Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2017/01228/И |
Дугаар | 142/ШШ2019/01224 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2019/01224
2019 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 142/ШШ2019/01224 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг *******/-д холбогдох
48,963,405 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний төрсөн эцэг Шарав овогтой нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг ******* тоот орон сууцыг *******гаас ХХБ-ны зээлээр худалдан авч, байрны зээлээ цаг тухай бүрд нь төлж яваад 2014 оны 10 дугаар сарын 25-нд зуурдаар нас барсан. ХХБ-ны үлдэгдэл зээлийг хүү ******* би үргэлжлүүлэн төлж байгаад 2016 оны 12 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. Уг байр нь аав *******ийн өмчлөлийн байр байсан ба өв залгамжлагчаар би өвлөн үлдэх болсон. Тухайн үед байраа зарсан эзэд нь зарсан байрандаа түр хугацаагаар суухаар аавтай тохиролцож байсан юм билээ. Одоо уг ******* тоот байраа суллаж авах гэсэн боловч байранд сууж буй хүмүүс байр суллаж өгөхгүй байгаа тул намайг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцнаас *******г албадан гаргаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Хариуцагч ******* нь 2011.04.11-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрч. нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Миний аав ээс 2019.04.04 ны өдөр уг гэрээг үндэслэн 9.000.000 төгрөг, 2019.04.11-нд 36.000.000 төгрөгийг ******* нь өөрийн дансаар шилжүүлэн авсан ба энэхүү баримт Худалдаа хөгжлийн банкны хуулгаар нотлогдож байна. Миний аав төрсөн хүүдээ худлаа хэлдэг хүн биш бөгөөд тухайн үед уг орон сууцыг надад зориулан худалдан авсан гэж надад хэлж байсан ба хүүдээ худлаа хэлээгүй, харин их зөөлөн сэтгэлтэй хүн байсан учир өвчтэй зовлонтой нөхөртэй зээлэнд орон сууцаа алдсан гэх хариуцагчийн зовлон шалтгааныг нь хүлээн авч худалдан авсан орон сууцандаа байлгасан гэж хэлж байсан боловч энэ байдлыг хүү болох миний бие нотолж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гэвч хэрэг маргааныг үүсгэснээс хойш өөрийгөө болон хайртай аавыгаа гүтгүүлж элдвээр хэлүүлэн байж мэтгэлцэн энэ орон сууцыг авч, өөрийн гал голомгоо бадраах хүсэлгүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би аавыгаа хүүдээ худлаа хэлээгүй гэж итгэж байсан хэдий ч Анод банкны зээлд 22.268.222 төгрөгийн төлбөрийн хуудас иртэл аавдаа эргэлзэж байсан, харин одоо эргэлзэх зүйлгүй аав маань уг орон сууцыг худалдан авсан байна гэдгийг нотлох баримтууд хэрэг ирснийг харлаа. Харин миний хувьд орон сууцаа буцаан авах гэж улайран бусдыг гүтгэж байгаа хүний байрны өмчлөгч болох хүсэлгүй байгаа учир сөрөг нэхэмжлэллийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна .
1.2011.04.11-ний өдрийн Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2011.04.04 ны өдрийн аав ээс дансаар шилжүүлэн авсан 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах
2.2011.04.11-ний өдөр дансаар шилжүүлэн авсан 36.000.000 төгрөгийг хүүтэйгээ 56.882.322 төгрөг болгон төлсөн байдаг ба үүнээс Монгол даатгал ХХК ийн 2015.01.16-ны өдөр төлсөн 16.918.917 төгрөгийг хасч 39,963,405 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг гаргаж байна.
Миний бие үндсэн зээл 15,082,063 төгрөг хүү 4,762,947 төгрөг 20,271,210 төгрөгийг төлсөн. Аав маань үндсэн зээл 3,792,706 төгрөг хүү 16,060,423 төгрөгийг нийт 19,853,129 төгрөгийг төлөөд нас барсан. Аав мөнгийг төлж байх үед Аззаяа нь 245,000 төгрөгөөр болон 210,000 төгрөгөөр нийт 6,900,000 төгрөгийг төлж байсан баримт хэрэгт ирсэн байна.
Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний аав Ш. нь 2011 оны 04 дүгээр сарын 04-нд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг баг ******* тоот байрыг орон сууцыг зээлээр худалдах худалдан авах болж Худалдаа хөгжлийн банкны зээлд хамрагдан авсан бөгөөд аав маань уг орон сууцны зээлээ сар бүр төлж байгаад /2 000 000 төгрөг орчим/ нас барсан. Ингээд аавыг нас барсны дараа би уг зээлийг төлж барагдуулсан ба зээлийн барьцаанаас чөлөөлөгдөхөд өв залгамжлах эрх нээлттэй болж, өвлөх эрхийн дагуу тухайн орон сууцыг өөрийн өмчлөлдөө авсан.Уг орон сууцанд амьдрах гэтэл тухайн орон сууцыг худалдсан, хариуцагч ******* гэр бүлийн хамт амьдарч байсан учир орон сууцыг чөлөөлөхийг хүсэхэд удахгүй гарна, та нарт баярлаж явдаг шүү, орон байрыг удахгүй чөлөөлж өгнө гэж байснаа зугтаах болсон, үүнээс хойш ажлын байран дээр нь очиход уулзах боломжгүй гэж үүдний жижүүртээ хэлэн уулзахгүй байсан. Ингээд орон сууцнаас албадан гаргах нэхэмжлэл гаргатал аавтай хамтарч зээл авсан, барьцаанд нь байраа тавьсан гэж гүтгэж шүүхэд маргаан үүсгэх болсон. Үнэхээр зээлийн асуудал байсан эсэхийг аавын холбогдолтой баримтуудад үзэхэд юу ч байгаагүй, түүнчлэн орон сууцнаас гарах асуудлыг ярьж уулзахад ч хариуцагч энэ тухай хэлж байгаагүй. Би өөрийн ээж дүү нараас асуухад тийм зүйл огт байхгүй. Хариуцагчийг худал хэлж байна. Биднийг 14 жилийн хугацаатай зээлийн гэрээ хийсэн гээд байгаа хэрэг үү худлаа ярьж байна, аав чинь чамд зориулаж худалдан авсан байр гэж хэлсэн. Шүүх хурал дээр бид зээлийн гэрээтэй байсан гээд хариуцагч уйлаад байхаар нь хурлын дараа гэртээ очин дахин ээжээ асуусан, тийм зүйл огт байхгүй, яагаад ингээд байгаа юм, биднийг дээрэлхэж байна, аав чинь орон байргүй хэцүү үлдэж байгаа гэнэ, нөхөр нь өвчтэй, өөрөө өртэй гээд зовлон тоочоод хэсэг хугацаанд орон байрны асуудал шийдтэл байлгаач гээд байна, хүүгээ сургуулиа төгсөж иртэл гээд зөвшөөрчихлөө, хүүгээ өрх тусгаарлатал гайгүй байлгүй гэж байсан гэх зүйлийг хэлсэн. Мөн өмнөх шүүх хурлын дараа хариуцагчаас ажиглагдсан зүйл юу вэ гэхээр хурал дээр уйлж байсан хүн чинь хурлын дараа уйлсан гэх хүний шинжгүй, ширэв татаад хүнтэй утсаар хээв нэг яриад шүүхээс гараад яваад өгсөн. Энэ үед худлаа уйлж байсан нь мэдэгдэж байсан билээ. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш 7 жил 4 сар болсны дараа худалдах худалдан авах гэрээ байгаагүй, зээл байсан гэх маргааныг үүсгэж байна. Энэ хугацаанд аав бид хоёр чинь хамтарч зээл авсан байсан, төлж чадахгүй байна гэж нэг ч удаа ирж байгаагүй, уулзахад ч энэ тухай ярьж байгаагүй, харин ч зугтааж, утсаа огт авдаггүй, очихоор үүдээ тайлж өгдөггүй, уулзах гээд ажил дээр нь очихоор байхгүй гэж хэлүүлэн уулздаггүй, арайхийж уулзахаар удахгүй орон байраа чөлөөлнө гэж байсан хүн билээ. Мөн нөхөр нь одоо ч аргагүй биднийг уучлаарай гэж байсан. Тухайн сөрөг нэхэмжлэлдээ: Зээлээ бүгд хуваарийн дагуу төлж байсан тухай дурджээ. Үүний нотлох баримт болгон дансны хуулга баримт гаргаж өгсөнтэй танилцаад, ээж болон өөрийн дүү Б.Уянгаас тодруулж асуухад: Миний аав орон сууцанд амьдрахыг зөвшөөрөхдөө зээлийн төлбөрөөс сар бүр төлөх тохиролцоог хийсэн, байранд байлгасны хөлс гэж авч байсан мөнгөө зээлийн дансруугаа хийлгүүлж байсан үнэн гэхдээ ямар ч түрээс болон хөлсний гэрээ бичгээр үйлдээгүй, аав маань тухайн орон сууцыг зээлээр авсан учир та нар байя гэвэл зээлийн төлбөрийн 50 хувийг сар бүр төлөх, мөн гэрэл тогны мөнгөө сар болгон төлөх гэж тохиролцоод, хүүг иртэл байж болно гэж зөвшөөрсөн байсан, мөнгө өгөхгүй үед би очиж нэхдэг байсан гэж дүү Б.Уянга хэлсэн тул тус хэрэгт гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Миний аав Ш.Баярхишиттэй хийсэн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн орон суун худалдах худапдан авах гэрээ нь хууль ёсны дагуу хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний дагуу худалдаа хегжлийн банкинд төлөх орон сууцны зээлийг аав маань төлж байгаад, би үргэлжлүүлэн төлж барагдуулсан. Иймд би тус орон сууцны хууль ёсны өмчлөгч тул серөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу явуулахаар бизнесийн зээл аваад явуулсан гэтэл 2 дүү маань 2 сарын дараа баригдаад Монголд ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүнд 684 000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк нь бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх вэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах эгч хоёр байгаа, ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад тохироод ах Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон. Мөн бид хоёр 12 500 000 төгрөгөөр 2009 онд орж ирсэн машин авсан байснаа зарж зээлдээ хийх гэж байгаа гэсэн. Тэгвэл та хоёр машинаа 9 сая гэж байгаа юм уу бид хоёрт 7 саяаар өгчих. Бид хоёр ялгаагүй зээлийг чинь төлөөд явна гэж тохироод аймгийн захиргааны нэг цонхны нотариат дээр худалдах худалдан авах гэрээ хийж, машин өгөөд ХХБ-аас авсан зээлийг 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөх болоод тохироод зээлээ авсан. Тухайн зээлтэй холбоотой бүх зардлыг би даана гээд төлсөн байгаа. Ингээд мөн зээл авч өгсөн шагнал гэж 1 000 000 төгрөг өгсөн. Тэр нь Хабитатын төсөв, байшин бариулах урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөг төлдөг байсан юм. Үүний 1 500 000 төгрөгийг өөрсдөө төлж 1 000 000 төгрөгийг би өгч байшин бариулсан. Ингээд 2011 оны 5 дугаар сарын 11-нээс эхлэн төлөлтөө яг цаг тухайд нь ХХБ-ны ийн 407185279 тоот дансанд 2015 оны 09 сарын 11-нийг хүртэл хугацаандаа хийж байсан. 2015 оны 06 сарын 17-нд манайх Ланд машин авах гээд наадмын өмнө та хоёр зээлээсээ төлөх үү гэхээр нь 9 800 000 төгрөг төлж миний зээл үндсэн мөнгө 7 100 000 төгрөг үлдсэн юм. Үүнээс цааш хувиар гаргаж үзэхээр би үлдсэн мөнгөн дээрээ сард 98 000 төгрөгөөр төлөх байсан боловч хаашдаа би төлөх юм чинь гээд 7, 8, 9 сард нь 245 000 төгрөг хийсэн. Тэгж байгаад 2015 оны 10 сард ах нас бараад би ч ажилгүй байсан тэр үед 10, 11 сард мөнгө хийгээгүй байсан. Эхнэр Оюунцэцэг манай гэрт 2 удаа ирэхээр нь 250 000 төгрөгөөр 2 удаа мөнгө өгөөд явуулсан. Баримт аваагүй. Хэн хэндээ итгээд тэгээд цаашдаа мөнгөө огт төлөөгүй биш 98 000 төгрөгөө хугацаандаа хийж амжаагүй үе байсан ч дараа нь нөхөөд өгөөд яваад байсан. Яагаад гэнэт зээлээ хийж чадахаа байсан гэхээр би өөрөө ажилгүй болоод ажиллаж байсан төслийн маань хугацаа дуусаад 2015 оны 11 сараас нөхөр маань бөөрний архаг дутагдалд орж 2016 оны 03 сараас бөөрний аппаратанд ордог болоод тэр үед Эрдэнэтэд байхгүй гээд Улаанбаатар хотод 7 хоногтоо 750 000 төгрөгөөр аппаратанд мөн 7 хоногт эм түлш 250 000 төгрөгөөр орж байсан. Тэгж байгаад 7 сараас Эрдэнэтэд аппаратанд ордог болж байгаад 2017 оны 3 сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Бөөрний донор нь би өөрөө болж 40 гаран сая төгрөг болсон. Мөн тэгж байтал охин маань оюутан болоод зөндөө хүндрэл гарсан. Хүү Анхбаярт нь ах эгч хоёр нь боломжгүй байна. Зээлийн үлдэгдэлээ 98 000 төгрөгөөр хийгээд явж байгаад гайгүй болно, удахгүй тэгээд мөнгөө өгье. Зээлээ хаасан бол манай ордерыг банк бусад тавиад өгчих бид төлөөд авъя гэтэл үгүй гэсэн. Сүүлд нь бүр байнга ирж дарамт шахалт үзүүлээд байр зарна гэж хүмүүс дагуулж ирээд байхаар нь за ах эгч хоёр нь өөрсдөө зар өгье тэгээд хүн явуул үлдэгдэл мөнгийг өгье гэж тохирсон байсан. Мөнгөө өгье гэхээр хаа замбараагүй 25 сая төгрөг авна гэж байсан. Тэгэхээр нь эгч нь үлдсэн мөнгөө хүү торгуультай нь өгнөө хохироохгүй арай ингэж болохгүй гэж хэлэвч ойлгоогүй. Байр зарсан тухайн үеийн татварын хөнгөлөлт 3 сая төгрөг бид авахгүй та ав гээд ах авч байсан. Мөн байрны зээл амь насны даатгалтай байсан учир мөнгө орсон гэж байсан. Гэхдээ үүнийг би энэ хүмүүс авах ёстой л гэж бодож байна нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* миний бие 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бага хүүтэй зээл судалж явж байхдаа танил М.Гэрэлмаатай таарч түүгээр зуучлуулан Ш. болон түүний эхнэр Оюунцэцэг нартай танилцан тохирч миний байрны ордер дээр ХХБ-наас орон сууцны зээлээр сарын хүү нь 1.2 хувьтай зээл авахаар болж. Байраа 45 000 000 сая гэж үнэлж урьдчилгаа 20 хувь болох 9 000 000 төгрөгийг би зээл чөлөөлдөг хүнээс түр зээл гартал хүүтэй зээлэн авч байршуулсан. С., Оюунцэцэг нар нь ХХБ-тай байрны зээлийн гэрээ хийж би өөрийн өмчлөлийн байраа С.Баярхишгийн нэр дээр шилжүүлж банкнаас 45 000 000 төгрөгний зээл гарсан. Зээл гарахтай холбогдон гарсан бүх зардлыг би өөрөө хариуцан төлсөн. Уг гарсан зээлээ 9 000 000 төгрөгийг 20 хувиа байршуулахад өгсөн хүндээ эргүүлэн өгч, ХХБ банкны ******* миний дансанд байрны үнэ гэж орсон 36 000 000 төгрөгнөөс Оюунцэцэгэгч нарт 17 350 000 төгрөг бэлнээр өгч би өөрөө үлдэгдэл 18 650 000 төгрөгийн авч тус тусдаа зээлийн хувиараа салган хийж, тус тусийн зээлээ төлөхөөр тохиролцсон ба Ш. ахыг нас барахаас өмнө банкны зээлээ бүгд хуваарийн дагуу төлж тохиролцсон ёсоор бидний харилцаа хэвийн үргэлжилж байсан. 2014 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар миний үндсэн зээл 6 900 000 төгрөг үлдсэн байсан. Мөн зээлээ урьдчилан төлсөн байсан тул сарын төлөлт 93 600 төгрөг болж буурсан байсан. Гэтэл Ш. ах нас барж мөн миний нөхрийн бие муудаж би гэртээ ажилгүй жил гаран байх хугацаанд сарын төлөлтөнд хүндрэл учирч хугацаа хэтэрч байсан энэ үед талийгаачийн ар гэрийнхэн дарамт шахалт олон удаа үзүүлж гэрт ирж гадаа шитны тог хайчилж хаях эсвэл байр зарна гэж зар өгч хүн явуулдаг байсан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж миний амьдарч байгаа орон сууцыг чөлөөлүүлж, намайг орон сууцгуй болгуулахаар маргаан үүсгэж, энэ асуудлыг шүүх үнэн шударгаар шийдэх байх гэж бодож явтал ийм нэхэмжлэл гаргахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэхэд ямарч боломжгүй болсон учир ийнхүү сөрөг нэхэмжпэл гаргаж байна. Мөн хоорондоо тохирсон зээлийн хугацаа дуусаагүй байхад үлдсэн бүх зээлээ хааж хүү ******* нь байрны өмчлөгч болсоноо хэлээгүй байсныг шүүхэд өгсөн хойно нь мэдсэн. Анхнаасаа би өөрийн орон сууцаа талийгаач Ш. ахад огт худалдаагүй ба зээлийг 2 тал хамт аваад зээлсэн мөнгөө тус тусдаа төлж дуусаад буцаагаад байрны гэрчилгээгээ нэр дээрээ болгуулж авна гэж тохирсон байтал Ш.ийн хүү болон эхнэр нь орон сууцны гэрчилгээг *******ын нэр дээр шилжмэгц надаас орон сууцыг минь авахаар улайрч байна. Иймд 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь одоогийн амьдарч байгаа ******* тоот орон сууцыг 2004 оны 6 сард Хаан банкнаас байрны зээлээр 60 сарын хугацаатай 5.800.000 төгрөгөөр худалдан авч зээлээ төлж дууссан . Би өөрөө айлын том доороо 5 дүүтэй бөгөөд 2 дүүгээ ажилгүй байж байхаар солонгос улсруу явж ажил хийж ирвэл зүгээр гээд Анод банкнаас 2008 оны 3 сард сарын 3.6 хувийн хүүтэй бизнессийн зээл авч өгөөд хараар ажиллууулахаар явуултал дүү нар удалгүй 3 сарын дараа баригдаж ирээд би зээлээ өөрөө төлж байгаад тэгтэл Анод банк татан буугдаад Эрдэнэтэд байхгүй болсон болохоор зээлээ төлөхгүй хэдэн сар болтол Анод банк 2011 оны 3 сард шүүхэд зээлдэгч нараа өгсөн байсан тийм учираас би арай гэж зээлээр авчаад төлж дууссан байраа алдахгүйн тулд бага хүүтэй зээл судалж байсан юм.
Гэтэл миний танил М.Гэрэлмаа таараад байрны зээл одоо хүү багатай 1,2 хувь болсон мөн хугаацаа урттай 15 жил болсон байна лээ, манай хүргэн ах эгч 2 өөрийнхөө байрыг хүний нэр дээр болгоод тийм зээл авсан чи тийм хүн олж уулз шагналыг нь өгье гэж яриад гэсэн би надад тэгж зээл авч өгөх ажил төрөлтэй ах дүү байхгүй яах уу гэтэл манай эгчтэй нэг айлын бэр н.Оюунцэцэг эгч нөхөртэйгээ 2-лаа Эрдэнэт үйлдвэрт ажилладаг юм би чамайг уулзуулж өгье гэж хэлээд бид 2 очиж уулзаад ярьтал болох л юм байна бид 2 бас цалингийн зээлтэй байгаа хүү нь ч буух юм байна бас хугацаа нь урт болохоор сарын төлөлт нь буураад зүгээр юм байна. би ганцаараа шийдэхгүй манайд орой ирээд нөхөртэй бас уулзаараа гэхээр нь Гэрэлмаатай хамт 5-р микрийн 3-р байрны 8 давхарт байдаг гэрт нь очиж уулзаад тохирон Зээл авахаар болж аль банкаар зээлээ авах уу гэж ярилцаад ХХБ банкаар цалингаа авдаг бас Гэрэлмаа миний таньдаг эдийн засагч Батбаяр гэж байгаа би бас давхар хэлж өгье гэсэн учир банктай ах, Оюунцэцэг эгч 2 очиж уулзаад манай байрыг үзүүлээд зээлийн материалаа бүрдүүлж өгч зээлээ хөөцөлдөж эхэлсэн. 2011 оны 04 дүгээр сарын эрхээр Худалдаа хөгжлийн банк судалж үзээд байрны зээлийнхээ урьдчилгаа 20 хувийг байршуулах хэрэгтэй гэсний дагуу Би Гэрэлмаагийн найз Алтаннар гэж эмэгтэйгээс цөөн 3-4 хоногоор 9 сая төгрөгийг хүүтэй авч байршуулсан Банкнаас зээл гарч 9 сая төгрөгийг зээлж авсан Алтанарт буцаан өгч зээлийн 36.0 сая төгрөгнөөс 17,350,000 төгрөгийг С. ах, Оюунцэцэг эгч 2 т би данснаасаа бэлэн авч өгч, үлдэгдэл 18,650,000 төгрөгийг авсан. Тухайн зээлтэй холбоотой гарсан бүх зардлыг нь би төлсөн, мөн чиний байр юм чинь банкны хийгээд байгаа амь насны даатгалыг мөнгийг төл гээд би тухайн үед эдгээр 2 даатгалын мөнгийг төлсөн 100,000 орчим, мөн шагнал болох сая төгрөг бэлнээр өгч, та 2 татварын хөнгөлөлт эдэлж болно гэж хэлж С. ах 2012,2013 онд 3 сая төгрөгний татварын хөнгөлөлт эдэлсэн байдаг, мөн би 2012,2013,2014 онуудад банкны даатгалын гэрээ сунгах болгонд мөнгө гэрээгээ сунгаарай гээд бэлэн мөнгө өгч гэрээг С. ахаар сунгуулж байсан, гэрээний сунгалтын мөнгийг би эхнэр Оюунцэцэг эгч надаас ирж авдаг байсан. Уг зээлийг авсан өдрөө би Оюунцэцэг эгчийг ажил дээрээ дагуулж ирээд компьютер дээрээ 2 талынхаа тус тусдаа төлөх зээлийн хуваарийг гаргаж авцгаасан гэхдээ тухайн үедээ итгээд л гарын үсэг зуралцаагүй зүгээр хувиар гаргаад өөр өөрсдөө авсан юм. Ингээд сар бүрийн 11-ний өдөр зээлийн төлөлт төлөх хувиар банк гаргаж өгсөн харин С. ах, Оюунцэцэг эгч 2 үйлдвэрийн цалин сар бүрийн 6-7 хооронд ордог, тэрнээс нь зээл татаад авчих байх тиймээс чи зээлээ 11-нээс өмнө хийж байгаарай гэсэн учраас би 11-нээс өмнө өөрийн төлөх зээлээ хийж байсан. Би зээл нэр дээрээ авч өгсөн хүний итгэл алдахгүйн тулд 2011 оны 05 дугаар сараас 2014 оны 09 дүгээр сарын дуустал зээлээ хугацаандаа хийж байсан юм, зээл авснаас хойш эхний 24 сард би 210,000 төгрөгөөр зээлээ төлсөн байгаа энэ нь Оюунцэцэг эгч Булган аймгийн Ингэт суманд байдаг өөрийн ээжийнхээ өвөлжөө, хаваржааг янзлах хэрэгтэй байна. Би эгчдээ ажлын газраас нөгөө хүүгүй өгдөг зээлээсээ 1 сая төгрөг аваад өгөөч гэсэн учир би авч өгөөд тэр зээлийг нь би төлсөн учир миний эхний 24 сарын төлөлтийг 210,000 төгрөг болгож хоорондоо тохирон төлсөн.
Мөн зээлээ хугацаандаа хэл амгүй төлөлцөж байсан бөгөөд 2014 оны 6 сарын дундуур Оюунцэцэг эгч залгаад Баяраа ах чинь наадмаар Бугат сумынх нь ойтой юмаа ланд машин авна гээд байгаа юм зээл авах гэсэн байрны зээл өндөр байна гээд байна банк чи зээлээсээ төлөх боломж байна уу гэсэн би тэгэхээр нь хэдийг олж хийх үү гэтэл 12 сая байвал сайн байна гэхээр нь би мөнгө хайж хамаатны ахаасаа мөнгө зээлж 9.800.000 төгрөгийн С. ахын ХХБ ны 407185279 тоот зээлээ хийдэг байсан дансруу хийсэн . Энэ үед би зээлийн үлдэгдэлээ тооцож үзхэд Үндсэн зээлийн үлдэгдэл 3 сая орчим мөн цаашид үлдсэн хугацаандаа бодож үзээд Оюунцэцэг эгчид одоо миний зээлийн төлөлт сард 93,600 болох юм байна дүү нь сар сардаа хийгээд байнаа боломж байвал 2-с 3 жил болоод зээлээ дуусганаа гэж хэлсэн.
2014 оны 6 сард миний ажиллаж байсан Хүмүүнлэгийн байгууллага татан буугдаж би ажилгүй болсон ч ажилгүйдлийн мөнгөө аваад 7,8,9 сард 93,600 төгрөгөөр зээлээ төлөх байсан ч зээлээ буурч байг гээд 245,000 хийсэн тэгж байтал 10 сард ах гэнэт машинаа барьж яваад зүрх хаагдаж нас бараад данс нь хаагдсан бас нөхөр маань хүндээр өвчилж эмнэлэгээр яваад 2015,2016,2017 онуудад зээлээ төлдөг боловч заримдаа хойшоо урагшаа ухраад өгч чадахгүй үе ч байсан Данс нь хаагдсан учир Эхнэр , Охин , хүү мөн бэлэн ирж авч , өөр хүний дансруу хийлгүүлж авч байсан зээлээ эдгээр баримтууд нь байгаа яагаад гэхээр хүү Анхбаяр нь аавынхаа оронд орж зээл шилжсэн учир Ээж нь би одоо мэдэхгүй Анхбаяр мэднэ гэдэг учир би тэр үеэс хүүтэй нь холбогдож ирсэн. / ааваас нь хойш бэлэн болон бэлэн бусаар өгч байсан миний баримтууд байгаа шүүхийн хавтаст хэрэгт/ 2017 оны 10 сард Анхбаяр ажил дээр ирээд та зээлийнхээ төлөлтийг өгөх үү гэхээр нь надад мөнгө байхгүй учир би хүнээс 10 000 төгрөг зээлээд 80000 төгрөгийг Анхбаярт өгөөд миний дүү энийг хийж бай эгчид 20000 хэрэг байгаа энийгээ би авъя чамд дараа нөхөөд өгнөө гэж хэлээд бид 2 төгөл их дэлгүүрийн гаднаас салсан мөн эгч хүнээс 3 сая төгрөг авахаар боллоо тэрийг авах уу үлдэгдэлээ эгч он гараад арай гайгүй болохоор олж өгөе одоо нөхөр маань бие 90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан он гараад эрхтэн шилжүүлэх хагалгаанд орно, Охин оюутан болсон эгч нь ганцаараа төсвийн цалинтай хэцүү байна гэж гуйсан гэтэл удалгүй надад шүүхээс бичиг ирж очтол Анхбаяр байрнаас албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.
******* удаа дараа гарт ирж дарамталж , Хүүхдийг маань ганцаараа байхад нь айлгаж тогийг салгаж орж ирж зураг дараад хэд хэдэн удаа гарсан байдаг мөн янз бүрийн далуучуудыг дагуулж ирж байр зарна гэж үзүүлээд зарлаад байхаар манай нөхөр бид 2 Ах эгч 2 нь өөрсдөө зөр өгөе гээд зар өгтөл Анхбаяр танай байр гайгүй юм чинь манай ажлын газрын хүн байр авах гэж байгаа үзүүлье гэхээр тэг гэсэн боловч ирээгүй. Бид 2 ч зар өгсөн боловч зарагдаагүй юм.
2018 оны 2 сард Анхбаяр бага зэргийн халамцуу намайг гэрийн гадаа дэлгүүрийн тэнд дуудаад уулзтал байрны ордер гаргаж харуулаад би авах юмаа авсан шүү одоо яриад байх юм байхгүй гэхээр нь эгчийнхээ ордерийг банк бусд тавиад миний төлөх мөнгийг авчих би тэр зээлээ дараад явъя гэтэл үгүй , мөнгө өгвөл 25-30 сая өгч байж ав гэж хэлсэн.
Би Анхбаяр болон ээж дүүтэй нь холбогдож байсан бидний хоорондоо бичиж байсан зүйлс мобикомоос лавлагаа авах юм бол нотлогдоно. Мөн намайг худлаа утссаа авдаггүй . зугатаад уулздаггүй гэж гүтгэж байсан өмнөх шүүх хурлууд дээр энэ нь бүгд худлаа би 2015 оны 3 сард сургуульд нягтлан бодогчоор ажилд орсон Анхбаярын дүү нь 2 хүүхдээ байнга сургуульд нь өгч авахдаа таардаг мөн Анхбаяр ч манай ажил дээр ирж намайг дарамталж байр суллаж өг гэдэг байсныг хамт нэг өрөөнд суудаг байсан ажилтан маань гэрчилнэ. Миний ажил Анхбаярын гэрийнх нь яг хажуу буланд 100 метрийн зайтай байдаг бөгөөд би хэзээ ч ажлаа тасалж байгаагүй байнга ажил дээрээ ажлын цагаар байдаг байсныг манай байгууллагын ирцийн дэвтэр нотлоно. Харин 2017 онд 20 хоногийи чөлөөтэй байсан нөхөрөө хагалгаанд орох үед *******ын ээж бүх нарийн учир бүгдийг сайн мэдэж байж хүүхдээ ингэ явуулаад байгааг би гайхаж байна .
Би нийтдээ тухайн зээлд
2011-2013 онд 24 сараар *210000=5,040,000 төгрөг
2013-2014 онд 12 сараар *245000= 2,940,000 төгрөг
2014 оны 6 сард 9,800,000 төгрөг
2014 оны 7,8,9, сард 245,000*3=735,000 төгрөг, мөн түүнээс хойш бэлэн болон бэлэн бусаар 2,791,700 төгрөг нийт 21,306,700 төгрөг төлсөн. Мөн зээл авахдаа холбогдон гарсан бүх зардлыг би хариуцаж төлсөн. Мөн Анхбаярыг ажилгүй байхад заримт нэг үед мөнгө асуугаад ээж, аавд битгий хэлээрэй гээд ирэхэд байгаа боломжоороо мөнгө гч тусалдаг байсан, бага хэмжээгээр тэрийг энэ тооцоондоо оруулаагүй. Тиймээс би .Анхбаярын нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх миний төлсөн дүнгүүд С. ахын ХХБ 407185279 тоот дансны хуулга мөн миний шүүхэд гаргаж өгсөн бэлэн болон бэлэн бусаар *******т өгсөн баримтуудаар нотлогдоно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 48,963,405 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэвч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн аав С.ээс дансаар шилжүүлэн авсан 9.000.000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дансаар шилжүүлэн авсан 36,000,000 төгрөгийг хүүгийн хамт 56,882,322 төгрөг болгож төлсөн байдаг ба үүнээс Монгол даатгал ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 16,918,917 төгрөгийг хасч 39,963,405 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч ******* зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч *******ын эцэг Ш., хариуцагч ******* нар 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр /Худалдаа хөгжлийн банкны зээлээр/ худалдахаар болж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Худалдаа хөгжлийн банктай Ш., Б.Оюунцэцэг нар нь 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2011/407/054 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 14 жилийн хугацаатай, жилийн 13,2 хувийн хүүтэй, 36,000,000 төгрөгийг зээлж авсан байх ба, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлдэгч Ш. нас барж Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний хүү Ш.ийн Анхбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот орон сууцны хууль ёсны өвлөгч болж, өвлөх эрхийн гэрчилгээ авч, уг байрны өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аван өвлөгч, өмчлөгч болсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн худалдах худалдан авах тухай гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...Ш. ах Б.Оюунцэцэг эгч хоёр цалингийн зээлтэй байснаа хаагаад хоёр талаасаа зээл авахаар тохирсон. Бид хоёр талаасаа зээлийг төлөөд явна гэж тохироод орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, ХХБ-аас 36 000 000 төгрөгийн зээл авснаас 17 350 000 төгрөгийг сар бүр 228 953 төгрөгөөр төлөх, манайх үлдсэн 18 650 000 төгрөгийг сар бүр 245 600 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Зээлээ төлөөд дуусахаар байраа буцааж нэр дээрээ болгоно гэж байсан. Хөлслөж суусан зүйлгүй, анхнаасаа энэ байранд амьдарч байсан, амьдарсаар байгааг гэрч М.Гэрэлмаа батална гэж тайлбарладаг.
Хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******ын эцэг Ш.т худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, харин хамтарч зээл авахаар дээрх орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр Ш.ийн өмчлөлд шилжүүлж, Ш. нь 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банкнаас орон сууцны зориулалтаар 36,000,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан байрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан байна.
Энэхүү зээлийн 36 сая төгрөгийг Ш. 17,350,000 төгрөгийг, хариуцагч ******* 18,650,000 төгрөгөөр хуваан авч, тус бүрт ногдсон зээл, зээлийн хүүг хариуцан төлж байсан болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр Ш.,******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх *******гаас Ш.ийн өмчлөлд шилжсэн боловч бодит байдалд худалдах-худалдан авах гэрээ хэрэгжээгүй, орон сууцны эзэмшил шилжээгүй, талуудын хэн алинд нь орон сууцыг худалдах эсхүл худалдан авах хүсэл зорилго байгаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч *******ын эцэг Ш.ийг нас барах үед зээлийн өр төлбөр нийт 32,051,390 төгрөг үлдсэн байх ба, Монгол даатгал компаниас амь насны даатгалд 16,918,917 төгрөгийг нэхэмжлэгч *******т өгч, энэхүү төлбөрөөс дээрхи зээлийг төлж, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр барьцаа хөрөнгийг чөлөөлжээ.
Орон сууцны зээлийн төлбөрт 56,882,322 төгрөгийг төлсөн, үүнээс нэхэмжлэгч ******* 24,830,332 төгрөг төлж зээлийн гэрээ дуусгавар болгосон байна.
Хариуцагч нь зээл авах хэрэгцээ шаардлагатай байсан талаараа: Би 2008 онд Анод банкнаас 2 дүүгээ Солонгос улс руу явуулахаар бизнесийн зээл авсан. Гэтэл 2 дүү минь 2 сарын дараа баригдаад ирсэн. Тэр үеийн Анод банкны зээлийн хүү 3.6 хувь буюу зөвхөн сард хүүнд 684.000 төгрөг төлж байсан. Тэгээд Анод банк татан буугдаад зээлээ 2 дүү маань төлөх боломжгүй болсон тул олон сараар төлөөгүй байж байгаад Анод банк бүх зээлтэй хүмүүсээ шүүхэд өгөөд төлүүлсэн байдаг. Яг тэр үед Анод банкны зээлийг төлөх гээд яаж төлөх бэ гэж байж байтал манай нэг танил найз манай таньдаг ах, эгч 2 ГОК-д ажилладаг. Байрны зээл болгож хэн хэндээ хэрэгтэй шагналаа өгөөд мөн гарах зардлаа хариуцаад болдог юм уулзаад үз гээд очиж уулзахад Ш. ах, Б.Оюунцэцэг эгч 2 цалингийн зээлтэй байснаа хаагаад 2 талаасаа зээл хэд хэдийг авахаа тохироод зээл авах болсон гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолт, бусад баримтаар батлагдаж байна.
Мөн хариуцагч нь 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх төлбөрөө сар бүрийн 11-ний өдрийн дотор Ш.ийн Худалдаа хөгжлийн банкны 407185279 тоот дансанд, 2015 оны 6 сарын 17-нд 9.800.000 төгрөгийг төлсөн, нийт төлбөрийн үлдэгдэл 7.100.000 төгрөг үлдсэн учраас сар бүр 98,000 төгрөгөөр төлөхөөр хоорондын тохиролцсон графикт өөрчлөлт орсон гэж тайлбарлаж байна.
Ш., ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн байх тул 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Худалдаа хөгжлийн банк орон сууцны зээлийн гэрээний дагуу орон сууцны төлбөр 36 000 000 төгрөгийг худалдан авагч болох Ш.ийн өмнөөс худалдагч тал болох *******гийн дансаар олгох нь гарцаагүй бөгөөд хариуцагч үүнийг хүлээн зөвшөөрч байна.
Түүнчлэн зээлийн гэрээ, орон сууцны зээлийн урьдчилгаа 20 хувь болох 9 000 000 төгрөг нь зээлдэгч болох Ш.ийн нэрээр хариуцагчийн дансанд байршуулсан, урьдчилгаа 9.000.000 төгрөгийг хариуцагч ******* хүнээс зээл авч төлсөн гэдгийг нэхэмжлэгч няцааж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч *******ын эцэг Ш., хариуцагч ******* нар ийнхүү 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг 45 000 000 төгрөгөөр /Худалдаа хөгжлийн банкны зээлээр/ худалдахаар болж худалдах худалдан авах гэрээг 56 дугаар зүйлийн 56.2.1-д зааснаар дүр үзүүлсэн хийсэн байх тул энэхүү хэлцэл нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус бөгөөд 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар үр дагаврыг шийдвэрлэж харилцан буцаалт хийх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл *******г Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, *******гаас 3,955,707 төгрөг гаргуулан *******т олгохоор шийдвэрлэв.
Учир нь *******, ******* нарын төлөх ёстой зээл, зээлийн хүү 24.830.332 төгрөг үлдсэн байснаас Монгол даатгал компаны төлсөн 16,918,332 төгрөгийг хасвал нийт төлөх ёстой үүрэг 7,911,415 төгрөг болж байна. Үүнийг 2 хүнд хуваахад *******, ******* нар нь тус бүр 3,955,707 төгрөг төлөх ёстой байх тул *******гаас 3,955,707 төгрөг гаргуулан *******т олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.2.1-д -д заасныг баримтлан хариуцагч 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *******, Ш. нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.
2.Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг *******ын өмчлөлөөс *******гын өмчлөлд шилжүүлж, *******гаас 3,955,707 төгрөг гаргуулан *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гийн илүү төлсөн 5 000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч *******аас 382 950 төгрөг гаргуулан хариуцагч *******д, 402,632 төгрөг гаргуулан Төрийн санд, хариуцагч *******гаас 78,241 төгрөг гаргуулан *******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН