Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 00030

 

 

 

 

 

 

 

 

2019         02         26                                     30

 

 

Тын нэхэмжлэлтэй,

хариуцагч Бт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Тын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Бт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 16.755.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч С нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О, хариуцагчийн өмгөөлөгч С, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Т нь иргэн Бт 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1.500.000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн Баас үндсэн зээл 11.150.000 төгрөг, алданги 5.575.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 16.755.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Т нь миний танил болох М-аар дамжуулан надтай уулзаж "Ж" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Ж" ХХК-ийн багт ажиллаж байсан. "Ж" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор Т нь 4.000.000 төгрөгийг "Ж" ХХК-ий дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Биндэръяагаар Тын 4.000.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр Ж ХХК-ий дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд Т нь өөрийн танил болох О-гийн "Ж" ХХК-ий хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7.500.000 төгрөг дээр өөрийн Ж ХХК-ий дансанд байршуулсан 4.000.000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Ж ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би Таас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16.755.000 төгрөгийг Тд төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00077 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баас 16.725.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241.730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241.575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Т нь Бт 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10% хүүтэй зээлсэн гээд зээл алдангид нийт 16.755.000 төгрөг нэхэмжилснийг зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэ нь Соёлмаа, Т нарын хамтран эзэмшдэг 5094586699 тоот данснаас Болдбаатарын дансруу шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна. Болдбаатарын, Т Жи Тайм корпореишин ХХК-ний хөтөлбөрт элсэн орох хураамжинд төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй иймд зээлийн гэрээ хүчин төгөлдөр нэхэмжлэгч зээл, алданги шаардах эрхтэй гэж шүүх үзсэн. Б Жи тайм корпореишин ХХК-ний Вип хөтөлбөрт элсэн орж, түүний багт Мягмар орж, Мягмар нь О-, Т нарыг уг хөтөлбөрт уриж оруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Жи Тайм ХХК-д элсэн орж бүртгэгдсэн байдал бүхий баримт хавтаст хэргийн 35 дугаар хуудас энэ талаар 2018 оны 02 сарын 06 ны шүүх хуралд төлөөлөгч Х.Оюунбатын ярисан хурлын тэмдэглэлээр Мягмарын дор Соёлмаа, Т нар орсон, ингэж ороод хүн бүр 2, 2 хүн уриж оруулж байж өөрсдөө дээшээ гарч мөнгө авах байсан. Иймээс Болдбаатарт хүн олж өгөөч, гэж мөнгийг шилжүүлсэн. Ингэснээр 1 хүн 19.000.000 төгрөг авах байсан. Ийм ашиг сонирхол зорилго байсан тул Болдбаатарт Соёлмаагаас 2017 оны 01 дүгээр сарын 30 нд 7.500.000 төгрөг 2017 оны 01 дүгээр сарын 31 нд Т 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэрч Батсайхан нь мөн энэ хөтөлбөрт байсан бөгөөд зээлийн гэрээ хийхэд Тд хандан арай ч дээ зээлийн гэрээ хийгээд байхдаа яадаг юм бэ гэж хэлж байсныг гэрчилдэг, урьд нь Болдбаатарыг Соёлмаа болон Т нар танихгүй тул түүнд их хэмжээний мөнгө зээлэх боломжгүй гэрч Мягмар хэлэхдээ доороо хүн олж хийвэл хурдан дээшээ гарч, ашгаа авах яриа байсныг гэрчилдэг. Мөн уг өгсөн мөнгөний асуудлаар Жи Тайм юу болж байна гэж асууж байсан гэдэг мөн өөрсдөө цагдаагийн газар очиж асууж лавласан тухайгаа ярьдаг. Соёлмаа, Т нарын хамтын данс нь сүүлд шүүхэд нэхэмжлэл өгсний дараа хамтын данс болсон бөгөөд, анхандаа Соёлмаа уг мөнгийг өөрийн мөнгө гэж Болдбаатарт ярьж байсан байдаг Соёлмаа Болдбаатарт мөнгө зээлүүлэх гэж зуучилсан гэж ярьж байгаа бол яагаад өөрийн нэрээр 2017 оны 1 дүгээр сарын 30 нд мөнгийг шилжүүлдэг юм бэ?, тэгэх ямар ч шаардлагагүй, харин өөрөө сүлжээнээс ашиг олох зорилго байсан тул өөрийнхөө нэрээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн байдаг.

Т нь О-руу мөнгөө шилжүүлсэн байдаг бөгөөд одоо зээлэх гэж шилжүүлсэн гэж байгаа бол Соёлмаагаас 7 сая төгрөг нэхэх учиртай. Жи Тайм ХХК-д Соёлмаа, Т 2 ороогүй бол урьдын сайн танил биш Болдбаатарт 11.500.000 төгрөгийг барьцаагүй зээлэхгүй, Болдбаатарт бол мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Тэрээр уг компанид элсэн орсон хөрөнгө оруулалтаа буцаан авсан байсан. Иймд зээлийн гэрээний харилцаа гэж үзэж байгаа хэрэгт авагдсан баримтуудтай нийцэхгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 11.500.000 төгрөгийг Болдбаатарт шилжүүлж өгсөн нь хангалттай нотлогдохгүй байгаа учир шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т нь зээлийн гэрээний үүрэг 16.755.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Б “...уг мөнгийг зээлж авах шаардлага байгаагүй, өөрсдөө Ж ХХК-ий хөтөлбөрт хамрагдахаар гуйсан, О-гийн шилжүүлсэн 7.500.000 төгрөг, өөрөө шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна гэж гуйхаар нь зээлийн гэрээ байгуулсан, дээрх мөнгийг Жи тайм ХХК-ий дансанд шилжүүлсэн, тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэсэн дүгнэлт хийж хариуцагч Б зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид 12.650.000 төгрөг төлөхөөс буцааж төлсөн 1.500.000 төгрөгийг зээлийн хүү, үндсэн зээлээс хасч үлдэгдэл 16.725.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 30.000 төгрөг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4. –д заасантай нийцсэн байна.

Гэвч шүүхээс зээлийн гэрээний дагуу алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй“ гэж заасныг баримтлан хариуцагч Баас 5.575.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэргийн нөхцөл байдал, гэрээнд заасан шаардлагын хэмжээ их байгаа, зохигчдын гаргасан тайлбар зэрэг байдлуудыг харгалзан үзэж хуульд заасны дагуу алдангийг багасгах боломжтой байна.

Нэхэмжлэгч Тын гаргасан “...анх зээлийн гэрээг 7 хоногийн хугацаатай байгуулах гэтэл нотариатч хамгийн доод тал нь нэг сарын хугацаатай байгуулдаг гэж хэлсэн, Жи тайм ХХК-ний хөтөлбөрт би өөрөө элсэж орж 2.300.000 төгрөг тушаасан боловч бүртгэл байхгүй байсан” гэх тайлбар болон гэрч М-ын мэдүүлэг, хамтран данс эзэмшигч Соёлмаа, хариуцагч Б нар тухайн хөтөлбөрт элсэн орсоныг анхан шатны шүүхээс алданги- 5.575.000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг 50 хувиар багасгаж хариуцагчаас алданги 2.787.500 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б шүүхэд гаргасан “...өөрөө хөтөлбөрт орохыг гуйж мөнгө шилжүүлсэн, зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай гэрийнхэндээ мөнгө зээлдүүлсэн гэж харуулах зорилгоор байгуулсан” гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж хариуцагч Баас 13.937.500 /16.725.000₮-2.787.500₮/ гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.817.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00077 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.8.-д заасныг баримтлан хариуцагч Баас зээл, алданги нийт 13.937.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Тд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.817.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд “хариуцагчаас 241.575 төгрөг” гэснийг “227.637 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Б, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.575 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.БАТТӨР

ШҮҮГЧИД                                                                         С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ