асуухад орон сууц худалдах худалдан авах зорилго анхаасаа байгаагүй гэж мэдүүлдэг,

Орон сууцыг хөлслөж байсан, төлбөрийг нэхэж манай дүү Д.А тай уулздаг байсан төлбөр тооцоог сайн мэдэх тул гэрчээр оролцуулна гэсэн нэхэмжлэгч Б.А ын хүсэлтээр Б.Уянгийг гэрчээр асуухад ...орон сууцны худалдах худалдан авах гэрээний үнийн талаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн төдийгүй түрээслэн суусан хугацааны төлөөгүй төлбөрийн тооцоо хэд хэчнээн төгрөг байгаа талаар хариулж чадаагүй болно.

2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр 36 000 000 төгрөгийг Д.А гийн дансаар олгосон болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа боловч бэлнээр 17 350 000 төгрөгийг Ш.Б т өгсөн, машин авч унах хэрэгтэй байна зээлээс багасгах шаардлагатай гэсний дагуу 9 800 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Ш.Б ийн Худалдаа хөгжлийн банкны № тоот дансанд хийсэн, түүнээс хойш зээлийн төлөлт буурсан гэсэн хариуцагчийн тайлбар нь дансны хуулгаар нотлогдож байна. /хх 183-189, 26-31/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдно. Ийнхүү хийсэн хэлцэл нь хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх бөгөөд харин далдлагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр байж болох юм. Тодруулбал: орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус боловч зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж болно.

Иймд хариуцагч Д.А гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын У багийн ** тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.А ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Д.А , Ш.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 400 төгрөг, 387 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гийн илүү төлсөн 5 000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.А аас 382 950 төгрөг гаргуулан хариуцагч Д.А д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ