Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00886

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/ШШ2019/00077 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 16 755 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ц.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Ц.Б-, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Т- нь иргэн Ц.Б-т 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1 500 000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй тул иргэн Ц.Б-аас үндсэн зээл 11 150 000 төгрөг, алданги 5 575 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 16 755 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

... Зээлийн гэрээний тухайд Н.Т- нь өөрийн танил болох Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ий хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн “Жи тайм корпорейшн” ХХК-ий дансанд байршуулсан 4 000 000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг “Жи тайм корпорейшн” ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би Н.Т-аас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16 755 000 төгрөгийг Н.Т-д төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/ШШ2019/00077 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-аас 16.725.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241.730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241.575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШШ2019/00077 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.8.-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас зээл, алданги нийт 13.937.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.817.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагчаас 241.575 төгрөг гэснийг 227.637 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Ц.Б-, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.575 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

11 500 000 төгрөгийг Н.Т-, н.Соёлмаа нар нь тус тусдаа өөр өөрсдийн нэрээр шилжүүлсэн бөгөөд н.Соёлмаа  7 500 000 төгрөгийг өөрийн мөнгө гэж хэлдэг. Мөнгө шилжүүлэх үед данс хамтынх байгаагүй. Н.Түмэнжарглаас авсан 4 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч харин 11 500 000 төгрөгийг Н.Т-д шилжүүлнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Ц.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 16 755 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч Ц.Б- шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, “Жи тайм корпорейшн” ХХК-ны хөтөлбөрт хамрагдмаар байна гэсэн гуйлтын дагуу мөнгийг энэ компанийн дансанд шилжүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн эрхийнхээ хэмжээнд судлан шинжилж, хариуцагчаас гаргуулах алдангийн хэмжээг багасгажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст “Жи тайм корпорейшн” ХХК-ийн захирал М.Марат нарт холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд тухайн хэрэгт Ц.Б- иргэний хариуцагчаар мэдүүлэг өгсөн, Н.Т- хэрэгт оролцогчоор мэдүүлэг өгөөгүй талаарх цагдаагийн байгууллагын тодорхойлолт байна.

Эрх зүйн маргаантай харилцааны талаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн иргэний хэргийн хариуцагч эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд иргэний нэхэмжлэгч нь хэн болох, энэ иргэний хэргийн маргааны зүйл эрүүгийн хэрэгт хэрхэн хамаарч байгаа нь тодорхой байх учиртай. Өөрөөр хэлбэл, Н.Т- тухайн эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож, маргааны зүйл болж буй мөнгийг нэхэмжилсэн бол иргэний хэргийн нэхэмжлэл давхардах болно. Н.Т- эрүүгийн хэрэгт оролцогчоор мэдүүлэг өгөөгүй байх нь түүнийг эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэгч биш гэж шүүх дүгнэх үндэслэл болохгүй юм. Энэ байдлыг тодруулахгүйгээр зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. 

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шийдвэр, магадлалд өөрчлөт оруулах талаар хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/ШШ2019/00077 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 140 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН