| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2019/0467/Э |
| Дугаар | 2021/ДШМ/40 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/40
А.Уранцэцэгт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2019/0467/Э/219/2020/0025/001/2020/0596
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мядагбадам /онлайн/
Яллагдагч А.Уранцэцэг /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаар шүүгчийн захирамжтай, Атархүүгийн Уранцэцэгт холбогдох, 1718000300474 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 9-р баг 4-р хороолол, 2-р байрны 288 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, НЬ9110168 регистрийн дугаартай, Боржигон овогт Атархүүгийн Уранцэцэг.
Яллагдагч А.Уранцэцэг нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8-р баг, 15-р байрны 52 тоотод Д.Энхдалайн “Алтанхишиг” ХХК-ийн нэр дээрх барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх газарт цалин хөлс тохиролцон зээлийн эдийн засагчаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгийг завшиж 139.213.715 /нэг зуун гучин есөн сая хоёр зуун арван гурван мянга долоон зуун арван тав/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаар захирамжаар:
Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Атархүүгийн Уранцэцэгт холбогдох эрүүгийн 1718000300474 дугаартай 5 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэрэг Прокурорын газарт очтол яллагдагч А.Уранцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Алтангадасын хишиг” ХХК-ийн 10 хавтас санхүүгийн баримт, хаагдсан зээлийн 6 хавтас материал, 2016 оны орлогын тайлан 1 хавтас, хүрэн өнгийн дэвтэр 1 ширхэг, хохирогч Д.Энхдалайгийн дансны хуулга 3 хавтас, шинжээчийн дүгнэлтийн хавсралт 1 хавтас, кассын дэвтэр 1 ширхэг, орлогын баримт 5 хавтас, сарын зээлийн тайлан 1 хавтас, шүүгдэгч А.Уранцэцэгийн дансны хуулга 1 хавтас зэргийг хэргийн хамт прокурорт буцааж, шүүгдэгч А.Уранцэцэгийн Дархан-Уул аймгийн Орхон сум, 2-р баг, Хөтөл гудамж 8 тоот улсын бүртгэлийн Г- 2004001540 дугаарт бүртгэгдсэн 080202134 нэгж талбарын дугаартай 702.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэн ирүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Хэрэгт авагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 142 дугаартай дүгнэлт, хохирлын тооцоо, эд мөрийн баримтаар хураагдсан зээлийн гэрээ бусад нотлох баримтыг үндэслэн, дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаан оролцуулан шүүхээр хохирлыг тооцох бүрэн боломжтой байгаа юм.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд буюу өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” заалтыг зөрчиж Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан заалтыг биелүүлээгүй гэж үзэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж буцаасан нь үндэслэлгүй байна.
Мөн 281 дугаартай шүүгчийн захирамжид шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг нээлттэй явуулсан байхад “хаалттай “ явуулсан гэж алдаатай бичсэн байна.
Иймд шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу хийвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч А.Уранцэцэг:
Байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа болон захирамжийг хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.Уранцэцэгийг иргэн Д.Энхдалайгийн үүсгэн байгуулсан “Дархан-Уул аймаг Дархан сум 8 дугаар баг 15 дугаар байрны 52 тоотод байрлалтай, “Алтанхишиг” ХХК-ны нэр дээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж эхлэхэд түүнтэй цалин, хөлс тохиролцож, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу зээлдэгч нарын шилжүүлсэн зээлийн төлбөрийн мөнгөнөөс 139.213.715 /нэг зуун гучин есөн сая нэг хоёр арван гурван мянга долоон зуун арван таван/ төгрөгийг иргэн Д.Энхдалайд шилжүүлэлгүй завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад ...хэрэгт хохирогч Д.Энхдалайгаас 3 удаа мэдүүлэг авч, ХААН банкны дансны хэдэн хуулга авсан, шинжээчийн 142 дугаар дүгнэлтэд тулгуурлан хохирогч Д.Энхдалайгаар тооцоо гаргуулж авсан нэр бүхий 5 гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд өөр ямар ч ажиллагаа хийгээгүйгээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй байна... гэсэн дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл урьд нь Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 45 дугаар магадлалаар:
...хэргийн бүрдэл хангаагдаагүй, хэрэг дээрх үйл баримтыг тогтоох, шийтгэх тогтоолын үндэслэл болсон хэд, хэдэн дүгнэлт тухайлбал нотлох баримтаар хэлэлцэгдсэн “Пийк ом аудит” ХХК-н 113 дугаар, “ЦЭСБ АУДИТ” ХХК-н шинжээчдийн 2017-12-26-ны 1/139 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018-09-07-ны өдрийн 142 дугаар дүгнэлт байгаа боловч хоорондоо зөрүүтэй дүгнэлтүүд байхад шүүх аль дүгнэлтийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй, нийт хохирлын хэмжээг яаж тогтоож эцсийн дүнг гаргасан нь тодорхой бус, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож чадаагүй, түүнчлэн шинжээчид дүгнэлт гаргахдаа барьцаалан зээлдэх газрын үйл ажиллагааны онцлог, үйл ажиллагаатай холбогдуулж үндсэн зээл, зээлийн хугацааны хүүг яаж тооцсон эсэх нь тодорхойгүй гэх мэт хэд, хэдэн үндэслэл зааж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд 45 дугаар магадлалд заасан ажиллагааг зохих журмын дагуу хийж гүйцэтгээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоож чадаагүй бөгөөд зөвхөн хохирогчоор тооцоо гаргуулж дээр нь 5 гэрчээс 1 удаа мэдүүлэг авч тэдний мэдүүлгээр эцсийн дүнг гаргаж тооцсон байдал нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх үндэслэл журамд нийцээгүй бөгөөд хэрэгт өөр ямар ч ажиллагаа хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5.д заасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ гэснийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл хэргийг мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар бүрэн дүүрэн явуулж чадаагүй, хэргийн талаар сайтар нягталж эргэлзээгүй тогтоогоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан заавал нотлох шаардлагатай гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж хэр хэмжээг тогтоож чадаагүй бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд 45 дугаар магадлалын заалтыг болон анхан шатны шүүхийн 281 дугаар захирамжид заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байх тул энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч А.Уранцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Атархүүгийн Уранцэцэгт холбогдох, 1718000300474 дугаартай, 5 хавтастай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд хүргүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА