Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01388

 

Н.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар магадлалтай,

Н.Тын нэхэмжлэлтэй

Ц.Бт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 16.755.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Т нь иргэн Ц.Бт 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1.500.000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн Ц.Баас үндсэн зээл 11.150.000 төгрөг, алданги 5.575.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 16.755.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Н.Т нь миний танил болох Х.Мягмараар дамжуулан надтай уулзаж "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Жи тайм корпорейшн" ХХК-ийн багт ажиллаж байсан. "Жи тайм корпорейшн" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор Н.Т нь 4 000 000 төгрөгийг "Жи тайм корпорейшн" ХХК-ийн дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Биндэръяагаар Н.Тын 4.000.000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд Н.Т нь өөрийн танил болох Ч.Соёлмаагийн "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7.500.000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд байршуулсан 4.000.000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би Н.Таас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16.755.000 төгрөгийг Н.Тд төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Ц.Баас 16.755.000 төгрөг гаргуулах Н.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241.730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Н.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.730 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172.2.2 зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргах нь: 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолж чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Бт үндэслэлгүйгээр 11 500 000 төгрөгийг үлдээн шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдлыг анхаарч үзсэнгүй гэж үзэж байна. 2. Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгчээс мөнгө авснаа үгүйсгээгүй ба өөрийн дансаар авсан мөнгийг Жи тайм гэх сүлжээнд өгсөн гэж мэтгэлцэхдээ нэхэмжлэгчийг уг сүлжээнд элсэх зорилгоор 4 000 000 төгрөг өгсөн талаар хариуцагч тайлбар гаргаж /14 хх/ дахин 2018.01.10 өдөр нэмэлт тайлбар /28хх/ гаргахдаа, нэхэмжлэгч Жи таймд элсэн орсон мөнгө гэдгийг Биндэрьяа, Мягмар, Мянганбаяр нар гэрчилнэ гэж гэрчээр оролцуулсан. Гэрч Биндэрьяа нь 2017.01.30-ны өдөр Жи таймд өөрийн нэрээр шилжүүлсэн 11 530 000 төгрөгний 9 200 000 төгрөгийг Ц.Б өгсөн Н.Т гэх хүний мөнгө гэдгийг мэдэхгүй /62хх/ гэх мэдүүлэг өгсөн. Хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, тухайн мөнгийг зээлэхээс өмнө буюу 2017.01.24-ний өдөр нэхэмжлэгч Жи таймд элсэх мөнгө болох 2 300 000 төгрөгийг М.Соёлмаа, Мягмар нараар дамжуулан бэлнээр өгсөн болохоо бичгэн /48хх, 49хх/ болон гэрч Мягмарын мэдүүлгээр /78хх/ нотолсны дараа хариуцагч шүүх хуралдаан дээр өөрийн бичгээр гаргасан тайлбараа өөрөө үгүйсгэж, нэхэмжлэгч өөрөө элсэн орсны дараа 4 хүн элсүүлэхээр 11 500 000 төгрөг өгсөн гэх тайлбарыг /Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.06 ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ өөрчлөн гаргаж энэ байдлыг нотолж байгаа гэх гэрч Мянганбаяр, Чулуунбаатар, Ганчимэг гэх гэрч нарыг оролцуулсан. Эдгээр гэрч нь нэр ус байхгүй 4 хүний мөнгө Жи таймын дансанд орсон тухай, энэ нь нэхэмжлэгчийнх эсэхийг мэдэхгүй тухай, нэг хүн элсэхэд 2 300 000 төгрөг болох тухай гэрчилсэн. Энэхүү шилжүүлсэн 4 хүний мөнгө болох 9 200 000 төгрөгийг нэхэмжлэгчийн мөнгө гэж хариуцагч мэтгэлцсэн ба он, сар, өдөр, мөнгөн дүн зэрэг нь мөнгө зээлдүүлсэн өдөр, зээлсэн мөнгөний дүнтэй тохирохгүй байгаа зэрэг нотлогдсон бөгөөд хариуцагч ИХШХШ тухай хуулийн 25.2.1 заалтыг биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдлыг тогтоосон төдийгүй хариуцагчийн тайлбар өөрчлөгдснийг үнэн зөв нотлох баримт гэж үзэх эсэхийг шүүх шийдвэрлээгүй нь ИХШХШ тухай хуулийн 40.2 заалтыг зөрчиж нотлох баримтыг үнэн зөв талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. 3. Зээлийн гэрээ хийсэн талаар хариуцагч үгүйсгээгүй ба уг гэрээг дүр эсгэн хийсэн гэрээ гэж хариуцагч мэтгэлцснээ нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх нь гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж дүгнэсэн. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж анхан шатны шүүх дүгнэн үзээгүй ба зохигч нарын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг үндэслэн дүгнэхдээ нотлох баримтын аль хэсэг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл бүхий баримт гэж үзэж байгаагаа заагаагүй. Зохигчид гэрээг хүчин төгөлдөр бус болох шаардлага гаргаагүй, хүчин төгөлдөр бус гэж үгүйсгэсэн тайлбараа хариуцагч нотлоогүй байхад гэрээг хүчин төгөлдөр бус үзсэн нь ИХШХШ тухай хуулийн 107.3 заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281.1 заасан зээлийн гэрээ байгуулж хариуцагчид мөнгөө зээлдүүлснээ нотолсон баримт болох талууд гарын үсэг зурж баталгаажуулсан зээлийн гэрээ /5хх/, Ц.Бын дансруу 2017.01.30-ны өдрийн 7 500 000 төгрөг шилжүүлсэн /6хх/ дансны хуулга, 2017.01.31 өдөр шилжүүлсэн 4 000 000 төгрөгний баримт /6хх/, 2017.01.24-ний өдрийн Мягмарын дансруу шилжүүлсэн 3 450 000 төгрөгний дансны хуулбар, /49хх/ М.Соёлмаагийн нэхэмжлэгчийн 7 500 000 төгрөгийг хариуцагчийн дансруу шилжүүлсэн тухай тодорхойлолт /7хх/, мөнгийг өөрийн данснаас буюу М.Соёлмаатай хамтран эзэмшдэг данснаас /6хх/ шилжүүлсэн тухай дансны хуулбар, гэрч Мягмарын /78хх/ зэрэг нотлох баримтыг хариуцагч үгүйсгээгүй байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. 4. Хэрэгт нэхэмжлэгчийн 7 500 000 төгрөгийг Ц.Бт 2017.01.30-ны өдөр шилжүүлсэн, уг мөнгийг нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс шилжүүлсэн тухай тодорхойлолт гаргаж өгсөн /7хх/ нэхэмжлэгчтэй данс хамтран эзэмшдэг /6хх/ ба хамтран эзэмшдэг данснаас 7 500 000 төгрөгийг шилжүүлсэн М.Соёлмааг гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан гэх үндэслэлээр оролцуулаагүй атал М.Соёлмаа нь нэхэмжлэгчийн мөнгийг Ц.Бт шилжүүлсэн нь эргэлзээтэй гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтийг хүлээн аваагүй нь ИХШХШ тухай хуулийн 25.1.3, 107.2 заалтын зөрчиж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрхийг хязгаарласан атал уг баримтыг хариуцагч няцаагүй байхад эргэлзээтэй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж ИХШХШ тухай хуулийн 43.1 заасан байх ба гэрч Мягмарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, бичгэн нотлох баримтуудаас М.Соёлмаа нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх гэрч болох нь харагддаг. Энэхүү заалтад хэн ч гэрч байж болно гэсэн заалт нь өмнө тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан эсэх нь хамааралгүй, харин хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх хэн ч гэрч байж болох талаарх заалт болохыг шүүх анхаараагүй. 5. М.Соёлмаа надруу мөнгө шилжүүлсэн гэж хариуцагч нэхэмжлэгчийн шилжүүлсэн 7 500 000 төгрөг үгүйсгэдэг атал нэхэмжлэгч Жи таймд хүн элсүүлэх зорилгоор мөнгийг өгсөн гэж шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж үүнийг нотолж байгаа гэх гэрчүүдийг оролцуулсан ба эдгээр гэрч нь зээлийн гэрээний талаар мэдэх эсэх, бодит байдлыг нотолж байгаа эсэхийг дүгнээгүй. Нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэх атлаа нэхэмжлэгч Жи таймд хүн элсүүлэхээр мөнгө өгсөн гэж тайлбар гаргаад байгааг шүүх дүгнэн үзээгүй. Танихгүй хүнээс мөнгө зээлэх шаардлага байгаагүй гэх тайлбар гаргах /28хх/ атал Н.Тын дансруу зээлийн хүү 1 500 000 төгрөгийг өгсөн /40хх 41хх/ талаар тайлбарлахдаа нэхэмжлэгч хүний бие өвдсөн гэж гуйгаад байхаар мөнгө шилжүүлсэн гэж үгүйсгэсэн тайлбар гаргаснаа хариуцагч хэрэгт нотлоогүйг шүүх анхаарч үнэлээгүй ба нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх ИХШХШ тухай хуулийн 40.2 заалт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, үгүйсгэж байгаагаа нотолсон эсэхийг хянан шийдвэрлээгүй нь ИХШХШ тухай хуулийн 107.3 заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ц.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 11 500 000 төгрөг, алданги 5 575 000 төгрөг, нийт 16 755 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч “зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж, үүрэг үүсээгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотолж чадаагүй, зээлийн гэрээг эргэлзээтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх дүгнэлтийг хийжээ.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн  гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал маргааны зүйл болсон ба нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан бол хариуцагч нь зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй, нэхэмжлэгч нь найз Ч.Соёлмаагийн хамт Жи тайм сүлжээнд элсэхдээ төлсөн мөнгөө хожим нь хүнд үзүүлэх гэж зээлийн гэрээг дүр үзүүлж байгуулсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй, хариуцагч Ц.Бын тайлбар, татгалзал баримтаар нотлогдсон гэж үзэж Н.Тын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Жи тайм корпорейшн ХХК-ийн хөтөлбөрт элсэхэд хураамж нь хэд байдаг, зээлийн гэрээний дагуу хариуцагч Ц.Бын дансанд Ч.Соёлмаагаас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, Н.Таас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг нийт 11 500 000 төгрөг шилжүүлсэн гэх байдал нь сүлжээнд элсэн орох хураамжийн хэмжээтэй дүйцсэн, хоорондоо холбоотой эсэх,  хариуцагчид мөнгө шилжүүлсэн болон Жи тайм сүлжээний хөтөлбөрт элсэн ороход төлсөн хураамж нь цаг хугацааны хувьд хоорондоо хэрхэн  хамааралтай болох, нэхэмжлэгч нь уг сүлжээнд элсэн орсон эсэх талаарх үйл баримтыг тодруулаагүй, зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй болохыг анхаараагүй нь буруу болжээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зээлийн гэрээ, гэрээнд тусгагдсан агуулгыг талууд маргасан бол маргааны зүйл, түүний үндэслэл хангалттай тогтоогдсон тохиолдолд хийвэл зохих дүгнэлтийг хийнэ.

Хариуцагч Ц.Б нь 11 500 000 төгрөгийг дансаар хүлээж авсныг маргаагүй, харин уг мөнгийг нэхэмжлэгч Н.Т болон түүний найз Соёлмаа нар сүлжээний хөтөлбөрт элсэн орох зорилгоор шилжүүлсэн гэж маргаж байгаа боловч 11 5000 000 төгрөгийг бус 9 224 000 төгрөгийг гэрч Ж.Биндэрьяагаар дамжуулан Жи тайм корпорейшн ХХК-ийн данс болох Мянганбаярын Худалдаа хөгжлийн банкны 407254687 дугаартай данс руу шилжүүлсэн гэснээс үзвэл талууд яагаад 11 500 000 төгрөгийг зээлийн гэрээнд тусгасан, энэ нь Жи тайм сүлжээнд элсэх үйл баримттай холбогдох эсэх асуудлыг мэтгэлцээний үндсэн дээр тодруулж, тогтоох шаардлагатай байжээ.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2018/00146 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 241 730 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА