Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/01411

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/01411

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, *******/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 16 725 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг нийт 16,755,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* нь иргэн *******т 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1 500 000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн *******аас үндсэн зээл 11 150 000 төгрөг, алданги 5 575 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 16 755 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...******* нь миний танил болох Х.Мягмараар дамжуулан надтай уулзаж "*******" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "*******" ХХК-ийн багт ажиллаж байсан. "*******" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор ******* нь 4 000 000 төгрөгийг "*******" ХХК-ийн дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Биндэръяагаар *******ын 4 000 000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр ******* ХХК-ийн дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд ******* нь өөрийн танил болох Ч.*******гийн "*******" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн ******* ХХК-ийн дансанд байршуулсан 4 000 000 тогрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг ******* ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би *******аас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16 755 000 төгрөгийг *******д төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би анхнаасаа ******* ******* нарыг танихгүй байсан. Мягмар надтай танилцуулсан. Тэгээд *******, Мягмар нар надтай уулзаад *******-д орохоор болсон. Нэг хүний дор 2 хүн орох ёстой. Би Мягмарт л *******-ыг хэлсэн байсан. ******* нь дараа нь өөрсдөө ажиллаж чадахгүй юм байна мөнгө олоод өгье ажиллах хүн олоод өгөөч гэж ярьсан. ******* уулзахдаа чамайг танихгүй болохоор бэлэглэлийн чанартай гэрээг байгуулъя гээд гэрээ байгуулсан. Надаар дамжуулан *******-ын дансанд мөнгө хийчихээд надаас мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Нийт 11 500 000 төгрөг миний дансруу хийсэн. Үүнийг нь би 2017 оны 01 дүгээр сарын 30-нд Мянганбаярын дансруу хийлгэсэн. Нэг хүний *******-д элсэн орох ханш долларын ханшнаас хамаараад өдөр бүр хэлбэлздэг. Тэр өдөр 2.306.000 төгрөг байсан. Мягмар, *******, ******* нарын дор 4 хүн орж байж дээшээ гарч ирэх байсан. 4 хүний мөнгө нь 9.224.000 төгрөг хийсэн. Дороо 4 хүн орж байж задардаг пирамид юм. Мягмар манай найз орсон байсан, Мягмарын дор орсон 2 хүн нь ******* ******* нар байсан. Энэ сүлжээ нь баг болдог байсан. Багаар ажилладаг байсан. Намайг *******, ******* 2 нь доороо хүн олоод өгөөч гэсэн юм. Дээш түрж гаргаад нийт нэг хүний 19.000.000 төгрөг авахаар ярилцсан. Тийм болохоор 9.224.000 төгрөгөөсөө илүү гарсан мөнгийг надад өгнө гэсэн. Надаас ******* юу болж байна гэж асууж байхдаа хүний бие муу байна дараа нь учраа олье мөнгө өгөөч гэхээр нь 1.500.000 төгрөг өгсөн. Хүү гэж ер өгөөгүй... гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 725 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг нийт 16,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь *******ын гуйлтаар түүнд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 500 000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч ...би *******аас 11 500 000 төгрөгийг зээлж аваагүй, харин ******* жи тайм корпорейшн компанид элсэн орох зорилгоор элсэлтийн хураамжийг надад шилжүүлсэн гэж зохигчид маргаж байна.

Зохигчдын хооронд 2017 оны 01 сарын 31-ний өдөр 11 500 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээ бичгээр байгуулсан, дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, нэхэмжлэгч нь найз Ч.*******гийн хамт ******* сүлжээнд элсэхдээ төлсөн мөнгөө хожим хүнд үзүүлэх гэж зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гэрч н.Биндэръяа, н.Мягмар, ******* нарын мэдүүлгээр ******* сүлжээний хөтөлбөрт элсэн ороход гэрээ байгуулдаг, нэг хүний хураамж 2 300 000 төгрөг байдаг бөгөөд код ирж нэрсийн жагсаалтанд бичигддэг байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******, Ч.******* нар нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ******* сүлжээнд элсэхээр 3 450 000 төгрөгийг 5094292441 тоот данснаас шилжүүлсэн байх ба үүний 2 300 000 төгрөг нь *******ынх, 1 450 000 төгрөг нь Ч.*******гийнх байсан гэж нэхэмжлэгч болон гэрч мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь ******* сүлжээнд элсэхээр 2 300 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч *******т 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөг шилжүүлсэн мөнгө нь цаг хугацааны хувьд хоорондоо харилцан хамааралгүй болох нь дээрх байдлаас харагдаж байна.

Харин нэхэмжлэгчийн Ч.*******тай хамтран эзэмшдэг Хаан банкны 5 тоот данснаас Ч.Болдбаатарын Хаан банкны 8 тоот дансанд 11 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байх ба, хариуцагч ******* нь 11 500 000 төгрөгийг дансаар хүлээж авсан талаар маргаагүй, харин уг мөнгийг нэхэмжлэгч ******* болон түүний найз Ч.******* нар сүлжээний хөтөлбөрт элсэн орох зорилгоор шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч *******, Ч.******* нар ******* ХХК-ийн хөтөлбөрт элсэн орсон нь баримтаар нотлогдохгүй байна.

Мөн 11 500 000 төгрөгийг бус 9 224 000 төгрөгийг гэрч Ж.Биндэръяагаар дамжуулан ******* ХХК-ийн данс болох н.Мянганбаярын Худалдаа хөгжлийн банкны 7 дугаартай данс руу шилжүүлсэн байх ба энэ нь *******д элсэх үйл баримттай холбоогүй, хэн хэний ямар зориулалтаар шилжүүлсэн мөнгө болох нь тодорхойгүй байна.

Ийнхүү ******* 11 500 000 төгрөгийг зээлдэгч Ч.Болдбаатарт шилжүүлэн өгсөн нь нотлогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 11 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон 1 сарын хүү 1 150 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 11 500 000 төгрөг, хүү 1 150 000 төгрөг, нийт 12 650 000 төгрөг шаардах эрхтэйгээс түүний хариуцагчаас буцаан авсан 1 500 000 төгрөгийг хасч үлдэх 11 150 000 төгрөгийг алданги 5 575 000 төгрөгийн хамт нийт 16 725 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3,232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******аас 16 725 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН