Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2018/00055

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 16.755.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Түмэнжаргал нь иргэн *******т 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1.500.000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн *******аас үндсэн зээл 11.150.000 төгрөг, алданги 5.575.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 16.755.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...******* нь миний танил болох Х.Мягмараар дамжуулан надтай уулзаж "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Жи тайм корпорейшн" ХХК-ийн багт ажиллаж байсан. "Жи тайм корпорейшн" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор ******* нь 4 000 000 төгрөгийг "Жи тайм корпорейшн" ХХК-ийн дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Биндэръяагаар *******ын 4.000.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд ******* нь өөрийн танил болох Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7.500.000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд байршуулсан 4.000.000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би *******аас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16.755.000 төгрөгийг *******д төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан *******аас 16.755.000 төгрөг гаргуулах *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241.730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшдэг 5094586699 тоот данснаас 2017.01.30-ны өдөр 7.500.000 төгрөг, 2017.01.31-ний өдөр 4.000.000 төгрөг нийт 11.500.000 төгрөгийг *******т шилжүүлсэн дансны хуулбар хэрэгт авагдсан. Уг шилжүүлсэн мөнгийг зээлсэн зээлийн гэрээг 2017.01.31-ний өдөр нотариат орж зээлийн гэрээг байгуулсан. Гэтэл уг 2 өдөр цувуулан өгсөн мөнгийг 2017.01.30-ны өдөр өгсөн мэт дүгнэлтийг хийсэн. Энэхүү дүгнэлт хийхдээ Ж.Биндэрьяа гэгчийн гэрчийн мэдүүлэг, 2017.01.30-ны өдөр өгсөн Жи таймын дансруу Ж.Биндэрьяагаар дамжуулан 11.500.000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтыг шүүх үнэлсэн. Зээлийн гэрээ байгуулсан өдөр зээлсэн мөнгөө цувуулан өгсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Ж.Биндэрьяа 2017.01.30-ны дансруу мөнгө хийж байх үед нэхэмжлэгч түүнд 2017.01.30-ны өдөр 7.50.000 төгрөг л шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, Ж.Биндэрьяа нь уг мөнгийг 2.300.000 төгрөг минийх байсан үлдсэн нь Болдбаатарынх гэж мэдүүлдэг өөрөөр хэлбэл 9.200.000 төгрөг Болдбаатарынх гэж тайлбарласан зэргээр 2017.01.30-ны өдөр 11.500.000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн шилжүүлээгүй байсныг шүүх анхаарч үзээгүй. 2017.01.31-ний өдөр шилжүүлэн өгсөн 4.000.000 төгрөгийг шүүх зээл биш гэж үзэхдээ Жи таймтай холбосон. Жи таймд бүртгүүлсэн мөнгө гэж үзсэн. Жи таймд элсэж бүртгүүлэхэд 2.300.000 төгрөг байсан бөгөөд уг мөнгийг 2017.01.24-ний өдөр түүнээс авсан байсан тухай хариуцагч хүлээн зөвшөөрдөг ба гэрч Мягмар нар энэ тухай гэрчилсэн. Түүнчлэн хэрэгт 2017.01.24-ний өдөр гэрч Х.Мягмарын дансруу Соёлоо гэгч нь 3.450.000 төгрөг шилжүүлсэн баримтаар нотолсон.

Шүүхээс уг хэргийн талаар мэдэх гэрч М.Соёлмааг оролцуулах хүсэлт гаргахад татгалзсан. М.Соёлмаа нь *******тай 5094586699 тоот дансыг хамтран эзэмшдэг бөгөөд 2017.01.30-ны өдөр Соёлоо гэх шилжүүлсэн 7.500.000 төгрөг хэний мөнгө болох, ямар зорилгоор Болдбаатарт шилжүүлсэн болохыг гэрчлэх гэрч байсан. Гэтэл түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан гэх үндэслэлээр татгалзсан. Жи тайм корпорейшн ХХК-д ******* элсэн орсон гэх баримт хэрэгт байхгүй, шүүх нотлох баримтыг судлан хэргийг шийдвэрлэхдээ зээлийн гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Хариуцагч зээлийн гэрээг үгүйсгэсэн баримт хэрэгт ирүүлээгүй, Жи таймд Болдбаатар өөрөө элссэн орсон, түүний дор Соёлмаа Түмэнжаргал, Мягмар нар элссэн орсон гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Нэхэмжлэгч Жи таймд элсэхээр өгсөн 2017.01.24-ний өдөр шилжүүлсэн 3.450.000 төгрөгөнд талууд маргаагүй. Гэтэл шүүх 11.500.000 төгрөгийг бүртгүүлсэн мөнгө байж болзошгүй эргэлзээтэй гэх дүгнэлт хийсэн. Ямар баримт эргэлзээ бүхий баримт болох талаар дурдаагүй. 2018.02.06-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Болдбаатар нь элссэн мөнгө биш харин Түмэнжаргал өөр хүмүүс элсүүлэхээр надад өгсөн мөнгө гэж анхныхаа тайлбараас өөр тайлбар өгсөн. Уг байдлыг тайлбараа зөрүүтэй өгсөн болон *******д цувуулан өгсөн 1.500.000 төгрөгийг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Тайлбартаа *******ыг мэдэхгүй гэх атлаа хүн өвчтэй байна гэхээр нь 1.500.000 төгрөг өгсөн, зээлийн хүү биш гэж мэтгэлцэхдээ энэ байдлаа хэрхэн нотолсон байдлыг шүүх анхаарч үзээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11.500.000 төгрөг, алданги 5.575.000 төгрөг, нийт 16.755.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан *******аас 16.755.000 төгрөг гаргуулах *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2017 оны 01 дүгээр сарын 31 ний өдөр 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ. /х/х-ийн 5 дугаар хуудас/

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...******* нь өөрийн танил болох Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7.500.000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд байршуулсан 4.000.000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Надаар дамжуулан Жи таймын дансанд мөнгө хийчихээд надаас мөнгө нэхэж байгаад гомдолтой байна иймд дээрх мөнгийг төлөхгүй гэжээ.

Хариуцагч *******ын дансанд Ч.Соёлмаагаас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, *******аас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 11.500 000 төгрөгийн орлого орсоныг хариуцагч үгүйсгээгүй байна.

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч ******* нь 11.530.000 төгрөгийг гэрч Ж.Биндэрьяагаар дамжуулан Жи тайм корпорейшн ХХК-ийн данс болох Мянганбаярын Худалдаа хөгжлийн банкны 407254687 дугаартай данс руу шилжүүлжээ.

Нэхэмжлэгч нь ******* нь хариуцагч *******т 11.500.000 төгрөгийг зээлүүлсэн, зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч, ******* нь "Жи тайм корпорейшн" ХХК-нд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн *******ын тайлбар, гэрч Ж.Биндэрьяа, И.Мянганбаяр нарын мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Зохигч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ харилцаа үүсээгүй харин дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Шүүх ...нэхэмжлэгч нь 7 500 000 төгрөгийг *******ын данс руу зээлүүлэхээр шилжүүлсэн гэж байгаа боловч, яагаад Соёлмаа гэдэг нэрээр шилжүүлсэн болох, мөн тухайн үед ******* нь "Жи тайм корпорейшн" ХХК-нд бүртгүүлсэн байгаа байдал, хариуцагчийн: ...******* нь Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд байршуулсан 4 000 000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан... гэсэн тайлбар зэргээс үзэхэд цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь эргэлзээ бүхий байдлыг төрүүлж байна.Хэдийгээр *******, Ч.Соёлмаа нар нь хамтран эзэмшдэг данстай ч гэсэн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж байгаа бол өөрийнхөө нэрээр шилжүүлэх нь гарах эрх зүйн үр дагаварт ач холбогдолтой юм... гэсэн дүгнэлт хийж хэргийг хангалттай нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй зөв байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.730 төгрөгийг х ртөрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР