Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/30

 

Х.Анхтамирт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0066/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                     Ч.Мядагбадам        

                      Хохирогч                                      Э.Эрдэнэсүрэн /онлайн/

                      Хохирогчийн өмгөөлөгч              П.Батжаргал /онлайн/

Шүүгдэгч                                       Х.Анхтамир /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Эрдэнэбаатар /онлайн/

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолтой, Хүрэлчулууны Анхтамирт холбогдох, 2118000000019 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогч Э.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйн багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл-1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4.2 дугаар байрны 127-01 тоотод оршин суух хаягтай, урьд  нь ял шийтгүүлж байгаагүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дүгээр зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнагдаж байсан, МЮ87012516 регистрийн дугаартай, Цахиур овогтой Хүрэлчулууны Анхтамир.

Шүүгдэгч Х.Анхтамир нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод буюу халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цахиур овогт Хүрэлчулууны Анхтамирт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1. болгон өөрчлөн  зүйлчилж,

Шүүгдэгч Цахиур овогт Хүрэлчулууны Анхтамирыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д  заасныг журамлан шүүгдэгч Х.Анхтамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9., 7.3 дугаар зүйлийн 2.1.д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хохирол 6.949.111 төгрөгийг 6 сарын хугацаанд хохирогч Э.Эрдэнэсүрэнд төлж барагдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5.д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Анхтамирт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Анхтамирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Анхтамир нь хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн цохих үйлдлийг өөрөөс холдуулах зорилгоор түүнийг түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр үйлдэгдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3.д зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой боловч хайхрамжгүй хандсан байх тул гэм буруугийн болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэж дурдаад, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нь гэрч Э.Дөлгөөний мэдүүлэг, 38 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул үнэн зөвд тооцох үндэслэлтэй гэж тайлбарласан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгчийн үйлдэл болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдээгүй буюу шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь шууд нотлох баримт болох хэргийн газарт байсан тухайн маргааныг хараад зогсож байсан насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөний "... хаалгыг нь онгойлгоход хогийн шүүр, шалны мод зэрэг зүйл бариад Анхтамир ахыг цохиод байсан. Тэгэхэд Анхтамир ах Эрдэнэсүрэн эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхэж унагаасан тэгэхэд Эрдэнэсүрэн эгч халуун усны усанд ордог өрөөний хана эхлээд мөргөөд дараа нь шал мөргөөд ар дагзаараа газар унасан. Тэгэхээр нь би Анхтамир ахыг хүүе ээ хүн алаад хаячихлаа шүү дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлгээс харахад шүүгдэгч нь хохирогчийн өөр лүү нь дайрч байсан дайралтаас илт давсэн хүч гаргасан үйлдлээр түлхсэн бөгөөд, хүчтэй түлхэлтийн улмаас хохирогч эхлээд хана мөргөж унасан, улмаар дагзаараа шалан дээр унаж гэмтэл авсан үйл баримт болсон тодорхой харагддаг.

Шүүгдэгч Х.Анхтамирын Э.Эрдэнэсүрэнг түлхсэн үйлдэл нь түүнд хор аюул учруулахыг мэдсэн боловч учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсвэл хор аюул учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба гэм буруугийн санаатай хэлбэртэй байхад шүүх Х.Анхтамирыг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэж, ял хөнгөрүүлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийгээгүй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүйг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч Э.Эрдэнэсүрэн давж заалдах гомдолдоо:

Анхтамир архинаас хундагалж ууснаа “хүний үг ойлгохгүй балай юм” гэж хэлээд миний нүд рүү цохисон, тэгээд хажууд ирээд суухаар нь би цаашаа бай бас зодох гээд байна уу гээд архины шилээр толгой руу нь цохисон.

Тэгэхэд Анхтамир маш их уурлаж чам шиг юм намайг цохидог юм гээд цээж рүү цохиод хөл гар луу өшиглөөд би өвдсөндөө дахиж цохиж магадгүй гээд шүүр бариад зогсож байтал Дөлгөөнөө орж ирсэн. Анхтамир Дөлгөөнөөг харснаа энэ эгч нь шүүрээр хүн зодоод байна гээд худлаа хэлээд 2 гараас чанга атгаад намайг түлхэж унагаасан. Би тэр үед ухаан алдаж унаж маргааш нь сэхээнд сэрсэн.

Дээрх явдлыг 2 удаа тархины хүнд хагалгаанд орсны улмаас санахгүй байж байгаад одоо бага багаар санаж эхэлж байна. Анхан шатны шүүх хурал дээр намайг санахгүй байгааг далимдуулж Анхтамир өөрийгөө өмгөөлж намайг буруутай мэт бусдад ойлгуулж байсанд гомдолтой байна. Анхтамирын ял шийтгэл хөнгөдсөн тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч Х.Анхтамирын мөрдөн байцаалтын шатанд “ ... би Эрдэнэсүрэнгийн цээж рүү гараараа нэг удаа түлхэхэд Эрдэнэсүрэн толгойгоороо савж унасан”  гэсэн  мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөнийн “ ... Тэгэхэд Анхтамир ах Эрдэнэсүрэн эгчийн цээж рүү хоёр гараараа түлхэж унагаасан тэгэхэд Эрдэнэсүрэн эгч халуун усанд ордог өрөөний хана эхлээд мөргөөд дараа нь шал мөргөөд ар дагзаараа газар унасан” гэсэн  мэдүүлэг,    хохирогч Э.Эрдэнэсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “Анхтамир миний өнгөрсөн амьдралыг яриад байхаар нь тэрнээс болж маргаан үүссэн.., .Анхтамир намайг алгадаад байсан” гэсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 38 дугаар дүгнэлт, 2021 оны 03 сарын 04-ний өдрийн Дархан-Уул аймгийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Х.Анхтамир, хохирогч Э.Эрдэнэсүрэн нарын хооронд хувийн харилцааны шинжтэй маргаан үүсэж харилцан зодолдох явцад Х.Анхтамир нь хохирогч Э.Эрдэнэсүрэнг түлхсэний улмаас хохирогч Э.Эрдэнэсүрэн толгойдоо амь насанд аюултай хүнд гэмтэл авч, улмаар хөдөлмөрийн чадвараа 79%-аар алдсан нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Х.Анхтамирын түлхсэн үйлдэл Э.Эрдэнэсүрэнгийн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.Анхтамирын үйлдлийг хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь хохирогчийн биед толгойн гэмтлээс гадна "... зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд цус хуралт бүхий гэмтлүүд” зэрэг олон тооны гэмтлийг учруулснаас харахад шүүгдэгч Х.Алдархишиг нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн болох нь нотлогддог. Шүүгдэгч Х.Алдархишиг нь биеийн хүчний тусгай бэлтгэлтэй, цэргийн албан хаагч хүн тул өөрийнх үйлдлийн улмаас хүнд ямар гэмтэл, хохирол учирч болохыг маш сайн мэдэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн хүн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Анхтамирт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч нь хохирогчийг санаатай үйлдлээр хохирол учруулсан нь насанд хүрээгүй гэрч н.Дөлгөөний мэдүүлгээр хангалттай тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Х.Анхтамир тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэрч нар болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн маргаан хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн байдаг. Түүний үйлдлийн улмаас хохирогчид зөвхөн толгойны гэмтэл үүсээгүй. Хохирогчийн хувьд давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байгаа. Түүний үйлдэл нь болгоомжгүй үйлдэл биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.Эрдэнэсүрэн тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Намайг санаатайгаар гэмтээсэн байхад санамсар болгоомжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэв..

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хохирогчийн буруутай үйлдлээс болж энэ гэмт хэрэг гарсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Анхтамир тайлбартаа:

Үйлдлийг таслан зогсоохын тул санамсар болгоомжгүйгээр  түүнд хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцэл болон хохирогч Э.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Х.Анхтамир нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод буюу халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  үйл баримт болжээ.

Анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч Х.Анхтамирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1. болгон өөрчлөн  зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.д  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 9., 7.3 дугаар зүйлийн 2.1.д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хохирол 6.949.111 төгрөгийг 6 сарын хугацаанд хохирогч Э.Эрдэнэсүрэнд төлж барагдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5.д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, 7.1 дүгээр зүйлийн 4.д  зааснаар шүүгдэгч Х.Анхтамирт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Х.Анхтамир нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод буюу халуун усны газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Эрдэнэсүрэнг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдаж  шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон  хуульд заасан  үндэслэл, журмын дагуу  цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий нотлох баримт болох шүүгдэгчийн  болон хохирогч Э.Эрдэнэсүрэн, гэрч  Б.Соронзонболд,  Ц.Цэцгээ,  насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөн  нарын мэдүүлэг, түүнчлэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн  2021 оны 01 дугаар сарын 11-ны өдрийн 38 дугаартай  .”.. Хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн биед  гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз  чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт гавал тархины мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдалтай, зүүн нүдний зовхи, 2 гар, 2 өвдгөнд  цус хуралт  тогтоогдлоо..,  гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3.д заасан учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй ...”гэсэн дүгнэлт,  /х.хийн 34-35-р хуудас/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, / х.хийн 3-6-р хуудас /  Э.Эрдэнэсүрэнгийн өвчний түүх /х.хийн 88-126-р хуудас / зэргээр нотлогдож тогтоогджээ.

Шүүх дээрх нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал, үйл баримт тогтоогдсон талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч харин  хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хэргийн сэдэлт, зорилго, үйлдлээс учирсан  хохирол түүнтэй холбогдож гэмт хэрэг үлдсэн хүний цээрлүүлэх эсэхэд хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн шүүгдэгч Х.Анхтамирын үйлдлийг зүйлчилсэн хуулийн, зүйл хэсгийг  хөнгөрүүлэн өөрчлөхдөө хавтаст хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуулж бичээд зөвхөн “...  шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Э.Эрдэнэсүрэнгийн цохих үйлдлийг өөрөөс холдуулах зорилгоор түүнийг түлхсэн болгоомжгүй үйлдэл байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан энэ хэрэгт хамааралтай нотлох баримтаас аль нотлох баримт, хэний мэдүүлэг, ямар үйл баримтаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байгаа,  мөн хуульд заасан ямар үндэслэлээр ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар ямар ч хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, түүнчлэн улсын яллагчийн дүгнэлтийг ямар нотлох баримт, үйл баримтаар  няцааж, үгүйсгэж байгаа үндэслэлээ  тодорхой  заагаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч Э.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Хүрэлчулууны Анхтамирт холбогдох, 2118000000019 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Анхтамирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Прокурорын эсэргүүцэл болон хохирогч Э.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарын гаргасан давж  заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                         ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                             Ц.ТУЯА