Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1333

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01076 дугаар шийдвэртэй, Н.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Нуржав овогтой Төрбат би 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад жолоочоор ажилд орсон бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Автобус-1 ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдож, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1 тоот тогтоолоор орон тооны даргаар 4 жил ажилласан. ЗТН- ОНӨААТҮГ-ын Автобус-1 баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр болох 1 тоот тогтоолоор орон тооны даргаар тогтоогдон ажилласан.

Дээрх хугацаанд ЗТН- ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар, орлогч дарга Б.Даваасүрэн, техникийн албаны дарга Б.Энхцаг, хуулийн зөвлөх Ц.Баясгалан, нэгдүгээр баазын дарга н.Бат-Орших нар үйлдвэрчний эвлэлийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээ байгуулахгүй, санхүүгүй болгож, даргаар томилогдсон намайг цалингүй болгож, байгууллагад оруулахгүй, гишүүдтэй хурал хийхэд хурлаас хөөх зэрэг шалтгааны улмаас ЗТН- ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолоор үндсэн автобусны жолоочийн ажил мөн ЗТН- ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг орон тооны бусаар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Т- намайг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга биш гэж хэлж байсан атлаа Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт зааснаар эргэн ажилдаа орохыг хүсч, үйлдвэрчний эвлэлийн орон тооны бус даргаар ажиллахаар болсон талаар мэдэгдээд өргөдлөө өгөхөд ажлаас чөлөөлөгдөөгүй байна, чөлөөлөгдсөн тогтоол шийдвэрээ авчир, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг огт хийхгүй болсон тохиолдолд таныг ажилд авах боломжтой гэсэн хариу өгсөн.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Тээвэр холбоо газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дүрэм, ЗТН-, ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дотоод үйл ажиллагааны журмуудад орон тооны болон орон тооны бус гэсэн ойлголт байгаа. Орон тоогоор ажиллана гэдэг нь ажлаас бүрэн чөлөөлөгдөж, тухайн байгууллагын хийх ёстой үндсэн ажлаа хийхгүйгээр үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг хийх, хийснийхээ төлөө хороодын гишүүдийн татвараар цалинждаг. Орон тооны бус нь тухайн хүн өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэж цалин хөлс авахын зэрэгцээ гишүүдийн татвараас урамшуулал гэж авдаг.

Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасны дагуу үндсэн орон тоогоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн учраас ЗТН- ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалинг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тоолж ажлын 87 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4 606 389 төгрөгийг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2005 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Автобус нэгдүгээр баазад нийтийн тээврийн том оврын автобусны жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үйлдвэрчний эвлэлийн бүх гишүүдийн хурлаар Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗТН- ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар тус тус сонгогдон ажиллаж байна.

Нэхэмжлэгч ЗТН- ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар байгууллагын ажилчдын бүх гишүүдийн хурлаар сонгогдоогүй. 9 тэргүүлэгчдийн хурлаар сонгогдсон байдаг. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 82 тоот албан бичгээр байгууллагад ажилд авах тухай хандсан байдаг.

ЗТН-ээс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт үндсэн ажлаас чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан... түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийн нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буурахгүйгээр ажил олгохоор заасан байна.

Хуульд зааснаар иргэн Н.Т- нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээс чөлөөлөгдөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажлыг хийсээр байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: ЗТН- ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар, орлогч дарга Б.Даваасүрэн, техникийн албаны дарга Б.Энхцаг, хуулийн зөвлөх Ц.Баясгалан, нэгдүгээр баазын дарга н.Бат-Орших нар нь автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо нь татан буугдсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурхал тараасан. Нэхэмжлэгчийг байгууллагыг төлөөлөхгүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурхал тарааж, боловсролгүй тул хамтын гэрээнд оролцуулахгүй, байгууллага руу оруулахгүй, нэвтрүүлэхгүй, гишүүдтэйгээ хурал хийхэд тараах, цалин хөлсийг олгохгүй, хурлаас хөөх зэргээр ажиллах нөхцөлгүй болгоод байна.

Иймд жолоочийн ажлаа хийх хүсэлтийг ЗТН- ОНӨААТҮГ-ын автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрийн эвлэлийн хорооны сонгуульт тэргүүлэгчдэд өргөдөл өгөхөд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолоор үндсэн жолоочийн ажлаа хийж сонгуульт ажлаа давхар хийхээр шийдвэрлэсэн. Тус үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн ажилчдын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 тоот тогтоолыг хэлэлцээд автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг, мөн автобусны жолоочийн ажлыг давхар хавсран ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг захиргаа эс зөвшөөрч дээрх ажлаас намайг чөлөөлсөн тушаалтайгаа зөрчилдөөд байхад анхан шатны шүүх үндэслэлгүй, нэг талыг баримталсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Хариуцагчаас автобус нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хамтын гэрээг хүчингүй болго, ажлаа өг, тус үйлдвэрчний эвлэлийн хороог татан буулгаад ажилдаа ор гэдэг шаардлагуудыг удаа дараа тавьсан. Энэхүү үйлдэл нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна гээд гишүүд болон хамт олон зөвшөөрдөггүй.

Шүүх ...орон тооны бус даргаар томилсон гэх агуулга бүхий тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч энэхүү тогтоол нь Үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт ... заасантай нийцэхгүй байна гэснийг зөвшөөрөхгүй. Үйлдвэрчний эвлэлийн холбоод, хороод нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, МҮЭХ-ны дүрэм болон салбар холбоодын дүрэмд зааснаар үйл ажиллагаагаа явуулдаг, хамтын шийдвэртэй байгууллага болно.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан нь сонгуульт үүрэгтэн нь сонгогдохоосоо өмнө хийж байсан ажил албан үүргээсээ чөлөөлөгдөхгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг зохих урамшуулал авч давхар хийхийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, орон тооны бусаар ажиллаж байна гэж үзнэ. Дээрх байдлаар ажиллахын тулд байгууллагадаа хүсэлт гаргасан. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны сонгуулийн хугацаа дуусгавар болсон, түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн тохиолдолд захиргаа түүнийг хуучин ажилд нь эгүүлэн ажиллуулах буюу тухайн ажил байхгүй бол өөрийнх нь зөвшөөрснөөр урьд авч байсан дундаж хөлс буураагүй ажил олгоно гэж заасан, нэхэмжлэгч үндсэн ажил үүргээсээ үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт үүрэг хүлээсэн үндэслэлээр чөлөөлөгдөн үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татвараас цалин авч, орон тоогоор ажиллаж байсан.

Дээрх хуулийн зохицуулалт нь МҮЭХ-ны дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.6, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 11.2-т зааснаар холбооны гишүүн байгууллага болох үйлдвэрчний эвлэлийн хороод нь бүтэц зохион байгуулалтаа өөрсдөө шийдвэрлэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй бөгөөд эвлэлийн үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй. Сонгуульт ажилтан биш гэж маргаагүй зөвхөн орон тоогоор ажиллаж байснаа орон тооны бусаар ажилламаар байна гээд хүсэлтээ тэргүүлэгч нарт гаргаснаар шийдвэрлэгдэж тогтоол гарснаар ажилдаа орох хүсэлтийг байгууллагын захиргаанд гаргасан. Бүр мөсөн чөлөөлөгдөх асуудал биш жолоочийн ажлаа хийнгээ үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийх тухай л асуудал дээр маргасан.

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуульд орон тооны болон орон тооны бус гэсэн зохицуулалт үгээрээ байхгүй тул МҮЭХ-ны болон салбар холбооны дүрмээр зохицуулана. Маргаад байгаа асуудлыг гэрчүүд болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хариуцагч байгууллагын албан тушаалтны өгсөн ярилцлага зэргийг нотлох баримтаар өгөөд байхад үнэлсэнгүй нэг талын барьсан шүүхийн шийдвэр гаргасанд гомдолтой. Иймд тус шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч ЗТН- ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасныг баримталж, хариуцагч байгууллагын удирдлагууд түүний сонгуульт ажил буюу үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг зохих ёсоор гүйцэтгүүлэхгүй байгаа, тухайн орон тооны даргын ажил орон тооны бус болсонтой холбогдуулж урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлт гаргасан талаар тайлбарлаж, хариуцагч нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч сонгуульт үүргээсээ чөлөөлөгдөөгүй тул ажилд эгүүлэн тогтоох боломжгүй гэх үндэслэл зааж талууд харилцан мэтгэлцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Т-ыг сонгуульт ажлаа эрхэлж байгаа гэх үндэслэлээр жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоохоос татгалзсан хариуцагч талын татгалзлыг буруутгахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн маргаан нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах бөгөөд энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн явуулах ажиллагааны хүрээнд хийгдвэл зохих буюу эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг талуудад бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг тайлбарласан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, талууд дээрх ажиллагаа хийгдээгүй талаар давж заалдах шүүх хуралдааны явцад тайлбарласан болно. Түүнчлэн, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх ажиллагааг өөрийн санаачилгаар хийгээгүй байна.

 

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас гадна нэхэмжлэгч сонгуульт ажлаа хэвийн хэрэгжүүлж байгаа эсэх талаар маргасан. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай бөгөөд энэ нь талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/01076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Н.Т- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.ТУЯА