Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01467

 

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01355 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК, М.Б, Т.Б нарт холбогдох,

 

“М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөг гаргуулах, Т.Б, М.Б нартай байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох замаар үр дагавар арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөгийг гаргуулах, хариуцагч М.Б, Т.Б нартай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. “М” ХХК-д Ч.Б нь 743 279 030 төгрөгийг зээлсэн. Энэ нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт болон тус компанийн санхүүгийн тайлан, Аудитын дүгнэлт зэргээр нотлогдож байгаа. Компани уг мөнгөөр АНУ-ын “Н” ХХК-аас сургалтын материал болон бусад зүйлийг худалдан авсан гэж тайлбарладаг бөгөөд одоог хүртэл буцаан төлөөгүй. Ч.Б нь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах санал гаргасныг хариуцагч нар зөвшөөрсөн ба Т.Б 24,98 хувийн хувьцааны үнэ буюу 345 752 722 төгрөгийг, М.Б 24,98 хувийн хувьцааны үнэ буюу 345 752 722 төгрөгийг тус тус Ч.Бд төлөхөөр тохиролцсон. Дээрх мөнгийг зээлийн гэрээ байгуулан 5 жилийн хугацаанд бүрэн төлөхөөр тохирсон бөгөөд хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр болсон. Улмаар бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тусад нь байгуулж, зээлийн гэрээг мөн давхар байгуулсан.  Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тул хувьцаагаа буцаан авахаар шаардсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Т.Б, М.Б нараас нийт 49,96 хувийн хувьцааг буцаан гаргуулж, Ч.Бг “М” ХХК-ийн 49,96 хувьцаа эзэмшигчээр тогтоох замаар арилгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолно гэх ганц баримт болох Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт дээр бичигдсэнээр Ч.Б нь “М” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа компанидаа хөрөнгө оруулалт оруулсан болох нь тогтоогддог. Зээлийн гэрээ огт байгуулагдаагүй, оруулсан хөрөнгөндөө хувьцаагаа хөрвүүлж авсан. Хэргийн баримтаар “М” ХХК болон Ч.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болох нь тогтоогддог. Ч.Б хөрөнгө оруулалт гэж 743 279 030 төгрөгийг “М” ХХК-д оруулсан болох нь нотлогдохгүй байгаа. Тооцоо нийлсэн баримтыг М ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд үйлдсэн, уг баримтыг үйлдэхдээ нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслээгүй, үнийн дүн нэрийг хараад гарын үсэг зурснаа гэрч Б.Одончимэг өөрөө хэлсэн, тухайн баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох үнэн зөв баримт болж чадахгүй. Хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээний аль нь ч байсан өнөөдөр Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Хөрөнгө оруулалт байсан болох нь санхүүгийн тайлангаар ч нотлогдож байгаа тул “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б, Т.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага хууль зүйн үндэслэлгүй. 2011 онд “М” ХХК-ийн хэрэгжүүлсэн төсөл амжилтгүй болж, хувьцааны үнэ буурсан тул Ч.Б өөрийн эзэмшлийн хувьцааг Т.Б, М.Б нарт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх гэрээг хийсэн. 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ хэрэгжсэн, энэ өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар бэлэглэлийн гэрээний дагуу хувьцаа шилжүүлж байгаа асуудлыг шийдвэрлэж, холбогдох бүртгэл хийгдсэн. Т.Б, М.Б нар нь шилжүүлэн авсан хувьцаагаа 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гуравдагч этгээдэд шилжүүлсэн, М.Б, Т.Б нар тус бүртээ 21,55 хувийн хувьцаа эзэмшиж байгаа. Тиймээс 49,96 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.10, 56.5, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлгүй тул “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөг гаргуулах, Т.Б, М.Б нартай 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох тухай Ч.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 658 240 төгрөгөөс 4 155 146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 1 503 094 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нотлох баримтыг зөв үнэлээгүй.Гэрч тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтын текстийг анзаарч хараагүй, харин Ч.Бгийн нэр, мөнгөн дүнг харсан гэж мэдүүлсэн нь баримтыг бүхэлд нь хараагүй, мөнгөн дүнг хараагүй, бодож үзэлгүй гарын үсэг зурсан гэсэн агуулга биш юм. Гэрч Б.Одончимэг “М” ХХК-ийн дүнг бодож, баримтад бичсэн 743 279 030 төгрөгтэй таарч байсан учраас гарын үсэг зурсан. Гэтэл гэрчийн тайлбарыг дутуу үнэлж, хараагүй гэх ганц үгээр чухал нотлох баримтыг үгүйсгэсэн.

Тооцооны үлдэгдлийн баталгаа бол хоёр талын олон удаагийн гүйлгээг нэгтгэж нэг баримт болгон тайланд тусгасан баримт. Хариуцагч, түүний өмгөөлөгч нар дээрх 743 279 030 төгрөгийг Ч.Бгээс авсан эсэхэд маргадаггүй, уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн. Харин уг мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үү, зээл байсан уу гэсэн асуудлаар л маргасан. Шүүх тооцооны үлдэгдлийн баталгааг дахин, нэмж нотлох баримтууд шаардлагатай гээд, зохигчийн маргаагүй зүйлийг үндэслэж нэхэмжпэлийг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна.

Ч.Бгээс авсан мөнгийг “М” ХХК нь буцаан төлөх үүрэг хүлээж, чухам ямар хэлбэрээр төлөхөө хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх талаар дурьдсан байтал шүүх нотлох баримтыг үнэлэхдээ зөвхөн ганц үг, өгүүлбэрийг онцлон авч, зөвхөн нэг талыг барьж, эргэлзээ бүхий дүгнэлтийг өгсөн. Хэлцэл нь өөрөө ямар төрлийн харилцааг зохицуулсан гэдгээс шалтгаалан эрх зүйн өөр өөр үр дагаврыг бий болгож, шаардах эрхийг үүсгэж байдаг.

Ч.Б нь “М” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 49,96 хувийн хувьцааг хэн нэгэнд бэлэглэх ямар нэг сонирхол байгаагүй бөгөөд хувьцааг хариу төлбөртэйгөөр шилжүүлэх хүсэлтэй байсан. Үүний дагуу Т.Б, М.Б нар нь хувьцааны төлбөрт 691 505 445 төгрөгийг төлөхөөр тохиролцож, энэ дүнгээр зээлийн гэрээг байгуулсан.

Зохигчдын хувьд байгуулсан гэрээ нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан хувьцаа бэлэглэх гэрээ. Гэрээнүүдийн аль аль нь эд хөрөнгө шилжүүлснээр байгуулагдах хэлцэл биш. Хариуцагч нар нь хүчин төгөлдөр бус хэлцлээ өөрсдөө хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа учраас нэхэмжпэгч нь шүүхэд нэхэмжпэл гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй боллоо. Шүүхээс худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тодорхойлоод төлбөрийг зээлийн гэрээ байгуулах замаар баталгаажуулсан гэж дүгнэсэн. Нэхэмжпэгч хэрэгт дурьдагдаж байгаа зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч уг шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан тул нэхэмжпэлийн шаардлагаа өөрчилсөн.Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс нэхэмжпэгчийг анхны шаардлагаасаа татгалзсан мэтээр дурьдагдсан.Иймд шүүхийн шийдвэр нь нэхэмжпэгч эрхээ хамгаалуулахаар зээлийн гэрээтэй холбоотойгоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохоор байхад уг шийдвэр нь саад болох эсэх, хэрхэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөг гаргуулах, хариуцагч Т.Б, М.Б нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох замаар үр дагавар арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх-1, 19, 21, 71, 133, 2хх-64-65, 71-72, 85-87/

 

Ч.Б “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Эрдэнэбат, Б.Эрдэнэсанаа нартай 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болж бүртгэгдсэн байна. /1хх 27-41/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 743 279 030 төгрөгийн хөрөнгө оруулалтаа хувьцаанд хөрвүүлээгүй, буцаан аваагүй гэх үндэслэлээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж “М” ХХК-аас дээрх мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар шаардлага гаргасан ба уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотолж байгаа тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэхдээ санхүүгийн болон холбогдох өөр бусад баримтад үндэслээгүй болох нь гэрч Б.Одончимэг, Ж.Болортуяа нарын мэдүүлгээр тогтоогдсон, хэрэгт өөр бусад баримт авагдаагүй, 743 249 030 төгрөгийг зээл гэж тэмдэглээгүй байх тул шүүх уг баримтыг нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй. /1хх-46/

 

Тус компанийн хувьцааг 2010 онд Ч.Б дангаар эзэмшиж байгаагүй, тухайн үед 4 хувьцаа эзэмшигч байсан Ч.Бгээс оруулсан тодорхой хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, Ч.Б болон “М” ХХК-ийн хооронд компанид зориулж оруулсан хөрөнгө оруулалтын талаар тохиролцсон тохиролцоо хэргийн баримтаас тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтуудад үндэслэж “М” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 743 279 030 төгрөг гаргуулах Ч.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ч.Б нь М.Б, Т.Б нартай 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр өөрийн эзэмшлийн “М” ХХК-ийн 49,96 хувийн хувьцааг Т.Б, Б нарт тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй бэлэглэсэн ба дээрх гэрээний дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ. /1хх 198-201/ Улмаар Ч.Б нь М.Б, Т.Б нартай 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 691 505 445 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж М ХХК-ийн хувьцааны төлбөрийг хожим авахаар тохиролцсон гэж тайлбарладаг.

 

Бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон зээлийн гэрээ нэг өдөр үйлдэгдсэн, талуудын хооронд “М” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, уг гэрээгээр хүлээсэн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх үүргээ Т.Б бүрэн биелүүлсэн хэдий ч дээрх гэрээнүүд нь агуулгын хувьд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                       Ш.ОЮУНХАНД