Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 “ПС” ХХК болон Д.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02936 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч  “ПС” ХХК болон Д.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БК” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 305 027 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар, түүний өмгөөлөгч М.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч ПС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Рэнцэнпэлжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ПС” ХХК нь “БК” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн үйлдвэр, ажлын байрыг 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан түрээслүүлсэн. “БК” ХХК нь түрээсийн гэрээний дагуу тухайн ажлын байрыг түрээсэлж байх хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжих шөнө түрээсэлж байсан ажлын байр, үйлдвэрт гал алдсан. Энэ гал цахилгааны холболт, хэт ачааллын улмаас гарч ажлын байр шатсан. Шатсаны улмаас “ПС” ХХК-ийн тоног төхөөрөмж, эд зүйлс устаж эд материалын хохирол учирсан бөгөөд энэ нь Гамшиг судлалын шинжээчийн дүгнэлт, 2015 оны хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтүүдээр тогтоогдож байгаа. Галыг санаатай тавьсан нөхцөл байдал тогтоогдоогүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож, учирсан хохирлыг иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 тоот Прокурорын тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу “БК” ХХК-иас учирсан гэм хорыг нэхэмжилсэн. “БК” ХХК болон “ПС” ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар түрээслэгч ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гаргаж ажиллах ба ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмших, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна гэж заасан байсан. Энэ гал “ПС” ХХК-иас шалтгаалаагүй, “БК” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан учраас учруулсан хохирлоо нэхэмжилж байна. Шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодотгож “БК” ХХК нь “ПС” ХХК-ийн хөдлөх хөрөнгө 90.000.000 төгрөгт гэм хор учруулсан гэх баримтыг хавсаргаж өгсөн. “БК” ХХК-иас 90.957.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ПС” ХХК нь “БК” ХХК-д өөрийн ажлын байрыг түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн. “БК” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас гал гарч манай компанийн 73 нэр төрлийн 90.957.000 төгрөгийн эд хөрөнгө галд шатсан. “ПС” ХХК ганц гишүүнтэй, үүсгэн байгуулагчтай компани бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээгээ авсан. Үл хөдлөх хөрөнгө нь Д.А миний нэр дээр байдаг. Д.А миний бие “ПС” ХХК-д уг үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлж үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн бичгийг өгсөн. Үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний аргачлалаар буюу үнэлгээний төвийн гаргасан тооцоогоор 214.070.000 төгрөг гэж байсан. Энэ төгрөгийг гэм хор учруулсан “БК” ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

ХариуцагчБК ХХК шүүхэд болон итгмэжлэгдсэн төлөөлөгч  Б.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “ПС” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 398 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 398 дугаартай тогтоол болон Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд манай байгууллага болон миний буруутай үйл ажиллагаанаас болж гал түймэр гараагүй. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө гал гарч шатсан. Манай компанийн хувьд мөн 85,000,000 төгрөгийн хохирол учирсан үнэлгээний дүгнэлт байгаа. Дан ганц ПС ХХК-нд хохирч, галд өртсөн юм биш. Анх надаас “ПС” ХХК нэхэмжилж байсан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хуваасан. 214.070.000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө, склад шатсан байгаа гэдэг. Энэ бол хэргийн материалд байгаа зургаас харахад дээвэр хэсгээрээ шатсан, салхины чиг урдаасаа хойшоо байсан учраас манай тал их шатсан. Гэтэл хамаг юм шатсан гэсэн байна. Сэргээн засах ямар нэгэн боломж байхад үнэлгээний төвөөр тэр чигт нь нурааж байгаад үнэлүүлсэн. Нэхэмжлэгч нарын гаргасан 2 нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би мөн адилхан хохирсон гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Зао Фин 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хятад улсад нас барсан. Нэхэмжлэгч Д.А нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 000158811 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилж хуурамч бичиг баримт бүрдүүлээд 000345458 тоот гэрчилгээг гаргасан үйлдэлд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс Д.А-д холбогдуулан 201526022125 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж уг хэрэг нь Прокурорын шатанд хянагдаж байгаа. Одоо эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч Д.А нь 1998 онд манай нөхрийн компани болох Хятад улсын Кайти компани, өөрийнх нь “Сан мери” ХХК-тай харилцан тохиролцож “ПС” ХХК-ийг анх байгуулж байсан. Анх Кайти компани нь 49 хувь, “Сан мери” ХХК нь 51 хувийн эзэмшихээр зааж, 1998 онд гэрээ байгуулсан байдаг. Дүрмийн санг нь тус даргыг нь оруулахаар тусгасан байдаг юм. Кайти компани нь тоног төхөөрөмж 11.517.000 төгрөг, барилгын материал 22.183.000 төгрөг, нийт 33.700.000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Гэтэл “Сан мери” ХХК нь 53.000.000 төгрөгийн хөрөнгө оруулахаар тохиролцсон юм. Гэвч гэрээнд заасан хэмжээнд хөрөнгөө оруулаагүй. Тэр үед ямар ч байсан компаниас хөрөнгөө оруулаагүй ч гэсэн үйл ажиллагаа эхлэхээр болсон. Хятад улсаас 6 вагон барилгын материал, шилэн хөвөн, хар цаас, будаг зэргийг ачуулсан. Монголд өөрөөс нь гааль, татварын хураамж зэргийг төлөх байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хэлэхэд “ПС” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах 49 хувиа хангаж чадахгүй байна гэсэн хуурамч гарын үсгийг хийгээд гэрчилгээгээ дан ганц “ПС” ХХК-д гаргуулаад одоо нэхэмжлэл гаргаад явж байна. “ПС” ХХК-ийг татан буулгахаар тохиролцсон байхад татан буулгаагүй. Д.А-гийн нэхэмжлээд байгаа зүйл бүгд манай нөхрийн өмч юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч “БК” ХХК-иас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 90.957.000 төгрөг гаргуулах тухай “ПС” ХХК-ийн нэхэмжлэл, 214.070.000 төгрөг гаргуулах тухай Д.А-гийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ПС” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.683.085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Уг хэргийн гуравдагч этгээд Я.Алтанчимэг нь шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргасан байдаг. /2хх-ийн 78-88/ Шүүх гуравдагч этгээдийн гаргасан нотлох баримтыг танилцуулаагүй нэхэмжлэгчийн хувьд шинээр гаргасан нотлох баримттай танилцах, түүнд тайлбар өгөх шаардлагатай тохиолдолд дээрх нотлох баримттай холбогдуулан шинээр нотлох баримт гаргах эрх зөрчигдсөн. Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хэсэгт геологийн төв лабораторийн МИН-2015/0010 захиалгын дугаарын дагуу хийсэн лаб№117 тэмдэглэгээтэй шинжилгээний дүнд зэс утасны шинжилгээгээр зэсийн исэл илэрсэн нь угсралт болон техникийн гэмтлээс “...богино холболт хэт ачаалал шилжилтийн эсэргүүцэл... гал түймэр гарсан байх үндэслэлтэй” гэж дүгнэсэн бөгөөд уг 117 тэмдэглэгээтэй дүгнэлтээр “БК” ХХК ийн утаснаас зэсийн исэл илэрсэн болох нь тогтоогдож, уг нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Мөн шинжээчийг байцаасан бөгөөд /1хх-ийн 20 тал/ шинжээч н.Баян-Эрдэнэ галын үүслийг тодорхойлохдоо эрүүгийн хэргийн материалд авагдсан /52 хуудасны 2 дахь/ графикийн тодорхойлолтод тусгагдсан зэсийн исэл хангалттай хэмжээгээр гарсан байна. Энэ нь тухайн гал түймэр цахилгааны улмаас гарсан болох нь нотлогдож байна гэж мэдүүлсэн бөгөөд эрүүгийн хэргийн 52 хуудасны 2 дахь график нь геологийн төв лабораторийн утсанд хийсэн шинжилгээний дүгнэлт болох нь харагддаг. 1 хавтаст хэргийн 47 дугаар талд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтийг гаргасан шинжээч н.Энхдаваа мэдүүлэг өгөхдөө “БК” ХХК-ийн түрээслэж байсан агуулахын ханан талаас цахилгааны богино холболт үүсч гал түймэр гарсан магадлал өндөр байна гэж мэдүүлсэн. Шүүх хуралдааны явцад дээр дурьдсан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Гэтэл шүүх дээрх нотлох баримтад үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул  шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ПС” ХХК нь хариуцагч “БК” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 305.027.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад “ПС” ХХК-ийн захирал Д.А хамтран нэхэмжлэгчээр оролцож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд гэм хорын хохиролд 214.070.000 төгрөг, “ПС” ХХК-ийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 90.957.000 төгрөг, нийт 305.027.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.А нь улсын бүртгэлийн Ү-2205017735 дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай 2016 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь 000345458 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд уг улсын бүртгэлд өөрчлөлт ороогүй, бүртгэлийн байгууллагаас болон шүүхээс хүчингүй болгоогүй, бүртгэл хүчин төгөлдөр байх тул тэрээр өмчлөгчийн хувьд болон “ПС” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7 дах хэсэгт  зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдлийг өмчлөгч өөрөө хариуцдаг боловч гэрээнд өөрөөр заасан тохиолдолд үйлчлэхгүй байхыг, гэрээний талууд өөрөөр тохиролцох боломжтойг хуульд заасан байна.

Нэхэмжлэгч “ПС” ХХК нь хариуцагч “БК” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж уг гэрээгээр “Санмери” ХХК-ийн 986 м.кв газар,  11 тоот агуулахын 40.6 м.кв, 12 тоот үйлдвэрийн 63 м.кв, 13 тоот үйлдвэрийн 132 м.кв нийт 235.6 м.кв талбай бүхий ажлын байрыг, 110 метр бүхий төмөр замыг тус тус  хаягдал хуванцар сав цуглуулж хэрчих, болон жижиглэсэн хуванцарыг Улаанбаатараас Замын Үүд рүү төмөр замаар ачуулах, бусад бараа бүтээгдэхүүн ачиж буулгахад түрээслэсэн талбайд буулгах,  борлуулах зориулалтаар түрээслэгч “БК”    ХХК-д 1 жилийн хугацаатай ашиглуулах, 986 м.кв талбайн  235.6 м.кв  ажлын байрын нийт сарын  түрээсийн төлбөрт 3.000.000 төгрөг, төмөр зам ашиглалтын замын төлбөрт вагон тус бүрээс 60.000 төгрөг, сард худаг ашиглаж ус хэрэглэсэн тохиолдолд 200.000 төгрөгөөр тооцохоор тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 5/

Талууд дээрх түрээсийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг түрээслэх, түрээслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321, 322 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 5.5-д “түрээслэгч нь ажлын байрны ашиглалтын байдалд ямагт анхаарч санаачлага гарган ажиллах ба эд хөрөнгөд ариг гамтай, эвдрэл гэмтэлгүй эзэмшин, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаатай холбогдон гарах хохирлыг бие даан хариуцна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7 дах хэсэгт  заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.

Түрээсийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 11 дүгээр сарын  27-ны шөнийн 15 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “ПС” ХХК-ийн объектод гал түймэр гарсны улмаас Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 382, 382/1, 382/2, 384, 384/1, 384/2 тоот хаягт байршилтай, Д.А-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205017735 дугаартай, үл хөдлөх хөрөнгүүд болон “ПС” ХХК-ийн болон “БК” ХХК-ийн эд хөрөнгө бүхэлдээ шатаж,  Д.А-д  214.070.000 төгрөгийн, “ПС” ХХК-д           90 957 000 төгрөгийн, “БК” ХХК-д 85.159.500 төгрөгийн хохирол учирсан болох нь Баянгол дүүргийн Прокурорын газрын 2015 оны 398 дугаар тогтоол, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаж өгсөн Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 314, 315 тоот тодорхойлолт, тайлан, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн 2015 оны 9/62 тоот шинжээчийн дүгнэлт, ЦЕГ-ын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн  2014 оны 39/2921 тоот шинжээчийн дүгнэлт, ОБЕГ-ын 2015 оны 7/499 тоот албан бичгийн “албаны шалгалт явуулсан тухай” хавсралт, мөрдөн байцаалтын явцад шинжээчээр Д.Баян-Эрдэнэ, С.Энхдаваа, хохирогчоор Д.А, Б.Оюун-Эрдэнэ, гэрчээр БНХАУ-ын иргэн Zhang Yisheng, В.Доржгочоо, В.Бямбадорж, П.Баярсайхан, Н.Отгонбаатар, Э.Ганбат нарыг асуусан мэдүүлгийн тэмдэглэлүүд зэрэг бичмэл нотлох баримтууд болон зохигчдын гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ. /хх-ийн 7-24, 35-38, 122-124, 129,  134-135, 138-142, 247-250, 2 дах хх-ийн 2-6, 25-26, 97/

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчаас дээрх гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоох зорилгоор удаа дараа шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь хэрэгт бичмэл нотлох баримтаар авагджээ.

ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч С.Энхдаваагийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2921 дугаар шинжээчийн дүгнэлтээр “гал түймэр гарсан шалтгаан нь цахилгааны богино холболтын улмаас гал гарсан байх магадлал өндөр байна. Галын голомт агуулахын голын хананы хэсгээс үүсч урагшаа чиглэлтэй шатсан байна. Улмаар гал унтраах үед салхины чиглэлд өөрчлөлт орж салхи тогтворгүй байсан болно. Хүний хүчин зүйлийн үүсгэгдээгүй ба гэрэл цахилгаан /шил, төөнүүр/ зэрэг зүйлээс үүссэн байх магадлал өндөр байна. Хэргийн газрын үзлэгээс үзэхэд цахилгааны нөлөөнөөс гал гарсан байх үндэслэлтэй байна. Иймд цахилгааны утсанд нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэжээ. /2 дах хх-ийн  97/

Мөн шинжээч С.Энхдаваа Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “...7 хоногийн дараа өдөр 13 цагийн орчим гал гарсан объект дээр очиж дахин үзлэг хийхэд гал уг объектын ертөнцийн зүгээр хойд талаас 2 дах хана буюу “БК” ХХК-ийн түрээслэж байсан агуулахын ханан талаас нь цахилгааны богино холболт үүсч гал түймэр гарсан магадлал өндөр байсан. Уг агуулахын хана хэсэг болон тааз хэсэгтээ галын тархалт нь түргэн тархсан байсан...” гэж мэдүүлжээ /хх-ийн 33/

 

Геологийн төв лабораторийн 2015 оны 116 тоот  цахилгааны утсанд хийсэн рентген бүтцийн чанарын лабораторийн шинжилгээгээр “...380 вольтын щитнээс авсан хөнгөнцагаан утас гэх дээжинд хөнгөнцагаан /Aluminum/-А1 илэрсэн” гэж, 117 тоот цахилгааны утсанд хийсэн рентген бүтцийн чанарын лабораторийн шинжилгээгээр “...БК-ын агуулахын щитний автомат Хөнгөнцагаан бөмбөлөг гэх дээжид хөнгөнцагаан /Aluminum/-А1, цайр /Zinc/-Zn, цайрын исэл /Zincite/- ZnO. Зэс утсанд: цэвэр зэс /Copper/ Cu, зэсийн исэл /Cuprite/-Cu2O, цайр /Zinc/-Zn, цайрын исэл /Zincite/- ZnO зэрэг илэрсэн”  гэжээ. /2 дах хх-ийн 12-17/

 

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн шинжээчдийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 9/62 дугаар дүгнэлтээр “...2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 39/2921 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэж дүгнэснээс гадна Геологийн төв лабораторийн ...№117 тэмдэглэгээтэй шинжилгээний дүнд зэс утасны шинжилгээгээр зэсийн исэл /Cu2O/ илэрсэн нь угсралт болон техникийн гэмтлээс (богино холболт, хэт ачаалал шилжилтийн эсэргүүцэл г.м) гал түймэр гарсан байх үндэслэлтэй. Шатсан агуулахын дам нурууны нүүрсжилтийг тодорхойлоход ПС ХХК-ийн 380 вольтийн тэжээлийн кабелийн цахилгаан монтажийн зураг дээрх В буюу 1-р зурагт харуулсан тухайн хэсгээс эхлэн гарч улмаар тархан дэлгэрсэн...”  гэж шинжээчийн бүрэлдэхүүн нэмж дүгнэлт гаргасан байна.  /хх-ийн 16-18 /

 

Мөн шинжээч Д.Баян-Эрдэнэ Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “...зэсийн исэл хангалттай хэмжээгээр гарсан байна. Энэ нь тухайн гал түймэр цахилгааны улмаас гарсан нь нотлогдож байгаа юм...” гэж мэдүүлжээ /хх-ийн 20/

 

УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангиас “ПС” ХХК-д  121/2013 тоот 380 вольтийн /А щит/ техникийн нөхцөл  олгогдсон ба уг техникийн нөхцлийн хэрэгжилтийг 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шалгахад цахилгаан хангамж техникийн нөхцлийн дагуу  хийгдсэн шаардлага хангаж байсан болох нь техникийн нөхцлийн хэрэгжилтийг шалгах акт болон гэрч С.Идэрийн мэдүүлгээр нотлогдсон байна. /хх-ийн 237-239, 2 дах хх-ийн 104/

 

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст  хохирогчоор Д.А, гэрчээр В.Доржгочоо, В.Бямбадорж, В.Хатанбаатар нар: “... “ПС” ХХК нь 2014 оны 08 дугаар сард 380 вольтийн тэжээлийн кабелийн цахилгаан монтажийг шинэчилсэн..., “БК” ХХК-ийн түрээслэсэн агуулах руу 380 вольтийн шугам оруулсан, ... “БК” ХХК-ийн дотоод монтажийг болон тоног төхөөрөмжийн холболтыг өөрсдөө хийсэн..., ...дотоод холболтыг БНХАУ-ын иргэн Жанжуу өөрөө холбосон ...” талаар мэдүүлсэн байхаас гадна цахилгаанчин Ц.Энх-Амгалан гэрчээр: “...Цахилгааны ерөнхий щитний хажууд пускатель болон автомат байрлуулсан байсан, цахилгааны автоматыг өсгөөд тавьчихсан байсан, тэнд ажиллаж байсан хятад тавьсан гэж байсан. Мөн намайг агуулахад ороход нөгөө хятад нь автомат угсраад байж байсан... тоолуурын орох гарах хэсгийг буруу холбосон байсан, тэр үйл ажиллагаа явуулж байсан газрын дотор талд нь байсан цахилгааны ерөнхий щитний тоолуурыг гүйхээргүй болгож холбосон байсан... цахилгааны тоолуурыг сул боосон бол масс үүсч болно чанга бол тоолуураас болохгүй, утас нь сул бол богино холбоо үүсээд гал гарч болно...” гэж мэдүүлжээ /хх-ийн 22-24, 36-44/

Нэхэмжлэгч тал дээр дурдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд болон цагдаагийн байгууллагад  гэрч, хохирогч шинжээч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэн хариуцагч байгууллагыг цахилгааны дотоод  холболтыг буруу хийснээс богино холболт үүсч гал түймэр гарсан гэж буруутгаж байгаа тохиолдолд хариуцагч нь түрээсийн гэрээний 5.5-д заасан “...гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах” үүргийг хүлээх үндэслэлгүй болохоо, үүрэг биелүүлээгүй явдалд гэм буруугүй болохоо  тус тус нотлох үүрэгтэй ба ийнхүү нотолж чадаагүй  тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болно.

 

Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирогчоор Б.Оюун-Эрдэнэ: “...худалдаж авсан автомат болон тоолуураа “ПС” ХХК-ийн цахилгааныг янзалж байсан Энх-Амгалангаар залгуулсан...” гэж, гэрчээр Ц.Доржготов, П.Баярсайхан нар:  “...манай түрээслэх хэсгийн агуулахын цахилгаанаас гал гарах үндэсгүй”... гэж /хх-ийн 122/  тус тус мэдүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд: “...мэргэжлийн цахилгаанчин хүнээр холболт хийлгэсэн, ...Жан Жи өөрөө цахилгаанчин мэргэжилтэй...” гэж /2 дах хх-ийн 106/  тайлбарласан байх боловч уг мэдүүлэг, тайлбарууд нь дээрх шинжээчийн дүгнэлтүүд, гэрч В.Доржгочоо, В.Бямбадорж, В.Хатанбаатар нарын мэдүүлэг, цахилгаанчин Ц.Энх-Амгалан, шинжээч Д.Баян-Эрдэнэ, С.Энхдаваа нарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ц.Энх-Амгаланг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч уг хүсэлтээс татгалзсан байдаг ба хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дах хэсэгт зааснаар хүсэлт гаргаагүй.

 

Дээрх байдлаас үзэхэд гал түймэр “БК” ХХК-ийн түрээсээр эзэмшиж ашиглаж байсан агуулахаас эхэлж гарсан, уг агуулахад байсан “БК” ХХК-ийн В щит байрласан хэсгээс буюу цахилгааны богино холболтоос  гал түймэр гарсан гэж үзэх үндэслэлтэй байх тул  түрээслэгч буюу хариуцагч нь түрээсийн гэрээний 5.5-д заасан “...гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг хангах” үүргээ биелүүлээгүйгээс түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байсан түрээслүүлэгчийн үйлдвэр, аж ахуйд, түүнчлэн нэхэмжлэгчийн бусад үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг  хариуцан арилгах нь зүйтэй.

 

Нөгөө талаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний агуулга, түрээсийн зүйлийн зориулалтаас үзэхэд Иргэний хуулийн 322 дугаар зүйлийн 322.1 дэх дэх хэсэгт заасан үйлдвэр аж ахуйг хэрэглэгдэхүүний хамт түрээслэсэн гэж үзэхээр байх бөгөөд мөн зүйлийн 322.3 дах хэсэгт зааснаар мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.3 дах зохицуулалт үйлчлэхээр байна. Түрээслүүлэгчийн эзэмшлийн 986 м.кв газрыг 235,6 м.кв ажлын байр, 110 метр төмөр зам, худгийг тус тусад нь түрээсийн төлбөр тогтоосон гэрээний агуулгаас үзэхэд гал түймэр гарч эд хөрөнгө шатаж устсан үр дагаврыг буюу  түрээслэгч түрээслэсэн эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээслүүлэгчид буцаан өгөх үндсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсны үр дагаврыг Иргэний хуулийн 321 дүгээр зүйлийн 321.3 дах хэсэгт зааснаар хариуцах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.А үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд гэм хорын хохиролд 214.070.000 төгрөг,  “ПС” ХХК-ийн эд хөрөнгөнд учирсан хохиролд 90.957.000 төгрөг, нийт  305.027.000 төгрөг гаргуулахаар шаардахдаа Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 314 тоот тодорхойлолт, тайланг үндэслэсэн ба уг үнэлгээг хийхэд Д.А, Б.Оюун-Эрдэнэ нар байлцсан /хх-ийн 10/, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээнд маргахгүй талаар тайлбар гаргасан /хх-ийн 176/, талууд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байх тул уг үнэлгээг үндэслэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт  тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Анхан шатны шүүх гал гарах болсон шалтгаанд гэм буруутай этгээд тогтоогдоогүй үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг шийдвэрийн үндэслэл болгосон нь учир дутагдалтай болсноос гадна хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу харьцуулан дүгнээгүй, тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй байна.

 

Гал түймэрт өртсөн объектын хууль ёсны өмчлөгчөөр Д.А улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байхаас гадна өмчлөлийн талаар гуравдагч этгээдийн маргах эрх нь энэ хэрэгт хамааралгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн  229.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “БК” ХХК-иас 305 027 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ПС” ХХК болон Д.А нарт олгосугай” гэж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдэж хариуцагч “БК” ХХК-иас 1683 085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ПС” ХХК-д олгосугай”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт  тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ПС” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн           1 683 085 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ         

                                                      ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ           

                                                                                                      Н.БАТЗОРИГ